| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0204/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/211 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-т холбогдох эрүүгийн 1838004940251 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Д.
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой Төмөрбулаг сумын 5 дугаар багт айлын гаднаас иргэн Г.Л-н хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 1.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой Төмөрбулаг сумын 5 дугаар багт айлын гаднаас иргэн Г.Л-ийн хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан 1.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн өдөр орой 21 цагийн үед намайг мотоцикльтой явж байхад Д гэх залуутай дэлгүүрийн орчимд таарахад Д, Г нар нь гэр рүүгээ хүргээд өгөөч гэсэн юм. Тэгээд Г гэдэг айлд очиход 0.75 литрийн ерөөл нэртэй архийг Г гаргаж ирээд бид гурав хувааж уусан, тэгээд би ор налаад унтаад өгсөн. Дэлгүүрийн орчмоос бид гурав ирээд мотоциклийнхоо түлхүүрийг толгойд нь үлдээгээд орсон байсан. Г намайг сэрээгээд мотоциклийг чинь Д унаад явчихлаа гэсэн. Тэгээд араас нь гараад жаахан явж байгаад байхгүй болохоор нь буцаж очоод унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрээд харахад байхгүй байсан. Тэгээд сумын төвөөр хэд хоног хайгаад хүнээс сурахад Мөрөн явсан байх гэж хэлсэн байсан. Миний эзэмшлийн хөх өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нямсүрэн гэх хүнээс 1.830.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Улсын дугааргүй гэрчилгээгүй сая 5 дугаар сард үзлэг тооллогонд нь оруулаад, материалыг нь бүрдүүлээд явуулсан гэрчилгээ дугаар нь гарч ирээгүй байгаа юм. 2018 оны 06 дугаар сарын 29-нд Д гэх хүнээс өөрийн мотоциклио авсан яндан бага зэрэг урагдсанаас өөр сэв эвдрэлгүй байсан. Мөрөн сумын 13 дугаар хорооноос нэг айлаас очиж авч өгч байсан. Мөнгийг дансаар шилжүүлж байгаад мотоцикль авч өгсөн, яг хэдэн төгрөг шилжүүлж авсныг нь мэдэхгүй байна. Одоо Д гэх хүнээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 06 сарын сүүлчээр өдрийг сайн санахгүй байна нэг залуу Ц гэх хүнтэй ирээд мотоцикль зарах гэсэн юм, үгүй барьцаанд тавих гэсэн юм гээд намайг зах дээр ажил дээрээ байхад ирсэн. Нэг хөх өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй ирээд энэ мотоциклийг зарах юм уу, барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн. Нэг намхандуу залуу байсан 700.000 төгрөг бэлнээр авч өгсөн. Тухайн үед тэр залуу мөнгөний хэрэг болчихлоо, миний мотоцикль та худалдаж аваач гээд гуйгаад байсан. Шинэвтэр мотоцикль байсан. Би мотоциклийг Цагаан-Уул сум руу хүнд зарах гээд мөнгө төгрөг нь бэлэн биш гээд хадгалж байсан. Нэг хүн миний мотоциклийг зарсан байна гээд би худалдаж авсан мөнгийг шилжүүлээд буцаагаад ав гэж ярьсан. Би хөдөө байж байхад утсаар яриад 750.000 төгрөг шилжүүлээд мотоциклоо ав гэж хэлээд шилжүүлэхээр нь хүн явуулж мотоциклийг нь гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2018 оны 06 дугаар сарын сүүлчээр өдрийг нь сайн санахгүй байна. Төмөрбулаг сумаас нүдэндээ болор суулгуулахаар Мөрөн суманд орж ирсэн юм. Тэр үеэр би Мөрөн сумын 13-р хороонд хамаатны айлынхаа хашааны үүдэнд байж байтал манай нутгийн Д гэх залуу явж байж таараад унаж явсан цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио зармаар байна авах хүн байна уу гэхээр нь би “чамд мотоцикль байдаг юм уу” гэсэн чинь би аваад 3 сар болж байна та мэддэггүй юм уу гэсэн. Тэгээд би барилга дээр ажиллаж байгаад танилцсан өөрийн танил Б гэх хүн дээр дагуулж очоод мотоцикль авах хүн байна уу гэж асуусан чинь Б хүнтэй утсаар яриад хямдхан гайгүй мотоцикль байвал авна гэж байна гэсэн. Тэгсэн чинь Д 700.000 төгрөгөөр зарчихъя гэхэд Б энэ чинь тэгээд бичиг баримт байгаа юм уу, хулгайн юм биш биз гэсэн чинь Д бичиг баримт нь хөдөө байгаа би дараа нь авчраад өгчихнө гээд Д Б-аас бэлэн мөнгө тоолж авч байсан. Би тэгээд тэндээс салаад явахад Д хойд зах орно гээд тэндээ үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ХААН банкинд ахлах теллер ажилтай. 2018 оны 06-р сарын 28-нд манай авга ах З намайг ажил дээрээ байж байтал ирээд нөгөө Д хүний мотоцикль аваад зарчихсан байна чи нөгөө хүн рүү нь мөнгө шилжүүлээдхээч гээд дансны дугаараа өгөхөөр нь би ... Ж.Б гэсэн хүний нэр дээр бүртгэлтэй данс руу 750.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд манай З ах Мөрөн ороод Б гэх хүнтэй уулзах гэсэн чинь өөрөө байхгүй байж таараад өөр хүн мотоциклийг нь гаргаж өгч байна лээ гэж дараа нь надад ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8-р хуудас/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч Г.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Д нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 1838004940251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчийн ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн 1838004940251 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН