| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2329000000225 |
| Дугаар | 2025/ДШМ/26 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., 15.2.2.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/26
Н.*******, М.*******, Б.*******,
П.******* нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: В.Төгсбаяр /цахимаар/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Батбилэг,
Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч: М.Алтанцэцэг,
Шүүгдэгч М.*******, Б.*******, П.******* нарын өмгөөлөгч Э.Ганбат,
Шүүгдэгч: Н.******* /цахимаар/, М.*******, Б.*******, П.*******
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Г.Батмөнх, шүүгч Г.Даваанаран нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.*******, М.*******, Б.*******, П.******* нарт холбогдох 2329000000225 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “******* *******” баарны бүжгийн талбайд амь хохирогч У.*******-*******той үйл ялих зүйлээр маргалдан нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун чамархай, гавлын суурь ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн булчингийн цус хуралт, 2 уушгины угийн холбоосны цус хуралт, 2 чихний дэлбэн, баруун шанаа, нуруунд зулгаралт гэмтэл үүсч, баруун чамархай, суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсан,
Шүүгдэгч Б.*******, П.*******, М.******* нар нь 2023 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “******* *******” бааранд У.*******-*******ыг бусдад цохиулсны улмаас газарт унаад сэргээгүй, гэмтэл авсныг мэдсээр байж баарнаас зөөвөрлөж тээврийн хэрэгсэлд авч яван, аюултай байдалд орхиж тусламж үзүүлээгүй гэмт хэрэг холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, М.*******, Б.*******, П.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон өөрчилж,
Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.*******, П.*******, М.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.*******ыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******, П.*******, М.******* нарыг тус бүр 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******, П.*******, М.******* нарт оногдуулсан 7,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын сэжигтнээр баривчлагдсан 1 хоног, яллагдагчаар цагдан хоригдсон 57 хоног, нийт 58 хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,
Шүүгдэгч Н.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Байгальмаад оршуулгын зардалд 7,405,194 төгрөг, сэтгэл санааны хохиролд 129,580,000 төгрөг, нийт 136,985,194 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Н.*******аас 31,246,298.5 төгрөг, шүүгдэгч Б.*******аас 34,246,298.5 төгрөг, шүүгдэгч П.*******аас 34,246,298.5 төгрөг, шүүгдэгч М.*******ас 34,246,298.5 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
1. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Н.******* нь амь хохирогч У.*******-*******ыг нүүрэн тус газарт нэг удаа цохисны улмаас гавлын чамархай, суурь ясны хугарал, тархин дахь цус харвалт /цусан хураа/ гэмтлийн улмаас У.*******- ******* нас барсан гэх дүгнэлт хийсэн атлаа М.*******, Б.*******, П.******* нарын үйлдлийн улмаас хохирогч нас барсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр ял шийтгэсэн нь “Хүн-хоёр амьтай байдаг” мэт шинжлэх ухааны болон хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн.
Хүн амины гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг бөгөөд Н.*******ын үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоосон, хэргийн талаар нотолбол зохих байдлууд эргэлзээгүй нотолж, тогтоосон атал улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, М.*******, Б.*******, П.******* нарт яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн үндсэн зарчмуудын нэг болох “гагцхүү гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэснийг зөрчсөн.
2. Шүүх М.*******, Б.*******, П.******* нарын үйлдлийг дүгнэхдээ /Шийтгэх тогтоолын 20 дугаар тал/ “Хохирогчид хүнд гэмтэл учирсныг ухамсарлан ойлгосон, ойлгох боломжтой байхад орхисон, улмаар гэмтэл учирсныг мэдэлгүй хугацаа алдах байдлаар хор уршгийг даамжруулсан, ... тухайн цаг хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой байхад тусламж үзүүлээгүй нь “Аюултай байдлыг орхих, тусламж үзүүлээгүй байх гэмт хэргийн шинжийг хангаж байна” гэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар үгүйсгэгдсэн болно. Үүнийг ч шүүхийн тогтоолд дурдахдаа “М.*******, Б.*******, П.******* нар нь хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, унтаж байна гэж андуурсан, гэмтэл учирсныг хэн аль нь мэдээгүй, хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн гэж ойлгогдож байгаа гэсэн атлаа үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцож ял шийтгэсэн болно.
Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрүүл ухаантай, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд илтэд осолдож гэмтсэн, шарх гэмтэл авсныг баттай мэдсэн, мэдэх боломжтой байсан нь тогтоогдсон тохиолдолд л гэмт хэргийн шинжийг агуулна.
Тархины битүү гэмтэл буюу ил шарх гэмтэлгүй, хуйхны цаадах гавал яс, гавал ясны доторх тархины цус харвалтыг жирийн согтолттой иргэн /эмч бус/ оношилж мэдэх боломжгүй, гагцхүү рентген зураг, КТГраф зэрэг шинжилгээ хийж, мэргэжлийн эмч /мэдрэл, гэмтэл/ нар л бүрэн оношлох боломжтой нь ойлгомжтой байхад нэр бүхий гурван шүүгдэгчийг “эмнэлгийн тусламж үзүүлээгүй, хугацаа алдсанаас хохирогч нас барсан" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
Хохирогчийн амь нас сумын эмнэлэгт хүргэсэн ч аврагдах нөхцөл боломжгүйг шүүх анхаарч зөв үнэлээгүй болно.
Цусан хурааг авах, дарагдсан тархийг сэргээх нь дан ганц амь нас аврах боломжтойг 100 хувь нотлохгүй бөгөөд суурь ясны хугаралд хийх эмчилгээ /ясыг хадах гэх мэт/ Монгол улсад огт байхгүй юм. Цусан хурааг мэс заслаар авах боломж энэ тохиолдолд ийм цаг хугацаанд байсан гэх асуудлыг огт шалгаж тогтоогоогүй атал "амь нас аврах боломжтой" гэсэн дүгнэлтээр зүйлчлэл өөрчлөх үндэслэлгүй юм.
Цусан хурааг авсан ч суурь ясны хугаралтай хэсэгт дахин дахин цус хуримтлагдана. Шинжээчийн 233 дугаартай /ШШЕГ/ дүгнэлтэд амь хохирогчид эмнэлгийн зохих тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжтой нь тогтоогдоогүй байхад зүйлчлэлийг өөрчилсөн нь мөн л Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарна.
Иймд М.*******, Б.*******, П.******* нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэнэ үү гэжээ.
Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Н.*******ын тухайн үед гаргасан үйлдлийн улмаас буюу амь хохирогчийн бие эрх чөлөөнд халдаад тухайн хохирогч нь эргэж сэрээгүй.
Ухаан алдсан хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх, ...хэрвээ хүн л юм бол хүнд цохиулаад үхчихсэн юм уу? эсвэл ухаан алдчихаад байна уу? ухаан алдчихаад сэрэхгүй байна уу гэж байгаа тохиолдолд тэр хүнийг босгох, сэрээх, амь насанд нь аюул учирчих вий гэдэг санаа, сэтгэл, зовниж эрүүл мэндийн байгууллагад тусламж үзүүлэх гэдэг нь наад захын хүний хийх ажил. Энэ үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон шинжээч нар мэс заслын ажилбар хийгдээд амь нас нь аврагдах боломжтой гэдгээ хэлсэн. Магадгүй тэр үед нь эдгээр хүмүүс үүргээ биелүүлээд эмнэлгийн тусламж үзүүлчихсэн бол эмнэлэг мэс заслын ажилбараа хийсэн бол талийгаачийн амь нас нь хохирохгүй Монгол улсын нэг иргэн амьд үлдэх боломжтой байсан гэж үзэж байна.
Шүүх энэ эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Б.*******, П.******* нарт яллах дүгнэлт үйлдсэн нь анхнаасаа прокурорын шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл хохирогчийн амь нас Н.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас нас барсан гэсэн шалтгаант холбоо эргэлзээгүй тогтоогдсон нотлох баримтууд байсаар байтал тухайн үхэлд хүргэсэн гэмтийг учирсны дараа амь насыг нь аврах боломжтой байдлыг эдгээр шүүгдэгч нар буюу Н.*******, Б.*******, П.******* нар алдагдуулсан мэтээр дүгнэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх засаж залруулаагүй. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны хувьд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй нь энэ дүгнэлтээс харагдаж байна.
Шийтгэх тогтоолын хорьдугаар хуудасны хоёрдугаар талд эдгээр хүмүүсийг буруутгасан дүгнэлт хийхдээ гэмтэл учирсныг мэдэлгүй хугацаа алдах байдлаар хор уршгийг даамжруулсан гэж байгаа.
Энэ гэмт хэрэг дээр мэдэлгүй хугацаа алдах байдлаар гээд өөрөөр хэлбэл мэдээгүй гэдгийг нь шүүх хүлээн зөвшөөрснөө тусламж үзүүлээгүй аюултай байдалд орхих гэмт хэргийн шинжийг хангаж байна гэсэн дүгнэлт хийсэн.
Шүүх хуралдаанд оролцсон шинжээч нарын хувьд ийм ийм шинжилгээнүүдийг хийгээд, гавал тархины мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байсан. Тэрийг үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байхыг үгүйсгэхгүй гэсэн утгатай дүгнэлт гаргасан болохоос биш яг баттай аврагдана гэсэн дүгнэлт огт гараагүй.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал, шүүхийн дүгнэлтийг зөвтгөж Н.*******, Б.*******, П.******* нарт холбогдох гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Батбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Тухайн үед бааранд хохирогчийг сэрэхгүй болохоор нь гурван шүүгдэгч гурван талаас нь дамжлаад машиндаа хийгээд цоожилчхоод, буцаж баарандаа орж ирээд архи уугаад суудаг.
Шинжээчийн дүгнэлт амь аврагдах боломжтой гэж гарсан. Тэгэхээр цохиулаад унасан байна. Унахдаа гэмтэл авах боломжтой нөхцөл байдлыг гурван шүүгдэгчийн хувьд мэдэх боломжтой. Ухамсарлан ойлгох боломжтой ийм нөхцөл байдалд байсан хэрнээ машинд хийснээсээ хойш 19 цаг гадаад орчноос нь таслаад, тодорхой объект дотор цоожлоод яваад байдаг. Тэгэхээр шалтгаант холбоо чинь энд байгаа. Гэмтэл авсан юм байна. Машин дотор цоожилсон юм байна. 19 цаг болсон юм байна. 19 цагийн турш түргэн тусламж үзүүлээгүйн улмаас тухайн авсан гэмтэл нь даамжраад үхэлд хүрэх шалтгаан болсон байна.
Шүүгдэгч нар түргэн тусламж үзүүлээгүй, эрүүл мэндийн анхан шатны туслалцаа үзүүлэх этгээдтэй холбох боломжуудыг хаадаг. Хэрвээ энэ гурав дотроо зүгээр хоолоо идээд сууж байхдаа түргэн рүү залгаад машин дотор ийм хүн байгаа шүү гээд хэлчихсэн бол энэ зүйлчлэл хамаарахгүй. Тэрнээс цааших асуудал эрүүл мэндийн байгууллагын асуудал. Энэ өвчтөнийг аварч чадах юм уу, чадахгүй юм уу? энэ гуравд ямар ч хамааралгүй байх байсан.
Э.Ганбат өмгөөлөгчийн гаргасан гурван үндэслэл гурвуулаа үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 буюу хүнд гэмтэл учруулсан, хүнд гэмтлийн улмаас талийгаач нас барсан. Тэр хүнд гэмтлийг учруулаад байгаа үйлдэл нь миний үйлчлүүлэгчээс болсон. Харин талийгаачийн үхэх буюу амь насыг нь аврах боломжгүй үйлдэл нь эдгээр гурван шүүгдэгчээс болсон.
Тэр хүнд эдгээр хүмүүс цаг тухайд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бол өнөөдөр тэр хүн аврагдах боломжтой.
Энэ хавтаст хэрэг дотор байгаа бүх нотлох баримтуудаар гурван шүүгдэгчийг тухайн үед талийгаачийг бэртэл авсныг бусад гэрчүүдийн мэдүүлгээр буюу өөрсдийнх нь мэдүүлгээр нотлогдож байгаа учраас анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед талийгаачийг намайг цохиод унагаж байсныг харсан гээд энэ гурав гурвуулаа н.Цэцэгсүрэн өмгөөлөгчтэйгөө байцаагчид өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байдаг.
Анхан шатны шүүх хурал дээрээ болохоор мэдээгүй согтуу байсан гээд эсрэгээр нь яриад байдаг. Талийгаачийг энэ гурав машиндаа хийгээд цоожилсон бичлэгийг анхан шатны шүүх хурал дээр үзсэн. Тэгээд талийгаачийг машинд хийснийг энэ гурав л мэдэж байгаа. Өөр хэн ч мэдэхгүй. Би ч мэдэхгүй гэв.
Шүүгдэгч П.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Н.******* нь талийгаачийг өөрөө босоод явсан гэж хэлдэг. Маргааш өглөө нь М.Алтанцэцэг өмгөөлөгчийн ярьж байгаа шиг бид хэд өглөө хоолонд ороогүй. Өглөө эрт босоод архидаж эхлээгүй. М.Алтанцэцэг өмгөөлөгч худлаа ярьж байна гэв.
Шүүгдэгч Б.*******, Н.******* нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, М.*******, Б.*******, П.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон өөрчилж, Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.*******, П.*******, М.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.*******ыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******, П.*******, М.******* нарыг тус бүр 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат нь “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шүүгдэгч Н.*******, М.*******, Б.*******, П.******* нарын үйлдлийг зүйлчилсэн тул М.*******, Б.*******, П.******* нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгах” агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Хүнийг алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагдана.
Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.*******, М.*******, Б.*******, П.******* нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын “Эрүүгийн хуулийг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хангаж, “шүүгдэгч М.*******, Б.*******, П.******* нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тухай” гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын “Эрүүгийн хуулийг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хангасугай.
2. Шүүгдэгч Н.*******, М.*******, Б.*******, П.******* нарт холбогдох 2329000000225 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Шүүгдэгч Н.*******т урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.*******, П.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА