Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/442

 

 

    2025             04             15                                         2025/ДШМ/442

 

Э.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н-ийн өмгөөлөгч Б.Борхүү,

шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Н.Жамъян,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/393 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н-ийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.А-т холбогдох эрүүгийн 2403007201018 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-,

 

Шүүгдэгч Э.А- нь 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн урд замд, “Subaru impreza” загварын ****УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэж, 5-д “Энэ дүрмийн 19.1,19.3,19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч, насанд хүрээгүй /5 настай/ У.Т-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Э.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: А-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.А-т мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А- нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н-т 1.007.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд насанд хүрээгүй хохирогч У.Т-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалд 4.053.401 төгрөг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч У.Т-ийн сэтгэцэд учирсан гэм хор болон гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.А-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, шүүгдэгч Э.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н-ийн өмгөөлөгч Б.Борхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан. Уг хуулийн заалтын дагуу 2023 оны 07 сарын 31-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаартай тушаалын 1 дэх заалтаар "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ыг 1 дүгээр, "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан бөгөөд журмын 2 дугаар хавсралтаар 7 төрлийн гэмт хэргийг тусгайлан зааж, уг 7 төрлийн гэмт хэрэгт хүний сэтгэцэд учирсан хор уршгийг журмаар тогтоосон хүснэгтийг үндэслэн тогтоож болохоор заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайн хүснэгтийг гуравдугаар шалгуур үзүүлэлтэд хамрагдаж байна.

Харин Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан бөгөөд гуравдугаар зэрэглэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар тогтоосон ба шүүх өөрийн дотоод итгэлээр тогтоохоор заасан байна.

Иймд миний үйлчлүүлэгчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг шинжээчээр тогтоолгоогүй байна гэж үзсэн шүүхийн хууль зүйн дүгнэлт нь учир дутагдалтай, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, журмын хүрээд хохирогч нарт хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Н.Жамъян тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс тухайн гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал болон хохирол төлбөр төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийж энэ хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудалд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтийг гаргаж байсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг Шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасан. Гэвч насанд хүрээгүй бага насны хохирогчид сэтгэл санааны хохирлыг тогтоосон тусгай мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт авагдаагүй. Зөвхөн мөрдөгч зэрэглэл тогтоосон хүснэгтээр сэтгэцэд учирсан хохирлыг тооцсоныг эс зөвшөөрч мэтгэлцэж оролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу батлагдсан хохирол нөхөн төлөх жишиг аргачлал нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг тушаалыг хүчингүй болгосон ямар нэгэн захирамж болон тушаалууд гаргаагүй байсан. Иймээс прокуророос сэтгэл санааны хохирлыг 3 дугаар зэрэглэлээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 13.200.000 төгрөгийг гаргуулах саналыг гаргасан. Учир нь, энэ гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд хохирсон тул түүний эрх ашгийг хамгаалж, шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн аргачлалаар гаргах нь зүйтэй гэж үзсэн. Мөн шүүгдэгчийн зүгээс хохирогчийн ар гэрт нь 1.007.400 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Мөн хохирогчийн аав, ээж нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Эдгээр нөхцөл байдалд үндэслэж сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан. Гэвч 2025 оны 03 дугаар сараас эхэлж Улсын Дээд шүүх болон давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүх сэтгэл санааны хохирол гаргуулах асуудлыг шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Хохирогч болон түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хохирлоо Иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй учир хохирогчийн эрх ашгийг зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н-ийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.А- нь 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн урд замд, “Subaru impreza” загварын ****УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэж, 5-д “Энэ дүрмийн 19.1,19.3,19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй 5 настай У.Т-ийг мөргөж, эрүүл мэндэд нь баруун дунд чөмөгт ясны дунд 1/3-ийн хөндлөн, ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн шаант ясны доод 1/3-ийн ташуу мушгирсан зөрүүтэй далд хугарал, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н-ийн “...тухайн өдөр төрсөн эгч болох У.С-о хамт явж байсан, эгч С-о нь 11 настай хүүхэд байгаа юм. Ослын талаар тухайн өдрийн 18 цагийн орчимд мэдсэн. У.Т-ийн баруун талын чөмөг яс ташуу хугарал, зүүн талын хөлийн шилбэ хэсэг хугарал, хөлийн хэсэг шалбаралт ихтэй. Хамраас нь цус гараад байгаа. ...” /хх 35/,

насанд хүрээгүй гэрч У.С-ын “...эхлээд бид хоёр замын нөгөө талд гарсан. Тэгээд би дүүтэйгээ буцаад зам гарсан чинь дүү ард хоцорсон байсан. Эргээд хартал манай дүү тэр машины урд хэсгээрээ мөргүүлээд газарт уначихсан. ...” /хх 64/,

гэрч Б.Ш-ын “...би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд хашаанаасаа гараад булан тойроод эргэтэл хүүхэд мөргөөд унагаачихсан байсан. Би гүйж очоод “яасан бэ” гэсэн чинь “манай дүүг мөргөчихлөө” гэж хэлсэн. Би жолоочтой уулзаад машинаас буулгаад ярьсан. Тэр жолооч зохицоод явчихъя гээд байсан. Тэгэхээр нь би буулгаад түргэн тусламж дуудсан. Тэр залуу аав руугаа залгаад “ааваа, би хүүхэд дайрчихлаа” гэж хэлсэн. Удалгүй хүүхдийн аав, ээж, дүү нарыг ирэхээр нь би явсан. ... Баруун талын урд хэсгийн гупер түгжээнээс мултраад унасан байсан. ...” /хх 66/,

иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувд-Эрдэнийн “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч У.Т- нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хяналтын үзлэг эмчилгээ хийлгэхэд нийт 4.053.401 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх байх тул холбогдогч Э.А-аас Эрүүл мэндийн даатгалын санд 4.053.401 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 59/,

Э.А-ын яллагдагчаар өгсөн “...би зүүн гар талаар нь дарж гараад яг тэр приус харалдаа орж иртэл хүүхэд гүйж гарч ирээд миний машины баруун урд талын карлон хэсгээр мөргөөд унасан. Хоёр жаахан хүүхэдтэй хамт гурвуулаа явж байсан. Тухайн хүүхэд ганцаараа гүйсэн. Хоёр эгч нь түрүүлээд замын эсрэг талд гарсан байсан. ...” /хх 122/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...У.Түвшинтөрийн биед баруун дунд чөмөгт ясны дунд 1/3-ийн хөндлөн, ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн шаант ясны доод 1/3-ийн ташуу мушгирсан зөрүүтэй далд хугарал, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12017 дугаар дүгнэлт /хх 69-71/,

“...жолооч Э.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1, 19.5 тус тус заасныг зөрчсөн. ...” болохыг тогтоосон Техникийн шинжээч Т.Түвшинбаатар, Ю.Батбаатар, Б.Цэндзэсэм, С.Бямбасүрэн, Я.Соронзонболд нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 46/70, 24/341 дугаартай дүгнэлт /хх 106-110/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-11/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх 14/, насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх 37-38/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх 77-81, 86-87/, зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.А- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Э.А-ын орон сууцны хороолол дунд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас тухайн үед зам хөндлөн гарч байсан бага насны буюу 6 настай У.Т-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н-ийн өмгөөлөгч Б.Борхүү “...У.Т-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.

 

Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

 

Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.5-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.

 

Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогч У.Т-ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар /хх 39/ хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалах шатны шүүх буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

 

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал, сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн, хохирогчийн эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н-ийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/393 дугаар дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н-ийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН