Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/210

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч А.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О-д холбогдох эрүүгийн 1838001530235 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.О.

Шүүгдэгч А.О нь 2018 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг “Хөх чоно” баарны хашаанаас иргэн С.Г-н 10 тооны ямааг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.О нь 2018 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг “Хөх чоно” баарны хашаанаас иргэн С.Г-ийн 10 тооны ямааг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч А.О-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Би 9-н тооны бараан зүсмийн борлонгуудыг ээлж дараалан хоолойг нь биедээ авч явсан модон иштэй төмөр хутгаар хэрчээд арьсыг нь хуулж аваад махыг нь хашаанд үлдээгээд хашаанаас гараад “Гангар” халуун усны хажуугаас саарал өнгийн жижиг такси бариад 12 дугаар багт байдаг арьс авч байсан нэг айлд аваачиж тэр айлын эзэнд нэг арьсыг 10.000-д бодож өгсөн. Тэгээд 90.000 төгрөг аваад тэр мөнгөөрөө архи авч уусан. ...Би хийсэн хэрэгтээ ихээр гэмшиж байна. Би хохирлыг нь барагдуулна" гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Хохирогч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Өнгөрсөн шөнө манай хоттой хониноос 9 ямааг минь хашааны буланд аваачиж алаад арьсыг нь хуулаад аваад явсан байна. Нэг ямааг нь алсан боловч арьсыг нь хуулаагүй үлдээсэн байсан. Би өнгөрсөн шөнө 23 цагийн үед малаа эргэж тойроход зүгээр байсан, тэрнээс хойш болсон юм болов уу тэгээд өглөө ийм болсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,

Гэрч М.П-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”…2018 оны 02 дугаар сарын дундуур байх нэг өндөр залуу манай гадаа ирээд арьс авах уу гэхээр нь хэдэн ширхэг арьс байгаа юм бэ гэсэн чинь 9 ширхэг арьс байгаа гэсэн. Тэгэхээр нь авъя гээд арьснуудыг харсан чинь жижиг борлонгуудын арьс байсан. Том ямааны арьсыг бол 15.000 төгрөгөөр авдаг байсан. Харин тэр жижиг борлонгийн арьс байсан тул би 10.000 төгрөгөөр авсан. Тэгээд нийтдээ 90.000 төгрөг өгсөн. Ямааны арьснуудыг хот руу аваачиж зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”…2018 оны 02 дугаар сар байх аа яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Шөнө болсон байсан 13 дугаар хороонд байх “Гангар” халуун усны хажуу талаас нэг өндөр 20 орчим насны залуу ямааны арьснууд барьсаар ганцаараа суусан. Тэгээд 12 дугаар хороо орж ямааны арьс авч байсан айлд оруулж 9 ширхэг арьсаа 10.000 төгрөгөнд өглөө, би хөдөөнөөс орж ирсэн юм аа ах гэж хэлээд тэндээсээ хөдөлж гэрэлтэй цонх руу явсан. Тэгээд гэрэлтэй цонхны тэнд буугаад надад 10.000 төгрөг өгөхөөр нь би 5.600 төгрөг хариулж өгөөд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

  Хөрөнгө үнэлсэн тайлан  /хх-ийн 29 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838001530235 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч А.О нь хохирогч С.Г-т учруулсан 300.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч А.О-с 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Г-т олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838001530235 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.О-г мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч А.О-г 3 /гурав/  жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх,  гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.О-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тэнссэн хугацаанд шүүгдэгч А.О нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.О-с 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Г-т олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.      

      8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.НЯМСҮРЭН