Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 957

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: “Ж*******” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “1******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 1******* тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэн хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ш*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг ханган Ө аймгийн Ц сумын нутагт байрлах Шинэ ус нэртэй 2*******1 га талбай бүхий 1******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн эзэмшиж ирсэн билээ.

Уг тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа манай компани 50 гаруй хүнийг ажлын байраар ханган 43 сая орчим төгрөгийн ажил үйлчилгээ явуулсан ба гадаадын хөрөнгө оруулалтыг татан үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж, ашигт малтмалын хайгуулын 1******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ ягштал биелүүлэн тусгай зөвшөөрлийн төлбөр хураамжийг хуулийн хугацаанд төлж ирсэн.

Манай компани 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 1******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу нэг сарын өмнө гаргасан. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн нь манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 1******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэж сунгуулах өргөдлийг маань аваагүй.

Дээр дурдсан асуудлын талаар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмалын газрын дарга Д.Ү*******д гомдол гаргахад тэрээр мөн оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1/3838 дугаар албан бичгээр боломжгүй гэсэн хариу өгсөн.

Үүний дагуу тус компаниас ямар учраас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа талаар судалж үзэхэд манай компанид менежер ажилтай Б.Л******* нь үүрэгт ажлаа биелүүлээгүйгээс гадна компанийн удирдлагуудыг хууран мэхэлж төлбөрт төлөх ёстой хөрөнгийг завшсан нь тогтоогдсон.

Компанийн зүгээс менежер ажилтай Б.Л*******ыг шүүхэд өгч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101*******7 дугаар шүүгчийн захирамж гарч менежер Б.Л*******аар компанийн хохирлыг төлүүлэхээр болсон.

Ашигт малтмалын Кадастрын хэлтэс нь манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 1******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу бидэнд мэдэгдэл ирүүлээгүй болно.

Үүний улмаас манай компанийн эрх зөрчигдөн олон ажилчид маань ажилгүй болж, бид хэдэн зуун сая төгрөгийн хохирол амсаж гадаадын хөрөнгө оруулалтаа алдаж хохироод байна.

Иймд хууль, шударга ёсыг эрхэмлэн захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж манай компанийн хохирсон эрхийг сэргээн ашигт малтмалын хайгуулын 1******* дугаар тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэн хуулийн дагуу шийдвэрлэхийг кадастрын хэлтэст даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Д.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 81 дүгээр шийдвэрээр “Ж*******” ХХК-д Ө аймгийн Ц сумын нутаг Шинэ ус нэртэй газар 2*******1 гектар талбайд Х******* дугаар тусгай зөвшөөрөл олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу “Ж*******” ХХК нь X******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага хангуулан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлэх ёстой байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-д заасан үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д заасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-д заасан хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсарган ирүүлэх шаардлагатай байсан.

Ийнхүү “Ж*******” ХХК нь дээрх баримтууд болон тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд Ашигт малтмалын газарт гаргаж өгөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон ба үүнийг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болгон бүртгэсэн.

 Дээрх байдлаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын Х******* дугаар тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар дээд шатны албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй атлаа тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“Ж*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “1******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 1******* тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэн хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

“Ж*******” ХХК-ийн эзэмшиж байсан Ө аймгийн Ц сумын Шинэ Ус нэртэй газарт орших 2100,11 гектар талбайд ашигт малтмал хайх 1******* дугаар тусгай зөвшөөрлийг 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8.-д зааснаар тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох тул хугацаа нь 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусахаар байжээ.

Нэхэмжлэгч “Ж*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5.-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаатай 3 удаа сунгуулах эрхтэй боловч хугацаа сунгуулах өргөдлөө мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасан хугацаанд буюу 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө гаргаагүй болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл, тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох дотоод хяналтын хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101*******7 дугаар захирамж зэрэг баримтаар тогтоогдож байна. 

Нэгэнт хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч 1******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1.-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;” гэж зааснаар 1******* дугаар тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тул “Ж*******” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан гомдлыг хүлээн аваагүй хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч компанийн менежер ажилтай Б.Л******* үүрэгт ажлаа биелүүлээгүй, төлбөрт төлөх хөрөнгийг завшсан гэх асуудалд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс буруугүй юм. 

“Ж*******” ХХК-д 1******* дугаар тусгай зөвшөөрөл олгосон 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 81 дүгээр шийдвэрийг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор хүчингүй болгосон байна.

Дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14. дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 53 дугаар зүйлийн 53.1.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн “1******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 1******* тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэн хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 51 дүгээр зүйлийн 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ДАМДИНСҮРЭН