Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2017/0878/З |
Дугаар | 221/МА2018/0319 |
Огноо | 2018-06-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2018/0319
Н.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор, Н.Э-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э-ын “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолын “Д.О-ыг Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсүгэй” гэсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.Э давж заалдах гомдолдоо: “Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүхийн ерөнхий зөвлөл ...гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, ..үүргийг биелүүлнэ” гэсэн үүрэгтэй огт маргаагүй, харин энэ үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй гэж үзэж маргасан.
Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдахдаа хэнийг ямар шалгуураар бусдаасаа илүү гэж үзсэн үндэслэлээ тодорхой заагаагүй, нэр дэвшигч нарын хаана, ямар шүүгчийн сонгон шалгаруулалтанд өрсөлдөж байгаа талаар бодитой дүгнэлт хийгээгүй, тухайн нэр дэвшигч бүрийн хувийн байдал, ар гэрийн байдал дээр тухайлсан дүгнэлт хийгээгүй, мөн нэр дэвшигчийн авсан оноо ямар байсан талаар, хэн нь илүү оноо авсан, яагаад бусдаас хамгийн бага оноотой нэр дэвшигчийг шүүгчийн сонгон шалгаруулалтанд томилуулахаар санал болгохдоо түүнийг бусад нэр дэвшигчээс ямар онооны үзүүлэлтээр илүү гэж үзсэн талаар дурдаагүй нь шударга ёсны зарчмыг зөрчсөн байхад энэ үндэслэл дээр шүүх дүгнэлт хийгээгүй.
Мөн Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтанд иргэн Н.Э нэр дэвшиж тус шалгалтад тэнцсэн, бусад иргэд нь өөр шүүхийн өөр шатны шүүхийн шүүгчид нэр дэвшиж оролцоод тухайн шүүгчийн орон тоондоо ямар шалтгаанаар тэнцээгүй, тэнцээгүй шалтгаан нь юу болох, заавал нөөцөд үлдээж бусад шатны шүүхийн шүүгчийн зарласан сонгон шалгаруулалтанд оролцуулах, оролцсон нэр дэвшигчээс хамгийн бага оноотой оролцогчийг нэр дэвшүүлж байгаа энэ үйлдэл, үйл ажиллагаа нь өөрөө шударга ёсны зарчмыг зөрчсөн.
Шүүх энэ шийдвэрээрээ аливаа шалгалтанд нэр дэвшигч бусдаасаа илүү оноо авах шаардлагагүй, зөвхөн босго оноог давсан л бол шүүгч болох боломжтой гэсэн дүгнэлт хийсэн нь шударга ёсны зарчмыг зөрчсөн, тэгш байдлын зарчим алдагдсан гэж үзэж байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т "...энэ хуулийн 13.1-д заасан дүгнэлт, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ болон энэ хуулийн 12.2-т заасан Хуульчдын холбооны дүгнэлтийн хамт шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлэн гаргаж" гэх хуулийн агуулга нь илүү оноо авсан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах боломжийг нээж өгсөн зохицуулалт гэж үздэг.
Мөн Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжид заасан аливаа шалгаруулалтанд тавигддаг дээд оноог харгалзах, өөр бусад ажлын үзүүлэлтүүдийг харгалзах зэрэг гол гол зарчмуудыг хэрэгжүүлээгүй. Хэрэгт авагдсан баримтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд тус бүр нэр дэвшигчийн материалтай танилцсан гэх баримт авагдаагүй.
Миний бие Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээгээр 61.07, Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр “хангалттай” гэсэн дүгнэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дүгнэлтээр 70 оноо авсан. Эдгээр үзүүлэлтүүдээр миний бие шүүгчийн албан тушаалд тэнцсэн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгийн дагуу нэр дэвшигч нарын материалтай урьдчилан бүрэн танилцаж, өөрийн дотоод итгэлээр саналаа илээр өгдөг байна” гэж дүгнэсэн ч урьдчилан нэр дэвшигч нарын материалтай бүрэн танилцсан баримт хэрэгт байхгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан "Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох" эрх зөрчигдөж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс баталсан шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт, ил тод байх, нээлттэй байх, шударга ёсыг эрхэмлэх, хууль дээдлэх зарчим алдагдсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Миний биеийг Баянхонгор аймагт шүүгчээр томилохгүй байх ямар шалтаг, шалтгаан байсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөл тайлбарлаагүй. Энэ талаар шалгаруулалт явуулахдаа ч харьцуулан дүгнэлт хийгээгүй байхад "Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх"-ийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцоод тэнцсэн иргэдийн нөөцөд байх хугацааг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Мэргэшлийн хорооны тогтоол гарснаас хойш дараагийн шүүгчийн албан тушаалын нөөцөд орж шүүгчээр томилогдохоор Ерөнхий зөвлөлөөс санал Ерөнхийлөгчид хүргүүлэх хугацааг нөөцийн хугацаа гэж ойлгож байна.
Анхан шатны шүүх үндэслэл хэсэгтээ “Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт нь Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ...., Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх санал хураалтаас бүрдэнэ" гэж дүгнэсэн атлаа нөөцөд байх хугацааг мэргэшлийн хороо бүртгэснээр тооцогдоно гэж зарчмын зөрүүтэй үнэлэлт өгснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Миний өрсөлдөгчийн нөөцөд байх хугацаа 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дууссан, Шүүхийн ерөнхий зөвлөл 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдсан гэж үзвэл нөөцөд байх хугацаа дууссан иргэнийг шүүгчид томилуулахаар өргөн мэдүүлсэн нь Шүүгчийн сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолыг захиргааны акт гэж үзэн тус асуудлыг хэлэлцэхдээ сонсох ажиллагаа явуулсан эсэх, тухайн асуудалтай холбогдуулан хувийн хэрэг нээсэн эсэх талаар баримт байх ёстой гэж үзэж байгаа боловч эдгээр баримт хэрэгт авагдаагүй.
Нөгөө талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан болох талаар оролцогчдод урьдчилан мэдэгдэх үүрэг нь Захиргааны ерөнхий хуулиар нээгдсэн байхад энэ талаар мэдэгдээгүй, мөн шүүхийн цахим хуудсанд байршуулсан талаар баримт байхгүй.
Анхан шатны шүүхээс хэрэгт хамааралтай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг нотлох баримтгүй байхад дүгнэлт хийж нээлттэй, ил тод байх зарчмыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Шүүх тухайн шалгалтын явц хэрхэн мэдээлэгдэж байсан талаар нотлох баримтыг цуглуулаагүй, энэ талаар Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 10 дугаар зүйлийн 10.2-д заасан заалтад дүгнэлт хийсэн болохоос биш тухайн заалтыг тухай бүр агуулгын хувьд хэрэгжүүлж чадсан эсэх талаар нотлох баримтыг цуглуулаагүй нь шүүх нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Д.О гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, 108.5-д заасан шийдвэрийг гардан авах, давж заалдах гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүйгээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Э нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардан авч, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр давж заалдах гомдлоо шуудан хийж, анхан шатны шүүхэд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул түүний гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Н.Э-аас Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоолын Д.О-ыг Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсүгэй гэсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож, ...тухайн албан тушаалд анх орж, шалгалт өгсөн иргэдээс ганцаараа тэнцсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлагад орж 70 оноо авсан, ...Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 22 дугаар тогтоолоор “Мэргэжил, ур чадвар, нэр хүндийн хувьд анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллах шаардлагыг хангана” гэж тодорхойлуулж, тухайн шүүгчийн албан тушаалд сонгогдох бодит боломж бүрдсэн байхад нөөцөөс нэр дэвшсэн 2 иргэнийг ямар шалгуураар, ямар үзүүлэлтээр надаас илүү гарсан, эсхүл дутуу байсан талаар мэдэх боломж хаалттай байж, ил тод байх, нээлттэй байх, шударга байх зарчмуудыг зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 45 дугаар тушаалаар зарласан Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтанд Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр нэхэмжлэгч Н.Э нь 61.07 оноо авсан болох нь Шүүхийн мэргэшлийн хорооны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаар тогтоолоор нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, ...үүргийг биелүүлнэ”, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8.1-д “Ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.1.1-д “шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу зохион байгуулах”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13.2-т “Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэ хуулийн 13.1-д заасан дүгнэлт, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ болон энэ хуулийн 12.2-д заасан Хуульчдын холбооны дүгнэлтийн хамт шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гарган, илээр санал хураан олонхийн санал авсан хүний нэрийг ажлын таван өдрийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж зааснаас үзвэл хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийн хүрээнд үнэлгээний дүнгээр эрэмбэлсэн нэр дэвшигчид дундаас олонхийн санал авсан нэг хүнийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуулиар олгосон бүрэн эрх байна.
Дээрх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа Шүүхийн захиргааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “бие даасан, хараат бус байх” зарчимд нийцсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн “шүүгчийн шилж сонгох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй” гэх гомдол үндэслэлгүй.
Учир нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар зарлигийн хавсралт ёсоор батлагдсан Шүүгчийн сонгон шалгаруулах журам /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар хүчингүй болсон/-ын 3, 4, 5, 9, 10, 11 дүгээр зүйлд анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтанд нэр дэвшигчийг бүртгэх, шалгаруулалтыг зохион байгуулах, шүүгчээр ажиллах, мэдлэг, чадвар, зан төлөв, мэргэжлийн ёс зүйг хэрхэн үнэлж, дүгнэх, үнэлгээг танилцуулах ажиллагааг журамлан зохицуулсан байх бөгөөд тус журмын 10 дугаар зүйлийн 10.2-т заасанчлан Мэргэшлийн хорооны үнэлгээг Н.Э-д танилцуулсан, өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтаас үзвэл Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Хуульчдын холбооны дүгнэлт зэрэгт үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн дотоод итгэлд тулгуурласан, улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны санал хураалтын дүнгээр шүүгчээр томилогдох хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр зохицуулжээ.
Иймд дээрх Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуульд заасан хуульчдаас шүүгчийг шилж сонгох бүрэн эрхийн хүрээнд Д.О-ыг Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг буруутгах үндэслэлгүйн дээр нэхэмжлэгчийн “хэнийг ямар үндэслэлээр илүү гэж үзсэн үндэслэлээ заагаагүй, ...бусад нэр дэвшигч нараас ямар онооны үзүүлэлтээр илүү гэж үзсэн талаар дурдаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй” гэж гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй.
Хэрэгт авагдсан Шүүхийн мэргэшлийн хорооны 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8 дугаар тогтоолоор гуравдагч этгээд Д.О-ны Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан Мэргэшлийн хорооны үнэлгээний 2 жилийн хугацаа дуусаагүй болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “шүүгчийн сонгон шалгаруулалтанд оролцоод тэнцсэн иргэдийн нөөцөд байх хугацааг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд хангалттай нотлох баримт цуглуулан хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн “нотлох баримт хангалтгүй цуглуулсан” гэх гомдлыг шүүх хүлээн аваагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0191 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН