Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 479

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Б.Бямбадагва /томилолтоор/,

шүүгдэгч Ж.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___________овогт Ж-н Д-д холбогдох эрүүгийн __________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________

 

Шүүгдэгч Ж.Днь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороны нутаг дэвсгэр Зүүн Ард Аюушийн 12 дугаар гудамжинд эхнэр Б.Пг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүр рүү нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Дмэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Дын өгсөн:

            “...Би 2017 оны 12 дугаар сарын 12-нд орой 18 цагийн үед өөрийн найз Болдоогийн гэрт байсан. Тэгэхэд манай эхнэр П манай найз Болдоо руу залгаад 1 шил архи аваад өг гэсэн. Тэгээд П Болдоогийнд ирж бид 3 хамт 1 шил 0,75 литрийн Хараа архи авч уусан. Тэгээд тэрийгээ уучихаад эхнэртэйгээ маргалдсан. Би хүн рүү залгаж архи нэхлээ гэж уурлаад нүүр рүү нь 1 удаа алгадсан. 7 хоногийн дараа эхнэр ажилдаа явахаар нь би гадуур согтуу ууж идэж байгаад архины мөнгө хэрэг болоод өөрийн найз Болдоогийн хамт гэртээ ирж үүдний амбаарын цоожийг эвдээд дотор нь байсан манай төрсөн ах Энхбат хөдөөнөөс явуулсан үхрийн хаа, гуя байсныг аваад зарсан. Тэгэхэд уурлаад чамайг цагдаад өгнө гээд байсан.

            Би тухайн үед уурандаа эхнэртээ гар хүрснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 26-27, 33-34/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Пгийн өгсөн:

            “...Манай нөхөр Д нь ... архи ууж намайг зоддог. Хэд хоногийн өмнө Болдоогийн гэрт намайг дуудахаар нь очиход нөхөр Д намайг чи манай найзын гэрт такси барьж ирээд, архи авахуулж уудаг хэн бэ гэхээр нь чи өөрөө намайг дуудсан, найз чинь такси бариад хүрээд ир гээд би ирлээ гэхэд босч ирээд миний нүүр рүү 1 удаа цохисон. Маргааш нь миний нүүр хавдаад, хөхрөөд, байнга толгой өвдөөд байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-21/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. П-н биед тархи доргилт, дээд доод уруулын дотор салст, баруун бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт, зүүн мөрний үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 24/,

 

Шүүгдэгч Ж.Дын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 38/,

- Бусад /хх-н 39-42/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 50/,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 52-54/,

- АСАП сангийн лавлагаа /хх-н 43-48/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ж.Днь эхнэр Б.Пг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүр рүү нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

            мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Дын өгсөн:

            “...Би 2017 оны 12 дугаар сарын 12-нд орой 18 цагийн үед өөрийн найз Болдоогийн гэрт байсан. Тэгэхэд манай эхнэр П манай найз Болдоо руу залгаад 1 шил архи аваад өг гэсэн...Би хүн рүү залгаж архи нэхлээ гэж уурлаад нүүр рүү нь 1 удаа алгадсан. 7 хоногийн дараа эхнэр ажилдаа явахаар нь би гадуур согтуу ууж идэж байгаад архины мөнгө хэрэг болоод өөрийн найз Болдоогийн хамт гэртээ ирж үүдний амбаарын цоожийг эвдээд дотор нь байсан манай төрсөн ах Энхбат хөдөөнөөс явуулсан үхрийн хаа, гуя байсныг аваад зарсан. Тэгэхэд уурлаад чамайг цагдаад өгнө гээд байсан.

Би тухайн үед уурандаа эхнэртээ гар хүрснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.Пгийн “...Манай нөхөр Д нь ... миний нүүр рүү 1 удаа цохисон. Маргааш нь миний нүүр хавдаад, хөхрөөд, байнга толгой өвдөөд байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 190 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ж.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Б.П нь “...нөхөр Жаргал овогтой Дд гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 56/-ийг гаргасан ба хохирол нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн зүйлгүй зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ж.Дд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, торгуулийн ял биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч __________ овогт Ж-н Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Д-ын торгох ял биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ