Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/24

 

     

 

М.У******-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ө.Мөнхнавч,

цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч О.Санчирбал,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/36 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн, прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцэлд үндэслэн цагаатгагдсан этгээд М.У*****-т холбогдох 2319000480203 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Цагаатгагдсан этгээдийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Х**** аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, э**** мэргэжилтэй, Д********- аймгийн Ц**************** ажилтай, ам бүл **, х****н хамт Д******* аймгийн С******* сумын ** дугаар баг **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т********* овогт М******-н У***********.

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.У****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэгт холбогдсон. 

3.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос М.У******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн.  

4.Анхан шатны шүүх: “…Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн Т******* овогт М**********-н У**********-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "Гэмт хэргийн шинжгүй" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

М.У********* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц М.У*********т урьд авсан Монгол улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Ө.Мөнхнавч эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “5.1...анхан шатны шүүхээс Г.Б****** биед хүндэвтэр гэмтэл хохирол учирсан хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гарснаар уг хэрэгт Г.Б*******-г хохирогч болно гэж тайлбарласан, мөн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо эрүүгийн 2319000480203 дугаартай хэргийн үйл баримт биш, хэрэг бүртгэлтийн 240200262 дугаартай хэргийн үйл баримтыг дүгнэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг шүүхээс хийсэн байна. 

5.2.Шүүдэгч М.У************-н хувьд тухайн цаг хугацаанд Б.Б*******-ий биед өөрийн үйлдлийн улмаас гэмтэл учруулсан, энэ асуудал Ц******н байгууллагаар ш******л өөрөө ажилгүй болно, ял авна гэж ойлгож мэдсэний үндсэн дээр хохирогч Б.Б**********-д 7,500,000 төгрөгийн шан харамж өгсөн идэвхтэй үйлдэл хийж улмаар бүртгэлийн 265 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах ажиллагаанд саад учруулж, төөрөгдүүлэх, гэмт хэргийг нуун дарагдуулах, цааш шалгуулахгүй, өөрөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх санаа зорилгоор “...өөрөө хаалгаа хаах гэж байгаад хөлөө хавчиж хөлөө хугалсан...” гэсэн худал мэдүүлгийг өгүүлэхээр ятгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Гэтэл анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ Б.Б***** хохирсон хэрэгт шүүхийн шийтгэх тогтоол гарч, тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд Б.Б*********-г “хохирогч” гэж үзэх ёстой мэтээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд байхгүй шинжийг шийдвэртээ дүгнэн бичсэн нь өөрөө ойлгомжгүй дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

5.3.Цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан “хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга” зэргийг бичилгүй, хэрэгт мөрдөгчийн тэмдэглэлээр тусгаж бэхжүүлсэн хэрэг бүртгэлтийн 240200262 дугаартай хэргийн үйл баримтыг дүгнэн бичсэн нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэснийг зөрчсөн.  Мөн шүүхээс ямар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэргийг нотолж байгаа гэж үзэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудыг хэрэгт авагдсан ямар баримтаар няцаан үгүйсгэсэн талаараа цагаатгах тогтоолд бичээгүй буюу энэ талаар дүгнээгүй нь цагаатгах тогтоол бичих хуулийн шаардлагыг хангаагүйн зэрэгцээ шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. 

Цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана”, 36.7 дугаар зүйл “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг” гэсэн хуулийн заалтыг тус тус удирдлага болгосон байгаа нь уг тогтоол шийтгэх эсхүл цагаатгах тогтоолын аль нь болох нь тодорхойгүй, ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мөн 1.10 дахь хэсэгт заасан илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж заасныг тус тус зөрчсөн учир цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6.Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч О.Санчирбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг объектив талын шинжид тусгасан буюу тухайн гэрч хохирогчид нөлөөлж байгаа энэ шинжийг тодорхойлох шаардлагатай гэж үзсэн. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан объектив талын шинж гэрч хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгөх гэдэг ийм үйлдлийг шаардсан. Гэрч хохирогч гэдгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгч гэрчээр хохирогчоор тогтоогоод явдаг учир мөрдөгч тогтоол үйлдсэн байхыг шаардана. Прокурорын яллах дүгнэлтдээ  2024 оны 4 сарын 12-ны өдрөөс 4 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд хохирогчийн худал мэдүүлэг өгөх зорилгоор шан харамж өгсөн гэдэг шинжийг буруутгаж орж ирсэн.

Гэтэл прокурор өөрөө 2022 оны 4 сарын 22-ны өдөр буюу тухайн мэдүүлэг өгч байгаа мөрдөгчийн мэдүүлэг авсан шийдвэрийг өөрөө хүчингүй болгочихсон. Энэ бол М.У*************-т холбогдох хэргээс үл хамаарах байдлаар гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл болох 265 дугаартай гомдол мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан энэ мэдүүлгийг хүчингүй болгосон. Сүүлд нь буюу 2024 оны 6 сарын 06-ны өдөр хохирогчоор тогтоосон авлигатай тэмцэх газраас тухайн эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа Б.Б***********-г хохирогчоор тогтоосон. Тэгэхээр бидэнд 3 хохирогчоос өгсөн мэдүүлэг байгаа. Өмнөх 2-ыг нь прокурор өөрөө хүчингүй болгосон. 2024 оны 6 сарын 6-нд өгсөн мэдүүлгийг худал мэдүүлэг өгүүлэх мөн шан харамж өгсөн гэдэг энэ үйл баримтад орж ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлэхээр хохирогчоор өгсөн мэдүүлгийг бид үнэлэх боломжгүй ийм нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр энэ дээр шууд сэжигтэн яллагдагч шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх энэ хуулийн заалт хэрэгжих боломжтой байсан учир гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй . Цаашилбал бусад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэргийн бодит байдалд нийцээгүй гэдэг энэ прокурорын эсэргүүцэлд дурдаад байгаа нөхцөл байдлыг л энэ цагаатгах тогтоолд дүгнэлт хийсэн, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн удирдлага хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

1.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавч нь шүүгдэгч М.У************-г “...хууль сахиулагч буюу Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа иргэн Б.Б**********-с Дорноговь аймгийн цагдаагийн газрын дарга Б.Д*********, М.У**********-р нарт холбогдуулан гаргасан гомдолд үндэслэсэн 265 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг цааш шалгуулахгүй, өөрөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх санаа зорилгоор хохирогч Б.Б*********-г өөрөө хаалгаа хаах гэж байгаад хөлөө хавчиж хугалсан гэсэн мэдүүлэг өгүүлж, зориуд худал мэдүүлгийг өгүүлэхээр ятгаж улмаар Д********** аймгийн С********* сумын *** дугаар баг Т*******-н *** тоотод буюу Б.Б********-ий гэрт 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд 7,000,000 төгрөг, С****д сумын ** дугаар баг Т**** **** дэлгүүрийн гадна 2022 оны 05 дугаар сард 500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийн шан харамж өгсөн” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

2.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн М.У*******-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шийдвэрлэжээ.

3.Дээр дурдсан нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалгаж, тодруулсан ба хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлтэй байх буюу тогтоолд хэргийн үйл баримтын талаар нотлох баримтад үндэслэн дүгнэсэн, нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтойн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шударга ёсны, гэм буруугүйд тооцох зарчимд тус тус нийцжээ.

Иймд прокурорын “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн” талаарх эсэргүүцэл үндэслэлгүй болно.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт субъектийг “...хохирогч...” гэж мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тус тус хуульчилсан байгаагаас дүгнэвэл шүүгдэгч М.У*********-н холбогдсон хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй байна.

Мөн хохирогчид хууль бусаар нөлөөлөх үйлдлийн улмаас хохирогчоор тогтоогдсон этгээд гэмт хэргийн халдлагад өртсөн байх цаашлаад түүний Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх болон энэ хэргийг шалган шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа зөрчигдсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байх учиртай.   

Харин энэ хэргийн тогтоогдсон үйл баримтын тухайд: Ц**********н д**** Б.Д****** 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд Д*********** аймгийн С******д сумын ** дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг И* **** зочид буудлын гадна тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн Б.Б********-г зөрчил гаргасан эсэхийг шалгахаар, тээврийн хэрэгслээс нь татаж буулгахдаа түүний хөлийн баруун шагайн хэсэгт гишгэж, шагайн гадна хавчаар ясны хугарал/3хх9/ гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогджээ.

Б.Б*******-с 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Цагдаагийн газарт “...хар өнгийн жижиг тэрэг хажуугаас ирж, хашиж зогсоод 2 залуу өөрсдийгөө цагдаа байна гээд хаалга татан буугаад ир гэсэн буух гээд баруун хөлөө буулгатал хөл дээр минь гишгэж үгийн зөрүүгүй газарт хэвтүүлсэн, эмнэлэг орж үзүүлэхэд хөл хугарсан” гэх гомдлыг гаргасныг 265 дугаарт бүртгэлжүүлэн, эрх бүхий этгээдээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх боловч Б.Б*******г хохирогчоор тогтоолгүй мэдүүлгийг авч хууль зөрчсөн байх тул прокурор тэдгээр мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасанд үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 03, 22-ны өдөр хүчингүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн, үндэслэлтэй байна.  

 Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан “хохирогч” нь гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон этгээд байх талаарх хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн.

Гэхдээ яллах дүгнэлтэд “...хохирогч Б.Б**********г өөрөө хаалгаа хаах гэж байгаад хөлөө хавчиж, хөлөө хугалсан гэсэн мэдүүлэг өгүүлж, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, шан харамж өгсөн” гэж хохирогчоор тогтоогдоогүй этгээдийг хохирогч гэж тодорхойлж, дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд прокурорын яллаж байгаа гэмт хэргийн шинжид нийцэхгүй байна.   

Түүнчлэн прокурорын тогтоол /4хх66-69/-оор Б.Б*****-ий хөл хугарч хүндэвтэр хохирол учирсан буюу Б.Д******-н холбогдсон 240200262 дугаартай хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч М.У********н хохирогчид нөлөөлж, шан харамж өгсөн үйлдлийн улмаас хохирогчийн мэдүүлэг өөрчлөгдөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүтэн 2 жил саад учирсан гэж үзэхгүйн зэрэгцээ шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Б.Б***********с Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол болон удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “..Д***********- татахдаа хөл дээр гишгэж хугалсан, дарга явуулсан гээд У******-Бр ирээд байсан, У*********-г өрөвдөөд байсан, дарга наадахаа чи хариуц гээд байна гэсэн, би дарга чинь уулзахгүй байж чи дунд нь яваад байх юм гэхэд дарга бол намайг шахна шүү дээ гэдэг байсан” гэж, шүүгдэгч М.У********р “...мөрдөгч Д******* өөр рүү нь залгаж, хэргийг шалгах талаар мэдээлэхэд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн үйлдлийн улмаас Б.Б********** биед гэмтэл учирч хөл нь хугарсан байх хэрвээ энэ асуудал шалгагдвал ажилгүй болно ял авна гэж ойлгон түүнд 7,500,000 төгрөгийг  өгсөн” талаар  тус тус мэдүүлсэн байх тул  Б.Б************-г зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж өгсөн гэж үзэх, цаашлаад хохирогч Б.Б******* нь  М.У********-с шан харамж авч, зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх журам, хэвийн үйл ажиллагаа, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд тодорхойлсон, гэм буруутай буюу гэмт хэргийн хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэм буруутай үйлдэл байхаар байна.

Өөрөөр хэлбэл энэ хэрэгт Б.Б********-н нь хохирогч биш мөн шүүгдэгчийн зүгээс хохирогчид худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж өгсөн гэж үзэх хэргийн үйл баримт, нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба шүүгдэгч өөрийн буруутай үйлдлийн улмаас Б.Б*********-д хохирол учруулсан гэж ойлгон, эмчилгээнд нь зориулж, тусламж үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул “хохирогчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийн шинж хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.

5.Харин анхан шатны шүүх “Цагаатгах тогтоол” гаргахад хамааралгүй буюу тогтоолын удирдлага хэсэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 буюу  “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана”, мөн хуулийн 36.7 дугаар зүйл “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг” гэснийг тусгасан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, ханган тогтоолын тогтоох хэсгийн удирдлага хэсгээс эдгээр зүйл, заалтыг хасаж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/36 дугаартай цагаатгах тогтоолын удирдлага хэсгээс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйл...” гэснийг хасаж, тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       А.САЙНТӨГС

                    ШҮҮГЧ                       О.ОДНЯМАА

                                        ШҮҮГЧ                      Н.БОЛОРМАА