Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/29

 

 

 

 

Г.Бод холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;  

прокурор: Ц.Цэрэндулам,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Г.Бод холбогдох 2419000000340 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд:

*,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Б нь жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Дорноговь аймгийн * багийн нутаг дэвсгэр Ханги хилийн боомтын суурьшлын бүсээс 13 километр зайд авто зам 1 дээр Тоёота кровн 180 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), 3.7.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3 дугаар зүйл “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг тус тус зөрчиж эсрэг урсгал сөрөхгүй байх үүргээ зөрчсөний улмаас * улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, * улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Ө.Дийн эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний зөрүүтэй хугарал, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Быг Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч * Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Г.Бод оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Г.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн гэсэн шийдвэр шийтгэх тогтоолыг хүлээж авсан. Шүүх хуралдааны үед уншиж сонсгосон шийтгэх тогтоолд 3 жил 1 сар гэж уншсан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.-т заасан гэмт хэрэг өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээс дээш хугацаагаар хасахаар оногдуулахаар хуульчилсан хуулийн зохицуулалттай, шүүхээс оногдуулсан ял нь хуульд байхгүй ял  байна. Шүүх хуралдааны явцад уншиж сонссон шийтгэх тогтоолын гардуулсан агуулгатай зөрж байгаа гэдэг үндэслэлээр л эсэргүүцэл бичсэн байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Ц.Цэрэндуламаас гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон нь тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болсон.

Тодруулбал, прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Г.Б 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний шилжих шөнийн 00 цагийн орчимд согтуурсан үедээ Дорноговь аймгийн * багийн нутаг дэвсгэр Ханги хилийн боомтын суурьшлын бүсээс 13 километр зайд авто зам 1 дээр Тоёота кровн 180 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг урсгал сөрсний улмаас * улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ө.Дийн эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний зөрүүтэй хугарал, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллуулахаар хэргийг шүүхэд шилжүүлсэн.

2.Анхан шатны шүүхийн “...шүүгдэгч Г.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн” шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялд нийцээгүй, мөн шийтгэх тогтоолд заасан ял шийтгэл нь шүүх хуралдаанд уншиж сонсгосноос зөрүүтэй бичигдсэн зэрэг нөхцөл байдлууд нь шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  зөрчсөн гэх алдааг тус тус гаргасан гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д “ ... тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ийг заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бод мөн хууль, зүйл хэсэгт зааснаар хоёр жил хүртэл хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3-т тус тус зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх зөрчил,

мөн анхан шатны шүүх шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Бод “... эрх хасах ялыг 3 жил 1 сарын хугацаагаар оногдуулах”-аар гэж уншсан нь шүүх хуралдааны бичлэгийн тэмдэглэлд тусгагдсан байхад шийтгэх тогтоолдоо “2 жил” гэж шүүх хуралдаанд уншиж сонсгосноосоо зөрүүтэй бичсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих зөрчлийг тус тус гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгох үндэслэл болсон.

3.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн прокурор Ц.Цэрэндуламаас гаргасан эсэргүүцэл үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, прокурор Ц.Цэрэндуламаас гаргасан эсэргүүцлийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ                       О.ОДНЯМАА

ШҮҮГЧ                       А.САЙНТӨГС