Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/413

 

 

 

 

   2025         04             08                                         2025/ДШМ/413

            

    Б.Х-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

хохирогч Н.Ч-ы өмгөөлөгч Б.Жигмиддорж,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/428 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Ч-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2403005910798 дугаар хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............... овгийн ...-ын Х, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. төрсөн, 22 настай, э..эгтэй, .... боловсролтой, мэргэжил.., ..., ам бүл .., ...-ийн хамт .... оршин суух, /РД:  .........../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдсэн;

Шүүгдэгч Б.Х нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн эцсийн Янгир худалдааны төвийн баруун талын замд 2024 оны 08 дугаар сарын 02-ны оройны 22 цаг 00 минутын орчимд “Тоёота Приус” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “... замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 13.4-т “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/уулзвар болон гарц дээр, ж/замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэтгэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно гэсэн...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ч-ыг мөргөж түүний эрүүл мэндэд духны хөндийн зүүн талд дотор ялтас цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, доод хана баруун гайморын хөндий доод хана суурийн хөндий рүү үргэлжилсэн олон нийлмэл хугарал, баруун шаант яснь хугарал, дух зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зулгарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн дүүргийн прокурорын газраас: Б.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б.Х-ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд оршин суугаа дүүргийнхээ нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 1.985.696 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж, хохирогч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар дүгээр зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээ үйлчилгээ авсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 1.985.696 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж, шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Ч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие дөнгөж 18 нас хүрч ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ээж, 2 дүүдээ тус дэм болох, сурч боловсрох их хүсэлд автан мөрөөдлөөр жигүүрлэж яваад тус ослын улмаас хүнд гэмтэл авч маш их цаг хугацааг алдаж, шаналал зовиур дүүрэн өдрүүдийг өнгөрүүллээ. Гэхдээ энэ бүх муу муухайг мартахыг хичээж жолооч Х-ийг олон бага насны хүүхэдтэй тул уучилж өршөөнгүй хандаж иртэл өнөөдрийг хүртэл эм тарианы хэдэн төгрөг өгсөнөөс цаашгүй, уучлалт ч гуйгаагүйгээр барам аав нь цагдаа гэдгээрээ айлгаж, энэ их өвдөлд, алдсан цаг хугацаа, алдсан боломжуудыг маань үл тоон сэтгэл санаанд учирсан хохиролд огт төлбөр төлсөнгүй.

 Анхан шатны шүүх дээр хурал болохоор хүлээж байхад аав нь тэнд байсан бөгөөд тухайн дүүрэгт цагдаагаар ажилладаг гэж ойлгосон. Мөн өмгөөлөгч авч хэргийг сунжруулж байна. Бүр прокурор нь хүртэл түүний талд шийдвэр гаргаж миний энэ бүх байдлыг үл тоож байгаа мэт үг хэлж, шүүгдэгчид ашигтай бүхнийг тайлбарлаад байгаад үнэхээр гомдолтой байна.

Шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргээр түүний гэм бурууг хөнгөрүүлж болох тухай дурьдаад, харин намайг замын нөхцөл байдлыг ажиглаагүй, утсаар ярьж байсан зэргээр хэн хэнийг нь буруу ташаа дүгнэсэн. Гэвч миний бие зөвхөн сэтгэл санаанд учирсан хохирлоо шуурхай гаргуулж авах хүсэлтэй байна. Бусад хохирлыг иргэний журмаар нэхэмжлэхийг нээлттэй үлдээснийг хүлээн зөвшөөрч байна.

Өнгөрсөн хугацаанд энэ бүхэнд анхаарлаа хандуулаад баримт цуглуулаад явах боломж байгаагүй. Мөн сэтгэл санааны хохиролыг шуурай төлчихвөл бусдыг нь нээх нэхээд байхыг урьтал болгоогүй юм. Гэвч энэ их зовлонгийн араас ийм муухай хандаж байгаад маш их гомдолтой байгаа тул өөрт учирсан бүхийл хохирлоо нэхэмжлэх болно. Анхан шатны тойргийн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ баримтууд гаргаж өгөөгүй гэж дүгнээд сэтгэцэд учирсан хохирлыг мөн иргэний журмаар нэхэмжлэхээр тогтоосонд гомдолтой байна.

Хавтаст хэргээс харвал сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон миний бие хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт байна. Шүүгдэгч ч хүртэл хүлээн зөвшөөрсөн, уг хохирлыг төлөхөө илэрхийлээд байхад прокорор, шүүгч 2 шүүгдэгчийн өмнөөс зовлон ярьж миний өвчин шанлалыг үл тоож байгаад үнэхээр гомдолтой байна. Харин ч миний бие мөрдөн байцаалтын шатанд зэрэглэл бага байна журамд зааснаар 5-р зэрэглэлд хамаарч байна, зэрэглэлээ нэмүүлмээр байна гээд маргаж болох байсан. Гэхдээ шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзээд 4-р зэрэглэл гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Одоо ч 4-р зэрэглэлээр тооцуулан авахыг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүгч хуралдаан дээр зэрэглэл эргэлзээтэй байна. Тиймээс 4 юм уу 5-р зэрэглэл юм уу тогтоох шаардлагатай тиймээс нээлттэй үлдээлээ гэж хэлсэн. Бид өөрсдөө 4-р зэрэглэл болно гэж үзэж байхад бидний өмнөөс нэмүүлэх гээд байгаа мэт дүгнэх нь өрөөсгөл юм. Бид 4-р зэрэглэлд гомдолгүй, шүүгдэгчид ашигтай байхад яагаад бидэнд ингэж чирэгдэл учруулаад байгааг ойлгохгүй байна. Иймд хэргийг дахин хянан үзэж сэтгэл санааны хохирлыг маань шуурхай гаргуулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Н.Ч-ы өмгөөлөгч Б.Жигмиддорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Н.Ч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас өнөөдрийн шүүх хуралдаанд ирж чадаагүй. Өмгөөлөгч миний бие шүүх хуралдааныг дангаараа үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүний эрхийг хамгаалах, хохирогчид аль болох чирэгдэлгүй, хурдан, шуурхай явуулах зорилготой. Хуульд түүнд нийцүүлэн гаргасан журмуудыг өмгөөлөгч, прокурор, шүүх нэг стандартаар ойлгож хэрэглэх ёстой. Гэвч хэрэглэж байгаа журмуудыг мөрдөгч, прокурор, шүүгч өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байгаа. Анхан шатны шүүх зайлшгүй Шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж тайлбарласан. Үүнээс болж хохирогч цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирч байна. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал байдаг. Журамд дурдсан зүйл, ангиудыг дурдаж, хүснэгтээр гаргаж, шинжээчийн дүгнэлттэй адилтган, зэрэглэл харгалзан холбогдох нөхөн төлбөрийг шийдвэрлэхээр заасан. Хүснэгтийн аргачлалаар авч үзэх юм бол тухайн гэмт хэрэг нь 5 дугаар зэрэглэлд багтахаар байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч 4 дүгээр зэрэглэл гэж тогтоосныг хохирогч, өмгөөлөгч миний бие ярилцан хүлээн зөвшөөрч, тухайн журамд заасан хүснэгт, маягтыг бөглөсөн. Мөрдөгч зайлшгүй шинжээч томилох шаардлагатай гэж үзсэн бол хохирогч шинжилгээ хийлгэх бүрэн боломжтой байсан. Гэвч мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч жишиг аргачлалын дагуу явах боломжтой гэж тайлбарласан. Практикт энэ аргачлалын дагуу явж байгаа. Анхан шатны шүүхээс Шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулна гэж байгаа нь цаг хугацаа, санхүүгийн хувьд хохирол учруулна. Иргэний журмаар нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлж, хугацаа зарцуулах, өмгөөлөгч авах шаардлага үүснэ. Ингэснээр шүүгдэгчийн хувьд ч санхүүгийн дарамт учирна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, сэтгэл санаанд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын талаарх 25 дугаар тогтоол гарсан. Дээрх тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2 дугаар зүйлд “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно”, мөн тус тогтоолын 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтэд үндэслэж, сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, зэрэглэлийн дагуу хувь хэмжээг шүүхээс тогтооно.” гэж заасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй, жишиг аргачлалыг танилцуулсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчид учирсан сэтгэл санааны хор уршгийн зэрэглэл дээр эргэлзээ гарсан учраас шинжээчийн дүгнэлтээр зэрэглэлийг тогтоож, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Х нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн эцсийн Янгир худалдааны төвийн баруун талын замд 2024 оны 08 дугаар сарын 02-ны оройны 22 цаг 00 минутын үед “Тоёота приус” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “...замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 13.4-т “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/уулзвар болон гарц дээр, ж/замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэтгэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно гэсэн...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ч-ыг мөргөж түүний эрүүл мэндэд духны хөндийн зүүн талд дотор ялтас цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, доод хана баруун гайморын хөндий доод хана суурийн хөндий рүү үргэлжилсэн олон нийлмэл хугарал, баруун шаант яснь хугарал, дух зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зулгарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх лавлагааны хуудас /хх 4/,

Зам тээврийн осол гарсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-11/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл баримт /хх 11/,

хохирогч Н.Ч-ы “...2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орой 21 цаг 30 минутын орчимд найзынхаа хамт “Янгир” баруун талд байдаг биллардны газарт тоглож байгаад дэлгүүрээс ундаа авахаар гарсан. Тэгээд “Янгир” хүнсний дэлгүүрээс бид Кола ундаа аваад буцаад биллардны газар руу явсан. Тэгээд би зам хөндлөн гарахаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчих хэсэг рүү явсан. Тэгэхэд миний зүүн гар талаас буюу урдаасаа хойшоо чиглэлтэй саарал өнгийн “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан. Тэр машин надад зам тавьж өгөөд хурдаа сааруулахаар би зам хөндлөн гарч байтал надаа зам тавьж өгсөн. “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийн хойд талд явж байсан тээврийн хэрэгсэл “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд миний зүүн гар талаас намайг мөргөсөн. Би зорчих хэсгийн хойноосоо урагшаа явах чиглэлд тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Тухайн осол болсон газраас хойшоо ойролцоогоор 50 орчим метрийн зайд явган хүний гарц байдаг. Би тухайн үед явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан. ...” /хх 15/,

иргэний нэхэмжлэгч С.С-ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ч нь нийт 1.985.696 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.985.696 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 104/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 10282 дугаар: “...Н.Ч-ы биед духны хөндийн зүүн талд дотор ялтас цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, доод хана баруун гайморын хөндийн доод хана суурийн хөндий рүү үргэлжилсэн олон нийлмэл хугарал, баруун шаант ясны далд хугарал, дух, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамар, зүүн шохой, шилбэ баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1,2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” /хх 20-21/ гэсэн дүгнэлт,

“Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1000297 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт /хх 27-33/,

2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /хх 47-48/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 95-97/,

сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх 98/,

Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн талаарх мэдээллийг хүргүүлсэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт /хх 100/,

хохирогчийн эмчилгээ үйлчилгээний төлбөрт төлбөр төлж байсан гэх баримтууд /хх 151-156/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Х-ийг “тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “...замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 13.4-т “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/уулзвар болон гарц дээр, ж/замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэтгэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно гэсэн...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ч-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд оршин суугаа дүүргийнхээ нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хохирогч Н.Ч-аас “...хэргийг дахин хянан хэлэлцэж сэтгэл санааны хохирлыг маань шуурхай гаргуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага тогтоохоор заасан байна.

Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.5-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.

Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогч Н.Ч-ы сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг нарийн мэргэжлийн шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал, сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуулийн шаардлага хангасан, хохирогчийн эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа зорчих эрхийн хязгаарлах ялын хүрээ хязгаарыг ойлгомжгүй байдлаар тогтоосон байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Иймд шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Н.Ч-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/428 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд оршин суугаа дүүргийнхээ нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Н.Ч-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 


           ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

         ШҮҮГЧ                                             Д.МӨНХӨӨ

                                ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР