Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/213

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал, 

Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О-д холбогдох эрүүгийн 1838001780246 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.О.

Шүүгдэгч Ж.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Отгонзаяаг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.О-г байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2012 онд би архи ууж ирээд эхнэртэйгээ маргалдсан. ...2017 оны намар нэг шөнө адуу хаших гэж эхнэрээ дуудаж босгоод адуугаа хаших гэсэн чинь гарч ирэхгүй сүүлд гарч ирэхээр нь би уурлаад яагаад алга болчихдог юм гээд уурласан чинь надаас айгаад тэр чигтээ зугтаагаад алга болчихсон байсан. Тэгээд би ганцаараа адуугаа хашаад гэртээ ороод унтсан. ...Түүнээс хойш 05 дугаар сарын үед ...эхнэр гэрээс гарч ирээд намайг явуулахгүй миний гараас барьж аваад дараад байхаар нь би эхнэрээ гараараа толгойн тус газар нь хэд хэдэн удаа цохисон. ...Бид хоёр ямар нэгэн зүйлээс болж маргалдаж эхэлдэг. Маргалдахаараа би эхнэртээ гар хүрэх тохиолдол гардаг байсан” гэх мэдүүлэг,

Хохирогч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2012 оноос хойш намайг алгадаж авах болсон. ...Хотод байхад О намайг байнга зодож дарамталдаг болсон. ...орой орондоо орсон байхад хүртэл намайг хөнжил дотор гараараа цээжин тус газар цохих ...чамайг ална гэж дарамталдаг байсан. ...О намайг зодсоны улмаас миний тархи толгой өвддөг мөн зүүн гарын дунд хурууны нэг үеийг мулталсан. Мөн зүүн талын нэг хавирга цуурсан байсан. Мөн хүрзээр цохиж зодсон. Тэгэхэд миний бүсэлхий орчим нил хөх алаг болсон. ...2016 оны өвөл идэшний үед ...намайг гэрийнхээ хойморт шахаж байгаад үснээс зулгааж байгаад газарт унагаж байгаад шал мөргүүлсэн. Мөн цээжин дээр дэвсээд байсан. ...Мөн энэ өвөл манай нөхөр чамайг ална гээд гэр тойруулаад хөөхөөр нь би нялх хүүхдээ тэврээд айхдаа тэр чигээрээ гүйгээд цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд гэртээ ирэхэд хүүхдийн дух хавдчихсан байсан. ...би хүүгээсээ наад духаа яачихсан юм бэ гэхэд аав намайг үсдэж аваад багана мөргүүлсэн гэсэн. ...Байшин руу орохоос өмнө намайг цээжин тус газар өвдгөөрөө нэг удаа өвдөглөнгүүт би яг багтраад унах гэж байсан. ...О одоо 8 настай том охиноо байнга айлгаж сүрдүүлдэг. Заримдаа гар хүрч зоддог. ...05 дугаар сарын 20-ны үед байх ...манай нөхөр намайг үснээс зулгаагаад нүүрээр минь газар руу дараад толгой дээрээс хөлөөрөө дэвсээд мөн гараараа цохисон. Тэгээд мөн үснээс зулгаагаад гэрийн үүднээс хашааны гадна үүд хүртэл чирсэн. ...Тэгээд чамайг одоо л алчихъя тэгэхгүй бол чи цагдаад хэлчихнэ гээд зодоод байсан. ...2011 оны 9 дүгээр сард анх намайг зодохдоо толгойны үснээс зулгааж байгаад нүүр рүү алгадсан. Мөн 11 дүгээр сард гартаа түлээ болон сав барьж байгаад гар болон цээжин тус газар 2-3 удаа цохисон. ...Улаанбаатар хотод байхад намайг гудамжинд явж байхад үсдэж барьж аваад дарж унагаад хацар руу алгадсан. ...2015 онд гэртээ байхад гараас барьж байгаад гэдэс болон нуруун тус газар хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед миний зүүн гарын дунд хурууны үзүүр үе хугарсан байсан. 2017 оны намар 8 дугаар сард ...гараас барьж байгаад цээжин тус газар цохиод байсан. ...2018 оны 5 дугаар сард ...гар руу цохиод мөн цээжин тус газар цохиж унагаж байгаад толгой хүзүү рүү мөн цээж рүү удаа дараа өшиглөсөн. ...О намайг зодсон талаар яриад байвал нэлээн их байгаа тийм болохоор тодорхой цөөн хэдэн зүйлээс нь дурьдаж ярилаа  гэх мэдүүлэг /хх-ийн 7-20 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч О.Дэжидмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Архи уусан үедээ болон эрүүл ч гэсэн ээжийг зоддог. Намайг нэг удаа үснээс зулгааж байгаад гэрийн багана мөргүүлсэн. 02-р сарын 23-ны орой би ээж дүүгийн хамт Т ахынд юм хийгээд сууж байхад шөнө манай аав О нь нэг хүнтэй хамт гэртээ согтуу ирсэн. ...Тэгсэн чинь Т ах аав 2 гэрт гэрт хоорондоо зодолдсон тэгээд аав Т ахынд орж ирээд Ж эгчийн нүдэн тус газар гараараа цохисон. Аав ээжийг зодоогүй байх харин ална гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, 

  • М.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 02-р сарын 23-ны орой би гэртээ нөхрийнхөө хамт байж байсан чинь гадаа мотоцикль дуугарахаар нь манай нөхөр цонхоор харснаа О ирж байна гэсэн. Манай хашаанд О-н эхнэр О гэдэг хүн хүүхдүүтэйгээ хамт байдаг байсан юм. Тэгээд хэсэг байж байтал О-н эхнэр хэсэг орилж байснаа чимээгүй болсон. ... Тэгснээ гэнэт цамцаа аваад хойморт байсан бурхан тахил руугаа хувцасаа шидсэн чинь бурхан нь газарт унасан чинь төрсөн ах Т чи бурхан тахилаа яаж байгаа юм гээд дүүдээ хэлэхэд О шууд ахыгаа цохиод авсан. Тэгээд О ахыгаа нилээн хэдэн удаа цохисон. Тэгсэн чинь манай охин О ах аавыг сонин болгоод байна хоолой нь хачин дуугараад байна гэсэн чинь би очиж энэ хоёрыг салгасан. Тэгсэн чинь О би чамайг ална чи миний ахыг удирддаг муу янхан гичий гэж орилж хашгираад байсан. Би энэ үед гэртээ орчихсон хаалгаа түгжээд сууж байсан чинь О гэрийн гаднаас үүдэнд ирчихээд хаалгаа онгойлго Ж хүүхнийг ална гээд хаалга эвдчих гээд байхаар нь манай нөхөр хаалга онгойлгож өгсөн юм. Тэгсэн чинь О гэрт орж ирээд би чамайг шаачих уу янхан авгай минь гээд байсан. Би нөхөртэйгөө суухаас өмнө би дагавар охинтой байсан юм. Тэгсэн чинь манай охиныг бас хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн чинь О гэнэт гараараа намайг миний баруун талын нүдэн дээр нэг удаа цохисон  тэгэхээр нь би ёо ёо гэж орилоод нүдээ дараад хойшоо болсон тэгсэн чинь манай нөхөр чи яаж байгаа юм эгчийгээ зодоод гэж энэ хоёр хоорондоо барилцаад авсан. Тэгээд энэ хоёр гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Ж.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...02 дугаар сарын 23-ны орой ...манай эхнэр О-г одоо чи унт гэсэн чинь О гэнэт манай эхнэрийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би яаж байгаа юм гээд дүүгээ гэрээсээ аваад гарсан. Тэгтэл удалгүй гаднаас дүү Т, удалгүй бас цагдаа орж ирсэн. Тэгээд О-г цагдаа аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 52-55 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838001780246 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ж.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.О хохирогч С.О нар нь албан ёсны гэр бүл болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 60 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч С.О нь шүүгдэгч Ж.О-с хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838001780246 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

  1. Шүүгдэгч Ж.О-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ж.О-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.О-т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ж.О-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 1838001780246 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН