Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01673

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01673

 

 

 

Ж.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01314 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ж.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ү.Х.О.Б-д ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3 326 832 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Түмэннаст

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Долгормаа нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ү.Х.О.Б- ХХК-д Ерөнхий зохицуулалтын газрын Захиргаа аж ахуйн албаны Архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Гэтэл Ү.Х.О.Б- ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Одонтуулын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/388 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн Банкны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Захиргаа, аж ахуйн албаны архив бичиг хэргийн ажилтны орон тоог хассан гэж ажлаас халсан. Ж.Долгормаа нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 876 843 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Ү.Х.О.Б- ХХК-аас захирлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б/122 дугаартай Ж.Д- ажилд авах тухай тушаал гарсан байдаг. Иймд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3 323 832 төгрөгийг, түүнчлэн өмгөөлөгч авч ажиллуулсны хөлс 1 000 000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж, мөн уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Долгормаа нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 876 843 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00600 дугаар захирамж гарч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Манай банкны зүгээс шүүгчийн захирамжийг сайн дураар бүрэн биелүүлсэн. Ж.Долгормаа нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөр ажилд орж байгаа тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж Гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/124 дугаар тушаалын дагуу ажлаас чөлөөлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан Ү.Х.О.Б- ХХК-иас 3 769 858 /гурван сая долоон зуун жаран есөн мянга найман зуун тавин найм/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Долгормаад олгож, нэхэмжлэлээс үлдэх 553 974 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 43.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Д-ийн ажилгүй байсан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Ү.Х.О.Б-анд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 180 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас 75 268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Долгормаад олгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 181/ШШ2019/00600 дугаар захирамж 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гарсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хоорондох нөхөн олговрыг нэхэмжилж буюу өмнөх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж дахин шүүхэд хандсан. Өмнө нь хялбаршуулсан журмаар нэгэнт шийдвэрлэчихсэн хэргийг дахин авч хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Шүүх Ж.Д- ажилгүй байсан эсэх талаар тодруулж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Ж.Долгормаа 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 26-ны хоорондох хугацаанд ажилгүй байсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй атал шүүх түүнийг ажилгүй байсан гэж шууд үзсэн нь буруу юм. Иймд ажилгүй байсан нь баримтаар нотлогдохгүй байгаа тул ажилгүй байсан гэж үзэх үндэсгүй юм.

Нэхэмжлэгч нь өмгөөлөгчид 1 000 000 төгрөг төлсөн болохыг нотлох баримт хангалтгүй байхад зөвхөн өмгөөллийн гэрээ, бэлэн мөнгөний баримт төдийхнөөр үндэслэж нэхэмжлэлийн дүн дээр нэмж тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч энэ талаар татгалзал, тайлбар хэлсэн боловч шүүгч хүлээж аваагүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчээс гарсан зардал..." гэж үзсэн нь буруу юм. Ж.Долгормаа уг өдөр ажилд эргэж орохгүй тухай өргөдлөө өгч ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Хуульд заасан хугацааны дотор шүүгчийн захирамжийг бүрэн биелүүлсэн атал анхан шатны шүүх дээрх 1 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ж.Долгормаа нь хариуцагч Ү.Х.О.Б- ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 3 326 832 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00600 дугаар захирамжаар Ж.Д- урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 876 843 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх6/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу хариуцагч компанийн гүйцэтгэх захирал 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б/122 дугаар тушаал гаргаж Ж.Д- ажилд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 876 843 төгрөгийг олгожээ. /хх21,24/ Энэ үйл баримтад талууд маргаангүй, харин хариуцагч нь шүүх шийдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00600 дугаар захирамжаар шийдвэрлэсэн хугацаанаас хойш хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилсон 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүрэгтэй түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох олговрыг хариуцан арилгах үүрэгтэй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Иймээс хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж хариуцагч компаниас 2 769 858 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Харин шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 1 000 000 төгрөгийг түүнд учирсан хохиролд тооцсоныг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь зохигчид өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эсэх нь өөрсдийнх нь эрх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхдээ төлсөн хөлсийг хариуцагчийн буруугаас учирсан хохиролд тооцох боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01314 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 3 769 858 гэснийг 2 769 858 гэж, 553 974, гэснийг 1 553 974, 2 дахь заалтын 43.2 гэснийг 46.2 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75 270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ч.ЦЭНД