Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/25

 

Н.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Г.Цогтмагнай /цахим/,

Хохирогчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Хохирогч: Ж.*******,

Яллагдагчийн өмгөөлөгч: Г.Нацагдорж /цахим/,

Яллагдагч: Н.*******,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/73 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ерөнхий прокурор Б.Дэлгэрдалайгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Н.*******т холбогдох 2429001540194 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Яллагдагч ******* овогт *******ын ******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/553 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр томилогдон, Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.*******ийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр баталсан "жижүүр, эргүүл, постын нэгдсэн" хуваарийн дагуу жижүүрийн мөрдөгчийн үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа иргэн Ж.*******аас гаргасан дуудлага мэдээллийг хүлээн авч шалгах явцад, Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл "Биеийн хүч хэрэглэх", мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 "хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах", 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан А-224/А/102 дугаарт тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар", Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 215 "Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх" гэснийг, мөн цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/154 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.4 дэх заалт "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шуурхай удирдлагын албаны /жижүүрийн/ чиглэлээр баталсан хууль тогтоомж, тушаал, шийдвэр, хөтөлбөр үүрэг, ажлын чиглэл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код/, заавар зөвлөмжийг мөрдөж, удирдлага болгон ажиллах", 3 дугаар зорилтын 3.1 дэх заалт "Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж байгууллагын ажилтнууд болон харилцагч, үйлчлүүлэгчид, иргэдтэй зөв боловсон харьцах, ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх", гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч 2024 оны 04 дүгээр сарын 09-ний шөнийн 05-06 цагийн үед Цогтцэций сумын цагдаагийн хэлтэс дээр гомдол гаргаж ирсэн иргэн Ж.*******ыг цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байна гэх шалтгаанаар түүний куртикний захаас татаж цагдаагийн хэлтсийн сандал руу дарж унагаасны улмаас Ж.*******ын эрүүл мэндэд хүзүүний жижиг зулгаралт, 16 долоо хоногтой ургийн ихэс ховхролт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Н.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Н.*******т холбогдох эрүүгийн 2429001540194 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэрэг прокурорт очтол яллагдагч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

Ерөнхий прокурор Б.Дэлгэрдалай давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх 17 асуудлыг хуульчилсан ба эдгээрт дахин шинжилгээ хийлгэх талаар хуульчлаагүй, харин оролцогчид шинжээчийг шүүх хуралдаад оролцуулах санал дүгнэлт гаргах эрхтэй. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгээр дахин шинжээч томилуулахаар хэргийг буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Мөн шүүгчийн захирамжийн шүүхийн дүгнэлтийн талаар хэсэгт дахин шинжилгээ хийх шаардлагатай гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ямар үндэслэлээр дахин шинжээч томилуулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь тодорхойгүй, энэ талаар захирамжид дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд нэмэлт болон дахин шинжилгээ хийх эрх шүүхэд олгогдсон ба шүүхийн хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх шинжээч томилох боломжтой юм. Иймд шинжээч томилох нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаагаар хийх ажиллагаа биш юм.

2. Гэрч Х.*******ын “...тухайн үед би үзлэгт оруулаад *******ад хордлого тайлах дусал бичиж өгөөд явуулсан..., ******* нь дуслаа салгаагүй дусалтайгаа явж байсан, тэгэхээр нь би *******ыг эход харуулсан чинь урагт ямар нэгэн өөрчлөлт байгаагүй, .. тухайн үед ******* миний өрөөнд орж ирэхэд архи согтууруулах ундааны зүйл үнэртсэн байдалтай би 2 пиво уусан гэж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ж.*******ын гаргасан “...би архи уугаагүй, хэлж байгаа нь үндэслэлгүй” гэх мэдүүлэг нь хоорондоо зөрөөтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар мөрдөгч нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно гэж заасныг мэдүүлэг авах шаардлагатай гэж шүүх дүгнэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно.” гэж хуульчилсан ба шүүх юуг ноцтой зөрөө гэж үзэж байгаагаа шийдвэртээ дүгнээгүй, мөн гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлгээр тэдний мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан дүгнэх боломжтой бөгөөд гэм буруугийн асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй гэж заасныг ноцтой зөрчиж байна. Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцээгүй буюу хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулийн зорилтыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад шүүх дээрх заалтыг зөрчиж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЭ/73 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

Хяналтын прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанаар дахин шинжээч томилох, мөн хоёр хүний мэдүүлгийн зөрүү байгаа учраас мэдүүлгийн зөрүү гаргах зэрэг нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Урьдчилсан хэлэлцүүлгээр тухайн хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлаагүй, мөн зөрүүтэй байгаа гэх хоёр гэрчийн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг шинжлэн судлагдаагүй нотлох баримтыг урьдчилж дүгнэлт хийгээд мэдүүлэг нь зөрүүтэй байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах шаардлагатай гэдэг байдлаар  хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас эсэргүүцлийг дэмжиж байна. Эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг буцааж, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаах тухай үндэслэл нь гэм буруугийн асуудал шийдэгдээгүй байхад шинжээчийн дүгнэлтийг дүгнэж буцаадаг нь үндэслэлгүй. Мөн гэрч н.*******, хохирогч Ж.******* нарын мэдүүлэг нь ноцтой зөрүүтэй гэдэг байдлаар мөн мэдүүлгийн журмаар мэдүүлэг авах шаардлагатай гэж буцааж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Ж.******* болон гэрч н.******* нарыг шүүх хуралдаанд оролцуулаад мэдүүлгийн зөрүүг бүрэн арилгах боломжтой. Шинжээчийн дүгнэлтийг ч гэсэн мөн шүүхийн шатанд гаргах боломжтой. Эрх хэмжээ нь байсаар байтал прокурорт буцаасан нь үндэслэлгүй учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн прокурорын саналтай санал нэг байна гэв.

11.32Яллагдагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгт захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэж байна. Юуг дахин хэлэлцүүлэх гэж байгаа юм бэ? Урьдчилсан хэлэлцүүлгээр миний хүсэлтийг хэлэлцээд шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамж гарчихаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулаад дахиад миний хүсэлтийг хэлэлцүүлнэ гэхээр прокурор ямар захирамж гаргуулах гэсэн юм бол үүнийг би ойлгохгүй байна. ...Ж.******* гэдэг хүн 09-ний өдөр зодуулчихсан. Гэмтэл авчихсан бол тэр өдөр цус алдаад яваад байдаг. Тэгээд маргааш нь үдээс хойш хагалгаанд ороод ирнэ. Ийм зүйл байх боломжтой юм уу, боломжгүй юм уу, үүнийг мэргэжлийн хүнээр тогтоолгоод өгнө үү? гэж байгаа юм.

Хоёр дахь үндэслэл нь энэ гэмтлийн зэрэг тогтоох журам буюу 2014 оны журам дотор тухайн үед үйлчилж байсан журмын 1.10 дотор шууд тодорхой заасан байдаг. 1.10 дотор жирэмслэлт таслагдсан бол нарийн мэргэжлийн эмч оролцуулна. Тухайн үед үйлчилж байсан журмаар оролцуулан бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийж болно гэсэн. Бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийхгүй байсан учраас үүний дараа 2024 оны 05 дугаар сард үйлчилж эхэлсэн журмын 2.10 дотор шууд үүрэг болгож заасан дараах тохиолдолд нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулан шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэнэ гээд шууд үүрэг болгосон. Жирэмслэлт таслагдсан шууд үүрэг болгосон ийм хэм хэмжээ үйлчилж байгаа учраас энэ чинь бүрэлдэхүүнтэй шинжээч томилоод өгнө үү гэхэд прокурор үгүй гээд маргаад байдаг. Прокурор өөрийнхөө үйлдэлд хэрвээ итгэлтэй байгаа бол зүгээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулаад нэг мөр асуудлаа шийдвэрлүүлчхэж болно. ...Хуулийн 6.15 дотор мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, миний гаргасан удаа дараагийн гомдлууд дотор Ж.******* чинь согтуу байсан. Энэ Ж.*******ыг хаагуур явсныг тогтоолгомоор байна. 09-ний өдөр энэ хүн чинь өглөө ирээд дусал хийлгэчхээд, дуслаа салгуулахгүйгээр дусалтайгаа коридороор яваад байсан. Үүнийг гэрчүүд мэдүүлээд байна. Энэ хүн чинь согтуу яваад байсан. 09-ний өдрийн 11 цагт энэ хүн чинь өөрөө цагдаа дээр очоод мэдүүлэг өгсөн. 09-ний өдөр цагдаа дээр очоод мэдүүлэг өгөхдөө би урьд шөнө цагдаад зодуулсан, надад хүнд байна гэдэг асуудлыг огт мэдүүлээгүй. Ингээд энэ хүн 10-ны өдөр ирээд надаас цус гараад байна гэдэг асуудлаа мэдүүлдэг. Тэгэхдээ бас согтуу явсан. Тэгэхээр энэ хүн чинь согтуу яваад байна. Энэ хүн хаагуур яаж яваад байгаа юм бэ? энэ асуудлаа шалгаж тогтоолгомоор байна гэдэг. Өөрөөр хэлбэл би мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэе гэдэг хүсэлт гаргадаг. Шүүх хуралдааны явцад үүнийг шалган тогтоох, нөхөн бүрдүүлэх боломжгүй. Тийм учраас эдгээр ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзэж, шүүх бүрэлдэхүүнтэй шинжээч томилж байгаа. Энэ хүн хаагуур яаж явсныг нь тэр хүмүүсээс мэдүүлэг ав гэж байгаа. Прокурор эсэргүүцэлдээ мэдүүлгээр нь нотолж болно гэж бичдэг. Энэ тохиолдолд Ж.*******ын өөрийнх нь мэдүүлэг байж байна. Эрүүгийн хэрэг дээр гэрчийн мэдүүлэг өгдөг. Хүнд зодуулсан гэж хэлэхгүй байгаа учраас шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан учраас эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Яллагдагч Н.******* нь  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/553 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр томилогдон, Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.*******ийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр баталсан "жижүүр, эргүүл, постын нэгдсэн" хуваарийн дагуу жижүүрийн мөрдөгчийн үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа иргэн Ж.*******аас гаргасан дуудлага мэдээллийг хүлээн авч шалгах явцад, Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл "Биеийн хүч хэрэглэх", мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 "хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах", 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан А-224/А/102 дугаарт тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар", Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 215 "Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх" гэснийг, мөн цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/154 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.4 дэх заалт "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шуурхай удирдлагын албаны /жижүүрийн/ чиглэлээр баталсан хууль тогтоомж, тушаал, шийдвэр, хөтөлбөр үүрэг, ажлын чиглэл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код/, заавар зөвлөмжийг мөрдөж, удирдлага болгон ажиллах", 3 дугаар зорилтын 3.1 дэх заалт "Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж байгууллагын ажилтнууд болон харилцагч, үйлчлүүлэгчид, иргэдтэй зөв боловсон харьцах, ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх", гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч 2024 оны 04 дүгээр сарын 09-ний шөнийн 05-06 цагийн үед Цогтцэций сумын цагдаагийн хэлтэс дээр гомдол гаргаж ирсэн иргэн Ж.*******ыг цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байна гэх шалтгаанаар түүний куртикний захаас татаж цагдаагийн хэлтсийн сандал руу дарж унагаасны улмаас Ж.*******ын эрүүл мэндэд хүзүүний жижиг зулгаралт, 16 долоо хоногтой ургийн ихэс ховхролт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж хяналтын прокурор Т.Солонго яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх яллагдагч Н.*******т холбогдох 2429001540194 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй, хохирогч болон гэрчийн мэдүүлэг зөрүүтэй гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.  

Ерөнхий прокурор Б.Дэлгэрдалай нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд нэмэлт болон дахин шинжилгээ хийх эрх шүүхэд олгогдсон ба шүүхийн хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх шинжээч томилох боломжтой юм.

Иймд шинжээч томилох нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаагаар хийх ажиллагаа биш. Гэрч, хохирогчийн мэдүүлэг нь хоорондоо зөрөөтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар мөрдөгч нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно гэж заасныг мэдүүлэг авах шаардлагатай гэж шүүх дүгнэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

“Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.8-д "шинжээчийн дүгнэлт" гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг ойлгоно” гэж,

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ”, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд яллагдагчийн өмгөөлөгчийн “гэрч хохирогчийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авхуулах, дахин шинжилгээ хийлгэхээр нарийн мэргэжлийн эмч оролцсон бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах буюу гэрч Х.*******, хохирогч Ж.******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааг хийлгэх, бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх зэрэг ажиллагааг хийх зайлшгүй шаардлагатай гэх өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус хуульчилсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна. 

Түүнчлэн эрүүл мэндийн сайд, хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225, А/153, А/85 дугаартай тушаалаар батлагдсан Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.10-т “Дараах тохиолдолд шинжилгээ хийлгэх этгээдийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоохдоо төрөлжсөн мэргэшлийн /сэтгэц, мансуурал судлал, эх барих, эмэгтэйчүүд, нүүр амны мэс заслын эмч гэм мэт/ эмч нарыг оролцуулан шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийнэ; 2.10.2-т Жирэмслэлт таслагдсан; гэж зааснаас дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад эх барих эмэгтэйчүүдийн төрөлжсөн мэргэшлийн эмчийг оролцуулан бүрэлдэхүүнтэй шинжээчдээр шинжилгээ хийлгэх журмыг мөрдөгч, прокурор зөрчсөн байна. Энэ нь шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ерөнхий прокурор Б.Дэлгэрдалайгийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай“ эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/73 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ерөнхий прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                           Т.ДЭЛГЭРМАА