Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02319

 

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02319

 

 

АБТС ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02836 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:АБТС ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Насан, Л.Гэрэлгуа нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: С.Наран

 

Зээлийн гэрээний үүрэгт 49 704 387 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Оргил

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Отгонбаяр

Хариуцагч: С.Насан,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Цэцэнбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, бие даасан шаардлагад гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АТБС ББСБ нь хариуцагч С.Насан, Л.Гэрэлгуа нартай 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нар үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 45 дугаар байрны 16 тоотод байрлах 72 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нар зээл авснаас хойш үндсэн зээлд 10 300 000 төгрөг, зээлийн хүүд 37 744 307 төгрөг, нийт 48 044 307 төгрөг төлсөн бөгөөд жилийн хугацаанд зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлөлт хийгдээгүй.

Зээлийн гэрээний үүргийн дагуу төлөх үндсэн зээл 39 700 000 төгрөг, зээлийн хүү 16 636 250, нэмэгдүүлсэн хүү 3 327 250, нотариатын төлбөр 22 500 төгрөг, нийт 59 686 004 төгрөгийг хариуцагч С.Насан, Л.Гэрэлгуа нараас гаргуулахаар шаардсан. Хариуцагч нарын хүсэлтийг харгалзан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус 50 хувиар багасгаж, нийт 49 704 387 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. АТБС ББСБ нь хариуцагч С.Насан, Л.Гэрэлгуа нарт зээл олгохдоо Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулж хийж болно. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасан төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасны дагуу н.Солонготой барьцааны гэрээ байгуулж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээ бусдын өмчлөлийн зүйл байж болохоор заасан. Хариуцагч талаас гэрээний хугацаанд зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт ирүүлснийг манай тал хүлээн авч, зээлийн гэрээ цуцлахгүй өнөөдрийг хүртэл явсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч С.Насан шүүхэд, бие даасан шаардлагад гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АТБС ББСБ-аас 2014 онд 50 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж байсан. Тухайн үед бид бэлэн 14 000 000 төгрөг барьж очоод үндсэн зээлээс хасуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Зээлдэгч нарын төлсөн төлбөрөөс ББСБ эхлээд үндсэн зээл, дараа нь хүү, хамгийн сүүлд нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хасдаг юм байна. Гэтэл АТБС ББСБ бидэнд тэгж хандаагүй. Бид жил гаруй хугацаанд графикийн дагуу зээлийн төлбөр төлж байсан.

Тухайн үед С.Наран Монгол Улсад байгаагүй бөгөөд орон сууцыг эх Л.Солонгод түрээслүүлэх зориулалтаар итгэмжлэх өгдөг байсан. Уг байдлыг би ашиглан төрсөн дүү С.Нарангийн орон сууцыг түүний зөвшөөрөлгүй барьцаанд тавьсан гэжээ.

 

Хариуцагч Л.Гэрэлгуа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид үндсэн зээл 39 700 000 төгрөг төлнө. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хасуулах хүсэлттэй байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Наран барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Уг барьцааны гэрээгээр С.Нарангийн үл хөдлөх хөрөнгөнд үүрэг үүсгэж болохгүй. Яагаад гэвэл С.Наран хүсэл зоригоо илэрхийлж, барьцааны гэрээ байгуулаагүй. Хэн нэгэн хүнд итгэмжлэл өгөөгүй, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр С.Нарангаас н.Солонгод итгэмжлэл олгогдсон гэх өдөр С.Наран Монгол улсад байгаагүй. Итгэмжлэл өгч байгаа хүн заавал өөрийн биеэр байх ёстой гэдэг хуулийн шаардлагыг нотариатч зөрчсөн. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С.Насан, Л.Гэрэлгуа нараас 49 704 387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АБТС ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан АБТС ББСБ ХХК, С.Насан, Л.Гэрэлгуа нарт холбогдох 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 51 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн гуравдагч этгээд С.Нарангийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С.Насан, Л.Гэрэлгуа нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.Нарангийн өмчлөлийн Ү-2205047680 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 45 дугаар байрны 16 тоотын 72 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 579 191 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Насан, Л.Гэрэлгуа нараас улсын тэмдэгтийн хураамжид 476 672 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

С.Наран нь өөрийн хөрөнгийг барьцаалан зээл авахыг хэнд ч амаар болон бичгээр зөвшөөрөөгүй. С.Наран ийнхүү зөвшөөрсөн баримт хэрэгт авагдаагүй байна.

Итгэмжлэлийг төлөөлүүлэгч нь заавал биечлэн өгдөг. Гэтэл хилийн лавлагаагаар тухайн цаг хугацаанд С.Наран Монгол Улсад байгаагүй нь нотлогддог. С.Наран нь гадаад улсад байсан нь ийнхүү эргэлзээгүй нотлогддог бөгөөд орон зай цаг хугацааны хувьд хоёр газар биечлэн байх боломжгүй юм. Нотариатын тухай хууль тогтоомжинд ч нотариатын үйлчилгээг ажлын байрандаа хийхийг шаарддаг. Ийм баримтыг үндэслэн барьцааны гэрээ зохих ёсоор хийгдсэн гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэл бүхий биш байна.

Хэрэгт хуурамч итгэмжлэлтэй холбоотой асуудлыг шалгасан тухай прокурорын тогтоол байдаг. Уг тогтоолоор нотариатч Д.Дашцэдэн, Л.Солонго нар нь хууль бусаар хуурамч бичиг баримт үйлдсэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч буй нь тогтоогддог. Үүнийг анхан шатны шүүх огт авч хэлэлцсэнгүй.

Хариуцагч С.Насан, Л.Гэрэлгуа нар хариу тайлбар, шүүхэд өгсөн мэдүүлгээрээ С.Наран нь ямарваа нэг барьцааны гэрээ байгуулах зөвшөөрөл өгөөгүй талаар тайлбар гаргадаг. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг эргэлзээгүй, бүх талаас нь авч судлахгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хангаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс С.Нарангийн өмчийг чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч АБТС ББСБ ХХК нь хариуцагч С.Насан, Л.Гэрэлгуа нарт холбогдуулж, зээлийн гэрээний үүрэг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 49 704 387 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Түүнчлэн гуравдагч этгээд С.Наран нь барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зохигчдод холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

С.Насан, Л.Гэрэлгуа, АБТС ББСБ ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч 50 000 000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэгчид олгохоор тохиролцсон, зээлдэгчид гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл төлөх үүргийг хүлээсэн, зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаанд хамаарах бөгөөд мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулах, нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссан, зээл төлөх үүргээ зээлдэгчид зохих ёсоор гүйцэтгээгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 39 700 000 төгрөг байгаа талаар талууд маргаагүй.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 39 700 000 төгрөг, зээлийн хүүд 8 318 025 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 663 625 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн зүгээс нотлох баримт цуглуулахад гаргасан 22 500 төгрөгийн зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцож анхан шатны шүүх хариуцагч нараас гаргуулсныг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч нар нь С.Нарангийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 45 дугаар байрны 16 тоотын 72 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг банкинд барьцаалж барьцааны гэрээ байгуулсан, уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Харин гуравдагч этгээд буюу өмчлөгч С.Наран нь барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар өөрийнх нь буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.

 

С.Насан, Л.Гэрэлгуа нар болон АБТС ББСБ ХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан барьцааны гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч С.Наранг төлөөлж, түүний эх Л.Солонго нь С.Нарангаас 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрт олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр гарын үсэг зурсан байна. /хх 9-10 дахь тал/

 

С.Наран нь итгэмжлэл олгох үед Монгол Улсад байгаагүй тул итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба С.Нарангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээс татгалзсныг мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/01475 дугаар захирамжаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамж хүчин төгөлдөр байна. /хх 121-122 дахь тал/

 

Иймд анхан шатны шүүх итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаарх асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн, итгэмжлэл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Давж заалдах гомдолд дурдсан Нотариатын тухай хууль зөрчсөн эсэх талаар шүүх анхаарсангүй гэх гомдлыг энэ маргаанд хамааруулан дүгнэх боломжгүй учраас уг үндэслэлээр гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 582 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА