Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/426

 

 

 

 

 

   2025            04            09                                        2025/ДШМ/426

    

                                                        Прокурорын дүгнэлтийг хянан

     шийдвэрлэх тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/1094 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн Т.А-т холбогдох эрүүгийн 2408023340621 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн ...-ын А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... төрсөн, э..эгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл .., ..-ийн хамт .... тоотод оршин суух, /РД: ............../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/1094 дүгээр шийтгэх тогтоолоор:

Т.А-ийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Тээврийн прокурорын газраас: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/1094 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичиж ирүүлжээ. 

Прокурор Г.Нандин-Эрдэнэ шүүхэд бичсэн болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Т.А нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 08 цаг 20 минутын орчимд жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан үедээ согтууруулах ундаа хэрэглэж буюу 1.19 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож уг зөрчилдөө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 109 дүгээр шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар /тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан Зөрчлийн тухай хуулиар/ 40 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдах, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл авсан байна. Үүний дараа 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Тоёота приус” маркийн 79-78 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.81 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцож түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2408023340621 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1094 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд “согтуурсан” гэдгийг шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 18.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно:” 18.1.4 дэх заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан бол” гэж заажээ. Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж захиргааны шийтгэлийн журмаар болон эсхүл хуульд зааснаар шүүхийн шийдвэрээр жолоодох эрхээ хасуулсан байхыг ойлгох юм.

Харин Т.А нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй хугацаа дууссан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх бөгөөд уг үйлдэлдээ Баянгол дүүргийн шүүхээр орж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулаагүй бөгөөд дахин 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ.

Хэдийгээр Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 23-1/561 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаанд Нумчин овогт Т-ын А/ РД: ЧТ84061501/-ийн мэдээллийг жолоочийн бүртгэлийн нэгдсэн сан /dis.police.gov/-fl шүүхэд 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх /В-845126/ олгогдсон бөгөөд түүний эрхийг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.3.1 дэх заалтын дагуу 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар хасч шийдвэрлэж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтын дагуу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр сэргээжээ. (хавтаст хэргийн 90 дэх тал) гэсэн байх ба үүгээр түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2021 онд сэргээгдсэн байна.

Түүнчлэн Т.А-ийн талаарх хэрэгт авагдсан жолоодох эрхийн лавлагаанд Баянгол ,2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хүртэл 1 жилийн хугацаагаар эрх хасагдсан, Сонгинохайрхан, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар эрх хасагдсан тухай тэмдэглэгджээ. Эрх бүхий албан тушаалтан нь шүүгдэгч Т.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан гэх үндэслэл болгосон жолоодох эрхийн лавлагаа баримтад тусгагдсан 109 дүгээр шийтгэврээр 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хассан мэтээр буруу тэмдэглэгээ хийж, улмаар жолоодох эрхийн лавлагааны санд мэдээллийг буруу оруулснаас үүдэлтэйгээр Т.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хуульд зааснаар хасуулсан гэх буруу мэдээлэл сангаас гарсан байна.

Үүнээс үүдээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1094 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. Дээрхээс нэгтгэн дүгнэж үзвэл шүүгдэгч Т.А нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон үйлдэл нь зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэхээр байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1094 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Т.А-т холбогдох эрүүгийн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг тухайн шийдвэр гарах үед мэдэгдээгүй, эсхүл мэдэгдэх боломжгүй байсан хуулиар тодорхойлсон нөхцөл байдал шинээр илэрч, тогтоогдсон тохиолдолд сэргээн шалгах зорилгоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгодог хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт хуульчилжээ.

Энэхүү ажиллагааны үндсэн зорилго нь (1) гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон, (2) шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, (3) цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн, (4) шүүх хуулийг илт буруу хэрэглэсний улмаас ноцтой зөрчигдсөн хүний эрхийг сэргээн эдлүүлэхэд оршино.

Харин энэхүү хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааг явуулах зайлшгүй урьдач нөхцөл нь шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан шинээр илэрсэн нөхцөл байдал нотолгооны түвшинд илэрч, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх явдал болно.

Тээврийн прокурорын газар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.А-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх үндэслэлийг зааж, “2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон үйлдэл нь зөрчлийн шинжтэй үйлдэл, өмнө нь мэдэгдээгүй байсан нөхцөл байдал, анхан шатны шүүх хэрэг шийдвэрлэсний дараа шинээр илэрсэн” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Т.А-ийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 109 дүгээр шийтгэвэр болон Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн эрх хассан лавлагаанаас үзэхэд, Т.А-т холбогдох эрүүгийн 2408023340621 дугаар хэргийг хянан хэлэлцсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1094 дүгээр шийтгэх тогтоолоор гарахаас өмнө буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний тээврийн хэрэгслэл жолоодох эрхийг хасахгүйгээр баривчлах шийтгэл оногдуулсан шийтгэвэр, тээрвийн хэрэгслэл жолоодох эрхийг хассан гэсэн лавлагаа нь нотлох баримтаар эрүүгийн 2408023340621 дугаартай хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдэж, шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд шинжлэн судлуулж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдэж байсан баримтууд байх тул шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарахгүй байхад дээрх баримтуудад тулгуурлан дүгнэлт бичсэн нь үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1094 дүгээр шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй буюу мэдэх боломжгүй нотлох баримт биш байна гэж давж заалдах шатны шүүх үзэж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Иймд Т.А-т холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1094 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ,

                                        ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                                        ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

                            ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР