Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/414

 

 

 

 

 

 

   2025           04           08                                           2025/ДШМ/414

  Т.Э-т холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Г.Гантуяа,          

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/342 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Э-т холбогдох эрүүгийн 23020000000401 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

......... овгийн ....-ын Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .../;

Шүүгдэгч Т.Э нь 2023 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol)-ын агууламжтай, 5557.9 грамм цэвэр жинтэй, олсны ургамлыг түүж бэлтгэсэн,

улмаар 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бусад хориглосон сэтгэцэд нөлөөт бодисууд болох Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol)-ын агууламжтай, 0.8 грамм цэвэр жинтэй бодис, Метамфетамин (Methamphetamine)-ын агууламжтай 0.2855 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй бодисуудын хамт өөрийн түр оршин суух ... дүүргийн .. дүгээр хороо, ...-ын ..-.. тоот дахь хашаа, амины орон сууцанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:  Шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 3 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган хадгалж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн таглаатай шилэн саванд ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэвэр жин нь 248,4 грамм, “Bagro” гэсэн шошиготой шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэвэр жин нь 93,1 грамм, мөнгөлөг цаас, 2 ширхэг зоос, түүн дээр наалдсан хар хүрэн өнгийн зүйлийн цэвэр жин нь 0,8 грамм, гялгар уутанд хийсэн 2 ширхэг гялгар уут, улаан өнгийн цайны шүүртэй нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэвэр жин нь 1,5 грамм, цагаан өнгийн савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэвэр жин нь 491,6 грамм, шуудайнд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэвэр жин нь 4715,6 грамм, гялгар уутанд хийсэн гялгар уут, мөнгөлөг цаас, шилэн сав, хуванцар гуурс, таглаа, шилэн гуурс, “Экос” гэсэн шошготой хуванцар сав, гялгар уутанд хийсэн улаан өнгийн зүйл, жин нь 15,5 грамм, гялгар уутанд хийсэн тугалган цаас, “Voyage” гэсэн шошготой хуванцар сав, цаас, төмөр сав, хар өнгийн зүйл, ногоон өнгийн ургамал мэтзүйл, цэвэр жин нь 7,7 грамм, хутга 1 ширхэг, гавар гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, цэвэр жин нь 2,9 грамм, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, цэвэр жин нь 1,7 грамм, 4 ширхэг зоос, гялгар уутаар ороосон зүйл, цагаан өнгийн 2 ширхэг гуурс, гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл, цэвэр жин нь 0,2855 грамм, хар өнгийн зүйлээр бохирлогдсон гуурс 1 ширхэг, цагаан өнгийн нунтаг дээж мэт зүйл, цэвэр жин нь 0,6645 грамм, “Cucumber” гэсэн бичиглэлтэй хар ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон шил 1 ширхэг, №1 гэж дугаарласан зиплок уутанд улаан өнгийн үзүүр хэсэг нь түлэгдсэн гуурс 1 ширхэг, №8 гэж дугаарласан зиплок уутанд дотроо цантсан тайрсан тарианы шил 1 ширхэг, №9 гэж дугаарласан зиплок уутанд ногоон өнгийн гуурстай хэрэглүүр 1 ширхэг, претка 1 ширхэг, зиплок ууттай цагаан өнгийн нунтаг бодис, цэвэр жин нь 5,3587 грамм зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1, 10, 100 төгрөгийн 5 ширхэг мөнгөн дэвсгэртийг Монгол Банкинд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ын цагдан хоригдсон 10 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Т.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...-ийг цээрлүүлэх, ...хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэжээ.

Би өөрийн гэм буруугийн үйлдлийг ойлгон гэмшиж байгаа, дахин ямар нэгэн зөрчил, гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Үүнээс үзэхэд хувь хүний нийгэмд биеэ хэрхэн авч явж байгаа, хэрхэн төлөвшсөн болох, тухайн хүн дахин гэмт хэрэг үйлдэх эсэх талаар хувийн байдлыг харгалзан үзэх өөрийн гэм бурууг хэрхэн ухамсарлан ойлгож байгаа, цаашид гэмт хэрэг хийхгүй байх чадвартай эсэхэд шүүх бүрэн дүүрэн үнэлэлт өгч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар ялыг сонгон хэрэглэвэл гэм буруутай этгээдийг зөв нийгэмшүүлэх, нийтийн дунд биеэ хэрхэн авч явж чадах эсэхэд дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм байна гэдгийг би ойлгож байна.

Миний хувьд би өөрийгөө байнга хөгжүүлж, сурч боловсроход анхаарал хандуулж ирсэн бөгөөд улсаас авсан гавьяа шагналтай, шинийг санаачилж хийх эрмэлзэлтэй. Шүүхээс миний хувийн байдалд дүгнэлт хийхдээ “...мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй...” гэсэн байна. Би мөрдөн шалах ажиллагаанаас эхлэн каннибас өвсийг хэрэглэснээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд надаас шалтгаалахгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа удааширсан болно.

Иймд надад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ял болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч Г.Гантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч өсвөр насны 2 охин болон 70 гарсан аав, ээжтэйгээр амьдардаг. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг хэрэглэн 2 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, эсхүл эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ариунтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 1.5 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Т.Э мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2013 оноос хойш хэрэглэж байгаагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурддаг. Гэрч Д нь өөрийн хүү Т.Э-ыг урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан талаар мэдүүлсэн. Орон байр, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийхэд тетрагидроканнабинол, метамфетамин зэрэг бодисууд, тэдгээрийн хэрэглүүр зэрэг 40 гаруй эд зүйлийг хурааж авсан. Шүүх шинжээчийн эргэлзээтэй дүгнэлтийг үндэслээгүй, бусад дүгнэлтээр тухайн бодисууд илэрсэн. Прокурорын зүгээс бодисын хэмжээг авч үзэх хэрэгтэй гэж үзэн 4 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Т.Э-ын гэрээс 5,557 грамм буюу 5 килограмм, 500 грамм орчим тетрагидроканнабинол илэрсэн. Албан бус тодорхойлолтоор олсны ургамал гэх бодисын нэг удаагийн хэрэглээ 2-3 грамм байдаг. Т.Э-ын хувьд 2000-3000 удаа хэрэглэх хэмжээний бодсыг хэрэг болох үед хадгалж байсан. Мөн метамфетамин буюу мөс илэрсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр Т.Э нь олон төрлийн сэтгэцэд идэвх эм, бодисыг хэтрүүлэн хэрэглэж, сэтгэцийн эмгэгтэй гэж дүгнэсэн. Энэ нь шүүгдэгчийн хувийн байдлыг шууд харуулж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг харгалзаж үзнэ үү” гэж байсан. Энэ гэмт хэрэг хохирол шаарддаг гэмт хэрэг биш. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдаж нөхцөлийг хангаж байж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлнэ. Гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч метамфетамин хадгалаагүй, байгаагүй гэж маргасан. Өмнө нь урьдчилсан хэлэлцүүлгээс буцааж, хэрэглэж байгаагүй гэсэн учраас нэмэлт шинжээч томилж, шүүхэд шилжүүлж, хэргийг шийдвэрлэсэн. Энэ байдлыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа үзүүлсэн гэж үзэх эсэхийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. Энэ гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг буюу нийгмийн хор аюул, хэр хэмжээний хувьд өөр болон ойр тойрны хүмүүст хор уршиг ихтэй. Т.Э эхнэрээсээ салж, эцэг, эхтэйгээ амьдарч байх хугацаандаа мансууруулах бодис хэрэглэсэн талаар эх н.Дүнжмаа мэдүүлсэн. Хоёр хүүхдийнхээ ирээдүйн төлөө сэтгэл зовниж байсан бол хамт байх хугацаандаа яагаад энэ бодсыг хэрэглэж байгаа вэ, энэ хүн хамт байснаар хүүхдүүд аюулгүй байх уу, эсхүл биет байдлаар муу зүйлийг сурталчилж байна уу гэдгийг харгалзан үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байх байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Э-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Т.Э нь 2023 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol)-ын агууламжтай, 5557.9 грамм цэвэр жинтэй, олсны ургамлыг түүж бэлтгэсэн,

улмаар 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бусад хориглосон сэтгэцэд нөлөөт бодисууд болох Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol)-ын агууламжтай 0.8 грамм цэвэр жинтэй бодис, Метамфетамин (Methamphetamine)-ын агууламжтай 0.2855 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй бодисуудын хамт өөрийн түр оршин суух ... дүүргийн .. дүгээр хороо, ...-ын ..-.. тоот дахь хашаа, амины орон сууцанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 33-38/,

Орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 12-26/,

“Мицубуши авто ландр” маркийн 89-30 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 27-32/,

Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 39-41/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2023 оны 11 дүгээр сарын 06- ны өдрийн 511 дугаартай прокурорын тогтоол /1 хх 45-47/,

Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5487 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “Т.Э (У388042617) 2023.11.04" гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol), Метамфетамин (Methamphetamine) илэрч байна. ...Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ын II жагсаалтад хамаарна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 86-88/,

Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5562 дугаар “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Цагаан өнгийн таглаатай шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Bagro” гэсэн шошготой шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tetrahydrocannabinol) илэрсэн. ...Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно... Цагаан өнгийн таглаатай шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай үеийн жин 961 гр, цэвэр жин 248,4 гр, “Bagro” гэсэн шошготой шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн савтай үеийн жин 454,4 гр, цэвэр жин 93,1 гр байна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 94-96/,

Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5521 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 117-121/,

Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5722 дугаар шинжээч дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 137-141/,

Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5723 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 157-162/,

Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5724 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 168-172/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 927 дугаар “...Т.Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Т.Э нь одоо Олон төрлийн сэтгэцэд идэвхт эм бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Т.Э-ын дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. Т.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Т.Э нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна. Т.Э нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна...” /1 хх 176-178/ гэсэн дүгнэлт,

Зэрлэг олсны ургамлын тархцын мэдээлэл /1 хх 51-63/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Э-ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Э-ыг НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol)-ын агууламжтай, 5557.9 грамм цэвэр жинтэй, олсны ургамлыг түүж бэлтгэсэн, Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol)-ын агууламжтай 0.8 грамм цэвэр жинтэй бодис, Метамфетамин (Methamphetamine)-ын агууламжтай 0.2855 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй бодисуудыг өөрийн түр оршин суух ... дүүргийн .. дүгээр хороо, ...-ын ..-.. тоот дахь хашаа, амины орон сууцанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас нийгмийн хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар шүүгдэгч Т.Э-т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

          Шүүгдэгч Т.Э-аас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ял болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог бөгөөд тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг хамааруулдаг.

          Мөн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үздэг.

          Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгоно.

          Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Т.Э нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol)-ын агууламжтай, 5557.9 грамм цэвэр жинтэй, олсны ургамлыг түүж бэлтгэсэн, Делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol)-ын агууламжтай 0.8 грамм цэвэр жинтэй бодис, Метамфетамин (Methamphetamine)-ын агууламжтай 0.2855 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй бодисуудыг өөрийн түр оршин суух ... дүүргийн .. дүгээр хороо, ...-ын ..-.. тоот дахь хашаа, амины орон сууцанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Э-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан заалтын агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсгүүдэд заасан шаардлагыг бүрэн хангасан шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрхийг шүүхэд олгосон.

Дээрх хуулийн заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй, заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм. 

Тодруулбал, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх, биечлэн эдлүүлэх дэглэм зэргийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг хорих ял эдлэж байсан нь гэмт хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг дүгнэх хүчин зүйл болж байгаагаас гадна шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Т.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Э нь шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 67 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/342 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 67 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ,

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР