Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/427

 

 

 

 

 

 

 2025           04           09                                             2025/ДШМ/427

 

 

                                          Ө.Э-д холбогдох эрүүгийн

                                                           хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Дэлгэрмаа,

шүүгдэгч Ө.Э-ы өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

хохирогч П.Г, түүний өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ө.Э-д холбогдох 2407 001130 099 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн ......-ы Э, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, 28 настай, э.эгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, “...” ХХК-д .. ажилтай, ам бүл .., ..-ийн хамт .... тоотод оршин суух, /РД: ............../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Ө.Э нь 2024 оны 02 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө “Тоёота Приус 20” загварын ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүнсний дэлгүүр орохоор явж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай гараа өргөөд зогсож байсан иргэн П.Г-ыг хүргэж өгөхөөр үйлчилгээний хөлсийг тохиролцон тээврийн хэрэгсэлдээ суулгаж явж улмаар П.Г нь очихоор тохирсон газраас өөр зүгт явж байсныг мэдэж “манай гэр биш байна” гэж хэлэхэд нь түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн П.Г-ыг Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын задгайд тээврийн хэрэгслээсээ хүчээр буулган орхиж явсан болгоомжгүй үйлдлээр түүний эрүүл мэндэд 2, 3 дугаар зэргийн хөлдөлт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн прокурорын газар: Ө.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ө.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ө.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Э-аас 16.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Г-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 24.136.631 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ө.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч П.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ө.Э-д оногдуулсан ялын хэмжээ маш бага байх тул миний бие гомдолтой байна.

Энэ хэргийн улмаас хөлийн 10 хуруу, өсгий, нүд, хамар зэрэгт маш их хохирол учируулсан. Цаашдаа миний бие хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж байнгын тэргэнцэр дээр сууж, асаргаа шаардлагатай болсон. Яаралтай хөлний хагалгаанд орж, дараагаар нь нүд, хамарны хагалгаанд орно. Цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулж авах шаардлагатай байна. Ө.Э нь хохирлыг өгөх ямар ч санаа сэдэлгүй байгаа бөгөөд гэрчийн мэдүүлэг өгсөн ээжийг минь дурдалгүй, том охин болох Н.Бямбацэцэгийн гэрчээр оролцуулан мэдүүлэг авсан. Мөн миний өмсөж явсан хувцсыг хэрэгт хавсаргаагүй, Ө.Э хэргээ хүлээсэн, баримт нотолгоо байхад хөнгөн ял шийтгэл оногдуулсан. Иймд миний хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч П.Г-ын өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Э-ыг 2024 оны 02 дугаар сарын 26-ны шөнийн 02 цаг 17 минутад цельсийн -27 градусын хүйтэнд хохирогчийг хүрэх ёстой газарт нь хүргэж өгөөгүй улмаар хаяг тодорхойгүй, хүнгүй, тусламж үзүүлэх боломжгүй, хязгаарлагдмал газар хүчээр буулгасан гэж дүгнэсэн. Гэтэл дүгнэлт хэсэгт үүргээ биелүүлээгүйн улмаас хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан камерын бичлэг болон бусад баримтуудаар хээр буюу хүнгүй газар орхиод явж байгаа нь харагддаг, энэ нь санаатай үйлдэл юм. Гэрт нь хүргэж өгөх санаатай байсан бол “...та явган явж чадах уу..” гэж асуух байсан. Шууд буулгаад орхиод явсан. Хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр дөрөвдүгээр зэрэглэл гэж тогтоогдсон. Дөрөвдүгээр зэрэглэл нь “хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэнэтийн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн эмгэг зэргийг ойлгоно” гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн гэмтэл 5 дугаар зэрэглэлд хамаарна гэж үзэж байна. Үүнд хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу үлдэц хор уршиг үүснэ гэж заасан. Хохирогч тухайн гэмтлийн улмаас сэтгэл санааны маш их дарамттай, сэтгэцийн хор уршгийн үлдэцтэй болсон. Хөдөлмөрийн чадварын алдалтын 33-100 хувь алдагдсанаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг гэж үзнэ. Шүүх эмнэлгийн дүгнэлт буруу гарсан. 5 дугаар зэрэглэлд хамаарах ёстой байсныг 4 дүгээр зэрэглэл гэж буруу дүгнэлт гарсны улмаас хохирогчийн авах ёстой нөхөн төлбөрийг 50 хувиар бодсон. Үүнээс болж хохирогчийн эрх ашиг ихээр хөндөөд байна. Хохирогчийн хувьд амьдралын бололцоо тааруу, бага насны хүүхдүүдтэйгээ амьдардаг. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Э-ы өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд бага хүүхэд нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нас барсан тул өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. 2024 оны 12 дугаар сард төрсөн хамгийн бага хүүхэд нь байсан. Анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохиролд 16.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг төлөхөө илэрхийлдэг. Гэм буруу дээр маргаагүй. Шүүгдэгч Ө.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Энэ нь үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Учир нь, тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, гэмт хэрэг бүр өөр, өөр үйлдлүүд тул зүйлчлэлийн хувьд тухайн хэрэгт тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс 5 дугаар зэрэглэлд хамаарах ёстой гэх тайлбарыг гаргаж байна. Магадгүй тухайн үед анхан шатны шүүх дээр хугацаагүй гэх баримт яригдсан бол 60 хоногийн хугацаа яригдах байсан. Өмнө нь тухайн хэрэг 60 хоногийн хугацаа авч, ажиллагаа хийхээр буюу сэтгэл санааны хохирлыг дахин тооцуулахаар буцсан байдаг. Шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шийдвэр гаргалтын хувьд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.Э-д холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ оролцогчийн эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан, зөрчсөн зүйл байхгүй. Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хууль, журамд заасны дагуу тогтоож, хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогчийн зүгээс дахин 2-3 хагалгаанд орох асуудлыг ярьсан. Энэ эрхийг буюу эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Ө.Э-ыг 2024 оны 02 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө “Тоёота Приус 20” загварын ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүнсний дэлгүүр орохоор явж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай гараа өргөөд зогсож байсан иргэн П.Г-ыг хүргэж өгөхөөр үйлчилгээний хөлсийг тохиролцон тээврийн хэрэгсэлдээ суулгаж явж улмаар П.Г нь очихоор тохирсон газраас өөр зүгт явж байсныг мэдэж “манай гэр биш байна” гэж хэлэхэд нь түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн П.Г-ыг Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын задгайд тээврийн хэрэгслээсээ хүчээр буулган орхиж явсан үйлдлээр түүний эрүүл мэндэд 2, 3 дугаар зэргийн хөлдөлт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Монгол Улсын Үндсэн хуулиар хүнийг амьд явах эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд санаатай буюу болгоомжгүйгээр хүний амь насанд хүрсэн тохиолдолд  тохиолдолд Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах учиртай.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Шүүх гэм буруутай гэж үзсэн этгээдэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ..., Ө.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэн шүүгдэгчид тухайн зүйлд заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзалгүй шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “шударга ёсны зарчим”-д нийцээгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч П.Г-ын “шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч П.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Шүүгдэгч Ө.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                            ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                           ШҮҮГЧ                                         Д.ОЧМАНДАХ

      ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР