Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/212

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох эрүүгийн 1838004110248 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.А.

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт иргэн М.Б-ын нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт иргэн М.Б-н нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...тэгээд манай ээжийн хамаатан Т хэл амаар доромжлоод байхаар нь түүнтэй маргалдсан. Тэгэхэд охиноо эгч /Б/ миний баруун гар талд, Т миний зүүн гар талд газар сууж байсан. Тэгээд би Т-г өшиглөх гэхэд дундуур орж ирээд нэг өшиглүүлчихээд хөлөөс бариад авахаар нь би түлхчихээд бөөн хэрүүл болох юм байна гээд гараад гэр рүүгээ яваад өгсөн. Маргааш өглөө нь ирэхэд нөхөр нь манай авгайг ийм болтол цохисон байна гэхэд би санамсаргүй л тэгээд цохьсон” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Найр тарах үед орой А эгчтэйгээ буюу А-н эхнэртэй маргалдаад байсан. Тэгээд дараа нь чи ямар юмаа хийж энэ айлд ирсэн юм гээд байсан. ...Эхлээд А гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй нэг удаа хацар хавьд нь өшиглөөд авсан. Тэгэхээр нь би чарлаад чи яахаараа намайг зоддог юм бэ гээд зууралдаад авсан чинь ор руу буцааж түлхэж унагаад би дахин барьж авах гээд ухасхийхэд эрүүний доод хэсэгт гүрээ хавьд дахиад нэг удаа өшиглөөд авсан. Маргааш нь хүзүү тэр чигээрээ хөхөрч, зүүн хацар хавдсан байсан. Маргааш нь А-тай уулзаад яагаад өшиглөчихэж байгаа юм бэ гэхэд юм дуугарахгүй байсан. 200.000 төгрөг л нэхэмжилж байна. Одоо нүдний ухархай бага зэрэг өвддөг” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би болсон зүйлийн талаар маргааш нь мэдсэн. Өглөө босоод Б-оос нүүр амаа яагаа вэ гэж асуухад А цохиод ийм болгосон гэсэн. ...А-г ирэхэд нь би чи яагаад хүний нүүрийг ийм болгосон юм бэ гэж асуухад А би харин яагаад тэгснийг хэлж мэдэхгүй байна, яагаад таны нүүрийг ийм болгочихоо вэ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 249 дугаартай:

1. М.Б-н биед зүүн хацарт цус хуралт болон зөөлөн эдийн няцралт, зүүн зовхинд цус хуралт, дээд уруулын салстад язрал, 1,0 ширхэг үүдэн шүдэнд сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдэнэ.

3. М.Б-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838004110248 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.А нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн 1838004110248 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Д.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      4. Шүүгдэгчийн ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      5. Эрүүгийн 1838004110248 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.НЯМСҮРЭН