Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 455

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас _______ овогт Б-н А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________

 

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Ланд” зочид буудлын 319 тоотод хохирогч А.Атай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ:

“...Би Аг 2 удаа цохисондоо гэмшиж байгаа...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Агийн өгсөн:

            “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ байхад манай ангийн 3 банди залгаад манай ажил дээр ирж надтай уулзсан. Бид нар ажлаас гарах гээд  байж байхад А манай ажил дээр орж ирсэн. Ингээд бид нар гадуур алхаад явж байхад А буудал оръё гэж хэлээд бид нар Модны 2-н буудал орж манай ангийн Б гэх залуу ажлаасаа авч ирсэн гээд Евок архи гаргаж ирсэн. Ингээд бид нар тэндээ архи ууж дуусгаад А баар оръё гээд тэр хавьд байх +25 гэх бааранд ороод тэндээ 2 залуутай маргасан. Нэг их асуудал болоогүй гараад буцаад буудалдаа орсон. Тэр буудлын нэрийг Ланд hotel гэсэн нэртэй буудал байсан, бид нар эргэж буудалдаа орж байж байгаад гадаа манай найзууд ирж байсан болохоор би гарсан чинь манай ангийн Тамираа гэх залуу араас дагаад гараад ирсэн. Би Тамираад А хааччихсан юм бэ гэхэд дотор үлдсэн гэж хэлсэн. Ингээд би буцаад Аг авч гарах гээд буудалруугаа ороход хаалга нь түгжээтэй байсан. Би хаалгыг тогшоод ороход Б хаалга нээгээд А Г гээд манай ангийн залуугийн өвөрт нь хэвтэж байсан. Намайг хараад сандраад босч ирсэн. Тэгэхээр нь би Ад чи яагаад миний ардаас гарч ирэхгүй байгаа юм бэ би чамайг гэртээ харилгүй 2, 3 хоног гэртээ байлгаад хооллож ундлаад байхад чи яагаад миний ардаас санаа зовоод гарч ирдэггүй юм бэ миний ардаас гараад ирэх юм болов уу гэж бодоход эрэгтэй хүний өвөрт хэвтэж байх гэж гээд би уурандаа хавирч унагаагаад газар унахаар нь толгой хэсэг рүү нь гараараа дагз руу нь 2-3 цохиж хацар руу нь бас 2-3 цохисон. Тэгээд би гараад явсан. Би гадаа байж байгаад эргээд орж ирээд гэр рүүгээ авч явах гэсэн чинь А надад хэлэхдээ ээж, ах 2-ыгоо дуудчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 61-62, 68-69/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч А.А-гийн өгсөн:

            “...Би 2017 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд өөрийн найз Б.Агийн хамтаар Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Ланд нэртэй зочид буудлын 3 давхрын 319 тоот өрөөнд орсон. Бид хоёртой хамт Хүмүүнлэгийн их сургуулийн 3 эрэгтэй оюутан найз нар нь хамт байсан. Бид нар тухайн зочиж буудалд хөзөр тоглосон мөн надаас бусад 4 хүн архи уусан. 04:00 цагаас 06:00 цагийн орчимд манай найз Б.А намайг дагаж гарсангүй бааранд орсонгүй гэж уурлаж миний хамар руу, зүүн нүд рүү цохисон...” гэх мэдүүлэг  /хх-н 4-6, 27-29/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Гийн өгсөн:

            “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр найз М, Б бид гурав А гэдэг эмэгтэй найз дээрээ очиж ажлын цагийг нь тарахыг хүлээж сууж байгаад 21 цагийн үед тараад А, А, М, Б бид 5 уулзаад модны 2 явъя гэж ярилцаад модны 2 автобусны буудал дээр ирээд бид хэд ярилцаж зогсож байгаад буудал орж архи уухаар болсон. Ланд зочид буудлын 309 тоот өрөөнд ороод зурагтаар нь дуу чангалж сонсоод ЭВОК 0,75 литр архи хувааж ууж дуусаад Бээс бусад нь +25 баар руу орсон. ...буцаад буудал руугаа орсон. Тэнд байж байгаад А гарч бүжиглье гээд буцаад гарч явсан. Араас нь М гарч явсан удалгүй А орж ирээд А руу дайраад эд зүйлийг нь авч шидээд, Аг 2-3 удаа нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 11-13/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Мын өгсөн:

            “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр найз Г, Б, А, А, бид 3 уулзаад Модны 2 оръё гэж ярилцаад Модны 2-н автобусны буудал дээр ирээд бид хэд ярилцаж зогсож байгаад буудал орж архи уухаар болсон. Тэгээд Ланд зочид буудлын 309 тоот өрөөнд ороод зурагтаар нь дуу чангалж сонсож байгаад Эвок 0,75 литр архи хувааж ууж дуусаад Бээс бусад нь +25 баар руу орсон. Бааранд ороод хүний 1 шил пиво уусан. Бид хэд буцаад буудал руугаа орсон. Удалгүй А орж ирээд А хүнтэй муудалцаж байхад намайг хаяад явсан гэж уурлаад маргалдаж байгаад А Аг хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 16-18/,   

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Гийн өгсөн:

            “...Би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн найз М, Б, Агийн найз, А, бид хэд Модны 2-н Ланд зочид буудалд өрөө авсан. Тэгээд тэнд гаднаас 0,75 литрийн Евок архи авч хувааж уусан. Тэгээд архиа дуусгаад Б буудалдаа үлдээд М, А, А бид 4 уг буудлын доод талд байрлах +25 нэртэй бааранд орж бүжиглэж байгаад буцаад буудал руугаа орсон. Тэгээд ороод сууж байхад А, М 2 буцаж гараад баар руу орсон. Би тэр хооронд нойр хүрээд орон дээр хэсэг унтаж байхад юм шидэх чимээ гарахаар нь эргээд хартал А найз Агаа мөр, толгой, гар руу нь алгдаж харагдсан. Тэгэхэд бид нар очоод салгахад А би найзтайгаа юм ярьмаар байна гэхээр нь гарыг нь тавьсан чинь очоод Аг дахиад 1, 2 удаа нүүр рүү нь алгадаж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-н 33-36/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Мын өгсөн:

            “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ... 22 цаг өнгөрөөд Модны 2-н автобусны буудлын хажуу талын “Ланд” зочид буудалд орсон. Г, А, А бид 4 буудлын доод талын бааранд орж бүжиглэж байгаад буцаад буудал руугаа орсон. Тэгээд А хамт баар руу орж бүжиглье гээд бид хоёр хамт орсон. Тэнд жаахан бүжиглэж байгаад би түрүүлээд буудал руугаа орсон. Тэгээд А араас орж ирээд А руу уурлаад би гадаа хүнтэй муудалцаж байхад чи гарч ирсэнгүй гээд загнаж байснаа Агийн нүүр, толгой, хөл, гар руу цохиж өшиглөөд байсан. Г бид хоёр очиж салгасан. Тэгэхэд А найзтайгаа юм ярьмаар байна гэснээ очоод Аг дахиад цохиод байсан. Эхэндээ алгадаж байгаад сүүл рүүгээ Агийн толгой руу гараа зангидаж байгаад цохиод байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-н 37-40/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч эмч Т.Ч-н өгсөн:

            “...Агийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн хүчин зүйлээр үүсэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт гар, хөл, мод, төмөр, зориудаар ирлэж үзүүрлээгүй бүх зүйлс орно. Дагзны хуйханд учирсан зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархины доргилт нь санаатай болон санамсаргүй байдлаар үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 59-60/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ____ тоот: 

1. А.Агийн биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 44/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. 2017.12.11-ний өдрийн №15113 дугаартай дүгнэлтэнд 2017.12.05-ны өдрийн ГССҮТ-н үзлэгт онош: Тархины доргилт, хамар ясны далд хугарал, тархины хаван гэсэн байх боловч 2017.12.06-ны өдрийн толгойн КТГ-н шинжилгээгээр хамар ясны хугарал гэмтэл оношлогдохгүй байгаа тул дүгнэлт хэсэгт тусгаагүй.

2. Үзүүлэгч А.Агийн биед үзлэг хийж, дүгнэлт гаргахдаа хамрын рентген зургаас илүү нарийвчлалтай шинжилгээ болох толгойн КТГ-н шинжилгээний хариу ирсэн тул ГССҮТ-д хийгдсэн хамрын рентген зургийг дүгнэлтэнд тусгах шаардлагагүй болсон.

3.4.5. А.Агийн 2017.12.06-ны өдөр хийлгэсэн толгойн КТГ-н шинжилгээгээр хамар ясны хугарал гэмтэл тогтоогдохгүй байна.

6. Хэрэв А.Агийн биед хамар ясны хугарал гэмтэл учирсан бол өмнө тогтоосон гэмтлийн зэрэг өөрчлөлт орохгүй бөгөөд хамар ясны хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагддаг гэх дүгнэлт /хх-н 56-57/,  

 

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди,

 

Шүүгдэгч Б.Агийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 72/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 73/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 74/,

- Хүмүүнлэгийн ухаан их сургуулийн тодорхойлолт /хх-н 75/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө хохирогч А.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч А.Агийн “...2017 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө ... 04:00 цагаас 06:00 цагийн орчимд манай найз Б.А намайг дагаж гарсангүй бааранд орсонгүй гэж уурлаж миний хамар руу, зүүн нүд рүү цохисон...” гэх мэдүүлэг,  

 

            гэрч Б.Гийн “...А орж ирээд А руу дайраад эд зүйлийг нь авч шидээд, Аг 2-3 удаа нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.Мын “...А орж ирээд хүнтэй муудалцаж байхад намайг хаяад явсан гэж уурлаад маргалдаж байгаад Аг хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг,  

 

            гэрч Б.Гийн “...А найз Агаа мөр, толгой, гар руу нь алгадаж харагдсан. Тэгэхэд нь бид нар очоод салгахад А би найзтайгаа юм ярьмаар байна гэхээр нь гарыг нь тавьсан чинь очоод Аг дахиад 1, 2 удаа нүүр рүү нь алгадаж харагдсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.Мын “...А араас орж ирээд А руу уурлаад би гадаа хүнтэй муудалцаж байхад чи гарч ирсэнгүй гээд загнаж байснаа Агийн нүүр рүү, толгой, хөл, гар руу цохиж өшиглөөд байсан. Г бид хоёр очиж салгасан. Тэгэхэд А найзтайгаа юм ярьмаар байна гэснээ очоод Аг дахиад цохиод байсан. Эхэндээ алгадаж байгаад сүүл рүүгээ Агийн толгой руу гараа зангидаж байгаад цохиод байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 15113 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Агийн “...би уурандаа хавирч унагаагаад газар унахаар нь толгой хэсэг рүү нь гараараа дагз руу нь 2-3 цохиж хацар руу нь бас 2-3 цохисон...” гэх үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н-с “...хохирогчид учирсан тархи доргилтыг хэн үүсгэсэн нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдэж цагаатгаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан боловч хохирогчид учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн тогтвортой мэдүүлгүүдээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй хэрэг хянан шийдвэрлэхэд эргэлзээ бүхий байдал үүсээгүй гэж шүүх үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч А.А нь хавтаст хэрэгт толгой КТГ авхуулсан гэх 120.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул дээрх хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Аг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Б.Агийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч __________ овогт Б-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Агийн торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Агаас 120.000 төгрөг гаргуулж хохирогч А.Ад олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ