Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 489

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___ овогт О-н Н-т холбогдох эрүүгийн __________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________________

 

Шүүгдэгч О.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 11-7 тоот гэртээ эхнэр болох иргэн У.Зтай гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар У.Згийн биед халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Нын өгсөн:

            “...2018 оны 04-р сарын 08-ны өдөр миний бие 23 цагийн орчим гэртээ архи уучихсан нилээн согтчихоод орон дээрээ хэвтэж байсан юм. Тэгтэл гаднаас эхнэр У.З орж ирээд намайг хардаж сэрдээд хэрүүл өдөөд эхэлсэн юм. Харин босож очоод түүнийг алгадаад нүүр болон мөр лүү нь хэд хэдэн удаа цохиж түүнийг газар унагаагаад дээрээс нь цээж нуруу бие рүү нь болон гар хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөж зодсон юм. Харин У.З удалгүй гэрээс гараад гүйчихсэн. Би У.Згийн араас гарч түүнийг хайгаад явж байгаад хэсэг хугацааны дараа хашааны гадаа У.Зтай ахин тааралдаж түүнтэй хэрэлдээд байж байтал цагдаа ирээд намайг саатуулах байрлуу авч явсан юм...” гэх мэдүүлэг  /хх-н 54-55/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч У.Згийн өгсөн:

“...2018 оны 04-р сарын 08-ны өдөр Н нь өглөө 11 цагт гэрээсээ гарснаас хойш ирэхгүй байсан учир түүнийг гадуур хайж явж байгаад 23 цагийн үед гэртээ буюу БГД-ийн 10-р хороо Зүүн-наран 11-07 тоотод байшинд яваад ортол Н нь гэртээ ирчихсэн орон дээр доошоо харчихсан согтуу хэвтэж байсан юм. Бидний амьдардаг гэр хорооллын тухайн тоот хашаанд манай байшингаас манай хадам ээжийн гэр болон Нын эмээ болон хүргэн ах нар тусдаа байшинд амьдарцгаадаг юм. Ингээд Н согтуу ирчихсэн байсан учир гэр орон хүйтэн байхад чинь хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ. Б гэдэг хүүхэнтэй чамайг хамт явсныг найз Мөнхжаргалаас чинь сонслоо” гээд хэлтэл, Н нь “миний хаана явах нь чамд ямар хамаатай юм бэ пизда минь" гээд миний бүх бие рүү алгадаж хөлөөрөө өшиглөж зодсон юм. Харин би зугтаагаад байшингаас гараад хадмынхаа гэр рүү яваад ортол. Тэнд Нын дүү Д, Улаакаа, эмээ нар нь байхад тэдний хажууд зуух тойроод л намайг хөөж зодож гүйгээд байсан юм. Ингээд гэрээс гараад хашааны хаалганы тэнд намайг мөн адил алгадаж унагаагаад өшиглөж зодсон юм. Энэ үед эмээ нь намайг амбаарны ард нуугдуулсан.

Харин би Ныг гэрлүүгээ оронгуут хашаанаас гарч гүйгээд ойр амьдардаг найз Огийн гэрлүү явж орсон юм. Тэр үед Огийн ээж Ц байж байсан юм. Мөн энэ үед би өөрийнхөө утсаар 102 руу дуудлага өгсөн юм. Ингээд том охин Хонгорзул нь зодоон болж байх үед хадам эмээгийн гэрт орон доогуур нуугдсан байсан учир ядаж буцаж очоод том охиноо авъя гэж бодоод Ц эгч тэдний хүү Чөдөрөө эхнэрийн хамт гэрлүүгээ яваад очтол Н нь ахиад зодох гээд хашааны гадаа элдэж хөөгөөд эхэлсэн юм. Харин хамт очсон хүмүүс маань намайг зодуулахгүй хамгаалсан. Удалгүй цагдаа ирж Ныг эрүүлжүүлэх байранд саатуулж намайг гэмтлийн эмнэлгийн нэг цэгийн хамгаалах байранд бага охины хамтаар хүргэж тэнд хонуулсан. Ингээд би маргааш нь хорооны байцаагчид мэдүүлэг өгч хамтдаа шүүх эмнэлэгт үзүүлсэн юм. Миний зүгээс нөхөр О.Нт ямар нэгэн гомдолгүй бөгөөд бид одоо хамтдаа эвтэй сайхан амьдарч байгаа..” гэх мэдүүлэг /хх-н 37-41/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн _______ тоот:

            1. У.З-н биед тархи доргилт, баруун дээд доод зовхи хацар шанаа, ууц нуруу, зүүн мөр, хэвлийн зүүнд доод хэсэгт цус хуралт, зүүн 8-р хавирга хугарал, зүүн шууны доод булууны гадна ирмэгт зөрөөгүй далд хугарал тогтоогдов.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

            3.Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

            4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө гэх дүгнэлт /хх-н 20/,

 

Шүүгдэгч О.Нын хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 61/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 66/,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 73-74/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч О.Н нь гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж У.Згийн биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Нын “...2018 оны 04-р сарын 08-ны өдөр миний бие 23 цагийн орчим гэртээ архи уучихсан нилээн согтчихоод орон дээрээ хэвтэж байсан юм. Тэгтэл гаднаас эхнэр У.З орж ирээд намайг хардаж сэрдээд хэрүүл өдөөд эхэлсэн юм. Харин босож очоод түүнийг алгадаад нүүр болон мөр лүү нь хэд хэдэн удаа цохиж зодоод түүнийг газар унагаагаад дээрээс нь цээж нуруу бие рүү нь болон гар хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөж зодсон юм...” гэх үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

            хохирогч У.Згийн “...2018 оны 04-р сарын 08-ны өдөр ... Н нь “миний хаана явах нь чамд ямар хамаатай юм бэ пизда минь" гээд миний бүх бие рүү алгадаж хөлөөрөө өшиглөж зодсон юм. Харин би зугтаагаад байшингаас гараад хадмынхаа гэр рүү яваад ортол. Тэнд Нын дүү Д, Улаакаа, эмээ нар нь байхад тэдний хажууд зуух тойроод л намайг хөөж зодож гүйгээд байсан юм. Ингээд гэрээс гараад хашааны хаалганы тэнд намайг мөн адил алгадаж унагаагаад өшиглөж зодсон юм...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн __ тоот зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч У.З нь “...миний зүгээс цаашид О.Нт гомдол санал байхгүй бид хоорондоо эвлэрч сайн сайхан амьдарч байгаа тул нөхөр О.Нт хамгийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-н 78/ гаргасан байх тул О.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний хувийн бусад байдал буюу хохирогч У.З нь хувцасаа аваад явсан шүүгдэгч, хохирогч нар нь хамт амьдрахгүй байгаа, гэр бүлийн баталгаа байхгүй зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Н нь хохирогч У.Зтай уулзахгүй байх үүрэг хүлээлгэв.

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ____ овогт О-н Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хохирогч У.Зтай уулзахгүй байх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хэрэгт хавсаргагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ