Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01337

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01337

 

 

 

Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2018/00760 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Гурвансайхан хайрхан ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 157 955 355 19 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Гурвансайхан хайрхан ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ-24 тоот зээлийн болон БГ-24 тоот барьцааны гэрээг байгуулж 160 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу эхний нэг жил үндсэн зээлээс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэн авсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож /ГД-000116187, Ү-2203020405 бүртгэлийн дугаартай 93.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, /ГД- 000067612, Г-2201000903 хаягт байрлах 526.90 м.кв талбайтай газар, /ГД:000237894, Ү-2203021191/ хаягт байрлах 180 м.кв талбайтай хувийн сууц, ГД:0349450, нэгж талбарын /18642325140485/ дугаартай газрыг тус тус барьцаалуулж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 13 775 270 32 төгрөг, зээлийн хүү 14 744 095 02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161 860 00 төгрөг, нийт 28 681 225 34 төгрөг төлсөн байна.

Гурвансайхан хайрхан ХХК-тай байгуулсан ЗГ-82 тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дуусах боловч зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу удаа дараа төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж зээлийн гэрээний хугацаа хэтрэлт 338 хоног болсон. Зээлдэгч нь үндсэн зээл 146 224 729 68 төгрөг, зээлийн хүү 9 775 521 26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 955 104 25 төгрөг, нийт 157 955 355 19 төгрөгийн өр төлбөртэй байна. Зөрчлийг арилгах талаар удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний холбогдох заалтууд болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийг тус тус үндэслэн зээлийн гэрээг цуцалж, Гурвансайхан хайрхан ХХК-иас зээлийн төлбөр 157 955 355 19 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 947 727 00 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв болон Капитал банк ХХК-иас 400 000 000 төгрөгийн төслийн зээлийн хүсэлт гаргаж 2015 оны хавар 07 дугаар сараас эхлэн хөөцөлдөж зээл олгох тухай шийдвэр 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гарсан боловч Капитал банк ХХК нэг компанид 3 өөр чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зээл олгохгүй гэсэн шалтгаанаар зөвхөн оёдлын үйлдвэрлэлд зориулан 160 000 000 төгрөгийн төслийн зээл олгосон.

Төлөвлөсөн 400 000 000 төгрөгийн зээлээ авч чадаагүй учир 360 м.кв талбайтай ажлын байраа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, мужааны цех, гутлын цехийг эхэлж байсан үйл ажиллагаагаа зогсоосон. Компани оёдлын үйлдвэрлэл явуулахаар зээл авсан бөгөөд одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч зах зээл, эдийн засгийн хямрал нөлөөлж худалдан авах чадвар эрс буурч, төлөвлөсөн орлого хангалтгүй байгаа. Бид банкны зээл,, төлбөр тооцоогоо төлж чадахгүй өдийг хүрч томоохон хариуцлага алдсанаа гүнээ ухамсарлаж байна. Одоо оёдлын үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ мах, махан бүтээгдэхүүний дэлгүүр, бууз баншны цех ажиллуулж байна. Орлогоо бүрдүүлж зээлээ бүрэн хэмжээгээр төлж барагдуулна.

Мөн Капитал банк ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй байхад зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж төлбөрийн үүргийг нэхэмжилж байгаа асуудал дээр Капитал банк ХХК-ийн буруу биш, компани нь хүссэн хэмжээний зээл, санхүүжилт авч чадаагүйн улмаас төлөвлөж байсан ажил, төслөө бүрэн хэрэгжүүлж чадаагүй, зах зээл эдийн засгийн хямрал зэрэг бусад шалтгааны улмаас болж зээлийн эргэн төлөлтийг тогтоосон хугацаанд төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Анх зээл авч байх үед барьцаа хөрөнгийг хангалттай хэмжээнд байршуулж, баталгаажуулсан бөгөөд ажлын хөлсөнд авсан байрыг зарж, одоо эрхэлж буй үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж чадвал уг зээлийг бүрэн төлөх боломжтой ба гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргах зүйлгүй төлнө. Барьцаа хөрөнгө болох орон сууц маань 210 000 000 төгрөгийн үнэтэй, Шаргаморьт дахь хувийн сууц 160 000 000 төгрөгийн үнэтэй, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай газар 10 000 000 төгрөгийн үнэтэй. Тухайн 2 хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Гурвансайхан хайрхан ХХК-иас 157 955 355 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 017 927 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 017 927 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү давж заалдах гомдолдоо: Барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлагыг, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс зээл авсан нь үнэн бөгөөд тухайн зээлээ буцааж төлнө. Зээл авахдаа 400 000 000 төгрөгийн зээл хүссэн бөгөөд түүнд дүйцэхүйц барьцаа хөрөнгөө байршуулсан боловч банкнаас 160 000 000 төгрөгийн зээл олгож манай барьцаа хөрөнгийг бүгдийг нь барьцаалж ямар нэг эргэлт хийх боломж олголгүй түгжсэн бөгөөд одоо энэ бүх барьцаа хөрөнгийг бүхэлд нь, нэхэмжлэлийг шаардлагыг хангуулахаар шийдвэрт тусгасан нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй, буюу аль аль барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тодорхой биш байхад шүүх хангаж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Гурвансайхан хайрхан ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 157 955 355 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Капитал банк ХХК нь Гурвансайхан хайрхан ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ-24 тоот зээлийн болон БГ-24 тоот барьцааны гэрээг байгуулж 160 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу эхний нэг жил үндсэн зээлээс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож /ГД-000116187, Ү-2203020405 бүртгэлийн дугаартай 93.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, /ГД- 000067612, Г-2201000903 хаягт байрлах 526.90 м.кв талбайтай газар, /ГД:000237894, Ү-2203021191/ хаягт байрлах 180 м.кв талбайтай хувийн сууц, ГД:0349450, нэгж талбарын /18642325140485/ дугаартай газрыг тус тус барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 7-11,12-30 дугаар тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу зээлийн гэрээний 4.1-д үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх тул эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй. Шүүх үндсэн зээл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон ба хариуцагч гомдол гаргаагүй байна.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөгдөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг эргүүлэн бүрэн төлөөгүй, зээлийн гэрээний 3.2.1 дэх зүйлийг зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагчид зээлийн төлбөрийг барагдуулах тухай 2017 оны 10 сарын 12-ны өдөр мэдэгдэж байсан, үүргээ гүйцэтгэхийг сануулсан, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. /хх-ийн 81 дүгэээр тал/

Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн төлбөрийг төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, шаардаж байсан ч үр дүнд хүрээгүй тул зээлдүүлэгч гэрээнээс татгалзсан байх бөгөөд банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, зээлийн гэрээний 5.1.3 дэх хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчихгүй болно.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч барьцааны гэрээний дагуу үүрэг хүлээсэн гэж хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зарим зүйлээр хангуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж маргаж тайлбар, гомдол гаргажээ.

Хэргийн 12-31 дүгээр талд авагдсан талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнүүдээс дүгнэхэд хариуцагч Гурвансайхан хайрхан ХХК нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон үл хөдлөх хөрөнгүүдийг нэр заан дурдаж БГ-24 тоот гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээ нь бичгээр байгуулагдсан, бүртгэлийн газар бүртгүүлсэн хуулийн шаардлага хангасан, зохигчид барьцааны энэхүү гэрээний дагуу эрх үүрэг хүлээсэн байх ба Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2, 165 дугаар зүйлийн 165.4 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн тул хариуцагчийн барьцааны зарим хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй төдийгүй энэ талаарх гомдлыг хүлээн авах, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2018/00760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ