Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 157/ШШ2025/00474

 

         2025         12         01                                        157/ШШ2025/00474

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Х аймгийн Б сумын 3 дугаар баг Д-ийн      8-812 тоотод оршин суух, Х овогт Ч-ын М-ын “Өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай” хүсэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ч.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие талийгаач эх Л-ын С-ийн төрсөн охин юм. Ээж маань 2020 оны 12 дугаар сарын 11-нд хүнд өвчний улмаас нас барсан. Талийгаач маань 2318010364 нэгж талбарын дугаартай 441м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эзэмшин өмчлөгч байсан ба уг газрыг өв залгамжлалаар хэнд ч өвлүүлээгүй. Тиймээс хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.  

 

2.Хүсэлт гаргагч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ээж маань 2020 оны 12 дугаар сард нас барах үедээ дүү Ч.Б-ын хамт Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Бумбат 3 дугаар гудамж 02 тоот хашаа байшиндаа амьдарч байсан ба ээжийг нас барсны дараа дүү Ч.Б маань энэхүү хашаа байшиндаа ганцаараа амьдарч байсан. Улмаар дүү маань зүрхний өвчний учир 2022 оны 8 дугаар сард нас барсан. Тэрээр бусадтай гэрлээгүй, хамтран амьдарч байгаагүй, хүүхэдгүй юм.

Тухайн үед ээжийн нэр дээрх энэ үл хөдлөх хөрөнгийг дүү Ч.Б өвлөж авахаар хөөцөлдөж байсан, чухам юу болсныг нарийн сайн мэдэхгүй байна. Дүү Ч.Б-ыг нас барсны дараа дүү Ч.Б-д өвлүүлэхээр хөөцөлдөж байтал эгч Ч.М-ийн бие өвдөөд эмнэлгээр байнгын явдаг байсан. Эгчийн маань ганц охин Оросын Холбооны Улсад сурдаг болохоор Улаанбаатар хот руу эмчилгээнд нь би байнга авч явдаг байсан. Энэ жилээс эгчийн маань бие арай дээрдсэн. Ээж, дүү нарын маань амьдарч байсан дээрх хашаа байшин эзэнгүй байсаар байгаа бөгөөд би байнга эргэж тойроод л явж байдаг юм. Тиймээс эгч, дүү нар маань өвлөх эрхээсээ татгалзаж, надад өвлүүлэхээр хүсэлтээ нотариатчид гаргасан. Тиймээс ээж Б овогт Л-ын С-ийн нэр дээр бүртгэлтэй, Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Бумбат 3 дугаар гудамж 02 тоот,   2318010364 нэгж талбарын дугаартай, 441м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өвлөж авах хугацааг сунгаж өгнө үү...гэв.

3.Хүсэлт гаргагчаас:

-Б овогт Л-ын С-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 2 дугаар тал/

-Ч.М-ын төрсний гэрчилгээний  хуулбар /хх-ийн 3 дугаар хуудас/

-Х овогт Ч-ын М-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 4 дүгээр хуудас/

-Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 10 дугаар хуудас/

-Төрөл садангийн лавлагаа /хх-ийн 15-19 дүгээр тал/

-Б овогт Ч-ын Б-ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 20 дугаар тал/

-Х аймгийн Б сумын 3 дугаар баг Бумбат, Б 3 гудамж 02 тоот  газрын байршлын кадастрын зураг, газар өмчлөх №000354365 дугаартай эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 22 дугаар тал/

-Өв хүлээн авахаас татгалзах хүсэлт /хх-ийн 37-38, 40 дугаар хуудас/

-Ч.М-ын төрсний гэрчилгээний  хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/

-Ч.Б-ын Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/

-Х аймгийн Б сумын Бумбат багийн Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 13 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргасан байна.

 

Шүүхээс:

-Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Монголын Нотариатчдын танхимаас лавлагаа, мэдээлэл авсан байна. /хх-ийн 23, 24, 25, 26-36 хуу/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

  

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хүсэлт бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2.Хүсэлт гаргагч Х овогт Ч-ын М нь “өвлүүлэгч Л.С-ийн 000354365 дугаар бүхий Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Бумбат Б 3 гудамж, 02 тоотод байршилтай 2318010364 нэгж талбарын дугаартай, 441 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгуулах тухай” хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн    3.1 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.” гэж зааснаар хүсэлт гаргагч Ч.М нь хүсэлт гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхтэй.

 

3.Тэрээр өв хүлээн авах хугацаа сунгуулах хүсэлтийн үндэслэлээ: “...Ээж маань 2020 оны 12 дугаар сард нас барах үедээ дүү Ч.Б-ын хамт Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Бумбат 3 дугаар гудамж 02 тоот хашаа байшиндаа амьдарч байсан ба ээжийг нас барсны дараа дүү Ч.Б маань энэхүү хашаа байшиндаа ганцаараа амьдарч байсан. Улмаар дүү маань зүрхний өвчний учир 2022 оны 8 дугаар сард нас барсан. Тэрээр бусадтай гэрлээгүй, хамтран амьдарч байгаагүй, хүүхэдгүй юм. ...Ээж, дүү нарын маань амьдарч байсан дээрх хашаа байшин эзэнгүй байсаар байгаа бөгөөд би байнга эргэж тойроод л явж байдаг юм. Тиймээс эгч, дүү нар маань өвлөх эрхээсээ татгалзаж, надад өвлүүлэхээр хүсэлтээ нотариатчид гаргасан. Тиймээс эх Б овогт Л-ын С-ийн нэр дээр бүртгэлтэй, Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Бумбат 3 дугаар гудамж 02 тоот, 2318010364 нэгж талбарын дугаартай, 441м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өвлөж авах хугацааг сунгаж өгнө үү...гэж тайлбарлав.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:

4.1.Х аймгийн Б сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/19 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн нэгдүгээр хавсралтад  “2318010364 нэгж талбарын хувийн хэрэг, өмчлөгч Б овогт Л-ын С, хамтран өмчлөгчид Ч-ын Б, Ч-ын Б, газрын байршил 3 дугаар баг, Б 3-02 тоот, газрын хэмжээ 441 мкв” гэх,

4.2.Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000354365 дугаартай, “Монгол Улсын иргэн Б овгийн Л-ын С СЩ0000 /нэг иргэний өмч/ нь Х аймгийн Б сумын 3 дугаар баг Бумбат Б 3 гудамж, 02 тоотод байршилтай 2318010364 нэгж талбарын дугаартай, 441 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-1804000777 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. Х аймгийн Улсын бүтгэлийн хэлтэс 2015.12.25” гэх,  

4.3.Хүсэлт гаргагч Ч.М-ын төрсөн эх Л.С нь 2020 оны 12 дугаар сарын 11ий өдөр нас барсан гэх,

4.4.Төрөл садангийн лавлагаагаар СЩ0000 регистрийн дугаартай Б овогт Л-ын С нь СЩ000 регистрийн дугаартай Х овогт Ч-ын М-ын эх гэх,

-СЩ регистрийн дугаартай Ишийн Чулуунбаатар нь СЩ000 регистрийн дугаартай Х овогт Ч-ын М-ын эцэг гэх,

-хүсэлт гаргагч Ч.М нь СЩ регистрийн дугаартай Б овогт Ч-ын Б, СЩ регистрийн дугаартай Б овогт Ч-ынБ, СЩ регистрийн дугаартай Б овогт Ч-ын М нарын эгч,  СЩ регистрийн дугаартай Х овогтт Ч-ын Мнь хүсэлт гаргагч  Ч.М-ын эгч гэх,

4.5.Нас барсны лавлагаагаар Б овогт Ч-ын Б /РД:СЩ85062834/ нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нас барсан гэх,

4.6.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар СЩ регистрийн дугаартай, Б овогт Ч-ын Б нь  гэрлээгүй гэх, 

4.7.Б овогт Л-ын С нь ам бүл 2, хүү Б овогт Ч-ын Б-ын хамт Х аймгийн Б сумын Бумбат 3 дугаар баг Дэнжийн 3-302 тоотод оршин суудаг байсан гэх,

4.8.Өвлөгч Ч.М, Ч.Б, Ч.Мнар нь өөрт оногдох хэсгийн өвлөх эрхээ төрсөн эгч  Ч.Мд өвлүүлэхийг зөвшөөрч, өв хүлээн авахаас татгалзсан гэх,

4.9.Өвлүүлэгч Л.С-ийн өвлөгдөх эд хөрөнгө болох 2318010364 нэгж талбарын дугаартай, 441 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний өмчлөх эрхийг өв хүлээн авах болон өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргаагүй гэх үйл баримтууд тогтоогдов.

5.Өвлүүлэгч Л.С  нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар энэ өдрөөс өв нээгдсэн байна.

Тэрээр нас барах хүртэл хүү Ч.Б-ын хамт амьдарч байсан болох нь Х аймгийн Б сумын Бумбат багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 229 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

 

6.Иргэний  хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.528.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж, ...528.4 дэх хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно... гэж тус тус хуульчлан заажээ.

 

Хүсэлт гаргагч Х овогт Ч-ын М нь Б овогт Л-ын С-ийн төрсөн охин болох нь хэргийн 3 дугаар талд авагдсан Ч.М-ын “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, 15 дугаар талд авагдсан “Төрөл садангийн лавлагаа”-гаар тус тус нотлогдож байна.

Мөн хүсэлт гаргагч Ч.М нь Б овогт Ч-ынБ /РД:СЩ/, Б овогт Ч-ын М /РД: СЩ/ нарын эгч, Б овогт Ч-ын М/РД:СЩ/ нь хүсэлт гаргагчийн төрсөн эгч болох нь хэргийн 17-19 дүгээр талд авагдсан “Төрөл садангийн лавлагаа”, 37-40 дүгээр хуудсанд авагдсан “Өв хүлээн авахаас татгалзах хүсэлт” зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Өвлүүлэгч Л.Стай хамт амьдарч байсан түүний хүү Б овогт Ч-ын Б нь гэрлэж байгаагүй болох нь хэргийн 43 дугаар талд авагдсан “гэрлэсний бүртгэлгүй лавлагаа”-гаар нотлогдож байх бөгөөд тэрээр 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нас барсан буюу өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч байхгүй гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн бусад өвлөгч болох түүний төрсөн эгч Ч.М, төрсөн дүү Ч.М, Ч.Б нар нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаагүй байх тул уг өвийг хүлээн аваагүй гэж үзэхээр байна.

 

Энэхүү үйл баримт нь Монголын Нотариатчдын танхимын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 983 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.  /хх-ийн 25 дугаар тал/

 

7.Хүсэлт гаргагч Ч.М нь өв хүлээн авах хугацаа сунгуулах үндэслэлээ “...Дүү Ч.Б-ыг нас барсны дараа дүү Ч.Б-д өвлүүлэхээр хөөцөлдөж байтал эгч Ч.М-ийн бие өвдөөд эмнэлгээр байнгын явдаг байсан. Эгчийн маань ганц охин Оросын Холбооны Улсад сурдаг болохоор Улаанбаатар хот руу эмчилгээнд нь би байнга авч явдаг байсан. Энэ жилээс эгчийн маань бие арай дээрдсэн...” гэж тайлбарлав.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн тайлбар нь хэргийн нотлох баримт болох тул шүүх Ч.М-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг үнэн зөв гэж дүгнэв.

 

8.Иймд хүсэлт гаргагч  Х овогт Ч-ын М-ын төрсөн эх Б овогт Л-ын С /СЩ0000/-ийн өмчлөлийн Х аймгийн Б сумын 3 дугаар баг Бумбат Б 3 гудамж, 02 тоотод байршилтай 2318010364 нэгж талбарын дугаартай, 441 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хожимдуулсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж, өв хүлээн авах хугацааг сунгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

9.Өвлүүлэгч Л.С-ийн төрсөн хүүхдүүд болох Ч.М, Ч.Б, Ч.Мнар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт зааснаар өв хүлээн авахаас татгалзах хүсэлтээ Х аймгийн Б сумын тойргийн Нотариатчид гаргасныг дурдах нь зүйтэй.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Х овогт Ч-ын М-ын төрсөн эх, өвлүүлэгч Б овогт Л-ын С /РД:СЩ0000/-ийн өмчлөлийн Х аймгийн Б сумын 3 дугаар баг Бумбат Б 3 гудамж, 02 тоотод байршилтай 2318010364 нэгж талбарын дугаартай, 441 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өв хүлээн авах  хугацааг сунгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч Ч.Маас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ