Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/30

 

 

Т.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: О.Батнасан,

Шүүгдэгч: Т.******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.*******т холбогдох 2428002690247 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1, 261 дугаар зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял,

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 660,000 төгрөгөөр торгох ял,

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, 

Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* хорооллын нутаг дэвсгэрт, ******* улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгсэл дотор, хохирогч З.*******ын эзэмшлийн "Redmi note 11" загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж, хоолойд нь төмөр зүйл тулган хүч хэрэглэн довтолж хууль бусаар авч 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Т.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож,

Шүүгдэгч Т.******* хохирогч З.*******д "Redmi note 11" загварын гар утсыг хүлээлгэн өгсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдаж,

Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

          1. Тухайн хэргийн хүрээнд гэмт хэрэг “хаана” гарсныг эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй гэж үзэж байна. Хохирогч, гэрч, шүүгдэгч нар гэмт хэрэг хаана гарсныг 3 өөр байдлаар хэлж мэдүүлдэг. Тухайлбал хохирогч З.*******ын мэдүүлэгт: “... *******  хороололд явж байхад Азаа түр байж байгаарай эндээс нэг хүн авчихъя гээд Оюут хорооллоос хойшоо /хаягийг нь сайн мэдэхгүй байна/ явж байгаад түр зогстол дээгүүрээ хар өнгийн савхин хүрэмтэй, хар саравчтай малгайтай залуу гарч ирээд машины урд талд суусан ... тэгээд хөдлөөд ******* хороолол дөхөж байхад...

          Гэрч Б.*******ын мэдүүлэгт: “...*******ыг би Гурвансайхан дөхүүлээд өгчих гээд машинтай нь хамт явсан. Тэгээд Гурвансайхан хороолол /хаягийг нь сайн мэдэхгүй байна/ *******ахын гэрт ирэхэд Т.******* гараад ирсэн. ... З.*******д машины урд суугаад үг хэлээр доромжлоод машиныг чинь би унана за юу гэж байгаад буугаад явсан. Би Т.*******ыг буугаад явахаар нь айгаад хамт буугаад орсон З.******* тэгээд явсан. *******ахын гэрт ороход Т.******* нэг гар утас барьчихсан байсан ...

          Шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: “... намайг Оюут хороололд *******ахынд байхад Азаа машинтай хүнтэй ирсэн машинд нь орж суугаад жолоочтой маргалдаж байгаад буугаад *******ахынд орсон” гэх агуулга бүхий мэдүүлгийг тус тус өгдөг.

          Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлгээс тус тус үзэхэд гэмт хэрэг хаана гарсан нь зөрүүтэй, Т.*******ыг аваад хөдлөөд явж байгаад болсон асуудал уу, эсвэл хөдлөөгүй *******гэх айлын гадаа машин дотор болоод байгаа юу гэдгийг нотолж тогтоогоогүй байна.

          2. Мөн гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй байдлаар шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна.

          Тухайн хэрэг гарах үед машин дотор хохирогч, гэрч, шүүгдэгч гурав байсан Хохирогчийн зүгээс төмөр мэт зүйл хоолойд тулгаад, халаас тэмтэрч мөнгө нэхээд сүрдүүлсэн. Машинаас буухдаа миний гар утсыг аваад буучихсан байсан. Эргээд гэрэлтүүлээд үзэхэд харагдахгүй байсан гэх агуулгатай мэдүүлэг өгдөг. Гэрч *******ын зүгээс төмөр мэт зүйл хохирогчийн хоолойд тулгасан, халаасыг нь тэмтэрч мөнгө өгөхийг шаардсан талаар огт мэдүүлдэггүй, харин үг хэлээр доромжлоод, машиныг нь унаж явна гэх мэтээр маргалдаад байсан, *******ахынд орж ирэхдээ нэг гар утас барьчихсан байсан гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн зүгээс би айлгаж сүрдүүлээгүй архины мөнгө нэхээд маргалдаж байгаад суухдаа гар утсыг нь аваад буучихсан.

          Эндээс үзэхэд үнэхээр хохирогчийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэж, заналхийлж, довтолсон уу? эсвэл архины мөнгө нэхсэн үл ойлголцол маргаан болсон уу гэдгийг нотолж тогтоогоогүй байна. Хүний эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, довтлох, ахуйн шинжтэй хэрүүл маргаан гэдэг нь өөр агуулгатай асуудал. Хүмүүсийн хоорондын ахуйн шинжтэй маргаан бүрийг хүний эд зүйлийг авахаар сүрдүүлсэн, довтолсон дээрмийн шинж рүү оруулж үзэх боломжгүй.

          Мөн хохирогчийн гар утсыг ямар байдлаар аваад байгаа нь тодорхойгүй байдаг. Хохирогчийн мэдүүлгээс үзэхэд хохирогчийг мэдсээр байхад нүдэн дээр нь ил хүч хэрэглэж довтлоод аваад байна уу эсвэл хохирогчийг мэдээгүй байхад аваад нууцаар далд байдлаар авсны дараа хохирогч утсаа алга болсныг мэдээд байна уу гэдгийг мөн эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна.

          3. Гэмт хэргийн сэдэлт зорилгыг нотолж тогтоогоогүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Т.******* анхнаасаа хохирогчийн гар утсыг дээрэмдэх зорилготой байгаагүй. Хохирогчоос архины мөнгө авах гэсэн зорилготойгоор мөнгө нэхэж хоорондоо маргалдсан, улмаар мөнгө байхгүй болохоор нь машинаас буухдаа гар утсыг нь аваад буусан үйл баримт тогтоогддог.

          Энэ бүгдээс дүгнээд үзэхэд шүүгдэгч Т.******* нь анхнаасаа санаатайгаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, довтолсон” дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хангалттай нотлон тогтоогдохгүй байна.

          Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байна.

          Тиймээс Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

          Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тухайлбал хохирогч З.******* ... гар утсыг нь аваад буусныг мэдсэн дээрээс тухайн хохирогч гар утсаа авах зорилгоор машинаараа гэрэлтүүлээд араас нь явахад байхгүй байсан талаар мэдүүлэгтээ тодорхой дурдсан байдаг. Мөн хүйтэн төмөр тулгасан үедээ миний карманы гадна талаас тэмтэрч нэгжээд байсан гэж тодорхой мэдүүлдэг. Тухайн үед хамт байсан гэрч н.******* мэдүүлэхдээ Т.******* согтуу гараад ирсэн. Тэгээд З.*******аас намайг таних уу, би Тодбаярын ******* байна. Чамайг ална шүү гээд цохиж аваад байсан. Ална шүү, булна шүү гэж заналхийлсэн үйлдлийг хэлсэн гэдгийг гэрч тодорхой хэлдэг. Тэгээд З.*******ын урд суугаад үг хэлээд, доромжлоод, машиныг чинь би унана за юу гэж хэлээд дагаад буугаад явсан гэх мэдүүлэг зэргээр Т.******* нь хохирогчид хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүч хэрэглэсэн үйлдлийг гаргасан нь хангалттай тогтоогддог. Харин шүүгдэгч Т.*******ын зүгээс хохирогчид хүч хэрэглэн, үг хэллэгээрээ янз бүрийн үг хэлж, үйл хөдлөлөөрөө төмөр зүйл тулгаж айлган сүрдүүлсэн болох нь хангалттай тогтоогддог. Энэ талаар Б.******* нь мэдүүлсэн. Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон гэж дүгнэж, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлээс гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх нотолбол зохих байдал нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсанаар тухайн гэмт хэрэг гарах үед шүүгдэгч, хохирогч, гэрч гэсэн гурван хүн байсан. н.*******гэх айлын гадаа машин дотор үйл явдал болсон. Тэдний гадаа очоод хөдөлж яваагүй талаар гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг гэмт хэрэг гарсан байдлыг тогтвортой хэлж мэдүүлдэг. Гэтэл хохирогчийн мэдүүлэг энэ хоёр хүний мэдүүлгээс тэс өөрөөр машинтай хөдөлж яваад зогсоод болсон гэдэг агуулгаар өгсөн байдаг. Гэрчийн мэдүүлгийг яагаад үнэлэхгүй байгаа талаар дүгнэлтдээ дурдаагүй гэж үзэж байна. Энэ хэрэг нь дээрмийн шинжтэйгээр айлгаж сүрдүүлээд байна уу? эсвэл ахуйн шинжтэй хүмүүсийн хоорондын маргааны шинжтэй үйл баримт байна уу гэдэг дээр ач холбогдол өгөөгүй. Мөн дан ганц хохирогчийн “төмөр эд зүйл тулган айлгаж сүрдүүлсэн” гэдэг мэдүүлгийг үндэслэдэг. Хохирогч юуг нь мэдэхгүй нэг зүйл тулгасан гээд байдаг. Гэрчийн мэдүүлгээр тухайн айлгаж сүрдүүлсэн буюу хохирогчийн хэлээд байгаа шиг зүйлийг хэлж мэдүүлдэггүй. Машиныг унаж явна. Архинд явна гэдэг ч юм уу, ахуйн шинжтэй ийм маргаан өрнөсөн гэдгийг хэлж мэдүүлдэг.

Мөн дээрмийн хэрэг нь хүч хэрэглээд тухайн хүний эд зүйлийг илээр авсан үйлдлээр илэрдэг. Нэг хэлэхдээ харсаар байхад нь голын хайрцгаас авсан ч юм шиг, нэг бол мэдээгүй байхад нь авчихсан. Араас нь утсаа эрээд буусных нь дараа мэдсэн байдлаар ч өгсөн байдаг Хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй учраас хохирогчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаад энэ хэргийг шийдвэрлэе гэдэг саналыг шүүх хуралдаанд гаргасан боловч хохирогчийг оролцуулах саналыг хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн учраас энэ хэрэг гарсан байдал, хаана гарсныг хөтөлбөргүй байдлаар нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байна.

Т.*******ын хувьд тухайн машиныг архинд яваад ирье гэдэг байдлаар маргааны зүйл өрнөөд гуйхдаа гар утсыг авсан үйл баримт байдаг. Дээрмийн шинжтэй зорилго, санаа, сэдэлт агуулаагүйг анхаарч үзээгүй. Энэ хэргийн хувьд нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй учраас шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүгдэгч Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хохирогч болох З.******* гэдэг хүнийг айлгаж, сүрдүүлсэн, хоолойд нь хутга тулгасан, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хохирогч З.******* нь намайг үндэслэлгүй гүтгэсэн гэж би ойлгож байна. Мөн би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу дээрэмдэх гэдэг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл З.*******д би хутга тулгаж, кармайг нь нэгжиж, утсыг нь дээрэмдэж аваагүй. Би 09 дүгээр сарын 21-ний өдөр 21 цагийн үед н.*******ахынд байж байгаад Б.*******, З.******* хоёр над дээр ирсэн. Тэгээд би гарч очоод машин дотор суугаад З.*******ыг дэлгүүр, архинд яваад ирье гэсэн. Би тухайн үед тэр хүнийг таксины жолооч гэж ойлгосон. Тэгсэн чинь миний өөдөөс би одоо явахгүй гэсэн. Та таксинд явахгүй байгаа юм уу гэсэн чинь би такси биш, би одоо явахгүй, чи өөр хүн дуудаад явчих гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаад, З.******* бид хоёр муудалцсан. Тухайн үед би согтуу байсан учраас хэл амаар доромжилсон гэх зүйлийн зарим нэг зүйл нь үнэн. Тэгэхдээ ална, шулна, булна гэх мэт зарим нэг зүйлүүд нь худлаа хэлж, намайг гүтгэсэн. Тэгээд утсыг нь муудалцсаныхаа дараа намайг аваад буухад хохирогч мэдээгүй. Энэ талаар З.******* мэдүүлэгтээ өөрөө хэлсэн. Утсыг аваад буучихсан байсан. Би явж байгаад утас байхгүй байхаар нь мэдээд би буцаж гэрэлтүүлсэн гээд өөрөө хэлсэн байдаг. Тэгээд би утсыг нь дээрэмдэж. Хутга тулгасан зүйл огт байхгүй. З.******* нь мэдүүлэгтээ ******* хороолол руу явж байх замд намайг гудамжинд явж байгаад гэнэт ороод ирсэн мэтээр хэлдэг. Тэр бол худлаа. Би н.*******гэдэг айлд байсан. н.*******, З.******* хоёр над дээр ирсэн. н.*******гэдэг айлын гаднаас огт хөдөлж яваагүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* хорооллын нутаг дэвсгэрт, ******* улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгсэл дотор, хохирогч З.*******ын эзэмшлийн "Redmi note 11" загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж, хоолойд нь төмөр зүйл тулган хүч хэрэглэн довтолж хууль бусаар авч 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч З.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2024 оны 09 сарын 21-ний орой 20 цагийн үед ... ******* хороолол дөхөж байхад хажууд сууж байсан залуу түр зогсож бай гэсэн. Тэгэхээр нь би зогстол миний хүзүү рүү хүйтэн юм тулгаад мөнгө байна уу гэсэн. ...Тэгээд мөнгө байхгүй болохоор миний машины голын хайрцагт байсан “Redmi note 11” маркийн гар утсыг аваад буугаад явсан. Би буцаж эргээд машинаараа гэрэлтүүлэхэд байхгүй болчихсон байсан. Азаа тэр залууг Нандиа Болороо болио гээд байсан. Би тэр Нандиа гэх залуутай ямар нэгэн хэрүүл үүсгээгүй. ...Тухайн залуу архи уучихсан үнэртэж байсан. Гэхдээ ухаан мэдэрлээ алдсан зүйл байхгүй хэвийн байсан. ... ******* гэх хүн миний хоолойд хүйтэн төмөр зүйл тулгаад мөнгө төгрөг байна уу гэж асуухаар нь би байхгүй гэсэн. Мөн ******* би шоронд яваад ирсэн ална булна гэх утга бүхий сүрдүүлсэн ... хутга шиг хүйтэн төмөр тулгасан байх үедээ миний карманы гадна талаас тэмтэрч нэгжээд байсан. Тэгээд машинаас буух үедээ миний гар утсыг аваад буучихсан байсан. Би гар утсаа буцаагаад бүрэн бүтэн авсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “*******ыг би Гурвансайхан дөхүүлээд өгчих гээд машинтай нь хамт явсан. Тэгээд Гурвансайхан хороолол /хаягийг нь сайн мэдэхгүй байна/ *******ахын гэрт ирэхэд ******* согтуу гараад ирсэн. Тэгээд *******д намайг таних уу, би Тодбаярын ******* байна чамайг ална шүү гээд цохиж аваад байсан. ...*******ахын гэрт ороход ******* нэг гар утсыг аваад далд хийсэн. Маргааш нь Хүлэг ахын гэрт ирээд нөгөө ******* гэдэг залуу ирсэн үү гар утсыг нь өгөх гэсэн юм гэж асуухад ирээгүй гэсэн.” гэх мэдүүлэг,

"Дамно" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-49 дэх тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15 дахь тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16-20 дахь тал/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл нь “Энэ хэргийн хувьд нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй учраас шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

 Шүүгдэгч Т.*******т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байна.

 

        Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байна гэж дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

         3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

 

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                           Л.УГТАХБАЯР