Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 423

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Б-н Б-т холбогдох эрүүгийн ___________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________________

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9 дүгээр байрны 2 давхарт хохирогч Т.Быг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед нөхөр рүүгээ ярихад ажлынхаа газрын хүний гэрт байна гэж хэлсэн. Хэнтэй байгаа юм гэхэд надад хэлэхгүй байсан. Тэгэхээр нь гэрийг нь заалгасаар байгаад очсон. Очиход тэр айлын коридор гэрэлтэй том өрөөний гэрэл нь унтраастай байсан. Өмнө нь манай нөхрийн ажлын газрын Б гэх хүн манай нөхөр рүү шөнийн цагаар залгаж байсан болохоор надад хардах сэтгэл төрж байсан. Тийм учраас манай нөхөртэй хамт байсан эмэгтэйгийн царайг харах гэж гэрэлтэй газар руу авчирсан. Намайг эсэргүүцэхэд нь би чирээд коридорт гаргаж ирсэн. Гэхдээ би Бын хамрыг хугалаагүй. Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би гэм буруу дээр маргахгүй байгаа...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Т.Бын өгсөн:

            “...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Н ахын төрсөн өдөр болоод манай ажлынхан нэг газар сууна гээд түрүүлээд явсан. Би жаахан ажилтай байсан учир ажлаа дуусгаад 20 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо нэрийг нь одоо санахгүй байна нэг пабд очиход дөнгөж төрсөн өдөр нь эхлэх гэж байсан. Пабд 5-лаа 0,75 литрийн 2 шил Голд Чингис архи хүний нэг нэг шил пивотой уугаад 22 цагийн үед пабаас гарсан. Би нилээн согтсон байсан Н, Н болон одоо нэрийг нь санахгүй байна цехийн нэг ажилтантай хамт 4-лээ Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 9-р байрны 2 давхарт Н ахын гэрт очиж байснаа хальт санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна нэг мэдсэн чинь учиргүй нэг эмэгтэй миний дээрээс хөлөөрөө дэвсээд нүүр рүү өшиглөөд байсан. Би босч ирээд нөхөр рүүгээ залгаад дуудсан. Тэгтэл танихгүй эмэгтэй миний урдаас хэлэх хэлэхгүй үгээр хараагаад байсан. Би тухайн үед согтолттой байсан учир юу гэж хэлж байсныг нь санахгүй байна. Н ах уг эмэгтэйг надаас холдуулаад тэврээд цааш нь авч явж байх шиг байсан. Нөхөр 00:00 цагийн үед ирэхэд миний хамраас цус гарчихсан хацар хавдсан байсан учир цагдаа дуудаад гадаа хүлээж байх хооронд нөгөө танихгүй эмэгтэй манай нөхөртэй юм яриад байсан.

Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Сүүлд уг танихгүй эмэгтэйг Нийн эхнэр Б гэдгийг Н ахаас мэдсэн. Миний биед учирсан гэмтлийг Б гэх эмэгтэй миний нүүр. толгойруу өшиглөж учруулсан. Эмчилгээний зардалд зарцуулсан 290.000 төгрөгийг Бээс нэхэмжилж байна. Миний эмчилгээний зардлыг гаргаад өгчихвөл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Гын өгсөн:

“...2018 оны 02 сарын 10-ны өдөр хамт ажилладаг Нын төрсөн өдөр болоод 17 цаг 30 минутын үед ажлаа тараад 19 цагийн үед нэгдүгээр хороололд одоо нэрийг нь санахгүй байна нэг пабд ажлынхнаараа ороод 0,75 литрийн 2 шил архи, нэг хүний 1-2 шил пиво авч уугаад 22 цаг өнгөрч байхад пабаас гараад Н, Б бид 3 Нын гэрт хамт очсон. Гэрт нь хамт амьдардаг Э гэх залуу байсан. Бид нар замаасаа 0,75 литрийн нэг шил архи авсан байснаа гал тогооны өрөөнд орж уугаад сууж байтал Б би нилээн согтоод муудаад байна гээд том өрөө рүү орж унтсан. Н, Н, Э бид 4 архиа уугаад сууж байтал Н тамхи татна гээд гарах шиг болсон. Тэгтэл Нын хүүхэд гэртээ орж ирээд гарах үед нь Нийн эхнэр зөрж орж ирээд Н хаана байна гэхээр нь мэдэхгүй гэтэл том өрөө рүү яваад орсон. Тэгснээ өө муу пиздаа энэ тэр гэж хараагаад орилоод байхаар нь бид 3 гараад хартал Нийн эхнэр Быг газар унагачихсан өшиглөөд зодож байхаар нь би гүйж очоод барьж аваад юу болов яав гэтэл энэ 2 нэг орон дээр хэвтэж байна шүү дээ гээд Быг цохих гээд дайраад байхаар нь би дундуур нь ороод Нийн эхнэрийг түлхэж холдуулсан. Н алга болчихсон байсан. Эхнэр нь хэсэг Б руу орилж хашгирч дайрч байгаад гараад явсан. Би гал тогооны өрөө рүү орж дахиад нэг хундага архи уучихаад гэр рүүгээ явахаар гараад иртэл гадаа байрны үүдэнд Бын эгч ах нь бололтой 2 хүн ирчихсэн Нийн эхнэртэй маргалдаад чи хүүхдийн нүд хөхрүүлсэн байна чамайг цагдаа шүүхэд өгнө гэтэл тэгэж л байхгүй юу гээд цаашаа гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Нын өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр миний төрсөн өдөр болсон. ... Б, Г, Н бид нарын гэр нэг зүгт байдаг учир хамт Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 9-р байрны 5 тоотод манай гэрт очсон. Хоол арай болоогүй байсан. Б нилээн согтсон байсан учир нөхрийгөө дуудаад ирэх хүртэл нь түр унтаж байя гээд том өрөө рүү ороод газар байсан матрасан дээр хэвтсэн. Эрдэнэболд, Г, Н бид 4 гаднаас авч орж ирсэн нэг шил архи хувааж уугаад сууж байтал Н дүүгийнх нь архи толгойд гараад байна одоо эхнэр ирж байгаа иртэл нь түр унтаадхъя гээд том өрөө рүү орсон. Удалгүй хоол болчихоор нь Нийг дуудах гээд том өрөө рүү ортол газар хэвтэж байхаар нь бос хоол ид гэтэл идэхгүй гэхээр нь тэгвэл ядаж босоод матрасан дээр гарч хэвт гээд гал тогооны өрөө рүү орсон. Гэтэл гэнэт том өрөөнд нэг эмэгтэй хүний чанга дуу гараад орилоод байхаар нь юу болов гээд яваад ортол матрасны наана Нийн эхнэр Б зогсчихсон Б цаана нь суучихсан байсан.

Б шат руу буухаар нь би эргээд гэр рүүгээ ортол Б гал тогооны ширээн дээр суучихсан намайг сая өшиглөчихлөө толгой өвдөөд байна гэхээр нь нөхрийгөө дуудсан юм уу гэтэл дуудсан гэхээр нь нөхрийгөө ирэхээр харьж сайхан амраарай л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Э-н өгсөн:

“...2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгаас ирээд хамт амьдардаг Н руу залгатал Н тэд нар төрсөн өдрөө тэмдэглээд хамт явж байна гэхээр нь ирж мах ид гээд дуудсан. Н, Н, Г, Б нар гаднаас 0,5 литрийн нэг шил архи авч орж ирсэн. Б нилээн согтчихсон байсан ба унтлаа гэхээр нь том өрөө рүү ороод хэвт гэсэн. Би гал тогооны өрөөнд хоолоо хийж дуусаад бид 4 хоол идэж байтал Н 00-н өрөө орно гээд босоод явсан. Тэгтэл Нын хүү манайд орхисон байсан хувцаснуудаа аваад гарсан. Г Н бид 3 хоолоо идээд сууж байтал гэнэт Б аллаа гээд орилоод өөр нэг эмэгтэй хүн чи муу хэн бэ гээд орилоод байгаа чимээ гарсан. ...Б миний хамар руу өшиглөчихлөө гээд нөхөр рүүгээ ярьж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 26/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Т.Бын биед зүүн нүдний доод зовхинд хаван цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-н 28/,

 

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 50/

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 51/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9 дүгээр байрны 2 давхарт хохирогч Т.Быг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.Бын “...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ... нэг мэдсэн чинь учиргүй нэг эмэгтэй миний дээрээс хөлөөрөө дэвсээд нүүр рүү өшиглөөд байсан. ... Миний биед учирсан гэмтлийг Б гэх эмэгтэй миний нүүр. толгойруу өшиглөж учруулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Л.Гын “...2018 оны 02 сарын 10-ны өдөр ... Нийн эхнэр зөрж орж ирээд Н хаана байна гэхээр нь мэдэхгүй гэтэл том өрөө рүү яваад орсон. Тэгснээ өө муу пиздаа энэ тэр гэж хараагаад орилоод байхаар нь бид 3 гараад хартал Нийн эхнэр Быг газар унагачихсан өшиглөөд зодож байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч П.Нын “...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр миний төрсөн өдөр болсон. ... Б гал тогооны ширээн дээр суучихсан намайг сая өшиглөчихлөө толгой өвдөөд байна гэсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Э-н “...2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ... Г Н бид 3 хоолоо идээд сууж байтал гэнэт Б аллаа гээд орилоод өөр нэг эмэгтэй хүн чи муу хэн бэ гээд орилоод байгаа чимээ гарсан. ...Б миний хамар руу өшиглөчихлөө гээд нөхөр рүүгээ ярьж дуудсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 2502 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

хохирогч Т.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...Эмчилгээний зардалд зарцуулсан 290.000 төгрөгийг Бээс нэхэмжилж байна. Миний эмчилгээний зардлыг гаргаад өгчихвөл гомдол санал бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/ өгсөн байх ба шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас 290.000 төгрөгийг хохирогч Т.Бын дансанд хийсэн баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ____ овогт Б-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бийн торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ