Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/24 

 

С.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор О.Батнасан,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******ийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******,

Шүүгдэгч С.******* /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Р.Уранчимэг, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй, хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч С.*******т холбогдох 2428000000229 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч С.******* нь хохирогч С.*******ээс 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 15,000,000 төгрөгийг хүүхдийг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, “Хаан” банкны өөрийн эзэмшлийн данс болох .............дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

- Хохирогч Б.*******аас 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дүүг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ******* тоот дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Хохирогч М.*******аас 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ******* тоот дансаар 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 - Хохирогч Ц.*******ээс 2024 оны 05 дугаар сарын 06, 31-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж 2 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

- Хохирогч Ц.*******аас 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг нийт 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 15.000.000 төгрөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, “Хаан” банкны өөрийн эзэмшлийн данс болох ******* дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

- Хохирогч Н.аас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 15.000.000 төгрөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, “Хаан” банкны өөрийн эзэмшлийн данс болох ******* дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

-Хохирогч Б.өөс 2024 оны01 дүгээр сарын 19-ний өдөр 7.500.000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 7.500.000 төгрөг нийт 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 15.000.000 төгрөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, “Хаан” банкны өөрийн эзэмшлийн ******* дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

- Хохирогч М.гээс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 15.000.000 төгрөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд хүүхдийг нь ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, “Голомт” банкны өөрийн эзэмшлийн 5209118066 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

- Хохирогч Б.гаас 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 10.000.000 төгрөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд хүүхдийг нь ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, “Хаан” банкны өөрийн эзэмшлийн ******* дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

- Хохирогч Д.гаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 8.000.000 төгрөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, “Хаан” банкны өөрийн эзэмшлийн ******* дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь С.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч С.*******т 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******аас нийт 122.000.000 төгрөгийг гаргуулж 15.000.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******т, 15.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч С.*******т, 8.000.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******д, 10.000.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******т, 15.000.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******д, 15,000,000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.т, 15.000.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.өд, 11.000.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч М.д, 10.000.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.д, 8.000.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.д тус тус олгож, шүүгдэгч С.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.д 4.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдаж,

Шүүгдэгч С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 -д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь “байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон” гэсэн заалт байх бөгөөд энэ нь тухайн гэмт хэргийг үйлдэхгүйгээр амьдрах боломжгүй, тус гэмт хэргийг байнга үйлдсэний үр дүнд амьжиргаагаа залгуулсан байх тухай нэгдмэл салшгүй ойлголтыг анхан шатны шүүх зөвхөн залилах гэмт хэргийн шинж, хэлбэрийг тодорхойлж, улмаар үүнийг амьдралдаа эдийн засгийн эс үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдэл гэж хууль зүйн үнэлэлт өгсөн ба харин “амьдралын эх үүсвэр болгосон” гэх нэгдмэл шинжийг орхигдуулсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 -д залилан мэхлэх гэмт хэргийг гэмт хэргээс олсон хууль бус орлогыг амьдралын эх үүсвэр болгон зарцуулсан байх гэсэн зайлшгүйг шалган тогтоох шинжийг заасан. С.*******ын хэргийн хувьд олон удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал бий үүнтэй маргах зүйлгүй хэдий боловч тухайн гэмт хэргээс олсон орлогыг амьдралын эх үүсвэрээ болгосон уу, үгүй юу гэдэг байдал хангалттай тогтоогдоогүй байдаг. Гэтэл шүүх “байнга үйлдсэн” гэх шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байх тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Хууль зүйн ойлголтын хүрээнд амьжиргаа залгуулах гол эс үүсвэр болсон гэдгийг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаас аль аль нотлох баримтуудыг үнэлж энэхүү идэвхтэй үйлдлийг хийсэн тогтоогдсон гэж үзсэн нь ойлгомжгүй байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 29 тоот шийтгэх тогтоолын 1, 2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт 2 жилийн хорих оногдуулаадах, цаашлаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх цаг хугацааны байдлыг тус тус харгалзан үзнэ үү.

Хяналтын прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцсэн шийдвэр болсон. Тухайн гэмт хэрэг нь 5-12 жилийн ялтай. Шүүхээс 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан гэдгийг дахин тодруулан хэлье. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй урт хугацаанд давтамжийн хувьд гурав буюу түүнээс дээш удаа уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж эсвэл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан ойлголт бөгөөд энэ нь практикт тогтсон ойлголт байдаг. Шүүгдэгч С.*******ын хувьд бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиглах боломжийг байнга эрэлхийлж, ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож буюу энэ цахим өрөөтэй тоглоомд тоглох энэ процесстоо ашигласан байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. ...Шүүгдэгч С.******* нь нэг төрлийн гэмт хэргийг 4 сар орчмын хугацаанд үргэлжлүүлж нийт 21 удаагийн үйлдлээр 10 хохирогчийг өндөр цалинтай ажилд орох хүслийг нь ашиглан зориудаар ажилд оруулна гэсэн зохиомол байдлыг үүсгэж хохирогчдоос нийт 126,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжид тохирч байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.гаас гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэж байна.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна. Энэ дээр дахиад хэлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц. нь шүүхээс дээрх асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж ярьсан боловч мөн гомдлынхоо төгсгөл хэсэгт цахим тоглоомын хэмжсэн байдлаар дүгнэлт хийсэн гэдэг байдлаар танилцуулчихлаа. Тэгэхээр дүгнэлт хийгээгүй эсвэл дүгнэлт хийсэн гэдэг нь эргэлзээтэй гомдлыг гаргасан байна гэдгийг анзаарч харснаа эрхэм шүүгчдэд хэлье гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдол дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 гэж би алдаа гаргасан байна. Тэрийгээ би зөвтгөж хэлье. ...Гомдлын үндэслэл буюу гомдол гаргах үндсэн шалтгаан нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж тайлбарлана. ...Шийтгэх тогтоол дээр шүүхээс хийж байгаа эрх зүйн дүгнэлт тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан буюу залилах гэмт хэргийг байнгын үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж гэм буруутайд тооцдог. Тэгэхдээ хүндрүүлсэн зүйл анги нь нэгдмэл хоёр ойлголтыг агуулж байдаг. Нэг ойлголт нь тоон давтамжийн хувьд буюу байнга үйлдсэн гэсэн ойлголт явж байдаг. Нөгөө нь байнга үйлдээд амьдралынхаа эх сурвалж, эх үүсвэр болгосон гэсэн идэвхтэй үйлдлийг нэгдмэл байдлаар зүйлчлэлд тусгаад өгчихсөн байдаг. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийж байгаа эрх зүйн дүгнэлт нь учир дутагдалтай. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...Яг амьдралын эх сурвалжийг буюу эх үүсвэр гэдэг зүйлийг бий болгосон гэдгийг ямар баримтаар нотлоод байгаа юм бэ? 126,000,000 төгрөгийг бусдаас залилж авсан үйлдэлдээ С.******* маргадаггүй. 126,000,000 төгрөг буюу 19 удаагийн давтамжийн үйлдлээр энэ орж ирж байгаа орлого нь ашиг олсон юм уу? Улсын Дээд шүүхийн тогтоол гэдэг зүйлийг хууль хэрэглээний талаасаа болон олон талаас нь авч үзэх эрх зүйн ойлголт болоод байна. ...С.*******ын энэ залилангийн гэмт хэрэг буюу 126,000,000 төгрөгийн орлогыг 19 удаагийн давтамжаар явж байхад үндсэн орлого, залилж олсон орлого нь хэд юм. Тухайн орлогоосоо ахиад ашиг олоод яг амьдралын эх үүсвэр гэдэг юм руугаа хэчнээн төгрөгийг нь зарцуулсан юм. Нийтдээ 10 хохирогч тогтоогдсон. ...Амьдралын эх үүсвэр болгосон гэдэг баримт энэ хэргийн хүрээнд авагдаагүй. Депозит дансны хуулга хэргийн хүрээнд авагдсан. Энэ депозит дансны хуулганаас орсон, гарсан зарлагаар үзэхэд хабу гэсэн үг байгаа. Тухайн мөнгийг бусдаас шилжүүлж авлаа хабу гэсэн нэршлээр цахим тоглоом руугаа шилжүүлээд өгчихсөн байдаг. Тухайн хүн гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд гэж байгаа. Гэмт хэргийг үйлдэх цаг хугацаандаа өөрөө амьжиргааны эх үүсвэрийн орлоготой байж уу, орлогогүй байж уу гэдэг зүйлийг зайлшгүйгээр гэм буруугийн асуудал буюу хүндрүүлэн үзэх зүйлчлэлээр шийдэхэд тогтоосон байхыг хууль шаарддаг. Энэ хэргийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, цалин хөлс авч байсан талаарх баримтыг бид нарын зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн. ...Харин нийгмийн даатгалын шимтгэл болон цалин хөлсний талаарх тодорхойлолт дээр С.*******ын хувьд нийтдээ 66,920,093 төгрөгийн орлоготой байсан буюу амьжиргааны эх үүсвэртэй хүн. Тэгэхлээр амьжиргааны эх үүсвэртэй хүн тоглоомоор тоглож авсан эх үүсвэрийг амьжиргаандаа зарцуулсан гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй. ...Давж заалдах гомдолтойгоо холбогдуулаад 5 хуудас бүхий бичгийн нотлох баримтыг өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолдоо 2 жилийн хорих ял буюу хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял ногдуулахаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж гомдолдоо бичсэн. Өөрийн үйлчлүүлэгч болон ар гэр гээд олон талаас ярилцаж гомдлоо өнөөдрийн байдлаар өөрчилж хэлье.

Яагаад өөрчилж хэлж байгаа юм гэхээр ар гэрийнхний санал бодол, мөн шүүгдэгчтэй ярилцсан санал, гомдлын үндсэн дээр энэ байдал нь өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч миний бие энэ хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож, торгуулийн ял шийтгэлийг оногдуулж, хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...Өмгөөлөгчийн зүгээс гомдлоо бүрэн дүүрэн дэмжин тайлбарлаж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн эрх ашгийг хамгаалан давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. ...С.******* нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдрал эх үүсвэр болгосон гэх үндэслэл бүрэн дүүрэн тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй, үнэн зөв, хөтөлбөргүй тогтоогдсон нөхцөл байдлын хэмжээнд ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн прокурорын саналтай санал нэг байна.

Өнөөдрийн байдлаар хохирогч хоёр хүний хохирол төлбөрийг барагдуулсан буюу бэлнээр өгсөн гэдэг нөхцөл байдлыг ярьж байна. Энэ дээр яагаад дансаар өгөх боломжгүй байсан юм бэ? яагаад бичгийн хэлбэрээр хохирлыг төлөх нөхцөл байдал үүссэн юм. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө яагаад тодорхой хэмжээний хүмүүсийн хохирлыг төлж орж ирээгүй байж ял шийтгэлийг хөнгөрүүлье, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгоё гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхээр бол миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд тайлбар дүгнэлтээ хэлж байсан. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаал байгаа. Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 энэ зүйлчлэл нь журамд хамаарч байгаа юм. Энэ журмаар хэрвээ хөнгөрөх юм бол иргэний нэхэмжлэгч хохирогч н.*******т сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох журмаараа энэ төлбөрийг тогтоолгох хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлж байсан. Үүнийгээ давж заалдах шатны шүүхэд хэлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Ийм учраас улсын яллагчийн болон гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.

Хохирогч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бүх хохирлыг барагдуулсан учраас гомдолгүй байна гэв.

Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би буруугаа хүлээж байна. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ үнэхээр харамсаж байна. Би шүүх хуралд орохоосоо өмнө мөрдөн байцаалтын хугацаандаа нийт хохирогч нартайгаа холбогдож бүгдээс нь уучлал гуйсан. Сая давж заалдах шатны шүүх хурлын өмнө манай ээж, аав хоёр арай бага мөнгөн дүнтэй хоёр хохирогчийн хохирлыг барагдуулсан байна. Яг үнэнээ хэлэхэд би энэ мөнгийг аваад тоглоомын данс руу л хийж шууд тоглосон. Би ар гэртээ хоол унд, хувцас хунар, хүүхдийн сургалтын төлбөр огт төлөөгүй. Үүнийг нотлох дансны хуулга байгаа. Утган дээрээ халдунд 89 гэсэн утгатай данс байгаа. Бүх мөнгөө аваад л тийш нь шилжүүлээд явсан. Бусдаар би ар гэртээ ямар ч мөнгө зарцуулаагүй. Мөн би уул уурхайн салбарт нийт 14 жил ажиллаж байна. “******* таван толгой” ХК-д 11 жил, “Энержи ресурс” ХХК-д 2 жил, “Алтай хүдэр” ХХК-д 1 жил ажиллаж байна. Шүүхээс энэ бүх зүйлийг харгалзан үзээд торгуулийн ял юм уу, хохирогчдын хохирлыг барагдуулах тал дээр зөөлөн хандаж өгнө үү гэж хэлмээр байна. Энэ хохирлыг яаж төлөх вэ гэхээр эргээд би уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллахад мэдлэг, туршлага, чадварын хувьд хангалттай гэж үзэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, ахлах мэргэжилтэн орон тоо уул уурхайн салбарт бол хаа сайгүй байдаг. Ерөнхийдөө 4,000,000-5,000,000 төгрөгийн дундаж цалинтай байдаг. “******* таван толгой” ХК-д ажиллаж байхдаа мөн давхар ай эс өү стандартаар уул уурхайн жижиг тээврийн компаниуд мөн ялгаагүй ай эс өү стандарт нэвтрүүлж байсан болохоор зөвлөн туслах үйлчилгээг давхар үзүүлж, давхар цалин авдаг байсан. Энэ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр давхар баталгаажиж байгаа. Мөн “Буян-Өлзий транс” ХХК, бас нэг компани байгаа. Энэ компаниуд мөн ай эс өү стандарт нэвтрүүлж байсан туршлагатай учраас би эргээд энэ хохирлыг 1 жил 6 сарын хооронд төлөөд барагдуулчихна. Мөн торгуулийн ялыг манай ээж, аав, ах дүү нар туслаад хохирлыг барагдуулна гэж ярилцсан байгаа. “Эрдэнийн гоёо” гэдэг компанид би хоригдохоос өмнө мөрдөн байцаалтын хугацаандаа заал зохион байгуулагч, менежер гэсэн албан тушаалд ажиллаж байсан.  Яагаад төв дээр ажилд орсон бэ гэвэл би мөрдөн байцаалтын хугацаанд хойш урагшаа явж болохгүй байсан учраас “Эрдэнэ гоёо” ХХК-д ажилласан. Цаашдаа хорихоос өөр төрлийн ял оногдуулах юм бол уул уурхайн салбар луугаа эргээд ажиллахад асуудал байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь шүүгдэгч С.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

         Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

         Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц. эс зөвшөөрч “С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь “байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон” гэсэн заалт байх бөгөөд энэ нь тухайн гэмт хэргийг үйлдэхгүйгээр амьдрах боломжгүй, тус гэмт хэргийг байнга үйлдсэний үр дүнд амьжиргаагаа залгуулсан байх тухай нэгдмэл салшгүй ойлголтыг анхан шатны шүүх зөвхөн залилах гэмт хэргийн шинж, хэлбэрийг тодорхойлж, улмаар үүнийг амьдралдаа эдийн засгийн эс үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдэл гэж хууль зүйн үнэлэлт өгсөн ба харин “амьдралын эх үүсвэр болгосон” гэх нэгдмэл шинжийг орхигдуулсан гэж үзэж байна. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 29 тоот шийтгэх тогтоолын 1, 2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт 2 жилийн хорих оногдуулаадах, цаашлаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх цаг хугацааны байдлыг тус тус харгалзан үзнэ үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

         Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэл бүхий байна гэж үзэж, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын мэтгэлцээн, тайлбар, дүгнэлтэд үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

         Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч С.*******ын үйлдлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

           “Хохирогч С.*******ээс 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 15,000,000 төгрөгийг хүүхдийг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, “Хаан” банкны өөрийн эзэмшлийн данс болох ******* дугаартай дансаар шилжүүлэн авсан,

          Шүүгдэгч С.******* нь өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ******* тоот дансаар хохирогч Б.*******аас 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дүүг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 8.000.000 төгрөгийг,

         Хохирогч М.*******аас 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10,000,000 төгрөгийг,

       Хохирогч Ц.*******ээс 2024 оны 05 дугаар сарын 06, 31-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж 2 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөгийг,

       Хохирогч Ц.*******аас 2024 оны 01 дүгээр сарын 06, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 15,000,000 төгрөгийг,

        Хохирогч Н.аас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, 15,000,000 төгрөгийг,

        Хохирогч Б.өөс 2024 оны 01 дүгээр сарын 19, 23-ны Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, 2 удаагийн үйлдлээр 15,000,000 төгрөгийг,

        Хохирогч Б.гаас 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 4 удаагийн үйлдлээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд хүүхдийг нь ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, “10,000,000 төгрөгийг,

        Хохирогч Д.гаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, “8,000,000 төгрөгийг,

        Хохирогч М.гээс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 15,000,000 төгрөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “******* *******” ХК-нд хүүхдийг нь ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж, “Голомт” банкны өөрийн эзэмшлийн 5209118066 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон байна.

       Тодруулбал: Шүүгдэгч С.******* нь 19 удаагийн үйлдлээр 10 хохирогчийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч С.******* нь 19 удаагийн үйлдлээр өөрийн Хаан банкны ******* дугаартай, Голомт банкны 5209118066 дугаартай дансаар дээрх нэр бүхий хохирогч нараас нийт 126.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан” гэх анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолын хууль зүйн дүгнэлт нь үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь:

       Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын үндэслэл болгож буй нотлох баримт болох хохирогч нарын мэдүүлэгт:  

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.*******ийн: ...ын ******* гэдэг бөгөөд “******* *******” ХК-нд ажилладаг хүн байгаа. Уг хүн нь манай хүүг ажилд оруулж өгнө гэж хэлээд надаас 15,000,000 төгрөг авсан бөгөөд Хаан банкны ******* тоот данс руу шилжүүл гэхээр нь би хэлсэн ёсоор нь итгээд мөнгөө 3 хувааж шилжүүлсэн. /1 хавтаст хэргийн 100-101 дэх тал/

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ы:  ...Уг хүн нь манай дүүг ажилд оруулж өгнө гэж хэлээд надаас 8,000,000 төгрөг авсан бөгөөд Хаан банкны ******* тоот данс руу шилжүүл гэсэн бөгөөд би хэлсэн ёсоор нь итгээд шилжүүлсэн. /1 хавтаст хэргийн 106-107 дахь тал/

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ын: ...намайг ажилд оруулж өгнө гэж хэлээд надаас 10,000,000 төгрөг авсан бөгөөд Хаан банкны ******* тоот данс руу шилжүүл гэсэн. /1 хавтаст хэргийн 112-113 дахь тал/

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******ийн:  ...манай нөхрийг ажилд оруулж өгнө гэж хэлээд надаас 15,000,000 төгрөг Хаан банкны ******* тоот данс руу шилжүүл гэхээр нь би хэлсэн ёсоор нь итгээд мөнгөө 2 хувааж шилжүүлсэн. /1 хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******ын:  ...намайг ажилд оруулж өгнө гэж хэлээд надаас эхлээд 5,000,000 төгрөг, дараа нь 10,000,000 төгрөг авсан бөгөөд Хаан банкны ******* тоот данс руу шилжүүл гэхээр нь би хэлсэн ёсоор нь итгээд мөнгөө 2 хувааж шилжүүлсэн. /1 хавтаст хэргийн 123- 124 дэх тал/

        Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.ын: ...нэг хүн нь 15,000,000 төгрөгөөр ямар ч асуудалгүй оруулж өгч чадна гэж хэлсэн. ...*******ын Хаан банкны ******* тоот данс руу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 15,000,000 төгрөг шилжүүлсэн. /1 хавтаст хэргийн 128-129 дэх тал/,

       Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.ийн:  ...Сумъяа гэх найз нь залгаад “******* *******” ХК-нд ажилд орох уу манай төрсөн ах тус компанид ажилладаг юм. Зохих хэмжээний мөнгө өгөх юм бол оруулж өгч болно гэхээр нь итгээд бид хоёр хоорондоо ярилцаад хүнээс 7,500,000 төгрөгийг зээлж өгсөн. Үлдсэн 7,500,000 төгрөгийг өөрийн эд хөрөнгөө зарж байгаад өгсөн юм. ...Мөнгөө 2 хувааж өгсөн ба 7.5 сая төгрөгөө 2 хувааж өгсөн.../1 хавтаст хэргийн 133-134 дэх тал/

        Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.гийн:  ...Аавд 15,000,000 төгрөг өгчих юм бол хүүг нь ажилд оруулаад өгье гээд аав зөвшөөрөөд тухайн мөнгийг “Голомт” банкны 5209118066 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөг өгсөн. /1 хавтаст хэргийн 139-140 дэх тал/,

        Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.гийн: ...ажилд орох хөлс нь 15,000,000 төгрөг гэж хэлсэн. Анкет бөглөж явуулаад ярилцлагад орохдоо 10,000,000 төгрөгийг нь явуулах, тушаал гарсны дараа үлдэгдэл 5.000.000 төгрөгийг нь авна гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* ******* гэх хүний данс руу 10,000,000 төгрөгийг 4 хувааж шилжүүлсэн. /1 хавтаст хэргийн 145 дахь тал/,

      Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.гийн: ...би тухайн ажлын байранд орох сонирхлоор тухайн хүнд 15,000,000 төгрөг өгөхөөр тохирсон. Эхний ээлжинд 8,000,000 төгрөг, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг ажилд орох тушаал гарсан хойно өгөхөөр болоод 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр С.*******ын данс руу 8.000.       000 төгрөг шилжүүлсэн. /1 хавтаст хэргийн 149, 152 дахь тал/ гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч нь  дээрх нэр бүхий 10 хохирогчийг үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогч нар С.*******тай тохиролцсон ёсоор тохирсон үнийн дүн бүхий мөнгийг шилжүүлэхдээ нэг эсхүл хоёр, гурав хувааж С.*******ын эзэмшлийн данс руу шилжүүлсэн талаараа тодорхой мэдүүлсэн байхад анхан шатны шүүх мөнгийг хувааж шилжүүлсэн гүйлгээ бүрийг тус бүр нэг үйлдэлд тооцож, 10 хохирогчийг 19 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

       Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.******* нь нэр бүхий 10 хохирогчийг 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилан мэхлэх санаа зорилгоор тодорхой цаг хугацаанд хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх мөнгөн гүйлгээ хийсэн тохиолдол бүрийг тус тусдаа эхлэл, төгсгөл бүхий үйлдэл бүртээ бие даасан гэмт хэргийн шинж агуулсан гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж, гэмт хэргийн ойлголт, шинжийн талаарх эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

      Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилсан тул шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэргийн 126,000,000 төгрөгийн дээрх хохирол нь их хэмжээний хохиролд тооцогдохоор байна...гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо залилах гэмт хэргийн энэхүү шинжийг орхигдуулсан байгааг дурдах нь зүйтэй.

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон" гэх хүндрүүлэх шинжийн тухайд:

       Анхан шатны шүүх “гэмт хэргийн энэхүү шинжийг нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт байхаар тайлбарладаг.” Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьдралдаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байхыг хууль зүйн хувьд шаарддаг.” гэх хууль зүйн дүгнэлт хийсэн нь зөв боловч “...тус гэмт хэргийн үндсэн шинжид эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бус аргаар шилжүүлсэн авсан байхыг шаардах ба уг эд хөрөнгийг хэрхэн, яаж, юунд зарцуулсан байхыг заавал шаардахгүй. Шүүгдэгч С.******* нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нараас авсан мөнгөө “Цахим покер” тоглоомд донтож тоглоод дуусгасан гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон” гэж дүгнэсэн нь дээрх хууль зүйн дүгнэлтийнхээ агуулгатай нийцээгүй байна. Учир нь:

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь “хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгохын зэрэгцээ үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд зориулан хэрэглэж, гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болгож, тэрхүү орлогоо тогтвортой ашигласан байхаас гадна залилах гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, нөгөө талаас байнга хэвшмэл маягтай, гэмт хэргийг үндсэн ажил болгож мэргэшсэн байх”[1] хууль зүйн ойлголт юм.

       Анхан шатны шүүх шүүгдэгчийн залилах үйлдлийн тоо, давтамжид голлон анхаарч гэмт этгээд залилах үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа үйлдсэн бол шууд “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд шүүгдэгч этгээд амьдралын өөр эх үүсвэртэй байсан уу, ажил хөдөлмөр эрхэлдэг байсан уу, гэмт хэргээс өөр аргаар орлого олж байсан эсэх, гэмт хэргийн замаар олсон орлогыг өөрийн ахуй амьдрал, амьжиргаандаа хэрхэн зарцуулсан зэрэг “амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэж болох бүхий л шинжийг харгалзан дүгнэлт хийх ёстой атал “уг эд хөрөнгийг хэрхэн, яаж, юунд зарцуулсан байхыг заавал шаардахгүй” гэх дүгнэлт хийж буй нь хуульд нийцэхгүй төдийгүй “шүүгдэгч С.******* нь “Цахим покер” тоглоомд донтож тоглоод дуусгасан гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон”  гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг үгүйсгэсэн дүгнэлтийг хийжээ.

       Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 4 сар гаруй хугацаанд “Эрдэнэ гоёо” ХХК-нд дэлгүүрийн заал зохион байгуулагч, менежерийн ажил эрхэлж байсан ба “******* *******” ХК-нд ХАБ-ын инженерээр ажиллаж байсан, өөрийн гэсэн цалин хөлс орлоготой байсан, дээрх 10 хохирогчийг залилсан үйлдэл нь 4 сарын хугацаанд үргэлжилсэн байгаагаас гадна дээрх мөнгийг цахим покер тоглож дуусгасан гэснээс өөр байдлаар амьдралын эх үүсвэр болгож байсан талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй, түүнчлэн прокурор “цахим тоглоом тоглохоос өөр зүйлд зарцуулаагүй тоглоод л дуусгасан” гэх тайлбар гаргаж байгааг магадлалд дурдах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

       Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч М.гээс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “хохирлын мөнгийг бэлнээр хүлээн авч бүрэн төлүүлсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт бичгээр ирүүлсэн бөгөөд хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн баримтын гарын үсэгтэй тухайн хүсэлтэд зурагдсан гарын үсэг тохирохгүй зөрүүтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. Хохирогч М.*******ын хувьд 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд хохирогч өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож тухайн хүсэлтээ дэмжиж тайлбар гаргасан тул хохирогч М.*******т 10,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэж шүүгдэгчийн төлөх мөнгөн дүнгээс хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.******* нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.гийн “шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай” хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэг дээр хохирогч нарын хохирлын мөнгөн дүнг эргэлзээтэй байдлаар бичсэн. 4-т шүүгдэгч С.*******аас нийт 122,000,000 төгрөгийг гаргуулж эсвэл нийт тэдэн сая төгрөгийг гаргуулах гэж холбоос үг оруулж өгдөг юм уу? 122,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэг талдаа ойлгогдохоор байна. Үүнийг анхаарч үзнэ үү” гэх хүсэлт нь үндэслэлтэй байх тул энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэв.

Иймд шүүдэгчийн өмгөөлөгч Ц.гийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шүүгдэгч С.*******ын цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг хүлээн авч Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч овгийн ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

         2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч С.*******т 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтад “...6 жилийн...” гэснийг “...3 жилийн...” гэж,

4 дэх заалтад “...С.*******аас нийт 122.000.000 төгрөгийг гаргуулж гэснийг, 10.000.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******т...” гэснийг тус тус хасаж “...хохирогч иргэний нэхэмжлэгч М.*******т 10,000,000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн болохыг...”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.******* нь сэтгэцэд гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж тус тус нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 04 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                          Т.ДЭЛГЭРМАА

 


[1] Улаанбаатар хот 2021. Шүүхийн шийдвэрийн судалгаа цуврал 2, 123-131 дэх тал