Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 487

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч Б.Бямбадагва,

хохирогч Г.Бийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___ овогт С-н Б-т холбогдох эрүүгийн __________ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________

 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Топаз зочид буудалд иргэн Г.Бийг зодож олон тооны гэмтэл шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ:

“...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө эхнэрээ ажилд нь хүргэж өгчихөөд халтуур хийж яваад 25 дугаар эмийн сангийн ойролцоо нэг эмэгтэй гар өргөөд зогсож байхаар нь авсан. Тэр эмэгтэйгээс архи үнэртээд байсан ба халамцуу байсан. Хаашаа явах вэ гэтэл 10 дугаар хороолол явна гэсэн. Туслах замаар нь орох уу гэтэл тэг гэж хэлсэн. Ингээд явж байтал “Эффис” худалдааны төвийн үүдэнд зогсоогоод пиво аваад өгчих мөнгийг нь таксины мөнгөтэй хамт өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би орж 1 шил пиво авч өгсөн ба 3 дугаар эмнэлгийн хажуу талын Жаст Ойл бензин түгээгүүрийн ойролцоо машинаа байрлуулсан. Би юу болоод ингээд явж байгаа юм бэ? гэж асуухад ажлынхаа газрын хүний төрсөн өдөрт очоод явж байна гэж ярьсан. Бид хоёр 10-15 минут орчим ярьж суусан. Буудал аваад өгөөч ресторанд зөөгч хийдэг юм гээд гуйгаад байхаар нь би ажилтай мөнгөө өгөөд буу гэж хэлсэн. Тэгтэл би үдээс хойш мөнгийг чинь өгье гээд гуйгаад байсан. Тэгээд би өөрийнхөө бичиг баримтаар буудал авч өгч, тооцоог нь өөрийнхөө картаар хийсэн. Буудалд ороод бид хоёр 30-40 минут болсон. Намайг шахаад байхаар нь би 3 л татсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Би түүнийг хэдэн удаа цохиж, хэдэн удаа өшиглөснөө санахгүй байгаа. Нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн...”гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Бын өгсөн:

            “...2018 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө 25-р эмийн сангийн KFC-н харалдаа урдаас согтуу эмэгтэй хүн таксинд гар өргөхөөр нь авсан. Тэр эмэгтэй хүн эхлээд 10 дугаар хороолол орно гэсэн. Тэгээд 10 хорооллын туслах зам руу оруулаад Эффис төвийн дэлгүүрээс пиво авчих би таксины мөнгөн дээрээ нэмээд өгнө гэхээр нь би дэлгүүр орж пиво аваад машинд суугаад машинаа чигээрээ жолоодоод Жаст ойл ШТС-н харалдаа замын зүүн талд энд жаахан зогсчих гэхээр нь тэнд зогсож өгсөн. 10 минут орчим зогссон, тэр хүүхэн пивоо уусан, би тэр эмэгтэйг өглөө эрт ууж байна шүү гэхэд тэр хүүхэн даргын төрсөн өдөр болоод ажлын хүмүүстэй пиво уусан тэгээд явж байна гэсэн. Тэр эмэгтэй пивоо уучихаад 00 ормоор байна гэхээр нь би Ачтан эмнэлгийн арын гражны зам руу орж зогссон. Нөгөө хүүхэн намайг зочид буудал авчих би мөнгийг нь төлнө гэхээр нь би Топаз буудалд оруулсан, буудлын доор дэлгүүр байсан нэг архи, 2 ундаа, 1 чипс аваад буудлын өрөөнд орсон. Би иргэний үнэмлэхээ буудлын ресепшинд өгөөд би картаар төлбөр төлсөн. 404 тоот өрөөнд орсон. Төлбөрөө төлнө биздээ гэхэд итгэсэн бол итгэ би өгнө гээд надад архинаас 3 удаа дарааллаж хийж өгөөд би архийг уусан. Тэгээд би архи уугаад согтоод, нэг сэрэхэд эрүүлжүүлэхэд орсон байсан. Би өөр юм санахгүй байна.

Надад биеэ хаацайлаад байх шаардлага байхгүй, тийм болохоор би өмгөөлөгч авахгүй байгаа. Байгалийг зодсон нь миний буруу эмчилгээний төлбөрийг өгсөн нь дээр гэж бодоод явж байна...” гэх мэдүүлэг /хх-н 61-62, 134-135/,

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Бийн өгсөн:

            “...2018 оны 1 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 02 цагийн орчим Төмөр замын варьетегийн орчмоос такси бариад явсан. Захирлын төрсөн өдөр болоод манай ажлын хүмүүс архи уусан. Би архи уугаад согтуу явсан. Тэгээд нэг сэрэхэд зочид буудалд орон дээр хэвтэж байсан. Тэгээд нэг танихгүй залуу миний хажууд намайг татаад байхаар нь би тэр залуугаас би хаана байна гэж асуухад юу ч хэлээгүй тэр залуу намайг овоо муу гар вэ гээд намайг шууд үсдэж унагаагаад зодож эхэлсэн, би буудлаас гарах гэж оролдоод чадаагүй. Би буудлын өрөөнд зөндөө орилж хашгираад буудлын эгч хаалга нүдээд онгойлгохгүй байсан. Тэр залуугаас намайг явуулчих л даа гэж гуйхад зодоод байсан. Эхлээд үсдээд чирээд гар болон нүүр рүү өшиглөөд цохиод байсан. Би гомдолтой байна, нүүрэндээ сорвитой болсон. Миний толгой байнга өвдөөд байгаа эмчилгээ хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-н 32/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч эмч Г.Х-н өгсөн:

            “...Г.Бийн биед учирсан хамрын нуруу, зүүн сарвуунд шарх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун зүүн зовхи хацар духанд цус хуралт, баруун нүдний алимианд цус хуралт гэмтлүүд нь нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, уруул, ууц, ахар сүүл, зүүн шуу, чихний дэлбэн, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр эрүү эгэмний зулгаралт нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хамар ясны хугарал нь мөн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Түр хугацаагаар сарниулах гэдэг нь 4 долоо хоног хүртлэх хугацаанд эдгэрэл боломжтой гэмтлүүд хамаардаг...” гэх мэдүүлэг /хх-н 125-126/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Ж-н өгсөн:

            “...2018 оны 1 сарын 16-ны өдөр Бугат-116 автомашинтай эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Бугат-10-с дуудлага БГД-5 хороо Топаз зочид буудалд найзыгаа зодоод байна гэсэн мэдээллийг өгсөн. Гомдол мэдээллийн дагуу очиход Топаз зочид буудлын 3 давхарт байх өрөөний хаалга түгжээтэй цаана нь зодолдож байгаа дуу чимээ гараад, эмэгтэй хүн орилоод байсан. Хаалгыг нүдэхэд онгойлгохгүй, ресепшин түлхүүрээ авч ирнэ гээд яваад бас удах шинжтэй байхаар нь би хаалгыг өшиглөж ороход эмэгтэй хүнийг эрэгтэй хүн зодож байсан. Үйлдлийг таслан зогсоож танхайрч байсан согтуу залууг гавлаж хөдөлгөөнийг хязгаарласан. Эмэгтэйгийн нүүрнээс цус гарсан, согтуу байталтай байхаар нь 103-т дуудлага өгсөн. 103-ийн эмч ирэх хооронд эмэгтэй хүнтэй угаалгын өрөөнд цусаа угааж байхад ярилцлага хийсэн. Эмэгтэйгээс энэ хүнтэй бэлгийн харьцаанд орсон уу, та хоёр ямар маргаан үүссэн, ямар шалтгаанаар зодсон бэ? гэж асуухад эмэгтэй нь надад хэлэхдээ тэр залууг унтаж байхад би гараад явах гэтэл намайг явуулахгүй гээд зодсон, надтай бэлгийн харьцаанд ороогүй, намайг оролдож чангаасан юм байхгүй гэж хэлж байсан. Энэ залуутай би өглөө танилцсан юмаа. Бид хоёрын асуудал та нарт ямар хамаатай юм. Ар гэр ээжид битгий хэлээрэй, хэл амтай хүмүүс байдаг юмаа гэж надаас гуйсан. Би энэ залууд гомдол санал байхгүй, би өөрөө явчих уу гэсэн. Тэр эмэгтэйгээс гэрийн хаяг утасны дугаарыг асуухад янз бүрээр худлаа хэлээд байх шиг байсан. Одоо би явчий миний араас дахин битгий дуудаад байгаарай гэж хэлсэн. Тэгээд 103-н эмч болон жижүүрийн шуурхай албаны бүрэлдэхүүн зэрэг орж ирсэн. Би танхайрсан залуугаа аваад эрүүлжүүлэх байрлуу явсан. Ресепшинтэй нь би ярилцлага хийхэд тэр эрэгтэй эмэгтэй хоёр дотно харьцаатай, эрүүл саруул давгүй хүмүүс орлоо доо гэж бодож байсан. Манай зочид буудал согтуурсан хүмүүст үйлчилдэггүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 127/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.М-н өгсөн:

            “...2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр би Топаз зочид буудалд ресепшин хийх ээлжтэй ирсэн. Үдээс өмнө 10-11 цагийн үед байх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн. Нэг өрөө сул байхаар нь 404 тоотод оруулсан. Эрэгтэй нь бичиг баримтаа өгөөд тооцоо хийгээд орсон. Залуу нь эрүүл байсан эмэгтэй нь үсээ задгай тавьчихсан, өмнөх өдөр нь уусан царайтай байсан. Эрэгтэй нь найзыгаа оруулчихаад би эргээд гарна гэж байсан. Тэгээд нэг хүн дотуур утсаар 403 тоот өрөөнөөс хажуу өрөөний хүмүүс маргаад байх шиг байна гэж мэдээлэл өгсөн. Тэгээд би харуул Аийн хамт гарч ирээд хаалгыг нүдэхэд хаалгаа тайлаад тэр эрэгтэй эмэгтэй хоёр өөдөөс гараад ирсэн. Эрэгтэй нь юу юугүй А руу дайраад, хажуу эмэгтэй рүү дайраад байхаар нь би доош буугаад цагдаа дуудахаар явсан. Би цагдаа дуудаад эргээд гараад ирэхэд А өрөөнөөс гарчихсан энэ хоёр дотор хоорондоо зодолдоод байх шиг байна гэсэн. Эмэгтэй нь хамар дээрээ зулгарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 133/,   

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн ____ тоот: 

1. Г.Бийн биед хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, хамрын нуруу, зүүн сарвуунд шарх, баруун, зүүн зовхи, хацар, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, ууц, ахар сүүлний орчим, зүүн шуу, чихний дэлэн, баруун бугалга, баруун нүдний алиманд цус хуралт, эрүү, эгэмэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 48/,

 

- Хохирогч Г.Бийн өвчний түүхийн хуулбар /хх-н 96-124/,

 

Шүүгдэгч С.Бын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 65, 82/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 66/,

- Бакалаврын дипломын хуулбар /хх-н 70-71/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 83/,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 86-87/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Г.Бийг зодож олон тооны гэмтэл шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Бийн “...2018 оны 1 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 02 цагийн орчим Төмөр замын варьетегийн орчмоос такси бариад явсан. Захирлын төрсөн өдөр болоод манай ажлын хүмүүс архи уусан. Би архи уугаад согтуу явсан. Тэгээд нэг сэрэхэд зочид буудалд орон дээр хэвтэж байсан. Тэгээд нэг танихгүй залуу миний хажууд намайг татаад байхаар нь би тэр залуугаас би хаана байна гэж асуухад юу ч хэлээгүй тэр залуу намайг овоо муу гар вэ гээд шууд үсдэж унагаагаад зодож эхэлсэн, би буудлаас гарах гэж оролдоод чадаагүй. Би буудлын өрөөнд зөндөө орилж хашгираад буудлын эгч хаалга нүдээд онгойлгохгүй байсан. Тэр залуугаас намайг явуулчих л даа гэж гуйхад зодоод байсан. Эхлээд үсдээд чирээд гар болон нүүр рүү өшиглөөд цохиод байсан. Би гомдолтой байна, нүүрэндээ сорвитой болсон. Миний толгой байнга өвдөөд байгаа эмчилгээ хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-н 32/,

 

            шинжээч эмч Г.Х-н “...Г.Бийн биед учирсан хамрын нуруу, зүүн сарвууны шарх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун зүүн зовхи хацар духанд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт гэмтлүүд нь нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, уруул, ууц, ахар сүүл, зүүн шуу, чихний дэлбэн, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр эрүү эгэм зулгаралт нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хамар ясны хугарал нь мөн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Түр хугацаагаар сарниулах гэдэг нь 4 долоо хоног хүртлэх хугацаанд эдгэрэх боломжтой гэмтлүүд хамаардаг...” гэх мэдүүлэг /хх-н 125-126/,

 

            гэрч Г.Ж-н “...2018 оны 1 сарын 16-ны өдөр Бугат-116 автомашинтай эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Бугат-10-с дуудлага БГД-5 хороо Топаз зочид буудалд найзыгаа зодоод байна гэсэн мэдээллийг өгсөн. Гомдол мэдээллийн дагуу очиход Топаз зочид буудлын 3 давхарт байх өрөөний хаалга түгжээтэй цаана нь зодолдож байгаа дуу чимээ гараад, эмэгтэй хүн орилоод байсан. Хаалгыг нүдэхэд онгойлгохгүй, ресепшин түлхүүрээ авч ирнэ гээд яваад бас удах шинжтэй байхаар нь би хаалгыг өшиглөж ороход эмэгтэй хүнийг эрэгтэй хүн зодож байсан. Үйлдлийг таслан зогсоож танхайрч байсан согтуу залууг гавлаж хөдөлгөөний хязгаарласан. Эмэгтэйгийн нүүрнээс цус гарсан, согтуу байдалтай байхаар нь 103-т дуудлага өгсөн. 103-ийн эмч ирэх хооронд эмэгтэй хүнтэй угаалгын өрөөнд цусаа угааж байхад ярилцлага хийсэн. Эмэгтэйгээс энэ хүнтэй бэлгийн харьцаанд орсон уу, та хоёр ямар маргаан үүссэн, ямар шалтгаанаар зодсон бэ? гэж асуухад эмэгтэй нь надад хэлэхдээ тэр залууг унтаж байхад би гараад явах гэтэл намайг явуулахгүй гээд зодсон, надтай бэлгийн харьцаанд ороогүй, намайг оролдож чангаасан юм байхгүй гэж хэлж байсан. Энэ залуутай би өглөө танилцсан юмаа. Бид хоёрын асуудал та нарт ямар хамаатай юм. Ар гэр ээжид битгий хэлээрэй, хэл амтай хүмүүс байдаг юмаа гэж надаас гуйсан. Би энэ залууд гомдол санал байхгүй, би өөрөө явчих уу гэсэн. Тэр эмэгтэйгээс гэрийн хаяг утасны дугаарыг асуухад янз бүрээр худлаа хэлээд байх шиг байсан. Одоо би явчий миний араас дахин битгий дуудаад байгаарай гэж хэлсэн. Тэгээд 103-н эмч болон жижүүрийн шуурхай албаны бүрэлдэхүүн зэрэг орж ирсэн. Би танхайрсан залуугаа аваад эрүүлжүүлэх байрлуу явсан. Ресепшинтэй нь би ярилцлага хийхэд тэр эрэгтэй эмэгтэй хоёр дотно харьцаатай, эрүүл саруул давгүй хүмүүс орлоо доо гэж бодож байсан. Манай зочид буудал согтуурсан хүмүүст үйлчилдэггүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 127/,

 

            гэрч Б.М-н “...2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр би Топаз зочид буудалд ресепшин хийх ээлжтэй ирсэн. Үдээс өмнө 10-11 цагийн үед байх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн. Нэг өрөө сул байхаар нь 404 тоотод оруулсан. Эрэгтэй нь бичиг баримтаа өгөөд тооцоо хийгээд орсон. Залуу нь эрүүл байсан эмэгтэй нь үсээ задгай тавьчихсан, өмнөх өдөр нь уусан царайтай байсан. Эрэгтэй нь найзыгаа оруулчихаад би эргээд гарна гэж байсан. Тэгээд нэг хүн дотуур утсаар 403 тоот өрөөнөөс хажуу өрөөний хүмүүс маргаад байх шиг байна гэж мэдээлэл өгсөн. Тэгээд би харуул Аийн хамт гарч ирээд хаалгыг нүдэхэд хаалгаа тайлаад тэр эрэгтэй эмэгтэй хоёр өөдөөс гараад ирсэн. Эрэгтэй нь юу юугүй А руу дайраад, хажуу эмэгтэй рүү дайраад байхаар нь би доош буугаад цагдаа дуудахаар явсан. Би цагдаа дуудаад эргээд гараад ирэхэд А өрөөнөөс гарчихсан энэ хоёр дотор хоорондоо зодолдоод байх шиг байна гэсэн. Эмэгтэй нь хамар дээрээ зулгарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 133/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн 1717 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Быг олон тооны гэмтэл шарх үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч эрүүл мэндийн үйлчилгээ авч мөнгөн хохирол учирсан үүнтэй холбоотойгоор шүүгдэгч 4,800,000 төгрөг хохирогчид төлсөн гэх ба үүнийг хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч үгүйсгэсэнгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баас 500.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Бьд олгож, хавтаст хэргийн 39, 40 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь он сар, юуны төлбөр ямар зориулалтаар хийсэн талаар тодорхойгүй эдгээр баримтууд нь хуулбарласан баримтууд байх тул иргэний нэхэмжлэлийн энэ хэсгийг тооцоолох боломжгүй байна. Иймд хохирогч Г.Бь нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгуулийн ял биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ____ овогт С-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар онц харгис хэрцгийгээр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Бын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баас 500.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Бьд олгож, хохирогч Г.Бь нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ