Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 420

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч А.Бнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ___ овогт А-н Б-т холбогдох __________дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Бнь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кровн” бааранд иргэн Б.Стой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.С-н биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Б өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 13-14-нд шилхих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кровн” нэртэй бааранд 22 цаг 30 минутын орчим найз Э, Д, Улаанаа нарын хамт орж үйлчлүүлсэн. Тэндээ бид нар 8 шил Сэнгүр нэртэй пиво авч ууцгаасан. Тэгсэн манай хажуу талын ширээнд 2 эмэгтэй сууж байсан бөгөөд бид нарын сууж байсан буйдангийн хажууд ирээд тэр хоёр эмэгтэй босч ирээд бүжиглээд байхаар нь Э жаахан цаашаа бүжиглээч гэж хэлснээс болж Этэй маргалдсан. Би 5-10 минутын дараа босоод өөрийн сууж байсан ширээнийхээ урд талд гараад бүжиглэсэн чинь нөгөө хажуу талд сууж байсан 2 эмэгтэй босч ирээд миний өөдөөс тулаад бүжиглэсэн тэр хоёр согтууруулах ундаа нилээн хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд би тэнэг юм уу цаашаа явж бүжиглээч гэж хэлчихээд цааш бүжгийн талбай дээр гараад бүжиглэсэн. Тэгсэн тэр хоёр эмэгтэй ирээд нэг эмэгтэй нь миний хацар руу 1 удаа алгадсан чинь хажууд нь байсан эмэгтэй нь намайг хэл амаар чи гөлөг минь ингэх болоогүй шуү гээд доромжилж байсан чинь нөгөө эмэгтэй нь дахин миний хацар руу алгадсан. Тэгэхээр нь би цааш нь түлхсэн чинь цаана байсан вакум шилэн хаалгыг дагзаараа очоод мөргөсөн. Хаалга хагарсан би яваад ширээн дээрээ очоод сууж байхад баарны хамгаалагч нар ирээд гар гэсэн бид тэгээд гадаа үүдэнд гараад байж байхад цагдаа нар ирээд юу болсон гэхэд нөгөө охин намайг дахин хацар руу алгадсан. Тэгээд чамайг би 8811-р зодох уу, 9911-р зодох уу гэж хэл амаар доромжилсон. Тэр үед нөгөө охины хацарнаас цус гарч байсан шилэн хаалга хагарахад хацраа зүссэн юм шиг байсан. Тэр үед хацарнаас нь цус гарсан охины ээж нь гэх эмэгтэй ирээд чамайг шоронд чинь хатаана гэх зэргээр орилж дарамталсан манай найз Э гар утсаа гаргаж ирсэн чинь намайг алгадаад байсан охин Эийг алгадаад гар утсыг нь газар унагаж дэлгэцийг нь хагалсан. Хохирогчид түлхэж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 29-31, 45-48/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.С-ын өгсөн:

            “...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр орой 17 цагийн орчим найз Дтэй хамт Баянгол дүүрэг ТБД андуудын замын урд байрлах “S” пабад хоол идчихээд тэндээсээ 20 цагийн орчим гараад такси бариад нэг дүгээр хороолол Цамбагарав худалдааны төвийн хажууд байрлах “ЦЭ” пабад орж найз Дгийн нөхрийг хүлээнгээ зайрмаг шарсан төмс зэрэг зүйл идэж суусан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Д-гийн нөхөр нь ирээд жаал юм ярьж сууж байгаад ажлынхаа хүмүүстэй заал авна гэж хэлээд явсан бид хоёр тэндээс гараад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кровн” нэртэй бааранд очиж үйлчлүүлсэн. Тэндээ бид хоёр 0.33 граммын “Tiger” нэртэй пиво нэг хүний 2 ширхэгийг авч уусан. Тэгээд бид хоёр 30-40 минут сууж байгаад би нойл орохоор яваад ирсэн чинь манай найз Дтэй хажуу ширээний банди нар маргалдаж байсан. Би болиулаад өөр өөрсдийнхөө ширээнд сууцгаасан. Тэгсэн тэнд шар царайтай эрэгтэй нь намайг өөрсдийгөө юу гээд бодсон юм, янхан, гичий гэх зэргээр хэлээд бүжгийн талбай руу явахаар нь би араас нь очоод нэг удаа алгадсан. Тэгсэн намайг эргэж хараад хоолой боосон би түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна нэг сэрэхэд газар хэвтэж байсан юм. Сэрээд хамгаалагч нарт нь хандаж цагдаад дуудлага өгсөн.

            Сэрэх үед миний баруун чихний ард хавдсан, зүүн хацар шанаа хэсэгтээ зүсэгдсэн цус гарсан байсан. Шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 7-8/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч С.Э-ийн өгсөн:

            “...Би 2018 оны 3 дугаар сарын 14-ний орой 22:30 цагийн орчимд найзууд болох Б, Д, Б нарын хамтаар 3 дугаар хорооллын эцэст байдаг “Кровн" баар руу орсон. Тэндээ ороод бид дөрөв нэг хүний тус бүр 2 шил 0.5 граммын Тайгер пиво уусан. Тэнд уугаад сууж байтал үл таних 2 эмэгтэй хүн бид нарын ширээний хажууд ирээд бүжиглээд байхаар нь нэгд нь найзыгаа аваад яваа гэж хэлсэн чинь нөгөөх нь та нар шиг банди нараар дутахгүй гэж хэлээд хэрүүл маргаан үүссэн. Тэгэхээр нь би хамгаалагч дээр нь очоод манай ширээн дээр хэрүүл маргаан үүсгээд байгаа 2 эмэгтэйг явуулаад өгөөч гэж хэлээд буцаад ширээн дээрээ очтол нөгөө 2 эмэгтэй явчихсан байсан. Намайг хамгаалагчтай уулзаж байх үед манай найз Б бүжгийн талбай руу явсан чинь нэг эмэгтэй нь хойноос нь очиж маргасан гэж хэлсэн би тэр үед хараагүй юм. Хамгаалагч бид хоёр манай ширээн дээр очиход Д, Б бас нэг өөр эмэгтэй 3 сууж байсан. Яг намайг ширээн дээр очиход нөгөө талаас Бийг цохисон гэх эмэгтэй Б хамгаалагч 3 ширээн дээр ирээд маргалдаад гадагшаа гарцгаасан. Уг баарны гадаа гараад 5 орчим минут маргаан болоод байж байтал цагдаа нар ирээд маргааныг зогсоогоод байж байтал манай найзыг цохисон гэх эмэгтэйгийн ээж гэх эмэгтэй ирээд та нар миний хүүхдийг яахаараа зоддог юм, ястай чинь хатаанаа гэхээр нь би халааснаасаа гар утсаа гаргатал Бийг цохисон эмэгтэй миний гарт байсан утас руу цохиж газар унагаж миний Ай Фон 6 С Плас маркийн гар утасны дэлгэцийг хагалсан. Ийм учраас би ЦБ-д хандахаар болсон юм...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ___тоот: 

1. Б.С-н биед зүүн хацарт шарх, баруун чихний ард цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмт гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун чихний арын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх шарх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чихний арын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар мэрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 18/,

 

- Хохирогч Б.С-ын өвчний түүхийн хуулбар /хх-н 22-25/,

 

Шүүгдэгч А.Б-ийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч А.Б-т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос А.Б-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Б нь иргэн Б.Стой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Солонгын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.С-ын “...2018 оны 03 сарын 14-ны өдөр орой ... Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кровн” нэртэй бааранд очиж үйлчлүүлсэн. ... тэнд шар царайтай эрэгтэй нь намайг өөрсдийгөө юу гээд бодсон юм, янхан, гичий гэх зэргээр хэлээд бүжгийн талбай руу явахаар нь би араас нь очоод нэг удаа алгадсан. Тэгсэн намайг эргэж хараад хоолой боосон би түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна нэг сэрэхэд газар хэвтэж байсан юм. ... миний баруун чихний ард хавдсан, зүүн хацар шанаа хэсэгтээ зүсэгдсэн цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн _____ тоот дүгнэлт, шүүгдэгч А.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хохирогчид түлхэж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.С-н ээж Б.Э гэх хүн “...эмчилгээний зардлаа бэлнээр авсан. Хохирогч Б.С нь цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно...” /хх-н 42/ гэх хүсэлт, хэргийн материалтай танилцсан тэмдэглэл зэргийг үндэслэн шүүгдэгч А.Б нь бусдад төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлдэг тул торгуулийн ялыг 2 сарын дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт А-н Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Бийн торгох ялын биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ