Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/23

 

С.*******эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /цахим/

Шүүгдэгч С.******* /цахим/

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/65 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ерөнхий прокурор Б.Дэлгэрдалайгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.*******эд холбогдох 2429000000091 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ******* караокены өрөөнд Э.*******ын эрүүл мэндэд халдсаны улмаас тархины доргилт, баруун ухархай, хоншоорын дотор ханын хугарал, баруун нүдний доод зовхины язарсан шарх, дээд болон доод зовхи, хацрын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч С.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С.*******эд холбогдох эрүүгийн 2429000000091 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ерөнхий прокурор Б.Дэлгэрдалай давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:    

          ...Энэхүү хэрэгт 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 91 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн.

          Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ДШМ/54 дугаартай магадлалаар Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноос бус яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгоогүй, уг захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан хэлэлцэнэ.”, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, ...шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хоногоор хойшлуулна.” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Прокурорын хувьд давж заалдах шатны шүүхийн магадлалтай маргаагүй, магадлалыг заавал биелүүлэх үүргээ ойлгож байгаа бөгөөд гагцхүү уг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан 60 хоногийн хугацаанд биелүүлэн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд эрүүгийн 2429000000091 дугаартай хэргийг прокурорт буцаасан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/65 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Урьдчилсан хэлэлцүүлэг шүүхээс зарлаад хуралдаан дээр би прокурорын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү гэж хэлсэн.

Магадлалд заасан ажиллагааг биелүүлээд шүүхээр энэ хэргийг дахин хэлэлцүүлье гэж хэлсэн боловч шүүгч тухайн үед хүлээж аваагүй. Хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн учраас энэ эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Шүүгдэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.*******ыг цохичхоод маргааш нь уулзаж уучлалт гуйсан. Тэр үед ахыгаа ийм болгочихлоо гээд над руу зураг аваад явуулж байсан.

Хамрын хоншоорын хугарал нь хуучин гэмтэл байдаг. Хохирогч энэ талаар өөрөө хэлэх ёстой гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймаг дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Дэлгэрдалайгийн бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж С.*******эд холбогдох 2429000000091 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Ерөнхий прокурор Б.Дэлгэрдалай нь “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор В.Төгсбаяр нь ерөнхий прокурор Б.Дэлгэрдалайгийн гаргасан эсэргүүцлийг дэмжиж “...Урьдчилсан хэлэлцүүлэг шүүхээс зарлаад хуралдаан дээр би прокурорын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг удаа хойшлуулж өгнө үү гэж хэлсэн. Магадлалд заасан ажиллагааг биелүүлээд шүүхээр энэ хэргийг дахин хэлэлцүүлье гэж хэлсэн боловч шүүгч тухайн үед хүлээж аваагүй. Тэгээд прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх тайлбар гаргасан ба прокурорын эсэргүүцэл, тайлбар, дүгнэлт үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, хянан шалгах нь мөрдөгч, прокурорт хуулиар хүлээлгэсэн үүрэг бөгөөд яллах дүгнэлт үйлдсэн прокурор болон анхан шатны шүүх нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ДШМ/54 дугаартай магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ байх ба прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн зэрэгтэй тохирч байгаа эсэхийг харгалзалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалт, зарчимд нийцээгүй байна” гэж дүгнэжээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 221 дугаартай шинжээчийн

 1. Э.*******ын биед тархины доргилт, баруун ухархай, хоншоорын дотор ханын хугарал, баруун нүдний доод зовхины язарсан шарх, дээд болон доод зовхи, хацрын цус хуралт гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Баруун хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хавтас хэргийн 24-25 дахь тал/  гэсэн дүгнэлт хэрэгт авагдсан байхад хяналтын прокурор нь С.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж /хавтас хэргийн 73-76 дахь тал/ хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.******* нь хохирогчид учирсан гэх хоншоор ясны хугарал гэмтэл нь хуучин гэмтэл гэсэн тайлбарыг гаргасантай холбогдуулан хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шинэ эсхүл хуучин аль нь болохыг нарийвчлан тогтоож, гэмтэл үүссэн гэх цаг хугацааг тогтоох ажиллагааг тусгай мэдлэгийн шинжээч нэмэлт болон дахин шинжилгээ хийснээр тогтоох боломжтой ба анхан шатны шүүх энэхүү ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаагаа хуульд заасан хугацааны дотор шалгах, зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул ерөнхий прокурорын эсэргүүцлийг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/65 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/65 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ерөнхий прокурор Б.Дэлгэрдалайгийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бичсэн эсэргүүцлийг хангасугай.

2. Шүүгдэгч С.*******эд холбогдох 2429000000091 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

3. Шүүгдэгч С.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                                                Х.ГЭРЭЛМАА