Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/29

 

 

Б.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Б.Арсланбаатар,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/103 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Б.Арсланбаатарын гаргасан эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.*******д холбогдох 2428001180093 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

 

Яллагдагч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын *******, *******од гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.*******ийг зодож, биед баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр, баруун шуу, зүүн шилбэний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:

Яллагдагч Б.*******гийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг хангаж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2428001180093 тоот гурван хавтаст эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорын газарт очтол яллагдагч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор Б.Арсланбаатар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:    

1. Хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Б.******* /КЮ88031173/ нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын *******, *******од гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.*******ийг зодож, биед баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр, баруун шуу, зүүн шилбэний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн заалтаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхийг хориглосон. Шүүх шийдвэртээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж тус тус хуульчилсан” хэмээн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт шинжээчийн 3 дүгнэлт авагдсан бөгөөд чухам аль дүгнэлтийг шүүх бүрэн бус гэж үзэж байгаа, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ ямар нөхцөл байдал бий болсон, аль дүгнэлт нь үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй зэргийг тодорхой дүгнээгүй, нэмэлт, эсхүл дахин дүгнэлт гаргуулах эсэх нь тодорхойгүй байна. Мөн шүүх шийдвэр гаргаж шинжээчийн нэмэлт, дахин шинжилгээ хийлгэх ажиллагааг ямар үндэслэл, шалтгаанаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй, зөвхөн прокурорын тогтоолоос шалтгаалан хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тогтоож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй шийдвэр болсон.

3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийвэл: Мөрдөгчийн шинжилгээ хийлгэх тухай шийдвэрээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч С.*******ийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаартай анхдагч дүгнэлт гарсан ба уг дүгнэлтэд: “Биед үзлэг хийж, гэрэл зурагтай танилцан дүгнэхэд” Г.*******ийн биед тархины доргилт, зүүн нүдний доод зовхи, баруун шуу, гуя дахь цус хуралт, хүзүүний өмнө хэсэгт зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд /2024-03-15/ мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Г.*******ийн биед 2023 оны 12-р сарын 26-ны өдөр баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр, баруун шуу, зүүн шилбэний зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэж дүгнэсэн.

Б.******* нь уг шинжээчийн дүгнэлттэй 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр танилцаад дахин дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаснаар мөрдөгч шийдвэр гаргаж, дахин шинжээч томилсон ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Амартүвшин, Т.Номинцэцэг, Э.Баасанжав нарын бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 474 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр “Г.*******ийн биед зүүн доод зовхи, баруун шуу, баруун гуянд цус хуралт хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2024.03.15-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх баруун шууны цус хуралт нь баталгаажаагүй байна. 2023.03.26-ны өдрийн шинжээчийн 173 дугаартай дүгнэлтийн 1-р хэсэгт тусгагдсан тархи доргилт, мөн дүгнэлтийн 3-р хэсгээс бусад нь үндэслэлтэй байна. 2023.12.27 гэж бичигдсэн.

Г.*******ийн 4ш фото зурагт баруун доод зовхи, зүүн шилбэ, баруун шуунд цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл учирсан байна. Энэ нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2023.12.26-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэж дүгнэсэн. Шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр хохирогч Г.*******ийн биед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр гэмтэл үүсгэгдсэн, мөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт нь зөрүүгүй тогтоогдсон хэдий ч 3 шинжээчийн дахин гаргасан дүгнэлтэд” “...өмнөх шинжээчийн дүгнэлтийн 1 дүгээр хэсэгт тусгагдсан тархи доргилт, мөн дүгнэлтийн 3 дугаар хэсгээс бусад нь үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй эсэхэд эргэлзээ үүсгэсэн, мөн Б.******* нь шинжээчийн дүгнэлттэй 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр танилцаж, дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасны дагуу мөрдөгч дахин шинжилгээ хийлгэх шийдвэр гаргасан.

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Дунгаамаа, Ш.Цэцэгмаа, Б.Ганзориг, Н.Энхцолмон, Ж.Жаргалтуяа нарын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 821 дугаартай дүгнэлт гарсан ба уг дүгнэлтэд: “Г.*******ийн биед хэрэг болсон гэх 2024.03.15-ны өдөр зүүн доод зовхи, баруун шуу, баруун гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь 2024.03.21-ний №173, 2024.04.24-ний өдрийн №474 тоот дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 2. 2024.03.21-ний №173 тоот дүгнэлтийн 5 дахь заалт, 2024.04.24-ний өдрийн №474 тоот дүгнэлтийн 6 дахь заалтад тусгасан гэмтлүүд нь 2023.12.27-н гэж бичигдсэн 4 ширхэг фото зурган дахь гэмтлүүдтэй байршил зүй, морфологи элементийн хувьд хоорондоо тохирч байна.

Фото зурагт баруун доод зовхи, зүүн шилбэ, баруун шуунд цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл үүссэн, фото зурган дахь гэмтлүүдийн шинж байдлаас харахад 1-2 хоног доторх хугацаанд үүссэн байж болохоор шинэ гэмтлүүд харагдаж байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх механизмаар үүсгэгдэнэ. Дээрх гэмтүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг цаашид тогтонги алдагдуулахгүй. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024.04.24-ний өдрийн 474 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. 2023.12.27-ны өдөр гэж тэмдэглэсэн 4 ширхэг фото зурган дахь гэмтлүүд дээр тухайн гэмтлийн байршил зүй, морфологи элементийг тодорхойлж болох ба хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Тусгай хэмжээс бүхий шугам ашиглаж авсан тохиолдолд фото зурган дээр гэмтлийн хэмжээг нарийвчлан тогтоох боломжтой юм. Хэргийн материалаар, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж ирсэн фото зургийг үндэслэж дээрх дүгнэлтүүдийг гаргасан байна. ...” гэж дүгнэснээр өмнөх дүгнэлтүүдийн зөрүү арилсан ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон болно.

4. Хэрэгт хяналтын прокурор О.Батнасангийн үйлдсэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаартай 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай оролцогчийн хүсэлтийг хангасан тогтоол хавсаргагдсан боловч оролцогч Б.******* нь Улсын ерөнхий прокурорын газарт прокурорын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаар яллах дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасны дагуу Дээд шатны прокурорын газраас хэргийг татаж хянан, “Шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, нотлох баримт, түүнд агуулагдах үйл баримт, мэдээлэл, нөхцөл байдлыг хоорондын харилцаа хамааралд дүн шинжилгээ хийж, эх сурвалжийг нь магадлан, нотлох баримт бүр бусад нотлох баримтаар нотлогдсон, баталгаажсан байх эрх зүйн онолд тулгуурлан бүхэлд нь дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг тогтоох, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шүүх 5 шийдвэрлэх нотлох баримтын хүрэлцээ, хангалттай байдал бүрэн хангагдсан...” гэж дүгнэж, оролцогчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсний дагуу хяналтын прокурор нь хэргийг шүүхэд шилжүүлсэн ажиллагаа нь прокурор, дээд шатны прокурорын хууль ёсны шийдвэр, даалгаврыг заавал биелүүлэх талаарх Прокурорын тухай хуульд заасан “нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх” зарчимд нийцсэн шийдвэр гэж дүгнэж байна.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, нотлох баримт, түүнд агуулагдах үйл баримт, мэдээлэл, нөхцөл байдлын хоорондын харилцаа хамааралд дүн шинжилгээ хийж, эх сурвалжийг нь магадлан дүгнэлт хийх, шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэхдээ нотлох баримтаар тооцсон болон тооцоогүй үндэслэлээ дүгнэлт бүрээр тусгаснаар хэргийн бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой гэж дүгнэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/10З дугаартай захирамжийн “7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай яллагдагч Б.*******гийн хүсэлтийг хүлээн авсан” заалтыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцлийг бичив гэжээ. 

 

          Прокурор Б.Арсланбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.*******гийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчсөн ноцтой зөрчил байхгүй. Оролцогчдын эрхийг хассан болон хязгаарласан зөрчил байхгүй гэж үзэж байна. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт тодорхойгүй гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас шүүх хууль бус үндэслэлгүй шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Мөн сая дурдагдсан сэтгэцэд учирсан хор хохирлыг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд нөлөөлөхгүй гэж үзвэл иргэний журмаар тогтоолгох нэхэмжлэлийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь хохирогчийн эрх зүйн байдал дордохгүй гэж үзэж байна.

          Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Б.Арсланбаатарын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Яллагдагч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын *******, *******од гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.*******ийг зодож, биед баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр, баруун шуу, зүүн шилбэний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хяналтын прокурор Б.Арсланбаатар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй, оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул яллагдагч Б.*******гийн хүсэлтэд дурдсан 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, хохирогч Г.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох ажиллагааг хийлгэхээр Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын прокурор Б.Арсланбаатар нь “Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, нотлох баримт, түүнд агуулагдах үйл баримт, мэдээлэл, нөхцөл байдлын хоорондын харилцаа хамааралд дүн шинжилгээ хийж, эх сурвалжийг нь магадлан дүгнэлт хийх, шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэхдээ нотлох баримтаар тооцсон болон тооцоогүй үндэслэлээ дүгнэлт бүрээр тусгаснаар хэргийн бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой.” гэж үзэн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

 

Яллагдагч Б.*******гийн шүүхэд ирүүлсэн “...О.Батнасан прокурор нь миний гомдлыг бүрэн үндэслэлтэй байна гэж үзээд 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлтийг маань хангаж тогтоол гаргасан ба уг тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргаагүй. Миний эрхийг зөрчсөн тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаартай  “Хүсэлтийг бүрэн хангах тухай” тогтоол /3-р хавтаст хэргийн 14 дэх тал/-оор дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах яллагдагчийн хүсэлтийг хангаж, “дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой” гэж дүгнэн шийдвэрлэсэн атлаа шинжээчдийн дүгнэлт гаргуулаагүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Түүнчлэн хяналтын прокурорын 57 дугаартай дээрх тогтоол нь хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд прокурорын тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дээд шатны прокурор хүчингүй болгох эрхтэй ба энэ талаарх шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл дээд шатны прокуроруудын зүгээс яллагдагчийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоолуудыг тус тус гаргаж шийдвэрлэсэн байх боловч 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байна.

 

 Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ”, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Шинжээчийн  дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ” гэж хуульчилсны дагуу шүүхэд  нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх эрх хуулиар олгогдсон хэдий ч “дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой” гэж үзэж шийдвэрлэсэн прокурорын тогтоол хүчин төгөлдөр хэвээр байхад шүүх дээрх хуулийн дагуу нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх боломжгүй, улмаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх ажиллагаа хийх боломжгүй байдлыг бий болгож байна.     

 

Иймд прокурорын “Прокуророос шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй, тал бүрээс нь дүгнэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэдий ч шүүх дүгнэлтийг бүрэн бус, эргэлзээтэй, дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үздэг. Шүүхийн шатанд шинжээч томилох тохиолдол байдаг. Гэтэл энэ хэргийн хувьд шүүхийн шатнаас шинжээч томилж болохгүй, нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш. Шүүхийн шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас шүүх хууль бус үндэслэлгүй шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.” гэх эсэргүүцлийн агуулга үндэслэлгүй байна.

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь тухайлсан гэмт хэрэгт хамаарах тул хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасан хүснэгтийн дагуу сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ” гэх хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргажээ.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ..., Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, ...-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт “Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ:” 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэж тус тус заажээ.

 

Хохирогч Г.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” нотлон тогтооно гэж тус тус зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

          Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хяналтын прокурор Б.Арсланбаатарын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/103 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

 

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР   

                                                                                                                                                                                    

                                                                                           Х.ГЭРЭЛМАА