Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 447

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ____ овогт Б-н Б-д холбогдох _________ дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стелла” бааран дотор Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бгийн өгсөн:

“...2018 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла бааранд” 02 цагийн орчим найз У, А, Онарын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд нэг нэг ширхэг Сэнгүр нэртэй пиво авч уусан. Бид нар бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байхад араас нэг эмэгтэй бүжиглэж байгаад хүчтэй түлхсэн би байраа эзлээд эргэж хараад зүгээр бүжиглээчээ гэж хэлсэн чинь намайг хүчтэй түлхээд цамцнаас зуураад нуруу хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд эргэж хараад мөр хэсэг рүү нь түлхсэн чинь газар унасан би буцаад бүжиглэж байсан байрандаа очоод 5-10 минут бүжиглээд ширээн дээрээ очиж суусан. Тэгээд юм яриад бид нар сууж байсан чинь 30 орчим минутын дараа бүжгийн талбай дээр муудалцдаг 2 эмэгтэй 2 хамгаалагчтай бид нар дээр ирээд хамгаалагч нь татаж босгоод энэ хүмүүстэй уулз гээд үүдний заал руу гаргасан. Бадамханд гэдэг эмэгтэйд учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ын өгсөн:

            “...Би 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр .... Х .... найзтайгаа ярьж тохироод 10 дугаар хороололын Стелла баар орохоор болсон. Ингээд бид хоёр бааранд 23 цаг өнгөрч байхад ороод өөр хүмүүстэй ширээнд шахаж суугаад найз Х машинтай явж байсан тул цэвэр ус аваад, би 1 шил пиво авч суусан. Тэгээд хоорондоо юм ярьж сууж байгаад бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байтал найз Хын найз Галаатай таараад тойрог үүсгээд бүжиглэж байтал үл таних 30 орчим насны эмэгтэй араас нуруу руу түлхээд шахаад байхаар нь эргэж хараад үл таних эмэгтэйгийн араас найзаа баярын мэнд, яагаад түлхээд байгаа юм бэ, жаахан цаашлаад бүжиглэчих гэтэл шууд эргэж хараад учир зүггүй гараа атгаж байгаад хамар руу нэг удаа цохиод, дахин толгойны орой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд бас хөлөөрөө хэвлий хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгтэл миний хамарнаас маш их хэмжээний цус гараад тогтохгүй шууд доошоо хамраа дараад суутал найз Х хажуу талаар орж ирээд бид хоёр хамт нойлын өрөө рүү орж цусаа угаасан. Тэгтэл цус тогтохгүй байсан ба би тэрхэн хугацаанд юу болсныг мэдэхгүй, найзаасаа асуухад ухаан алдаж унасан гэж хэлсэн. Үл таних охин 4-лээ явж байсан бөгөөд найз бид хоёр цагдаад дуудлага өгөөд гадагшаа гарах гээд үүдэнд гадуур хувцсаа өлгүүрээс авах гээд зогсож байтал араас үл таних охины найз нь болох хар цагаан өнгийн судалтай цамцтай, дунд зэргийн биетэй, үсээ ардаа боосон, шар царайтай эмэгтэй гэнэт үсдэж аваад, чи яахаараа манай найзыг цагдаа дуудаж өгдөг юм, пизда гичий гэх зэргээр маш ихээр хэл амаар доромжилсон. Тэгээд дундуур ойр хавьд явж байсан хүмүүс салгаад би шууд гадагшаа гарсан. Тэгээд гадагшаа гартал цагдаа таарсан тул болсон асуудлыг хэлж, уг хүмүүсийг зааж өгсөн бөгөөд би бие өвдөөд байсан тул шууд гэмтлийн эмнэлэг явж биеэ үзүүлж, рентгэн зураг авахуулахад хамар хугарсан, тархи доргисон байна, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээрэй гэж хэлсэн. Тэгээд би шууд цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм. Б бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн хохирлын хувьд маргаангүй болсон тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-н 7-9, 12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.А-ын өгсөн:

  “...2018 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд 02 цагийн орчимд найз нарын хамт орж үйлчлүүлсэн. Б, У, бид 3 бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Тэгсэн Бг нэг эмэгтэй араас нь хоёр гараараа түлхсэн. Тэгсэн Б эргэж хараад цээж хэсэг рүү нь түлхсэн. Тэгээд хүмүүс бужигналдаад юу болсон талаар мэдэхгүй байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө эмэгтэй хамгаалагч нарыг дагуулаад манай ширээн дээр ирж үүд хэсэг рүү гарсан. Тэгсэн цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн _____ тоот: 

1. Бадамхандын биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 21/,

 

Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 31/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 32/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Бнь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бнь Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Бын “...Би 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ... үл таних 30 орчим насны эмэгтэй ... эргэж хараад учир зүггүй шууд гараа атгаж байгаад хамар руу нэг удаа цохиод, дахин толгойны орой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд бас хөлөөрөө хэвлий хэсэг рүү 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Аын “...2018 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө ... Бг нэг эмэгтэй араас нь хоёр гараараа түлхсэн. Тэгсэн Б эргэж хараад цээж хэсэг рүү нь түлхсэн. Тэгээд хүмүүс бужигналдаад юу болсон талаар мэдэхгүй байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө эмэгтэй хамгаалагч нарыг дагуулаад манай ширээн дээр ирж үүд хэсэг рүү гарсан. Тэгсэн цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ___ тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Бгийн “...Бадамханд гэдэг эмэгтэйд учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Баас “...Бтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн хохирлын хувьд маргаангүй болсон, гомдол саналгүй...” гэх хүсэлтийг /хх-н 44/ гаргасан байх тул шүүгдэгч Б.Бнь бусдад төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Б.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлдэг тул торгуулийн ялыг 2 сарын дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт Б-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-гийн торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ