Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/26

 

П.Э*********** холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Цэрэндулам/томилолтоор/,

хохирогчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Дашнямын эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч П.Э*******д холбогдох 2419003710403 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б*** овогт П*********ийн Э***********, Д******** аймгийн С****** суманд 1*** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, эрэгтэй, ** настай, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, хэрэг хариуцах чадвартай, ам бүл **, *****, х*****ийн хамт, Д**** аймгийн С***** сумын ** дугаар баг Б****-ны **** тоотод оршин суух, урьд:

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч П.Э***** 2023 оны 12 дугаар сард Д******** аймгийн С*******д сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт М.Ч******-ын алдсан 2 тооны адууг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Э**********-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…шүүгдэгч Б***** овогт П*****ийн Э*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э******ийг 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э***********д оногдуулсан 6 / зургаа / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Д********* аймгийн С********* сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж,

шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж.

шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

5.Прокурор Б.Дашням эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс, шүүгдэгч П.Э**********ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “*********” гэсэн бичиглэлтэй у**** *****г улсын орлого болгохоор шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо дурдсан боловч, шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт энэ талаар дурдалгүй орхигдуулсан.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удирдлага хэсэгт зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.  Эдгээр хэм хэмжээг хэрэглэхгүй, орхигдуулан зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэрийн бүтэц, хэлбэр, уншиж сонсгох үйл явц буюу процедурыг тогтоосон хэм хэмжээг хэрэглэснээр тухайн шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжгүй буюу эрх зүйн үр дагаврыг үүсгэж чадахгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсныг дурдах нь зүйтэй байна. Иймд шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 6 дугаар заалтад шүүгдэгч П.Э******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** бичиглэлтэй у**** *****г худалдан борлуулж, улсын орлогод оруулахаар түүнчлэн тогтоох хэсэгт удирдлага болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүд дээр нэмж, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8 дахь заалтуудыг тусгаж өгнө үү” гэжээ.

6.Прокурор Ц.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дорноговь аймаг дахь анхан шатны шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн П.Э*******н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан унадаг дугуйг худалдан борлуулж улсын орлого болгуулж гэж өөрчлөлт оруулна. Мөн тогтоох хэсгийн удирдлага болгох заалтад 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд зааснуудыг тусгуулах үндэслэлээр хяналтын прокурор Б.Дашням эсэргүүцэл бичиж оролцсоныг дэмжиж оролцож байна.” гэв.

7.Хохирогчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...П.Э***********ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан унадаг дугуйг улсын орлого болгохоор уншиж сонсгосон боловч гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар заалт болгож оруулаагүй орхисон гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй. 2 дахь үндэслэлийн хувьд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтыг үнэлэх хууль зүйн дүгнэлт хийх ял шийтгэл оногдуулахад хуулийг буруу хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдалд хамаарахаар хуульчлагдсан. Харин шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох хэсгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36, 37 дугаар зүйлүүдийг баримтлан боловсруулсан байх тул тогтоох хэсэгт давхар удирдлага болох шаардлагагүй, хууль зүйн үр дагавар ач холбогдолгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгч П.Э***********ш  2023 оны 12 дугаар сард Д***** аймгийн С*****д сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт М.Ч*****ын алдсан 2 тооны адууг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, өөрийн эзэмшлийн “******” гэсэн унадаг дугуйг ашиглан, завшиж 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Э**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6/зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэсэн.

2.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзэхэд шүүгдэгч П.Э********* нь 2 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд мэдэгдэлгүй, унадаг дугуй ашиглан өөрийн эзэмшилд авч завшсан үйлдлийн улмаас хохирогч М.Ч*********д 2,700,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь нотлогдон, тогтоогджээ.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалгаж, тогтоосон, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээр нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтойн зэрэгцээ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй байх буюу шүүгдэгчийн үйлдэл нь алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгайн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэсэнд нийцсэн.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдуул мал завших” гэдэгт алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч, өөрийн өмчийн адил эзэмшиж, захиран зарцуулахыг ойлгох бөгөөд шүүгдэгч П.Э**********ийн хууль бус үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.   

3.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжид нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирчээ. 

4.Шүүгдэгч П.Э********* нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн улмаар оногдуулсан торгуулийг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй, биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байхад прокурор торгох ялыг хорих ялаар солих тухай саналыг шүүхэд гаргаагүйг цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна.

Хэдийгээр анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шүүгчээс шүүх хуралдаанд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлаж, танилцуулсан мөн шүүх хуралдааны тэмдэглэлд уг заалтыг тусгасан нь үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдэхдээ “********” гэсэн бичиглэлтэй у**** д****** ашигласан байх тул унадаг дугуйг худалдан борлуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч П.Э***********ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “******” гэсэн бичиглэлтэй у***** д***** улсын орлого болгохоор шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон ч энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ нь хэргийн зүйчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл мөн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “*******” бичиглэлтэй у**** д****г худалдан борлуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэж нэмж, шийтгэх тогтоолын 6,7 дугаарыг 7,8 гэж дугаарлан тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.