Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/25

 

 

 

 

 

    *****************/-д  холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Гантулга,

шүүгдэгч ********************/, түүний өмгөөлөгч О.Билгүүн,

орчуулагч **********,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Д************ аймгийн ************д сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч О.Б****** нарын гомдолд  тус тус үндэслэн шүүгдэгч ******** /*********/-д холбогдох 2402000000432 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б**************** улсын иргэн, 1***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Б************ Улсын нийслэл Х***** хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, ***** үндэстэн, б************ б*******, мэргэжилгүй, ам бүл ***, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Б*************** Улсад оршин суудаг, Монгол улсад **********************о, С*********** тоотод оршин суудаг, авто машины засварын газарт засварчин ажилтай байсан ************ /******************/,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н************* /*******************/ нь 2024 оны 11 дүгээр сарын                  09-ний орой 19 цаг 20 минутын орчимд Д****************д сумын нутаг дэвсгэр Х********* ***************** дугаар ангийн хариуцсан чиглэл, хилийн ****** дүгээр тэмдгийн зүүн талаар ****** метр газраар Монгол Улсын талаас Б****************** Улсын тал руу боомт бус газраар явганаар Монгол Улсаас хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарсан гэмт хэрэгт холбогджээ. 

3.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н********************/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.  

4.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч ************ /***********, РД:******/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н********** /************/-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н*********** /**************/-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СИДИ дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалж,

шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ************ /****************/-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч ************* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хийсэн гэмт хэрэг бол Монгол улсад торгууль төлөхөөр байна гэж мөрдөн байцаах шатанд ажиллаж байсан өмгөөлөгч маань зөвлөсөн, тиймээс шүүх миний хэргийг хянаж үзээд ялыг минь дахин хянаж өгнө үү хэмээн энэхүү өргөдлөө бичиж байна. Би өөрийн бурууг ойлгож торгуулиа хүлээн зөвшөөрч байна. ...2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр миний шүүх хурал болно гэж хэн ч хэлээгүй, шууд ирээд шүүх хурал болж ийм удаан шоронд хоригдох болсноо одоо болтол мэдэхгүй байна. ...2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр миний орчуулагч намайг ял авна гэж надад ойлгогдохоор хангалттай зөв орчуулаагүй учраас энэхүү өргөдөл бичиж байна. Мөн шүүх хуралд оролцсон өмгөөлөгчийг ч хэн бэ гэдгийг би мэдэхгүй байсан тул миний хэргийг дахин хянаж үзэхийг хүсэж байна. Миний ойлгож байснаар бол миний хэргийг шүүх хурал хоёр удаа явагдсаны дараа намайг яллах ажиллагаа болно. Гэвч нэг удаагийн шүүх хурлаар намайг хорьсон. Вьетнам дахь эхнэр, гэр бүлийнхэн маань намайг шоронд байгааг одоо болтол мэдээгүй байна. Би шүүх хурлын өмнө өмгөөлөгчөөсөө асуухад миний хэрэг ноцтой бол намайг шүүхэд хүсэлт өгч, миний хэргийг дахин хянаж үзэхийг хүсэж болно гэж хэлсэн. Гэвч миний хэргийг ганцхан удаа шүүж, надад ял өгсөн. Миний нөхцөл байдлыг харгалзан үзэж миний хэргийг дахин хянан хэлэлцэж өгнө үү.” гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б*******н давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...хавсралт дээр хэрэгт авагдсан бүхий л мэдүүлэг болон зураг бичлэгүүдийг үндэслээд би энэ дүгнэлтийг гаргасан. Мөн дээрээс нь нэмээд хэлэхэд би түрүү 7 хоногт хилийг очиж үзсэн. Манай үйлчлүүлэгчийн хил нэвтэрсэн гээд байгаа хэсэг нь З**********н боомтын хэсэгт 3 тор байдаг. Энэ гэрчүүдийн мэдүүлгээр Монгол Х****** хил байгаа. Тэр Х*****н нутаг Монголын хил байлаа гэхэд энэний наана инженерийн 1 дүгээр зааг гээд 1 тор 2 дугаар зааг гээд 2 тор ингээд 3 тортой. Хэрэгт авагдсан мэдүүлгүүд дээр юу гэдэг вэ гэхээр манай үйлчлүүлэгч 3 дугаар торыг давсан даваад явж байхад цэргийн ангийн камерын бичлэг бичигдсэн 2 дугаар торыг давах гээд чиглээд хятадын тал руу чиглээд явж байхад нь 2 мотоциклтой цэрэг очсон байгаа юм. Ингээд очиход нөхөр зугтаагаад 2 дугаар торыг давж байгаа бичлэг хэрэгт авагдсан байгаа. Давсан цэргүүд ардаас нь гүйж очоод торыг дөнгөж даваад бариад авсан ийм зүйл. Энэний цаана дахиад 1 тор тэрний цаана хил байна л гэж үзээд байгаа. Юу вэ гэхээр Монгол улсын хилийн тухай хууль болон 2 улсын хилийн гэрээ гэж байгаа, хууль гэж байгаа. Тэрэн дээр юу гэж заасан бэ гэхээр аливаа 2 улсын хилийг 2 хилийн тэмдэг буюу бид нарын мэддэгээр баганаас баганын хоорондыг хил гэж үздэг. Тэр хэсэг халдашгүй байх ёстой. Тийм ч учраас наана нь 3 тор хийсэн. Ялангуяа тэр гаалийн боомтын хэсэг дээр 3 тортой. Монгол улс бол боомтын хэсгээрээ 3 тортой бусад хэсгээрээ 2 тортой, 1 тортой, бүүр торгүй хэсэг ч байна. Манай нөхцөл байдал дээр яасан бэ гэхээр үндсэн тор буюу сүүлийн торыг даваагүй 2 дахь торыг буюу туслах торыг даваад баригдсан ийм зүйл.

 

Хилийн тухай хууль болон Монгол хятадын хилийн дэглэмийн тухай Монгол улсын засгийн газар Бүгд найрамдах хятад ард улсын засгийн газар хоорондын гэрээ гэж байгаа.  Гэрээг соёрхон батлах тухай хууль яг энэ хууль дээр юу гэсэн бэ гэхээр жишээ нь *****, **** гэдэг тэмдгүүд хэрэгт авагдсан мэдэгдэж байгаа. Тэгэнгүүт л энэ тэмдгүүдийн хоорондох тэр заагийг хил гэж үзэж байгаа. Энд **** байлаа **** байлаа энэ хоёрын харалдаа хэсгийг хилийн тэмдэг. Гэхдээ яг хилийн тэр нөхцөл байдал дээр энэ хоёрын хооронд жишээ нь зураас татсан ч гэдэг юм уу шохой асгасан тийм зүйл байхгүй. Ер нь цэргүүд яадаг вэ гэхээр тийшээ огт ойртдоггүй энэ 3 торны наана л зөрчил гарвал тэрийг таслан зогсоогоод л саатуулаад л байж байх үүрэгтэй. Гэтэл манай дээр яг энэ хилийн тэмдгийг давсан үйлдэл огт байхгүй. Монгол улсын эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд нэвтрэх гэдэг үйлдлийг юу гэж ойлгодог вэ гэхээр хилийн зурвас байлаа гэхэд энэний цаашаа орсон наашаа орсон мөн гарсан дамжин өнгөрсөн үйлдлийг Монгол улсын хил нэвтрэх гэж ойлгодог. Мөн Эрүүгийн хуулийн 19.14 дээр Монгол улсын хилийг нэвтэрсэн бол гэдэг үндсэн диспозицтой. Тэгэхэд нэвтрээгүй яг энэ хэсгийг даваагүй байж байтал нэвтэрсэн гээд ялласан, гэмт хэрэг нэгэнтээ төгсөж чадаагүй байна. Субъектив санаа зорилго байгаа тэрийг бид нар зөвтгөхгүй. Хил нэвтрэх зорилготой байсан гэдгээ тогтвортой мэдүүлдэг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хялбаршуулсан журмаар шийдэж өгөөч би хил нэвтэрснээ бүүр зөвшөөрч байна гэж байгаа. Энэ хүн бол хил мэдэхгүй энийг энэ хүн битгий хэл би ч мэдэхгүй байсан саяхныг хүртэл. Прокурор ч мэдээгүй байна анхан шатны шүүгч ч хилийн талаар ойлголтыг мэдээгүй байна. Би энийг яах вэ газар дээрээс нь үзлээ хэрэгт авагдсан баримтууд холбогдох хууль тогтоомжийг судаллаа. Хил бол нэвтрээгүй юм байна. Тэгэхээр энэ үндэслэлээр нэгэнт гэмт хэрэг төгсгөж чадаагүй энэ нөхцөл байдлыг харгалзаад хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэв.

 

7.Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...хил нэвтэрсэн асуудлыг ярьж байна. Гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Энэ дотроос гэрч ********* мэдүүлэг хавтаст хэргийн 6-7 дугаар тал 36-37 дугаар тал авагдсан. Энэ дээр Монгол Хятадын хилийн хооронд хилийн зааг бүс нутаг байгаа. 3 дахь заагийг буюу 3 дахь торыг нэвтэрснээр Монгол улсын хилийг нэвтэрсэн гэж үздэг юм. Шүүгдэгчийн хувьд 3 болон 2 дугаар торыг нэвтрээд 1 дүгээр тор луу зугтааж байх явцдаа таслан зогсооход баригдсан. Тэгэхээр энэ хил нэвтэрсэн гэдэг хил хамгаалах байгууллага буюу мэргэжлийн байгууллагад хил хамгаалах хилийн албаны энэ хүмүүс нь 3 дугаар торыг нэвтэрснээр л Монгол улсын хил нэвтэрдэг гэдэг ийм мэдүүлэг өгсөн. Энэ үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа учраас Анхан шатны шүүх хэргийг бодитой хэрэгт авагдсан баримт бүрийн хүрээнд шийдвэрлэсэн байна гэдэг дүгнэлт гаргаж байна. Ийм учраас өмгөөлөгч болон шүүгдэгч нараас гаргаж байгаа гомдол үндэслэлгүй байна. Хүлээн авах боломжгүй байна анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн байна гэсэн тайлбар дүгнэлтийг оруулж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийн хангаж, хэргийн зүйчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

1.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас шүүгдэгч ******************************** нь 2024 оны 11 дүгээр сарын 09- ний орой 19 цаг 20 минутын орчим Д**************** сумын нутаг дэвсгэр Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан чиглэл, хилийн **** дүгээр тэмдгийн зүүн талаар 250 метр газраар Монгол Улсын талаас ******************* Улсын тал руу боомт бус газраар явганаар Монгол Улсаас хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. 

Анхан шатны шүүх хэргийг  хянан хэлэлцээд шүүгдэгч  ******************/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

2.Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан, хэргийн бүх ажиллагааг хянаж, үзвэл:

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт болон шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжид нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэж, гэм буруутайд тооцсон.    

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгайн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэсэнд нийцсэн байна.

3.Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, цугларсан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

Хууль бусаар хил нэвтрэх нь Улсын хилийн халдашгүй дархан байдалд халдсанд хамаарна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар хамгаална” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Иймд шүүгдэгч ******************** гэр бүл эхнэр хүүхдээ санасан, ажил олгогч, захирал паспортыг нь өгдөггүй учир ******* руу гэртээ харих зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 19 цаг 20 минутын орчим Д*********** сумын нутаг дэвсгэр Хилийн цэргийн ***** дугаар ангийн хариуцсан чиглэл, хилийн *** дүгээр тэмдгийн зүүн талаар 250 метр газраар Монгол **************** тал руу боомт бус газраар явганаар Монгол Улсаас хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ.

Түүнчлэн Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, хилийн аюулгүй байдал, Монгол Улсын хилээр орох, гарах, дамжин өнгөрөх талаар тогтоосон Хилийн тухай хууль болон холбогдох дүрэм журамд нийцүүлэн энэ гэмт хэргийн шинж тодорхойлогдоно.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 22.1.1-т “хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ.” гэж тус тус хуульчилсан ба Монгол Улсын хилээр орох, гарах журмыг зөрчих, боомтгүй газраар нууцаар гарах үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэж, хэргийг шийдвэрлэдэг учиртай.

Мөн Хилийн тухай хуульд зааснаар “хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн нэвтрэхийг завдсан, хилийн боомт бус газраар буюу хилээс тодорхой зайд байрлуулсан хаалт, шугамыг нэвтэрсэн, нэвтрэхийг завдсаныг” тус тус хилийн зөрчилд тооцохоор байна.

            Өөрөөр хэлбэл Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж паспортгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй буюу зохих визгүй эсхүл бусдын хуурамч бичиг баримт ашиглах, түүнчлэн хилийн шалган нэвтрүүлэх, байцаан өнгөрүүлэх боомтгүй газраар нууцаар Монгол Улсын хилээр орж ирсэн, гарч явсан, дамжин өнгөрсөн идэвхтэй үйлдлийг ойлгох ба хууль бусаар хил нэвтрэхдээ явганаар болон тээврийн хэрэгслээр нуугдаж гарсан орсон, дамжин өнгөрсөн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй учир шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэхгүй.

4.Давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй тул шүүгдэгч ******************/ өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа болон Монгол Улсад хууль ёсоор оршин сууж, хөдөлмөр эрхэлдэг буюу машин засварын газарт  засварчнаар ажиллаж байгаа, сар бүр тогтмол цалин орлого олдог нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн хувийн байдалд хамаарах эдгээр нөхцөл байдалд үндэслэн түүнд оногдуулсан нэг жилийн хорих ялыг, арван мянган нэгжтэй тэнцэх буюу арван сая төгрөгөөр торгох гэж өөрчлөх, түүний цагдан хоригдсон 60 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 төгрөгөөр тооцон торгох ялаас хасаж тооцох, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ял оногдуулсантай холбоотой зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н************* /**************/ нь торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж,

4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н************ /*************/-н цагдан хоригдсон 60 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 10,000,000 төгрөгийн торгох ялаас хасах буюу  900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг хасч тооцсугай.” гэж нэмж, шийтгэх тогтоолын 4,5,6,7 дугаар заалтуудыг 5,6,7,8 гэж дугаарлан, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч О.Б********-ны давж заалдсан гомдлын зарим хэсгийн хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н************* /***************-г шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       А.САЙНТӨГС

                    ШҮҮГЧ                       О.ОДНЯМАА

                                                   ШҮҮГЧ                       Н.БОЛОРМАА