Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/01611

 

 

   2025        09          17                                                   312/ШШ2025/01611

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ын хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон ажиллаж байсан байдал, цэргийн алба хаасан болохоо тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд “Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон ажиллаж байсан байдал, цэргийн алба хаасан болохоо тус тус тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

                         I. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1965 оны 10 сарын 16-нд Булган аймагт төрж 1980 он хүртэл Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуйд эцэг эхийн хамт амьдарсан. Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэт толгойн сангийн аж ахуйн даргын 1980 оны 06 сарын 28-ны өдрийн 147 дугаар тушаалаар 4-р бригадад тракторчнаар ажилласан боловч уг тушаалын 2-р хавсралтад ******* гэж эндүүрэгдэн бичигдсэнийг ******* мөн болохыг тогтоолгох, 1980 оны 06 сарын 28-наас 1980 оны 12 сарын 02 хүртэл ажилласан бөгөөд 1981 оны 01 сарын 05-ны өдөр Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэт толгойн сангийн аж ахуйн даргын 5 дугаартай “Механикжуулагчид ба техник шилжүүлэх тухай” тушаалаар 1980 оны 12 сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөж Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд шилжүүлсэн тул 5-р тушаал дээрх ******* гэснийг ******* болохыг тогтоолгох, мөн 1980 оны 06 сарын 28-наас 1980 оны 12 сарын 02 хүртэл Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэт толгойн сангийн аж ахуйн 4-р бригадад тракторчнаар ажиллаж байсныг тогтоолгох. 1980 оны 12 сарын 20-ны өдрийн Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдлийн зөвлөлийн даргын 79 дугаар тушаалаар 1980 оны 12 сарын 04-нөөс Сэлэнгэ сумын Сангийн аж ахуйн салаанд МТЗ-50 тракторын жолоочоор томилогдоход мөн ******* ******* гэж уг тушаалд бичигдсэнийг ******* мөн болохыг тогтоолгох, 1980 оны 12 сарын 04-ний өдрөөс Саруул зам нэгдэлд ажиллаж байгаад Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдлийн даргын 1982 оны 06 сарын 30-ны өдрийн 60 тоот тушаалаар Цэргийн албанд татагдсан тул 06 сарын 25-аас эхлэн ажлаас чөлөөлөгдсөн, уг тушаалд мөн ******* гэж бичигдсэнийг ******* мөн болохыг тогтоож, 1980 оны 12 сарын 04-ний өдрөөс 1982 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоолгох БХЯ-ны сайдын 1982 оны 06 сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Булган аймгаас 1982 оны 06 сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан 126 /133/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985 оны 06 сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 06 сарын 18-ны өдөр 514444 дугаарын цэргийн батлахтай халагдсан боловч Архивын лавлагаа болон Цэргийн батлах дээр мөн ******* ******* гэсэн бүртгэлтэй байгааг ******* ******* миний бие мөн болохыг тогтоолгож, цэргийн албыг 1982 оны 06 сарын 15-наас 1985 оны 06 сарын 18 хүртэл хугацаанд цэргийн алба хаасныг тогтоолгох. Цэргийн албанаас халагдаж 1985 оны 07 сарын 20-ны өдрийн 142 дугаар Улаантолгойн сангийн аж ахуйн даргын тушаалаар тус оны 07 сарын 10-ны өдрөөс тракторчнаар ажилласан тушаалд мөн ******* ******* гэснийг ******* ******* мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Дээрх ажилд орсон болон чөлөөлсөн талаарх бичилт Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч уг хөдөлмөрийн дэвтэр дээрх нэр ******* ******* гэсэн байна. Миний бие ******* ******* учир өндөр настны тэтгэвэрт гарахад уг дэвтэр дээрх нэр зөрүүтэй байгаа нь ******* миний хөдөлмөр эрхлэлтийг нотлож чадахгүй байгаа тул хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр ******* намайг тогтоож өгнө үү. Орхон, Булган аймгийн Архивын тасгаас гарч байгаа тушаалуудын хуулбар дээрх ******* гэсэн тушаалуудыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гарган өгсөн бөгөөд ******* нэрээр гарсан тушаалууд дээрх нэрийг *******оор тогтоолгох шаардлагатай тул шаардлагад дурдсан тушаал дээрх ******* нь ******* мөн болохыг тус байгууллагуудад ажиллаж байсныг шүүхийн журмаар тогтоож өгнө үү. Эдгээр жилүүдэд ажиллаж байсныг тогтооход гэрчээр овогтой // нь 1980 оны 12 сарын 04-нөөс 1982 оны 06 сарын 25 хүртэл Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг гэрчлэх боломжтой болно гэжээ.

                     II. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг анх төрөхөд аав, ээж маань ******* гэсэн нэр өгсөн байдаг. Иргэний үнэмлэх авахдаа миний нэрийг Ч.******* гэсэн нэрээр бүртгэсэн байсан. Надад төрсний гэрчилгээ ч байдаггүй. Тэгээд улсын архиваас шүүлгэхэд 1965 онд төрсөн Ч.******* гэсэн нэр гарч ирээд, 1987 онд иргэний үнэмлэх авахад энэ нэрээр авсан. Одоо хүүхдүүд маань Ч.******* гэж овоглодог. Би 1982 оны 06 сарын 15 өдөр Ардын армийн 133 ангид хугацаат цэргийн албанд татагдаж, 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргийн батлах дээр миний нэр ******* гэсэн нэрээр явдаг. Би 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуйн 4-р бригадад тракторын жолоочоор ажилласан. Мөн 1980 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд тракторын жолоочоор, 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаантолгойн сангийн аж ахуйд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримт дээрх нэр зөрсөн учир ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний энэ хугацааны ажилласан жил болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг, мөн цэргийн албан хаасныг тус тус тогтоож өгнө үү. Улаантолгойн сангийн аж ахуйд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардлагаа нэмж байна. Нэр маань бас л зөрүүтэй байгаа учраас шүүхээр тогтоолгосон нь зөв байх гэж бодож байна гэв.

  1. Нэхэмжлэгч талаас: өөрийн иргэний үнэмлэх болог Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024.06.05-ны өдрийн 06/1622 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа” зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1980.12.20-ны өдрийн 79 дугаартай “Ажилд томилох тухай” болон 1982.06.30-ны өдрийн 60 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Улаантолгойн сангийн аж ахуйн даргын 1985.07.20-ны өдрийн 142 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд томилох, өөрчлөн томилох, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай” болон 1986.10.21-ний өдрийн 197 дугаар, 1987.10.28-ны өдрийн 268 дугаартай “Ээлжийн амралт олгох” тушаалууд, уг тушаалуудын хавсралт, мөн даргын 1991.06.25-ны өдрийн 98 дугаартай “Бие даасан аж ахуйнууд байгуулах тухай” тушаал, уг тушаалын хавсралт, Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн Найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэттолгойн сангийн аж ахуйн даргын 1981.01.05-ны өдрийн “Механикжуулагчид ба техник шилжүүлэх тухай” болон 1980.06.28-ны өдрийн 147 дугаартай “Механикжуулагчид томилох тухай” тушаал, уг тушаалын 2 дугаар хавсралт, гэрч Д.ийн гаргасан тодорхойлолт болон түүний иргэний үнэмлэх зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ингэттолгойн сангийн аж ахуйн даргаас 1980.09.14-ний өдөр “******* *******” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 4-14, 26-32 тал)

          3. Шүүхээс гэрчээр Д.ийг асууж мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно. (хх 20-21 тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон цэргийн алба хаасан болохоо, мөн ажиллаж байсан байдлаа буюу Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэт толгойн сангийн аж ахуйн 4-р бригадад 1980 оны 06 сарын 28-ны өдрөөс 1980 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд 1980 оны 12 сарын 04-ний өдрөөс 1982 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.******* нь “Улаантолгойн сангийн аж ахуйд 1985 оны 07 сарын 10-ны өдрөөс 1991 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн.

Нэхэмжлэгч нь ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээ тогтоолгоход шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа, хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, хугацаат цэргийн алба хаасан тушаал зэрэгт өөрийн нэр буруу бичигдсэн байгаагаас дээрх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага гаргах эрх үүсчээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

          1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх 1-4 тал),

          2. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 06/1622 дугаартай “Хугацаа цэргийн алба хаасан архивын лавлагаа” (хх 5 тал),

          3. “******* *******” гэж тус тус бичигдсэн:

                        - Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай “Ажилд томилох тухай” болон 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын хуулбар (хх 7 тал),

                        - Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн Найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэттолгойн сангийн аж ахуйн даргын 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаартай “Механикжуулагчид ба техник шилжүүлэх тухай” болон 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаартай “Механикжуулагчид томилох тухай” тушаалуудын хуулбар (хх 11-12 тал),

                        - Улаантолгойн сангийн аж ахуйн даргын 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд томилох, өөрчлөн томилох, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай” болон 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 197 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, уг тушаалын хавсралт, 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 268 дугаартай “Ээлжийн амралт олгох” тушаал, уг тушаалын хавсралт, мөн даргын 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай “Бие даасан аж ахуйнууд байгуулах тухай” тушаал, уг тушаалын хавсралт зэргийн хуулбар (хх 8-9, 26-32 тал),

          4. Ингэттолгойн сангийн аж ахуйн даргаас 1980 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “******* *******” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан гэрч Д.ийн “...Ч.******* нь Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд тракторчнаар 1980-1982 он хүртэл ажилласан. Нутгийн хүмүүс болон нэгдлийн хамт ажилладаг байсан тэр үеийн бүх хүмүүс ******* л гэж дууддаг байсан. ******* гэж өөр хүн байхгүй. Сүүлд иргэний үнэмлэх авахдаа ******* гэдэг нэртэй болсон...” гэх мэдүүлэг, түүний бичгээр гаргасан тодорхойлолт болон иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх 13, 20-21 тал) зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлав.

          Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь:

I. Ингэттолгойн сангийн аж ахуйн даргаас 1980 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “******* *******” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай “Ажилд томилох тухай” болон 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Улаантолгойн сангийн аж ахуйн даргын 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд томилох, өөрчлөн томилох, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай” тушаал, Ингэттолгойн сангийн аж ахуйн даргын 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаартай “Механикжуулагчид ба техник шилжүүлэх тухай” болон 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаартай “Механикжуулагчид томилох тухай” тушаалууд зэрэг эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь,

II. Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэт толгойн сангийн аж ахуйн 4-р бригадад 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд 1980 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, Улаантолгойн сангийн аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдал нь,

III. Ардын армийн 126 /133/ дугаар ангид 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн албыг “******* *******” нэрээр хаасан болох нь тус тус тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Ингэттолгойн сангийн аж ахуйн даргаас 1980 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “******* *******” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Булган аймгийн Хангал сумын “Саруул зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай “Ажилд томилох тухай” болон 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Улаантолгойн сангийн аж ахуйн даргын 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд томилох, өөрчлөн томилох, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай” тушаал, Ингэттолгойн сангийн аж ахуйн даргын 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаартай “Механикжуулагчид ба техник шилжүүлэх тухай” болон 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаартай “Механикжуулагчид томилох тухай” тушаалууд зэрэг эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /*******/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******ын Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэт толгойн сангийн аж ахуйн 4-р бригадад 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд 1980 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, Улаантолгойн сангийн аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******ыг Ардын армийн 126 /133/ дугаар ангид 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн албыг “******* *******” нэрээр хаасан болохыг тогтоосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, талууд хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ЖАРГАЛТУЯА