Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 421

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Э.Одончимэг,

шүүгдэгч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _____ овогт Н-н Н-д холбогдох эрүүгийн ____________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________________

 

Шүүгдэгч Н.Ннь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.Аийг зодож эрүүл мэндэд нь зүүн зовхи, хамар, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нмэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Нөгсөн:

            “...2018 оны 2 дугаар сарын 13-нд би эхнэрээ тосоод Вокзалын зогсоол дээр өөрийнхөө машинтай хүлээгээд зогсож байхад эхнэр гарч ирээд хөдлөх гэхэд А гүйж орж ирээд машинд суугаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд хэрүүл хийгээд байхаар нь би хөдлөөд Барс захын хойно явж байхад дуугүй байхгүй байхаар нь би уурандаа Аийн хацар руу нь алгадаж, үснээс нь татсан. Тэгэхэд А миний хацар дээр байсан хатигийг хөндөхөд би уурандаа Аийн үснээс нь татаад алгадсан. Ат тухайн үед уурандаа гар хүрсэн нь миний буруу, би буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 22-23, 27-28/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Аийн өгсөн:

            “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Вокзалын хашаан дотор байрлах зогсоол дээрээс хамтран амьдрагч Нгийн машинд суугаад хөдлөөд явж байгаад хэрүүл маргаан хийсэн. Тэгсэн намайг нарны гүүрний гэрлэн дохио орчим цохиод авсан. Миний зүүн нүд болон зүүн шанаа руу хоёроос гурван удаа угсраад цохиод авсан тэгээд хэсэг хэрүүл хийж байгаад баруун шанааны хэсэгт гараараа цохиод миний үснээс зулгаагаад цохиод байсан бид хоёрын хооронд мөнгө төгрөгийн асуудал байгаа тэрийгээ шийдэх санаатай очсон чинь хэрүүл маргаан зодоон болсон. Намайг очиход хуучин эхнэр Мандах нь байсан энэ бүгдийг нь харсан...” гэх мэдүүлэг /хх-н 4-5, 14-15/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.М-н өгсөн:

            “...2018 оны 2 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед ажлаа тараад харих гээд байж байхад Н ажлын гаднаас авах гэж ирсэн. Тэгэхэд машин дотор Нгийн хуучин хамтран амьдрагч А орж ирсэн сууж байсан. Тэгээд машин хөдлөхөд тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. Тухайн үед миний бие өвдөөд халуураад байсан болохоор юу ярьсныг нь сайн санахгүй байна. Тухайн үед тэр хоёр урд суудал дээр сууж байгаад хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ______ тоот: 

1. Б.Аийн биед зүүн зовхи, хамар, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 21/,

 

Шүүгдэгч Н.Нгийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Н.Н нь хамтран амьдрагч Б.А-ийг зодож эрүүл мэндэд нь зүүн зовхи, хамар, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            хохирогч Б.А-ийн “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Вокзалын хашаан дотор байрлах зогсоол дээрээс хамтран амьдрагч Нгийн машинд суугаад хөдлөөд явж байгаад хэрүүл маргаан хийсэн. Тэгсэн намайг нарны гүүрний гэрлэн дохио орчим цохиод авсан. Минии зүүн нүд болон зүүн шанаа руу хоёроос гурван удаа угсраад цохиод авсан тэгээд хэсэг хэрүүл хийж байгаад баруун шанааны хэсэгт гараараа цохиод миний үснээс зулгаагаад цохиод байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.М-н “...2018 оны 2 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед ажлаа тараад харих гээд байж байхад Н ажлын гаднаас авах гэж ирсэн. Тэгэхэд машин дотор Нгийн хуучин хамтран амьдрагч А орж ирсэн сууж байсан. Тэгээд машин хөдлөхөд тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. Тухайн үед миний бие өвдөөд халуураад байсан болохоор юу ярьсныг нь сайн санахгүй байна. Тухайн үед тэр хоёр урд суудал дээр сууж байгаад хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ____ тоот дүгнэлт, шүүгдэгч Н.Нгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Ат тухайн үед уурандаа гар хүрсэн нь миний буруу, би буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Нг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Хохирогч Б.А нь “...сэтгэл санааны ямар нэг хохирол үгүй болж Нд ямар ч гомдолгүй байгаа...” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Н.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, торгуулийн ял биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _____ овогт Н-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Нгийн торгох ялын биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Нд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ