Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/444

 

 

 

    2025          04             15                                       2025/ДШМ/444

 

Б.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

хохирогч М.О-, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Г.Мөнхбат,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/508 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Г.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.С-т холбогдох эрүүгийн 2403007030941 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С-,

 

Шүүгдэгч Б.С- нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***** гудамжны замд “Toyota prius” загварын ****УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зам гарч байсан явган зорчигч М.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: С-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.С-т мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолж, Б.С-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан эмчилгээний зардлын 2.910.855 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 8.580.000 төгрөг гаргуулан хохирогч М.О-т, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар 1.600.560 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож,

7

8

ТОГТООЛI

хувийн (

зүйлийн прокуро 14 хоно гаргах, с

 эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Г.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.С- нь өөрийн холбогдсон гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хүлээн зөвшөөрдөг. Хохирогч М.О-т эмчилгээний зарим зардлыг төлсөн байгаа.

Шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалд нийцээгүй байдлаар гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд мөрдөн шалгах ажиллагааг нэг эсхүл хэд хэдэн мөрдөгчид явуулж болохоор заасан. Нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх болон хэд хэдэн мөрдөгчид даалгахдаа Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга тогтоол гаргаж шийдвэрлэдэг байна. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйл/ Тухайн хэрэгт хэд хэдэн мөрдөгчид даалгах тогтоол байхгүй. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжиннямын баримтжуулсан 38 хуудас нотлох баримт авагдсан. Шүүх эдгээр нотлох баримтыг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон нь ТОДОРХОЙЛОХ хэсгийн 6 дах хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдах ёстой, нэг хэрэгт хэд хэдэн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг гэж шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон энэ хэргийн мөрдөн байцаагч мэдүүлсэн гэж бичсэнээр харагдана.

Мөрдөгч магадлагааг гаргасан бол өөрөө танилцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт тодорхой заасан. Шүүх хуралдаанд оролцсон мөрдөгч өөрийн гаргасан магадлагааг “миний оронд мөрдөгч Б.Балжинням танилцуулсан” гэж хээв хариулаад, шүүх магадалгааг Б.С- танилцсан гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй байгааг шүүх ойшоож үзэхгүй байна.

 Хавтас хэрэг нотлох баримтаар авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, осол дээр тогтоосон акт зэрэгт уг осол уулзвар дээр гарсан гэсэн нотлох баримт бүрэн авагдсан атал явган зорчигч замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэсэн мөрдөгчийн магадалгааг хүлээн аваад прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй. Б.С- нь шүүхийн шатанд өмгөөлөгч авсан.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн албан тушаалаасаа халагдаж өөр дарга түр орлон гүйцэтгэж байхад Л.Бямбасүрэнгийн 2024 оны 05 дугаар сарын 06 -ний өдрийн 01/1640 дугаартайгаар итгэмжлэлийн үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 17-ний өдөр иргэний нэхэмжлэгч болгож нотлох баримтуудыг авсан. Өөрөөр хэлбэл төлөөлүүлэх эрхгүй этгээд итгэмжлэл олгожээ. /хх 42-41/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална. Мөн хуулийн 1.6 дахь зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тодорхой заасан. Дээрх олон нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлж болохгүй, хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан нотлох баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй талаар хуульчилсан. Шүүгч хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг дагаж мөрдөх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийг өөрийнхөөрөө тайлбарлаж шийдвэрийнхээ үндэслэл болгож болохгүй юм. Нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж болно гэж хууль тогтоогч хуульчилсан. Энэ зүйл заалт шүүгчийн үзэл бодлоор бол хууль хэзээ ч биелэгдэхгүй гэж ойлгож болох уу.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд магадлал гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийг талаар 2025/ШЦТ/508 дугаар шийтгэх тогтоолд дүгнэлт бичиж өгнө үү. Шүүхийн шат бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцсийн шат бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт прокурорын хяналтын шатанд гаргасан хууль зөрчсөн болон бусад алдаа мадагыг засах ёстой атал энэ хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн хувьд хэрэг шалгах мөрдөх процесс нь огт хамаагүй бололтой.

 

Хэргийн бодит байдалд нийцээгүй талаар;

 Хэрэг учрал болсон газар дээр Криминалистикийн мэргэжилтэн ахмад Э.Нямдаваа, хошууч Ш.Амин-Эрдэнэ, ахлах дэслэгч Л.Анхбаяр нарын бүрэлдэхүүн очиж ажиллан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, осол дээр тогтоосон акт, фото зургийн үзүүлэлтээр уг осол, уулзвар дээр гарсан гэсэн гэдгийг хөдөлбөргүй тогтоосон. /хх 5-11/ Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.40-д Уулзвар гэж юу бэ гэдгийг тодорхой заасан байгаа. Мэргэжлийн бүрэлдэхүүн энэ уулзвар мөн бишийг мэдэхгүй байх боломжгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 5 дах заалтад явган зорчигчийн үүрэг бий. Энэ бүлгийн 5.6 дах хэсэгт Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэж заажээ.

Явган зорчигчийн буруутай үйлдэл байсаар атал 1720 дугаар мөрдөгчийн магадлагаа хэт нэг талыг барьж үнэнд нийцэхгүй гарсан. Энэ талаар шүүхэд бичгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт дахин шинжээчийн дүгнэлт гаргуулан хэргийг шийдвэрлүүлье гэсэн хүсэлт тавьсан. Шүүх хүлээн аваагүйн дээр явган зорчигчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн.

Зохицуулдаггүй уулзвар дээр явган зорчигч, тээврийн хэрэгсэл хоёрын хэн нь давуу эрхтэй вэ гэсэн онолын асуудал гарна. Явган зорчигч уулзар дээгүүр явж зам нэвтэрнэ гэсэн ойлголт хаана ч байхгүй. Харин ч Б.С-ын буруу байгаа эсэх эргэлзээтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж, 1.3 дах заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж тус тус заасныг зөрчсөн буюу шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Хохирогч явган хүний гарцаар гарч байсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Хавтас хэрэгт хохирогчийг явган хүний гарцаар явж байсан гэсэн ямар ч бичгийн болоод өөр фото зураг зэрэг нотлох баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт хохирогч үнэнийг мэдүүлэх ёстой. Хохирогчийн энэ мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бол энэ нь өөрөө бие даасан гэмт хэрэг юм. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйл/

 Хохирогч багш , ахмад настай хүн байтлаа Монгол Улсад иргэд, хуулийн этгээд бүгд дагаж мөрдөнө гэсэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж уулзвар дээгүүр явж байна. Ирээдүйг, иргэдийг сургаж хүмүүжүүлэх үлгэрлэх ёстой биш үү. Эрх зүй гэдэг ойлголтод зөвхөн хууль, дүрэм дангаараа ордоггүй.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Хохирогчийн хэт болгоомжгүй үйлдэл эс үйлдэл нөлөөлсөн бол гэм хорын хэмжээг багасгаж болно”, 514.2 дах хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан. Хэргийн бодит байдалд нийцсэн шийтгэх тогтоол гаргасан бол Б.С-ын төлөх төлбөр их хэмжээгээр багасах байсан. Ө.С- нь санамсар болгоомжгүй гэм хэрэгт анх удаа шийтгүүлж байгаа. Ам бүл тавуулаа амьдардаг. Сантехникч мэргэжилтэй хүн юм. Хувийн жижиг компанид ажилладаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч М.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэнд гомдолтой байна. Би явган хүний замын дунд явж байгаад харахад шүүгдэгч зөөлөн ирж байсан, би тухайн хугацаанд гарч амжих боломжтой байсан. Гэтэл гэнэт ойртож ирээд хурдаа нэмээд намайг баруун талаараа мөргөсөн. Хэрэв тухайн жолооч зөөлөн явсан бол би 2, 3 алхаад л явган хүний зам руу орох хугацаа байсан. Тухайн жолооч тээврийн хэрэгслээсээ бууж ирээд “уучлаарай эмээ, юу ч харсангүй, миний буруу” гэж хэлж байсан, надад ямар ч буруу байхгүй. Мөн тухайн газарт ямар нэгэн явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио байхгүй байсан бөгөөд явган хүний давуу эрхийн дагуу явсан. Тухайн тээврийн хэрэгсэл зогсоод хүлээх ёстой байсан. Мөн надад олон дахин шүүхээр явахад хүндрэлтэй байна, даралт ихсэх болон стресс зэрэг асуудлууд тулгарч байна. Би өөрт учирсан зардлуудыг тооцохдоо залуу хүүхэд, миний ач, зээ нартай адилхан хүүхэд гэж бодоод маш багаар тооцсон. Мөн сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлалын дагуу тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

 

Хохирогч М.О-ийн өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хуульч бид нар хуулийг төсөөтэй, өөрийнхөөрөө тайлбарлаж болохгүй ба хуулийг тайлбарлах эрх бүхий этгээдүүд биш. Шүүх гагцхүү хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд талууд хэн аль нь хүсэлт, гомдол гаргах эрхтэй. Хэрэв хүсэлт гаргасан бол прокуророос  хүсэлтийг хангах эсэх асуудлыг шийддэг. Иймээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд тухайн мөрдөгчийн магадлагаатай холбоотой хүсэлт гаргаагүй бөгөөд прокурорыг үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Магадлагаатай маргаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн мөрдөгч шинжээчийн тусгай зөвшөөрөлтэй талаар шийтгэх тогтоолд дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд зааснаар прокурор үүргээ гүйцэтгээгүй гэсэн. Прокурорт хүсэлт өгөөд тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй байвал хууль зөрчсөн гэж үзэж болно. Гэтэл энэ талаарх хүсэлт өгсөн баримт байхгүй. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой нотолсон буюу магадлагаанд хохирогч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдоогүй. Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж тус тус заасан бөгөөд эдгээрийг зөрчсөн гэж дүгнэсэн. хэргийн 7 дугаар талд гэрэл зургийн үзүүлэлт, 9-11 дүгээр талд гэр хорооллоос гол зам руу нийлсэн туслах зам болохыг тогтоосон баримт, хэргийн газрын хэмжилт хийсэн бүдүүвч, мөрдөгч Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, магадлагаа зэргүүдээр тогтоогддог. Энэ хэргийн талаар шүүгдэгч нь анхны мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн үед мөн хүлээн зөвшөөрдөг бөгөөд “нүд гялбаад юу ч хараагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн.

Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг талаар мөн адил тодруулж гэм буруутай эсэхийг бүрэн тогтоосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан буюу прокурор үүргээ зөрчсөн нөхцөл тогтоогдохгүй байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Бямбасүрэн халагдсан байхад итгэмжлэл өгсөн гэсэн. Гэвч тухайн ажилтан халагдсантай холбоотой нотлох баримт байхгүй, тухайн баримтыг шүүхийн шатанд гаргаж өгөх боломжтой байсан. Энэ хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлэхдээ тухайн үеийн сайтын мэдээг хавсарсан байсан тухайн мэдээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймээс тухайн итгэмжлэлийг хууль зөрчсөн байна гэж үзэх нь үндэслэлгүй. Шүүгдэгч нь хохирол төлбөр төлснийг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн зүгээс улсын хохирлыг төлчихөөд иргэний хохирлыг төлөхгүй байж болно гэж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр хүсэлт гаргах боломжоор хангасан, хүсэлтээ гаргасан яаж шийдэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал, шүүх нотлох баримтуудад үндэслэж хуульд захирагдах ёстой бөгөөд заавал гаргасан хүсэлт бүрийг тухайн оролцогчид нийцүүлж гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар магадлагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн үед “уулзвар нэвтрээгүй, явган хүний зам дууссан учир чигээрээ гудамжны замыг хөндлөн гарч явсан” гэж мэдүүлсэн.  Өмгөөлөгчийн зүгээс “хашилт, хайсгүй газраар явах ёстой” гэсэн. Гэтэл тухайн газарт хашилт, тэмдэг, тэмдэглэгээ байхгүй. Ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрүүлээд гарах ёстой байсан хохирогчийн анх өгсөн мэдүүлэг, анхан болон давж заалдах шатны шүүхэд өгсөн мэдүүлгээр ойрхон тээврийн хэрэгсэл ирээгүй гэж тайлбарласан. Гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тээврийн хэрэгсэл ойрхон ирж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэрэглээгүй гэсэн. Яг,  ямар хүчин төгөлдөр хэрэгжээгүй хуулийг хэрэглэсэн эсэх нь ойлгомжгүй, анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэрэглэсэн. Улсын Дээд шүүхийн тогтоолоор 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хүснэгтээр тогтооно гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой хуулийн хүрээнд тайлбарлаад бичсэн. Улсын дээд шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон ямар нэгэн эрхийн акт гараагүй, тухайн тогтоолыг хүчинтэй эрх зүйн акт мөн гэж үзнэ. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тухайн тогтоолыг тайлбарлахдаа “дээд шүүхээс чиглэл өгсөн гэсэн, чиглэл өгсөн болохоор тухайн тогтоолыг хэрэглэж болохгүй, заавал шинжээч томилох ёстой” гэсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед 5 хоногийн завсарлага авсан боловч нэг ч төгрөг төлөөгүй. Энэ нь тухайн хүний нөхцөл байдлаас болсон байх гэж үзээд огт маргаагүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэхтэй холбоотой нэг ч тайлбар хэлээгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн өмгөөлөгч нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлсэн албаны даргын тогтоол гараагүй гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хуралдаанд маргаж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх” гэж заасан. Цагдаагийн байгууллагын ажилтан ээлжийн амралтай, өвчтэй, чөлөөтэй байх зэрэг асуудал гардаг. Заавал албаны дарга тогтоол үйлдэхээр заасан хуулийн заалт байхгүй. Албаны дарга нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид даалгаж болдог. Үүнийг тухайн цаг хугацаанд прокурорт мэдэгдэж, тэмдэглэл үйлдэхээр заасан зүйл байхгүй. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид хэрэг шилжүүлэхэд прокурорын тогтоол гаргах нь өрөөсгөл асуудал. Магадлагаа гаргасан мөрдөгч нь өөрийнхөө магадлагааг танилцуулах талаар гомдолдоо дурдаж байна. Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч нар байдаг учраас магадлагааг танилцуулах эрх бүхий субъект гэж прокурорын зүгээс ойлгосон. “Эрүүл мэндийн даатгалын газар”-ын дарга баривчлагдсан талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдүүлсэн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч маргаж шүүх хуралдаанд оролцдог. “Эрүүл мэндийн даатгалын газар” нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. Нэг талаас албаны дарга албан тушаалаас чөлөөлөгдсөн эсэх талаар нотлох баримт байхгүй. Өмнө эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр нь хууль бус актад тооцогдохгүй. Мөн явган хүний гарцаар гараагүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо дурддаг. Гэвч хэрэгт цугларсан баримтаар “явган хүний зам” үргэлжилж байна. Гэр хорооллын явган хүн гаргах гарц байна. Үргэлжлээд явган хүний гарц байдаг. Үүнийг явган хүн давуу эрхтэй гэж ойлгож мөрдөгчийн магадлагааг прокурорын зүгээс хуульд заасан эрх, үүргийн дагуу үнэлсэн. Мөрдөгчийн магадлагааны талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Прокурор мөрдөгчийн магадлагааг үгүйсгэж дахин шинжээч томилуулаагүй, шинжээчийн дүгнэлтэй адилтган үзсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийг анхан шатны шүүхээс Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэж гаргахаар шийдсэн. Мөн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж шийдвэрлэсэн. “Явган зорчигч”-ийг буруутай үйлдэл байхгүй. Давж заалдах шатны шүүх хуралд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргаж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.С-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.С- нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн замд “Toyota prius” загварын ****УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зам гарч явсан явган зорчигч М.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн богтос ясны залаа сэртэнгийн далд хугарал, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.О-ийн “...2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр автобусны эцсийн буудал дээр буугаад замынхаа зүүн талаас явган хүний гарцаар гарч байхад жижиг цагаан машин ирж байсан. Намайг харж байгаа байх гэж бодоод замын голд явж байхад гэнэтхэн хурдаа аваад миний баруун талын ташаа руу мөргөсөн. Би 2-3 метр зайд зүүн талаараа унасан. Хэсэг ухаан алдаад сэрээд харахад тухайн машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд “эмээ уучлаарай, хурдан гэмтлийн эмнэлэг орж үзүүлье, дараа нь цагдаа дуудаж болно” гэж хэлээд намайг аваад явсан. ...” /хх 15/,

гэрч Б.Э-ийн “...9 дүгээр сард С- машинтай явж байгаад нар гялбаад нэг эмээг мөргөчихлөө гэж хэлсэн. ...” /хх 111/,

Б.С-ын яллагдагчаар өгсөн “...туслах замаас төв зам руу орох гээд явж байх үед өөдөөс нар гялбаад би зүүн, баруун тал руугаа машин байхгүй болохоор нь хөдөлтөл урд хүн гараад ирчихсэн. Тухайн хүнийг машиныхаа урд талын хэсгээр мөргөөд зогссон. ...” /хх 100/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...М.О-ийн биед зүүн богтос ясны залаа сэртэнгийн далд хугарал, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11653 дугаар дүгнэлт /хх 71-73/,

“...жолооч Б.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3, 10.1-т тус тус заасныг зөрчсөн. ...” болохыг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батжаргалын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1720 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 89/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-11/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх 79-83/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.С- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.С-ын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас тухайн үед зам гарч явсан явган зорчигч М.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат “...хэрэгт өөр мөрдөгч нотлох баримт бүрдүүлж, магадлагаа танилцуулсан, ...мөрдөгчийн магадлагаа хууль зүйн үндэслэлгүй, хэрэг болсон газар нь уулзвар мөн эсэх, осол гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, ...байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд итгэмжлэл олгосон, ... хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг тухайлбал, ослын газрын схем зураг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа зэргийг анхан шатны шүүх харьцуулан шинжлэн судалсны эцэст хэргийг үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тогтоож, эдгээр асуудлын талаар хууль зүйн дүгнэлт хийж, холбогдох шийдлийг гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 

Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд томилогдсон шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдоно.

 

Тодруулбал, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гол ач холбогдол бүхий нотлох баримт нь автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөн эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа байдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 г.м) тодорхойлон зохицуулжээ.

 

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадлагааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батжаргалын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1720 дугаар мөрдөгчийн магадлагааг үндэслэлтэй хэмээн дүгнэж, шүүх хэрэгт авагдсан бусад баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр үнэлж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, мөрдөгч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба эдгээр дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжинням тус хэрэгт хохирогч М.О-ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 21-40, 108-109/-ыг хүлээн авснаас гадна иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоох, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох талаар гэрч нараас мэдүүлэг авч /хх 110-115/, шинжээчийн дүгнэлт болон хавтас хэргийн материалтай танилцуулах /хх 118-119, 121/ зэрэг ажиллагаануудыг хийжээ.

 

Тухайн нотлох баримтуудыг судлахад хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн байгааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүхээс хохирогч М.О-ийн эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөр болох 1.600.560 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар заасан ба давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат Эрүүл мэндийн даатгалын санд 1.600.560 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгснийг иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудалд маргаагүй гэж дүгнэн энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Харин хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэх асуудлын тухайд,

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан болно.

 

Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

 

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” 2.1.5-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.

Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1,5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтас хэргийн материалд хавсаргана" гэж тус тус зааж тодорхойлсон байна.

 

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч Х.Энхтулгын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

 

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтын хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, 6 дахь заалтад хохирогч М.О- нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрхийг нэмж оруулсан өөрчлөлтүүдийг хийж, шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Г.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлын “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.С- нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд 1.600.560 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/508 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Б.С-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан эмчилгээний зардлын 2.910.855 төгрөг гаргуулан хохирогч М.О-т, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар 1.600.560 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олг

7

8

ТОГТООЛI

хувийн (

зүйлийн прокуро 14 хоно гаргах, с

осугай. ...” гэж,

 

6 дахь заалтыг “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй/, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч нь өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.С- нь Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд 1.600.560 /нэг сая зургаан зуун мянга таван зуун жар/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН