Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 422

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч А.Марал,

хохирогч А.А,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___ овогт Ш-н Б-д холбогдох эрүүгийн ________ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________

 

Шүүгдэгч Ш.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ниппон” төвийн барменаар ажиллаж байсан хохирогч Т.Х-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч А.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.А-гийн өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 21-нд Х бармений хамт ажилд гарсан. Шүүгдэгч орой 19 цаг өнгөрч байхад гаднаас согтуу орж ирээд хүүхэн зардаг биз дээ гэхэд нь хүүхэн зардаггүй гэхэд миний нүүр рүү цохисон, нүүрээ дарахад намайг дахиад цохиход нь би унасан. Тэгэхэд шүүгдэгч намайг өшиглөсөн. Эхний хагалгаандаа орсон, дараагийн хагалгааны төлбөр 1,300,000 төгрөгийн зардал гарна. Эхний шатны хагалгаанд 1,580,000 төгрөг төлсөн. Дараа нь эм тарианы зардалд 250,000 төгрөг өгсөн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ш.Бын өгсөн:

            “...2018 оны 01 сарын 21-ний өдөр би өөрийн ажиллуулдаг хүнсний дэлгүүр дээрээ найзууд болох Батжаргал, Лхагвадорж нарын хамт нэг шил архи хувааж уучихаад байж байтал манай эхнэр Дэлгэрсайхан уурлаад байхаар нь бид гурав гараад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровисын колонкийн урд байрлах “Ниппон” зочид буудалд өрөө авч гаднаас 0.75 граммын архи нэгийг аваад орсон юм. Би тэр архиа хувааж ууж дууссанаа санахгүй байна би нэг мэдэхэд өглөө эрүүлжүүлэхэд цагдаагийн газар сэрсэн юм. Батжаргал архиа ууж байгаад явсан гэсэн Лхагвадорж болохоор өрөөндөө унтаад үлдсэн байсан. Эрүүлжүүлэхээс өглөө гаргасан цагдаа нь буудалд ресепшинтэй нь маргалдаад хүний хамар хугалсан байна гэж хэлсэн. Би сахарын өвчтэй болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж чаддаггүй юм их амархан согтчихдог юм. Би ресепшин эмэгтэй ямар учраас маргалдаж хамрыг нь цохисноо санахгүй байна, ямар ч байсан буудалд орохдоо би тооцооны хоногийн 20.000 төгрөг гэхээр нь өгч байсан юм. Зөөгч Анугийн хамрыг би засуулахад нь хамт явж эмчтэй нь уулзаж эмчилгээний зардал 1.500.000 төгрөг өгч хагалгаанд оруулсан эмч нь хагалгаа маш сайхан болсон гэж байсан мөн дээрээс нь эм тарианы мөнгө 400.000 орчим мянган төгрөгийг өгч нийт 2.000.000 орчим төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 79-80/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч А.Агийн өгсөн:

            “...2018 оны 01 сарын 21-ний өдөр 20 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ниппон” төвийн караокед би зөөгчөөр ажиллаж Т.Х барменаар ажиллаж байхад 50 орчим насны эрэгтэй хүн ганцаараа согтуу орж ирээд текэн дээр ирж бид хоёрт хандан янхан байна уу гэхээр нь манайд тийм юм байхгүй зардаггүй гэхэд зардгийг чинь мэднэ гэж гар утсан дээрээ бичлэг хийсэн. Тэгэхээр нь текний араас сандал дээрээсээ босоод гарсан чинь шууд миний хамар руу гараараа 2 удаа цохисон. Би тэр үед газар унасан чинь дээрээс нүүр рүү нэг удаа өшиглөсөн би нүүрээ гараараа дараад хэвтэж байхад манай бармен Т.Х текний араас гарч ирэхэд тэр ах Т.Хг бас цохиж зодоод гадагшаа гараад явсан. Тэр үед нь Т.Х эгч манай төвийн 3-н давхарт байрлах зочид буудал руу ресепшин гээд дуудаж орилсон. Тэгсэн дээрээс ресепшин Ганзул бууж ирээд тэр ахыг гарах гэж байхад нь саатуулж байгаад цагдаагийн байгууллагад Х эгч дуудлага өгч бариулсан. Эмчилгээний зардалд нийт 1.830.000 төгрөг өгсөн, одоо дээрээс нь нэмж хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Т.Хгийн өгсөн:

            “...2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ниппон” төвд байрлах караокед ажлаа хийж байх үед гаднаас 50 орчим насны эрэгтэй хүн орж ирээд янхан байна уу гэж асуусан. Тэгэхээр нь тийм зүйл байхгүй гэж хэлээд манай зөөгч Ану нойл орохоор боссон чинь нөгөө ах шууд Ануг 2 удаа гараараа цохиод унангуут нь би текээ тойроод гарч очсон чинь миний зүүн талын нүд рүү баруун гараараа цохих үед нь арагшаа хана налж суусан. Тэгээд босоод ирсэн чинь намайг дахин 2 удаа гараараа миний нүүр рүү цохих үед хана руу толгойгоороо хавсарч цохигдсон...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Г-н өгсөн:

            “...2018 оны 02 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ниппон” төвийн зочид буудлын ресепшинээр ажиллаж байхад 1 давхарт байрлах караокены бармен Х гэх эмэгтэй Г гээд 2-3 удаа орилсон. Тэгэхээр нь би доош буугаад караокены үүдээр орсон чинь зөөгч Ану коридорт доошоо явган суучихсан хамарнаас нь цус гарч байсан тэнд нэг ах зогсчихсон хаалгаар гарах гээд дотор нь зогсож байсан Х надруу цагдаад дуудлага өгсөн байгаа битгий гаргаарай гэж хэлсэн. Цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн _______ тоот: 

1. А.Агийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 2018.01.21-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн ________ тоот: 

1. Т.Хгийн биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн гарын 3, 4-р хуруу, алганы хажуу хэсгийн цус хуралт, сарвууны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь 2018.01.21-ний өдөр үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 30/,

 

Шүүгдэгч Ш.Бын хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 56/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 60/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ш.Б нь хохирогч Т.Хг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч А.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч А.Агийн “...2018 оны 01 дүгээр сарын 21-нд Х бармений хамт ажилд гарсан. Шүүгдэгч орой 19 цаг өнгөрч байхад гаднаас согтуу орж ирээд хүүхэн зардаг биз дээ гэхэд нь хүүхэн зардаггүй гэхэд миний нүүр рүү цохисон, нүүрээ дарахад намайг дахиад цохиход нь би унасан. Тэгэхэд шүүгдэгч намайг өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Т.Хгийн “...2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ниппон” төвд байрлах караокед ажлаа хийж байх үед гаднаас 50 орчим насны эрэгтэй хүн орж ирээд янхан байна уу гэж асуусан. Тэгэхээр нь тийм зүйл байхгүй гэж хэлээд манай зөөгч Ану нойл орохоор боссон чинь нөгөө ах шууд Ануг 2 удаа гараараа цохиод унангуут нь би текээ тойроод гарч очсон чинь миний зүүн талын нүд рүү баруун гараараа цохих үед нь арагшаа хана налж суусан. Тэгээд босоод ирсэн чинь намайг дахин 2 удаа гараараа миний нүүр рүү цохих үед хана руу толгойгоороо хавсарч цохигдсон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Д.Г-н “...2018 оны 02 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ниппон” төвийн зочид буудлын ресепшинээр ажиллаж байхад 1 давхарт байрлах караокены бармен Х гэх эмэгтэй Г гээд 2-3 удаа орилсон. Тэгэхээр нь би доош буугаад караокены үүдээр орсон чинь зөөгч Ану коридорт доошоо явган суучихсан хамарнаас нь цус гарч байсан тэнд нэг ах зогсчихсон хаалгаар гарах гээд дотор нь зогсож байсан Х надруу цагдаад дуудлага өгсөн байгаа битгий гаргаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн ___ тоот, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн ____ тоот дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ш.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ш.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хавтаст хэрэгт хохирогч Т.Х “...хохиролд бэлэн 200.000 төгрөг авсан тул цаашид гомдол санал байхгүй...” гэх хүсэлт, хохирогч А.А нь нийт 401.820 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байх ба шүүх хуралдаанд “...нийт 1.830.000 төгрөг өгсөн, цаашид эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ш.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч А.А-гийн цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Б-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ буюу хоёр хохирогчид хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоогдсон зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Бад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгож, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгуулийн ял биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ____ овогт Ш-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Быг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Бын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч А.А нь гэмт хэргээс учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Бад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ