Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/00577

 

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/00577

 

 

 Ж.Жаргалан, Б.Бүрэн нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/6821 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Жаргалан, Б.Бүрэн нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Фэшн хаус ХХК, Зохиомж дээд сургуульд тус тус холбогдох

 

Орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарган Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг даалгах, 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу алданги болон эрх зүйн туслалцаа авсан зардал нийт 32 481 195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2009 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний дутуу төлбөр, алданги нийт 48 043 613,34 төгрөг, мөн нэмэлт зардал 635 000 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Фэшн хаус ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.  

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Жаргалан нь Баянзүрх дүүргийн 3-р хороо, Зохиомж дээд сургуулийн дэргэд баригдах байрны 4-р давхрын 10 тоот орон сууцны зориулалттай 56.52 м.кв орон сууцанд хөрөнгө оруулалт хийж, эзэмшилдээ шилжүүлэх талаар тус сургуулийн захирал Б.Цогтбаяртай тодорхой нөхцөлүүдийг тохиролцсоны үндсэн дээр 2008.09.04-ний өдөр "Орон сууц захиалгаар бариулах" гэрээ байгуулан 29 233 331 төгрөгийг төлсөн. "Зохиомж" дээд сургууль болон Ж.Жаргалан нарын хооронд хийгдсэн гэрээний 2.1 дэх хэсэгт заасан "хөрөнгө орулалтын хэмжээ" болох "төлбөрийг валютаар төлөх заалтыг зайлшгүй өөрчлөх шаардлага" гарснаар Ж.Жаргалангийн хүү Б.Бүрэн, "Фэшн хаус" ХХК нарын хооронд дээрх 2008.09.04-ний өдрийн гэрээнд өөрчлөлт оруулсан 2009.07.26-ны өдрийн 10 тоот гэрээг байгуулж, мөн өдөр төлбөртөө 13 500 000 төгрөг төлсөн. 2009.07.26-ны өдрийн шинэчилсэн гэрээний дагуу орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх эцсийн хугацааг 2009.09.31-ний өдөр гэж заасан боловч өнөөдрийн өдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан Ж.Жаргалан, Б.Бүрэн нар зохих ёсоор төлбөрийг нь төлж захиалсан орон сууцандаа орж эрхээ эдэлж чадахгүй байгаа болно. Гэсэн атлаа "Фэшн хаус" ХХК нь гэрээний заалтаа өөрсдөө бус захиалагч тал зөрчиж буй мэт утгатай мэдэгдэл, санхүүжилт хүссэн албан тоот зэрэг гэрээгээр зохицуулагдах заалтгүй элдэв өөрсдийн буруутай үйлдлээ халхавчилсан албан тоотууд хүргүүлж байсан бөгөөд 2013.03.12-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай" гэрээг цуцалсан мэдэгдлийг Б.Бүрэнд хүргүүлсэн байна.

"Зохиомж" дээд сургууль болон "Фэшн хаус" ХХК нь нэг дор байрладаг, Б.Цогтбаяр нь тус компаниудын аль алиных нь захирал бөгөөд иргэн Ж.Жаргалан, Б.Бүрэн нартай "Орон сууц захиалгын гэрээ"-нүүдийг байгуулсан, нэхэмжлэлийг хамтран хариуцах үүрэгтэй. 2013.05.26-ны өдөр "Фэшн хаус" ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баярхүүтэй биечлэн уулзахад "14 хоногийн дараагаар улсын комисст хүлээлгэн өгөх гэж байгаа, зөвхөн лифт суурилуулах ажлын улмаас улсын комисс хүлээн авах нь саатаад байгаа, аль аль тал маань эв зүйгээрээ гэрээний үүргээ хангаад, орон сууцыг хүлээлгэн өгөх нь зүйтэй байна" гэсэн тайлбар хэлсэн боловч өнөөдрийн өдрийг хүртэл "орон сууцаа хүлээн авах" талаар мэдэгдээгүй, орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Мөн 2014 оны 02-р сарын байдлаар тус орон сууц нь холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авалгүй баригдсан болох нь баримтаар нотлогдож байна. Иймд дээрх гэрээний үүргийн биелэлтэд захиалсан орон сууцыг гаргуулан иргэн Ж.Жаргалан, Б.Бүрэн нарын өмчлөлийг хууль ёсны болохыг тогтоож, мөн гэрээнд заасны дагуу хүлээхээр тохирсон алдангид 23 896 695 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс болох 8 584 500 төгрөгийг "Зохиомж" дээд сургууль болон "Фэшн хаус" ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч "Фэшн хаус" ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгч нарт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарган өгөөгүй атлаа 2010.02.20-ны өдрийн НМХГ-ын 38/2010 тоот актын дагуу орон сууц захиалагч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан, нэхэмжлэгч Б.Бүрэн, Ж.Жаргалан нар л захиалсан орон сууцаа хүлээн авахгүй байсан, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн мэтээр хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж ирсэн. Маргаан бүхий орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн "орон сууцны өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох" гэсэн шаардлагыг "орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарган өгч Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг даалгах" хэмээн нэмэгдүүлэн өөрчилж байна гэжээ.

 

Хариуцагч "Фэшн хаус" ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Гэрээний дагуу орон сууцны үнийн 50% буюу 29 233 331 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу төлж байхаар харилцан тохиролцсон. Гэвч захиалгын гэрээний 2.2-т заасны дагуу захиалагч төлбөрийг тогтсон хугацаанд төлөөгүй. Захиалагчийн захиалан бариулсан орон сууц бүрэн ашиглалтад орсон бөгөөд захиалагчийг гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөөд байрандаа ор гэдэг шаардлагыг удаа дараа мэдэгдэж байсан боловч "эргээд хариу хэлнэ, ярилцаж байж болно" гэдэг шалтгаанаар байрандаа өнөөдрийг хүртэл ороогүй бөгөөд үлдэгдэл 5 000 000 төгрөгийг төлөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Манай компани гэрээний үүргээ биелүүлж, орон сууцны барилгыг барьж улсын комисст зохих журмаар хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан, Жаргалангийнхаас бусад бүх айл байрандаа орсон, улсын комисст хүлээлгэж өгч акт баримт нь гарсан тул дахин хүлээлгэж өгөх үндэслэл байхгүй тул энэ талаар шаардлагыг зөвшөөрөхгүй. Гэрчилгээг Бүрэн нарын нэр дээр гаргаж өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Захиалгаар бариулсан, төлбөрөө бүрэн төлсөн айлуудад өмчлөх эрхийг нь шилжүүлж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бүх бичиг баримтыг захиалагч нар болон бүртгэлийн албанд хүлээлгэн өгсөн. Жаргалан, Бүрэн нарт манайх үлдэгдэл төлбөрөө төлөөд байрандаа орох, манайхаас улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтаа аваад өөрсдөөсөө шалтгаалах бичиг баримт, өргөдлөө гаргаад үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулж авахыг олон удаа санал болгож байхад төлбөрөө ч гүйцээж төлдөггүй, бичиг баримтаа өгдөггүй, өргөдлөө гаргаж өгдөггүй учир гэрчилгээ гараагүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Зохиомж" дээд сургууль шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Фэшн хаус" ХХК болон "Зохиомж" дээд сургууль нь тус тусын үйл ажиллагааны чиглэлтэй 2 өөр хуулийн этгээд юм. Нэхэмжлэгч нар нь "Фэшн хаус" ХХК-ийн барьж буй орон сууцнаас байр худалдан авахаар тус компанитай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ" байгуулж, талуудын хооронд тодорхой эрх зүйн харилцаа үүссэн байдаг. Харин "Зохиомж" дээд сургуулийн хувьд үйл ажиллагаа тусдаа явагддаг, мөн нэхэмжлэгч нартай аливаа эрх зүйн харилцаанд оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Фэшн хаус" ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцанд захиалагчдаас ирүүлсэн хийцийн өөрчлөлт хийх саналыг хүлээн авсан бөгөөд энэхүү өөрчлөлтөөс гарах нэмэлт зардлыг захиалагч хариуцахаар тохирсон. 2010.12.28-ны өдрийн 90 тоот мэдэгдлээр Б.Бүрэнд өөрчлөлттэй холбоотой зардал болох 635 000 төгрөгийг 2010 оны 12 сарын 31-ний өдрийн дотор хийхийг мэдэгдсэн. Гэвч захиалагч тал өнөөдрийг энэхүү төлбөрийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Б.Бүрэн, хариуцагч "Фэшн хуас ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009.07.26-ны өдрийн 10 тоот гэрээг "Фэшн хаус" ХХК-ийг төлөөлж Энхжин хийж, захирал Цогтбаяр баталсан байна. Гэтэл тухайн гэрээ хийх өдөр "Фэшн хаус" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гүйцэтгэх захирал Ц.Энхцогт байсан болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон лавлагаагаар нотлогдсон байна. Иймд энэхүү гэрээ нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах заалтыг зөрчиж итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан, Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. 2008.09.04-ний өдрийн гэрээний 2.1-д зааснаар Жаргалангийн нийт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 50868 ам.доллар байх бөгөөд гэрээний 2.2-д зааснаар дээрх хөрөнгийн эхний төлөлт 50 хувийг гэрээ байгуулсан өдөр, 2 дах төлөлтийг барилга угсралтын ажил 50 хувьтай болоход 20 хувийг, 80 хувьтай болоход 20 хувийг төлж, үлдэгдэл 10 хувийг орон сууцыг хүлээн авахад төлөхөөр тохирсон байна. Гэрээний 2.3-д төлбөрийг ам.доллараар гүйцэтгэх, хэрэв төгрөгөөр гүйцэтгэх бол төлбөр гүйцэтгэх өдрийн Монгол банкны ханшаар тооцохоор тохирсон. Гэтэл Жаргалан гэрээ хийсний маргааш өдөр 2008 оны 9 сарын 05-нд эхний 50 хувийн төлөлт 25.434 ам.доллар буюу 29 233 391 төгрөгийг төлжээ. Үүнээс хойш 2008 оны сүүлээр барилгын ажил 50 хувьтай болоход 2 дахь төлөлт 20 хувийн төлбөрт 10 173,6 доллар төлөх байтал төлөлт хийлгүй байсаар 2009.07.29-нд түүний хүү Бүрэн нь 20 хувийн төлбөрт 13 500 000 төгрөг буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцоход 9 295.6 ам.доллар /13.500.000:1452,3/ төлж, 2 дахь төлөлтийн 20 хувиас 878 ам.доллаp /10173,6-9295.6/ төлбөрийг дутуу төлсөн бөгөөд үүнээс хойш нэг ч төлбөр төлөөгүй. Захиалсан орон сууцыг барьж дуусган, ашиглалтад оруулчихаад байхад хүндэтгэх шалтгаангүйгээр байрандаа орохгүй, төлбөрөө гүйцээж төлөхгүй байгаагийн улмаас "Фэшн хаус" ХХК байрны ашиглалтын зардлыг олон жил төлж хохирч байна. Одоогийн байдлаар Жаргалан нь гэрээний дагуу бүгд 24.207,6 ам.доллар буюу нэхэмжлэл гаргаж буй 2016.06.07-ны өдрийн ханшаар тооцоход 48 043 613,34 /24.207.6*1984.65/ төгрөгийн төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд 10 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу 48 043 613.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, учир нь сөрөг нэхэмжлэлдээ дээрх зардал гарсан тухайг нотлох баримтуудыг хавсаргаж, америк долларын монгол төгрөгтэй харьцах ханшийн лавлагаанаас өөр ямар ч баримтгүй байх бөгөөд мөн энэ хийцийн өөрчлөлт хийгдсэн эсэх талаар нэхэмжлэгч нарт биет байдлаар нь танилцуулалгүй өдий хүрсэн тул энэ шаардаж буй ажил хийгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнд заасан орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөхийг хариуцагч "Фэшн хаус" ХХК-д даалгаж, хариуцагч "Фэшн хаус" ХХК аас 21.366.695,50 төгрөг /хорин нэгэн сая гурван зуун жаран зургаан мянга зургаан зуун ерэн таван төгрөг тавин мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч Б.Бүрэнд, нэхэмжлэгч Б.Бүрэнгээс 635.000 /зургаан зуун гучин таван мянган/ төгрөг гаргуулан хариуцагч "Фэшн хаус" ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс нэхэмжлэгч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарган өгч, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг хариуцагчид даалгах болон 11.114.499,50 төгрөг гаргуулах шаардлагуудыг, мөн хариуцагч "Фэшн хаус" ХХК, "Зохиомж" дээд сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ж.Жаргалангийн, хариуцагч Зохиомж" дээд сургуульд холбогдуулан гаргасан Б.Бүрэнгийн нэхэмжлэлийг, сөрөг нэхэмжлэлээс 48.043.613,34 төгрөг гаргуулах болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар хариуцагч "Фэшн хаус" ХХК-аас 334 983 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бүрэнд, нэхэмжлэгч Б.Бүрэнгээс 19.700 төгрөг гаргуулан "Фэшн хаус" ХХК-д тус тус олгож, мөн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас нэхэмжлэгчийн илүү төлсөн 291.509 төгрөгийг, хариуцагчийн илүү төлсөн 1.832 төгрөгийг тус тус буцаан гаргуулан зохигчдод олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 460.756 төгрөг, хариуцагчийн төлсөн 417.868 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Фэшн хаус ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй нь хүндэтгэх шалтгаантай байхад алданги гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч нар төлбөрийг "Фэйшн хаус" ХХК-тай байгуулсан гэрээний 2.2-д заасан хугацааг хэтрүүлж төлсөн бөгөөд үлдэгдэл 80 хувийн гүйцэтгэлийн дараа төлөх 20 хувь болон, үлдэгдэл 10 хувь нийт 30 хувийн төлбөрийг хувиарын дагуу төлөөгүй, хөрөнгө оруулалтаа бүрэн хийгээгүй нь барилын ажлыг удаашрах нэг шалтгаан болсон. Гэрээ болон төлбөрөө төлөхийг шаардаж байсан, төлбөр төлсөн баримт зэргээр захиалагч төлбөрөө хувиарын дагуу хугацаандаа бүрэн төлөөгүй нь нотлогдож байхад эдгээр баримтыг шүүх хэрэгт хамааралтай талаас нь үнэн зөв үнэлсэнгүй. Хариуцагч тал үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон, өөрөөс нь үл хамаарах нөхцөл шалтгаан байсан, улс орны болон компанийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас барьж буй орон сууцыг захиалагч талд гэрээгээр тохирсон хугацаанд хүлээлгэн өгөх нөхцөл байхгүй байсан болохыг "Фэйшн хаус" ХХК-д Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас олгосон Hardship буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх тухай сертификатаар нотлогдсон. Энэ талаар шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн.

2008.09.04-ны өдийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.3-д "гүйцэтгэгч тал орон сууцыг хүлээлгэж өгөх хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 50 хувиас алданги тооцохоор тохирсон байгааг шүүх харгалзсангүй. Мөн хариуцагчийн төлөөгүй байгаа үлдэгдэл төлбөрийн өр 13500000 төгрөгийг алданги бодох дүнгээс хасах байтал шүүх хасаагүй тооцсон.

Мөн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Гэрээ байгуулсан 2008 оны 09 сарын 04-ний өдрийн байдлаар 1 ам.долларын ханш 1150,26 төгрөг байсан бөгөөд орон сууцны нийт үнийн дүн 58 626 452 төгрөг байх тул Жаргалангийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 58 626 452 төгрөг байсан байна. Жаргалан нь эхний төлөх 50 хувь болох 29 233 391 төгрөгийг гэрээ байгуулсаны маргааш өдөр төлж, гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ болон үүргийн гүцэтгэлийг хүлээн авах эрхийг хүү Бүрэнд шилжүүлэх, мөнгөн төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай хууль гарсантай холбоотойгоор төлбөрийг төгрөгт шилжүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр 2009.07.27 ны өдөр Бүрэн, Цогтбаяр нарын хооронд шинэчилсэн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр түүний үлдэгдэл төлбөр 25434 ам доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг буюу тухайн өдрийн ханш 1453,3 төгрөгөөр бодоход үлдэгдэл орон сууцны хөрөнгө оруулалтын хэмжээ 37 000 000 төгрөгийг төлөх үүрэг Бүрэнд шилжсэн болох нь нотлогдож байхад шүүх шилжсэн үүргийн гүйцэтгэлийн үнэд тооцохгүй, шинэчилсэн гэрээгээр төлөх эхний төлөлтийн хэмжээг өмнөх Жаргалангийн төлсөн төлөлтөөр тооцохоор заасан заалт гэж ташаа дүгнэсэн. Мөн шүүх дээрх гэрээгээр тохиролцсон орон сууцны үнийн талаарх нотлох баримтуудыг харьцуулж тал бүрээс нь үнэлээгүйгээс Бүрэнд шилжсэн үүргийн гүйцэтгэл болох төлөх нийт үлдэгдэл төлбөрийн дүн болон, гүйцэтгээгүй үүргийн дүнг буруу тооцсон, үүний улмаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

Мөн 2009 оны 07 дүгээр сарын 26-ны өдрийн Орон сууц захиалгын шинэчилсэн гэрээг Цогтбаяртай байгуулсан, Цогтбаяр нь тухайн үед албан ёсоор компанийг төлөөлөх эрхгүй, гүйцэтгэх захирал нь биш байсныг хэрэгт авагдсан компанийн гэрчилгээнд Цогтбаярыг хэззэ захирлаар томилогдсоныг бүртгэсэн улсын бүртгэгчийн тэмдэглэл болон дэлгэрэнгүй лавлагаанд тодорхой заагдсан байхад дахин нотлох шаардлагатай мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, илэрхий төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцлийг хүчин төгөлдөр гэж ташаа дүгнэж, сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Нэгэнт улсын комисст хүлэлгээд өгчихсөн, уг баримтыг хүчингүй болгосон эрх зүйн акт байхгүй байхад дахин улсын комисст хүлээлгэж өгөхөөр даалгасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэж чадаагүйг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Жаргалан, Б.Бүрэн нар нь хариуцагч Фэшн хаус ХХК болон Зохиомж дээд сургуульд тус тус холбогдуулан орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч нэхэмжлэгч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарган Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах, алданги болон хохиролд 32 481 195 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч Фэшн хаус ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2009.07.26-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 2008.09.04-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр, алданги, нэмэлт зардалд 48 678 613 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болон 2008.09.04-ний өдрийн гэрээг бус 2009.07.26-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг үндэслэж маргааныг шийдвэрлэх нь ач холбогдолтой болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Мөн 2009.07.26-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх боломжгүй талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч Фэшн хаус ХХК-тай нэхэмжлэгч Ж.Жаргалан 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Зохиомж дээд сургуулийн урд баригдаж байгаа 4 давхар байрны 7 тоотын 2 өрөө, 56.52 м.кв 50 868 ам.долларын үнэ бүхий орон сууцыг захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 29 233 391 төгрөг төлсөн байна.

 

Үүний дараа Ж.Жаргалангийн хүү Б.Бүрэн 2009 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэрээг хариуцагч Фэшн хаус ХХК-тай шинэчлэн байгуулж, уг гэрээгээр захиалагчийн хөрөнгө оруулалтын хэмжээг 25 434 ам.доллартай тэнцэх төгрөг байхаар тохиролцсон ба 13 500 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, барилга ашиглалтад орсноор үлдэгдэл 5 060 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх, Фэшн хаус ХХК орон сууцыг 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр барьж ашиглалтад өгөх үүрэг тус тус хүлээжээ.

 

Нэхэмжлэгч Б.Бүрэн гэрээгээр тохирсон ёсоор орон сууцны төлбөрөөс 29 233 391 төгрөг, 13 500 000 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд 2009 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шинэчилсэн гэрээний 2.1/в-д зааснаар үлдэгдэл төлбөр 5 060 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагч Фэшн хаус ХХК нь гэрээний зүйл болох орон сууцыг тогтоосон хугацаанд буюу 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй боловч Баянзүрх дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 8/1120 тоот албан бичигт хавсаргаж ирүүлсэн 2010 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 38/2010 тоот Барилга байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын актаас /хх-ийн 143-145/ үзэхэд талуудын маргаж байгаа орон сууцны барилгыг хариуцагч нь улсын комисст хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн барьсан барилгад орон сууц захиалсан Л.Батдэлгэр, Ц.Байгалмаа, Ши Чуаньшуй нар тус тусын орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн /хх-ийн 127-129/ байх бөгөөд тэдгээрийн өмчлөх эрхийг 2010 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 38/2010 тоот Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын актыг үндэслэж бүртгэсэн байх тул Үндэсний төв архивт хадгалагдаагүй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт байгаа хувиас зөрүүтэй учраас уг актыг үнэлэх боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Орон сууцыг улсын комисс хүлээн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэсэн тул нэхэмжлэгчийн энэ талаарх шаардлага үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарган Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг даалгах тухай шаардлага нь илэрхийллийн хувьд буруу боловч агуулгын хувьд ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардсан байгаа тул маргаж байгаа орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т нийцнэ.

 

Хариуцагч орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд хүлээлгэн өгөөгүй нь тогтоогдож байгаа боловч хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцож 21 366 695 төгрөг нэхэмжлэгчид олгохоор шийдсэн нь буруу байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс үлдсэн 5 060 000 төгрөгийг төлөхийг 2010 оны 12 дугаар сард, 2011 оны 10 дугаар сард тус тус шаардаж байсан баримт /хх-ийн 24, 25/ хэрэгт авагдсан байх ба орон сууц ашиглалтанд орсон болох нь дээрх байдлаар тогтоогдсон байхад нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хариуцагчаас анз шаардах эрхээ алдсан байх тул алданги 23 896 695 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Анхан шатны шүүх өмгөөлөгчийн хөлсний талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар дүгнэсэн нь буруу болсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч тал бусдаас эрх зүйн туслалцаа авах нь өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд нөгөө талд үүрэг үүсгэх үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон зөв байхаас гадна энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Зохиомж дээд сургууль гэрээний нэг тал биш, энэ гэрээгээр үүрэг хүлээгээгүй байх ба шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг 2009.07.26-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэсэн үндэслэлээр хангаж шийдвэрлэж байгаа тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2008.09.04-ний өдрийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр, алданги тооцож 42 983 613 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь мөн орон сууцыг тогтооосон хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар нэхэмжлэгчээс анз шаардах эрхээ алдсан байна.

 

Хариуцагч Фэшн хаус ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан орон сууцны хийцийн өөрчлөлттэй холбоотой гарсан зардал болох 635 000 төгрөгийг нэхэмжлэгч тал төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн нэхэмжлэгч нь 2009.07.26-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний үлдэгдэл төлбөр 5 060 000 төгрөгийг төлөөгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчээс 5 695 000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/6821 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Бүрэнг Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Зохиомж дээд сургуулийн урд баригдсан /57/2/ байрны 4 давхрын 7 тоот 56.52 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарган Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг даалгах, алданги хохиролд нийт 32 481 195 төгрөг гаргуулах тухай хэсгийг болон нэхэмжлэгч Ж.Жаргалангийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч Зохиомж" дээд сургуульд холбогдох Б.Бүрэнгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч Б.Бүрэнгээс 5 695 000 төгрөг гаргуулан хариуцагч "Фэшн хаус" ХХК-д олгож, үлдэх 42 983 613 төгрөгийн болон 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтын 334 983 гэснийг 396 916 гэж, 19 700 гэснийг 106 070 гэж, мөн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас нэхэмжлэгчийн илүү төлсөн 291.509 төгрөгийг, хариуцагчийн илүү төлсөн 1.832 төгрөгийг тус тус буцаан гаргуулан зохигчдод олгож гэснийг хасч тус тус өөрчлөн, шийдвэрийн хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Фэшн хаус ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 795 739 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ