| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2419000000263 |
| Дугаар | 2025/ДШМ/23 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/23
Г.Д******** холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Б.Дашням,
шүүгдэгч Г.Д*******, түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Г.Д*********** холбогдох 2419000000263 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар баг Бумбат Жингэрийн бууц гэх газар оршин суух хаягтай, Ш** овгийн Г.Д*******,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.Д******* нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймаг Д**** сумын **-р баг Ц**** гудамж **** тоотод байрлах Б*** авто сэлбэгийн дэлгүүрийн вакум цонхыг түлхэн онголгож хууль бусаар нэвтэрч тамхи, асаагуур, ундаа, мотоциклын папришка, мотоциклын суудлын бүрээс, бохь зэрэг нийт 211,600 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Д****-*г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч Ш*** овогт Г.Д*****-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д********-т 1 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д********* оногдуулсан 1 жил, 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д*******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б***** авто сэлбэгийн дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдлынхоо 8.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар гэхийг андуураад 8.5.1 гээд биччихсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ болон хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс бол маргахгүй байгаа. Харин гэмт хэрэг үйлдэхдээ болон шүүхээр шийдвэрлэгдэх үед 21 нас хүрээгүй байсан. Хамгийн гол нь түүний эрүүл мэндийн хувьд эрүүл мэндийн талаарх нотлох баримтаар хангалттай хэрэгт авагдсан байдаг. Өмгөөлөгчийнхөө зүгээс тогтоолд өөрчлөлт оруулж өгөөч гэж гаргаж байгаа үндэслэл маань Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн бүлэг байгаа. Энэ бүлэгт онцгой тохиолдолд энэ хүний хувийн байдлыг харгалзан үзээд 21 нас хүрээгүй байгаа Д*******-н энэ насны байдал болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд өсвөр наст тооцож хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгөөч гэсэн гол үндэслэл санал байна. ...Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцод байгаа өсвөр насны хүнд хүлээлгэх өсвөр насны хүнд хэрэглэх шүүн таслах ажиллагаа ажиллагаа явуулахтай холбоотой наад захын жишиг дүрэм гээд энэ дүрэм байдаг юм байна. Энэ дүрэмд зааснаар тухайн улсынхаа хуулиар насанд хүрсэн боловч залуу хүнд аль болохоор 21 нас хүрээгүй хүнд хорих ял оногдуулахгүйгээр өөр төрлийн эрүүгийн хариуцлагын шийтгэл оногдуулах гол зарчим энэ дээр явж байгаа. Тийм ч учраас Монгол улсаас 2015 онд өөрчлөлт оруулсан эрүүгийн хуульдаа энэ өсвөр насны хүнд оногдуулах эрүүгийн ярилцлагын талаар тусгай бүлэг оруулаад 8.1.5 дээр ** нас насанд хүрсэн боловч ** нас хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж болохыг тодорхойлсон. Гэхдээ гол үндэслэл нь оюун ухааны хувьд насанд хүрсэн хүнийхээс харьцуулахад бага байх. Заавал шинжээчийн дүгнэлтээр оюуны хоцрогдолтой мэдрэл муутай ч гэдэг юм уу гэж шинжээчийн дүгнэлтээр заавал тогтоосон байхыг шаардахгүй гэж миний хувьд үзэж байгаа. Энэ гэмт хэрэг бүр үйлдэж гарахаас өмнө ** настай байхад нь Гялс гээд эмнэлгийн дүгнэлт гарч байсан юм байна. Энэ дээр болохлоор түүний оюун ухаан сэтгэн бодох чадварыг нэлээн бууралттай байна, ой тогтоолт бууралттай байна гэсэн дүгнэлт өмнө нь гарч байсан юм билээ. ...өсвөр насны хүний хэмжээнд сэтгэн бодож байна гэдэг нь харагдаж байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар эцэг эхийн хяналтад хүмүүжүүлэхээр өөрчлөлт оруулж өгөөч гэж байгаа саналыг гаргаж байгаа.” гэв.
6.Шүүгдэгч Г.Д*****-г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Д***** аймгийн Д***** суманд ээж аавтайгаа хамт хөдөө мал малладаг. Манай өмгөөлөгчийн хэлсэн үгийг хүлээж аваарай. Би тархины уйланхайтай татаж унадаг. Өөр хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа.” гэв.
7.Прокурор Б.Дашням шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь шүүхээс зайлшгүй хэрэглэх үүрэг болгосон зохицуулалт биш. Сэтгэцийн дүгнэлтээр шүүгдэгч Д******-г насандаа байна гээд тогтоочихсон байгаа. Тэгэхээр зайлшгүй 8.1.5-ийг хэрэглэж түүнийг өсвөр насны хүүхэдтэй адилтгаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр гомдлыг хангаж, хэргийн зүйчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
1.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч Г.Д*********-г 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Д***** аймаг Д****** сумын **-р баг Ц***** гудамж **** тоотод байрлах Б*** авто сэлбэгийн дэлгүүрийн вакум цонхыг түлхэн онголгож хууль бусаар нэвтэрч тамхи, асаагуур, ундаа, мотоциклын папришка, мотоциклын суудлын бүрээс, бохь зэрэг нийт 211,600 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
2.Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд шүүгдэгч Шар овогт Г****-н Д******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 1 хоног хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
3.Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан, хэргийн бүх ажиллагааг хянаж, үзвэл:
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Г.Д*******-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжид нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэн гэм буруутайд тооцсон байна.
Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгайн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэсэнд нийцжээ.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, цугларсан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
4.Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” талаар хуульчилсан улмаар мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.
Дурдсан хуулийн агуулга болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Д*****-г 20** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн байх ба 20** оны ** дугаар сарын **-ны өдөр хууль бусаар бусдын орон байранд нэвтэрч, тамхи, асаагуур, ундаа, мотоциклын папришка, мотоциклын суудлын бүрээс, бохь зэрэг нийт 211,600 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан, энэ үйлдэлдээ 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр эрүүгийн хариуцлага хүлээсэн бөгөөд шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч хорин нэгэн насанд хүрээгүй байсан байна.
Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг төлсөн нөхцөл байдал, шүүгдэгч Г.Д*****-г нь тархины уйланхай мэс засал хийх боломжгүй тархины гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 70%-иар тогтоогдсон зэргийг харгалзан түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Дашдондогт хорих ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, түүний гэм бурууг ухамсарлуулах, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, харин хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Д**** аймаг дахь Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.” гэж,
3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д*****- 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй,” гэж,
4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д******т авсан 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Д**** аймаг дахь Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт даалгасугай.” гэж,
5 дугаар заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.” гэснийг хасаж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д*******-г шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлыг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Д*******-г шүүх хуралдааны танхимаас сулласугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА