Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 456

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Д.Бнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ____ овогт Д-н Б-д холбогдох __________ дугаартай, эрүүгийн 1 хавтаст хэргийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Бнь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЕВЛ” караокед үйлчлүүлж байх үедээ тус караокений телевизорыг хууль бусаар устгасны улмаас 504.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Бгийн өгсөн:

“...Би 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өөрийн найз болох Б, Сийн хамтаар БГД-н 8-р хороо ЭВЛ нэртэй караоке рүү орой 19-20 цагийн үед орж үйлчлүүлсэн. Бид гурав хүн тус бүр нэг шил Сэнгүр нэртэй пиво захиалаад дөнгөж ууж эхлээд байж байсан ба тэрний өмнө тухайн үед цагаан сарын шинийн дөрвөн болж байсан ба манай охины гэрт буюу БГД 8-р хороо 13 байрны 54 тоотод Б нь өөрийн дүү охин болох Сийн хамтаар орж ирсэн ба манай охин Монголд байхгүй Турк улсад амьдардаг тул нөхөр бид хоёр түр гэрт нь байж байсан. Манайд тэр хоёр орж ирээд бид гурав нэг шил архи хувааж уусан. Тэгээд гараад караокед орж байгаа нь тэр юм.

Б, С нар нь манай гэр бүлийн найзууд юм. Тэгээд бид гурав караокед ороод байж байтал С нь намайг дуу дуулж байтал маргаан үүсгэсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Тухайн үед миний дургүй хүрээд ширээн дээр байсан шилэн хундага аваад Б рүү шидтэл цаад талд байсан караокены зурагтыг оноод хагалсан...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Эын өгсөн:

            “...2018 оны 2 дугаар сарын 19-ний орой миний ажиллуулдаг ЕВЛ нэртэй караоке лоунжид ажлаа хийгээд байж байтал гаднаас Б гэх эмэгтэй 2 найз нь бололтой эрэгтэй, эмэгтэй хүний хамтаар орж ирсэн, орж ирээд караокены 2 дугаартай өрөөнд ороод 3 Сэнгүр пиво захиалаад 1 цаг дуулж байгаад цаг нь дуусаад гарахын өмнө хоорондоо маргалдаж байснаа пивоны шил аваад Б гэх эмэгтэй нь маргалдаж байсан эрэгтэй рүүгээ шидээд манай өрөөний 45 инчийн Скайворт БСБ маркийн зурагтыг хагалсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

            - Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 14-15/,

            -Хохирогч Г.Эын Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст гаргасан хүсэлт /хх-н 34/,

 

Шүүгдэгч Д.Бгийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 17/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 20/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Д.Бд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЕВЛ” караокед үйлчлүүлж байх үедээ тус караокены телевизорыг хууль бусаар устгасны улмаас 504.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            хохирогч Г.Эын “...Б гэх эмэгтэй нь маргалдаж байсан эрэгтэй рүүгээ пивоны шил аваад шидээд манай өрөөний 45 инчийн Скайворт БСБ маркийн зурагтыг хагалсан...” гэх мэдүүлэг,             Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Д.Бгийн “...Б рүү шидтэл цаад талд байсан караокены зурагтыг оноод хагалсан...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Г.Э нь “...Д.Бгаас хохирлын мөнгө болох 504.000 төгрөгийг авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгч Д.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Д.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.БЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлдэг тул торгуулийн ялыг 2 сарын дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ____ овогт Д-н Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Бгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ