| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 102/2016/07443/И |
| Дугаар | 210/МА2017/00576 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2017/00576
| 2017 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 210/МА2017/00576 |
Хөх шигтгээ СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00039 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Хөх шигтгээ СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Болор-Эрдэнэд холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 1 122 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Лувсан
Хариуцагчийн өмгөөлөгч С.Болдбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оршин суугч Д.Болор-Эрдэнэ нь Иргэний хуулийн 149.1-д зааснаар 6 сараас дээш хугацаагаар төлбөрөө сайн дураар төлөөгүй удаа дараа амаар болон бичгээр шаардаж мэдэгдэл хүргэсэн боловч биелүүлээгүй. Тус СӨХ нь ашиглалт хариуцсан байгууллага Хүрээ Хаус ХХК-д 2016 оны 8 дугаар сарын байдлаар 5 862 096 төгрөгийн өр үүссэн ба цаашид ус дулаанаар хангагдахгүй хүндрэл үүсээд байна. 2014 оны 10 дугаар сард оршин суугчдын 100 хувийн саналаар СӨХ-ны ажлыг надад хүлээлгэн өгсөн. СӨХ-ны хураамжийг намайг дарга болохоос өмнө 1 м.кв-ыг 250 төгрөгөөр тооцож авч байхаар тогтоож, бүх оршин суугчдын хурлаар дэмжигдэж байсан. 10 000 төгрөг байсныг би дураараа 20 000 төгрөг болгоогүй. Хариуцагчийн нөхөр н.Болдбаатар нь хуульч хүн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр СӨХ-ны хураамжаа төлөхгүй бол шүүхэд хандана гэж хууль ёсны шаардлага тавихад согтуугаар танхайрсан. 2014 оны 1-3, 5-12 дугаар сар, 2015 оны 1-10 дугаар сар хүртэл сарын 34 225 төгрөг буюу 718 725 төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуустал 1 сарын 36 725 төгрөг буюу 403 975 төгрөг, нийтдээ 1 122 700 төгрөг болж байгаа. Нэмэгдсэн ганц төлбөр нь хогны мөнгө авдаггүй байсныг 2 500 төгрөг болгосон гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2012 онд тус байранд нүүж орсон. Өмнө нь өөр СӨХ үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд сар бүр 10 000 төгрөг хурааж, үйл ажиллагааг нээлттэй ил тод явуулдаг байсан. Гэтэл Я.Лувсан гэгч этгээд Хөх шигтгээ СӨХ байгуулж, өөрийн дураар 20 000 төгрөг болгож төлбөрөө нэмэгдүүлсэн. Иргэний хуульд орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт ногдох хэсгээр саналын эрхтэй оролцох эрхтэй гэж заасан атал орон сууц өмчлөгч намайг оролцуулахгүй, нэг ч санал, хүсэлт авч байгаагүй. Шүүх цагдаагийн байгууллагаар айлган сүрдүүлсээр өнөөдрийг хүрсэн. Иргэдтэйгээ СӨХ байгуулсан цагаас хойш нэг удаа уулзаагүй, хурал зохион байгуулаагүй. Хүүхдийн талбай дээр архидан согтуурч, хүн зодсон асуудал нь одоо прокурорын шатанд явж байгаа юм. Ийм ёс зүй үгүй хүнээр удирдуулж байгаа гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЙЖ78120305 регистртэй, Өөлд овогт Доржнасангийн Болор-Эрдэнээс дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1 122 700 /нэг сая нэг зуун хорин хоёр мянга долоон зуун/ төгрөг гаргуулан Хөх Шигтгээ СӨХ-нд олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,495 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31 495 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус, үндэслэлгүй байна. Зохигчийн гаргасан хүсэлтүүдийг огт харгалзан үзээгүй, хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар хэрэгт огт байхгүй байна. ИХШХТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрх эдлүүлээгүй. Д.Болор-Эрдэнэ намайг СӨХ-ны хуралд огт суулгахгүй, хэл амаар доромжилдог. СӨХ-ны мөнгийг хэрхэн, яаж зарцуулдаг нь одоо болтол тодорхойгүй, оршин суугч нартаа тайлагнаагүй өдийг хүрсэн. Эдгээр нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан хууль бус шийдвэр болсон. Уг шийдвэрт миний эцгийн нэрийг андуурч бичсэн байна. Миний овог Өөлд овогт Доржпаламын Болор-Эрдэнэ юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Хөх шигтгээ СӨХ нь хариуцагч Д.Болор-Эрдэнэд холбогдуулан дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 1 122 700 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Д.Болор-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...Я.Лувсан нь Хөх шигтгээ СӨХ-г байгуулж, өөрийн дураар СӨХ-ны төлбөрийг 20 000 төгрөг болгож нэмэгдүүлсэн гэж тайлбарлан, үүнтэй холбоотой дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлын хэмжээг тогтоосон баримтуудыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны дүрмээр сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг тогтоох бөгөөд дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 7 дугаар зүйлийн 7.2.1-д зааснаар зохицуулсан бөгөөд зохигчийн хооронд үүссэн дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардал гаргуулахтай холбогдох маргааныг шийдвэрлэхэд СӨХ-ны төлбөрийг хэдэн төгрөгөөр, хэрхэн тогтоосон талаарх үйл баримтыг тодорхойлох нь хэрэгт ач холбогдолтой юм.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн 102/ШЗ2016/28192 тоот захирамжаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр товлосноор нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Лувсан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан байна. Харин уг баримтад хариуцагч Д.Болор-Эрдэнэд мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэж тэмдэглэснийг түүнд тов мэдэгдсэн гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дах хэсэгт заасныг зөрчиж, хариуцагч Д.Болор-Эрдэнэд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, мэдэгдсэнээ баримтжуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдох бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00039 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Болор-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 495 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Н.БАТЗОРИГ