Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/28

 

 

Л.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Г.Баярдаваа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор А.Амгалан,

Шүүгдэгч Л.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Л.*******д холбогдох 2428000000028 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрт Б.*******тай мал нийлсэн асуудлаас маргалдан нүүр хэсэг рүү чулуу шидэж, түүний биед зүүн 1,2,3-р шүдний уг хэсгийн хугарал, доод уруулд шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь Л.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Шүүгдэгч Л.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******гаас 8,926,550 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******т олгож, уг төлбөрийг шүүгдэгч Л.******* мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******т төлсөн 10,755,000 төгрөгийн хохирол төлбөрт оруулан тооцож, 1,828,450 төгрөг илүү төлсөн болохыг дурдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хохирогч Б.******* нь тус хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигт нийт

29.623.350 төгрөгийг нэхэмжилж үүнээс Л.*******гийн өгсөн 10.755.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 18.868.350 төгрөгийг шүүгдэгч Л.*******гаас гаргуулахаар нэхэмжилдэг боловч шүүх хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд үл нийцэх төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж заасан үндэслэлд хамаарч байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас Б.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон, энэхүү хохирлоо буюу шүдээ эмчлүүлэхэд шаардагдах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 18.868.350 төгрөг шаардлагатай гэсэн холбогдох баримтыг хэрэгт гаргаж өгсөн байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасны дагуу хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл хохирогч 1 шүдэнд имплант хийлгэхэд 3.250.000 төгрөгийн, нийт 4 шүдэнд 15.900.000 төгрөгийн эмчилгээ хийгдэнэ гэсэн “******* ******* *******” ХХК-ийн “Noble dental care” шүдний эмнэлгийн эмчийн гаргасан эмчилгээ болон төлбөрийн задаргаа /хх-64 хуудас/ хэрэгт гаргаж өгсөн, энэхүү эмнэлэгтээ эхний шүдээ хийлгэсэн баримтаа мөн хэрэгт /хх-162-166, 171, 172 хуудас/ нотлох баримтаар өгсөн байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасны дагуу нотлох баримтыг хооронд нь харьцуулж, эх сурвалжийг магадалж үзэлгүй, хэт нэг талыг барьж хохирлын асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан дээрх аргаар шалгахад:

“Хавтаст хэргийн 64-р хуудаст авагдсан баримтаас Б.******* нь “******* ******* *******” ХХК-ийн “Noble dental care” нэртэй эмнэлэгт *******ийн ******* гэх эмчид үзүүлсэн юм байна гэж харагдах бөгөөд тухайн баримтад хуулийн этгээд болон эмч нь тамгаа дарж баталгаажуулсан нөхцөл байдал тогтоогдоно.” Ингээд тус 64-р хуудаст авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжтой эсэхийг бусад баримттай харьцуулан шалгавал хавтаст хэргийн 162-163-р хуудаст “Үйлчлүүлэгчийн үзлэгийн карт” байх бөгөөд эхний хэсэгт нь хохирогчийн мэдээлэл, зүүн дээд буланд нь ‘“Noble dental care” шүдний эмнэлэг гэж, төгсгөл хэсэгт нь үйлчлүүлэгчид хийгдсэн эмчилгээ, төлбөрийн мэдээлэл бичигдсэн байна. Мөн хавтаст хэргийн 171-172-р хуудаст төлбөр төлсөн баримт байх бөгөөд 171-р хуудаст авагдсан НӨАТ-ийн сугалааны дугаартай төлбөрийн баримтад “******* ******* *******”, мөн шүдний үйлчилгээ гээд 3.300.000 төгрөг гэсэн, 172-р хуудаст авагдсан баримтад *******ийн ******* гэх дансанд 3.300.000 төгрөгийг “шүд” гэж шилжүүлсэн баримт авагджээ. Эндээс харахад “******* ******* *******” ХХК нь “Noble dental care” гэх шүдний эмнэлэгтэй, эмч нь *******ийн ******* гэх эмч байдаг гэх дүгнэлт хийж болохоор байх бөгөөд тус 64-р хуудаст авагдсан баримтыг үнэлж хохирогчийн эмчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулах бүрэн боломжтой нөхцөл байдал тогтоогдож байна

Гэтэл шүүх “...М.******* гэх эмч шүдний эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эмч мөн эсэх баримт хэрэгт ирүүлээгүй, хуулийн этгээдийн хэвлэмэл хуудас ашиглаагүй гар тэмдэглэлийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул...” гэсэн дүгнэлт хийж хохирогчийн нэхэмжлэлийн асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх. хохирлыг нөхөн төлүүлэх. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан зорилтод үл нийцэж байна.

Иймээс өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 228.4 дэх хэсэг “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй”, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Б.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Л.*******гаас хохирогчийн шүдээ эмчлүүлэхэд нь шаардагдах зардал 18.868.350 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болох 18 868 350 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хэргийн <’ бодит байдалтай нийцээгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд урьдчилан гаргуулахаар шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хэргийг болон хохирол төлбөрийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д ‘Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж хуульчилсан.

Анхан шатны шүүхээс хохирол, хор уршгийг тогтоож шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хохирогчийн зүгээс гаргаж өгсөн “******* ******* *******” ХХК-ийн “Noble dental care” нэртэй эмнэлгийн эмч *******ийн ******* гэх хүний бичсэн хийгдэх эмчилгээ, шаардагдах нийт төлбөрийг тогтоосон гэх баримтыг үндэслэн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилдэг. Ингэхдээ хохирогчийн зүгээс тухайн хуулийн этгээд байдаг эсэх, шүдний эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг эсэхийг тодорхойлсон баримтыг хавсаргаж өгөөгүй. Мөн тухайн хуулийн этгээд, эмнэлэгт *******ийн ******* гэх эмч ажилладаг эсэх, ажилладаг бол ямар албан тушаалд ажилладаг, шүдний ямар төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг нь тодорхойгүй, шүдний ямар үйлчилгээг ямар үнэ тарифаар үзүүлдэг болох нь холбогдох байгууллагын албан ёсны баримтаар тогтоогдоогүй байхад шүүх тус ганц бичгийг үндэслэн хохирол төлбөрийг урьдчилан гаргаж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй юм. Тухайн хэрэг нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гарсан. Шүүгдэгч *******гийн зүгээс хохирол төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэгдэхээс өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад 10 755 000 төгрөгийн төлсөн байхад хохирогч нь одоог хүртэл шүдээ хийлгүүлээгүй байна. Жилийн өмнөх тарифаар одоо шүдийг хийх эсэх нь тодорхой бус нөхцөл байдал харагддаг. Учир нь цахим орчинд тухайн эмнэлгийн нэрийг хайж үзэхэд facebook цахим хаяг дээр “Noble dental care” шүдний эмнэлэг гэсэн хаяг гарч ирэх бөгөөд тухайн хаяг дээрх мэдээллийг харахад шүдний имплант солонгос 2 000 000 төгрөг, Япон имплант 2 275 000 төгрөг гэсэн мэдээлэл нийтлэгдсэн байдаг.

Хохирогч ямар имплант шүд хийлгэж байгаа, өөр бусад ямар эмчилгээ шаардлагатай болох хэдий хугацаа зарцуулах, хэдэн төгрөгийн зардал шаардагдах нь *******ийн ******* эмч гэх хүний гараар бичсэн тодорхойлолтоос өөр нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн хэргийн хүрээнд гаргаж өгсөн 3 300 000 төгрөг төлсөн гэх НӨАТ-ийн сугалааны дугаартай төлбөрийн баримт байх боловч тухайн баримт дээр "шүдний үйлчилгээ” гээд 3 300 000 төгрөг баримт байдаг. Шүдний ямар үйлчилгээ үзүүлсэн нь тодорхойгүй, хэдэн шүдэнд эмчилгээ хийсэн нь тодорхойгүй баримт байдаг. Мөн энэхүү төлбөрийн баримтыг “******* ******* *******” ХХК гэх хуулийн этгээдээс гаргаж өгдөг боловч яагаад төлбөрийг нь шилжүүлж авахдаа хуулийн этгээдийнхээ дансаар авалгүй *******ийн ******* гэх хувь хүний дансаар хуулийн этгээдийн зүгээс үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг шилжүүлж авч байгаа нь тодорхойгүй.

Тиймээс хохирогчийн зүгээс гаргаж өгсөн эдгээр нотлох баримтыг үндэслэн цаашид хийгдэх эмчилгээний төлбөрийг шүүгдэгчээс урьдчилан гаргуулах боломжгүй гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж магадлах аргаар шалгалгүйгээр хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна. ...Хамгийн эхний хийлгэсэн шүднийхээ сүүлийн үзлэгт явсан. Мөн хоёр дахь шүд хийлгэх ажлаа эхэлсэн. Эмнэлгийн зүгээс унасан шүднүүдийг бүгдийг нь нэг дор хийх боломжгүй гэдэг. Учир нь имплант суулгаж байгаа учраас нэг нэгээр нь суулгадаг. Тухайн хүнд тохирч байгаа эсэх, ямар нэгэн зовуурь өгч байгаа эсэх, тухайн хүний биетэй дасах эсэх гээд тодорхой хугацаа шаардагддаг талаар хэлээд, үүнтэй холбоотой баримтыг хэргийн хүрээнд шүүх хэлэлцүүлгийн өмнө гаргаж өгсөн. Гэтэл эдгээр нөхцөл байдлуудыг шүүх харж үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байгаа учраас хохирол төлбөрийг бүрэн гаргуулахаар гомдол гаргасан. Б.*******ын хор уршгийг арилгах буюу шүдийг хийлгэхэд гарах зардлыг шүүгдэгч төлөх үүрэгтэй. Харин хэдий хэмжээний зардал гарах вэ гэдэгтэй холбоотой баримтыг үнэлэхэд эдгээр гаргаж өгсөн баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзэх юм бол шүүхийн хийгээд байгаа дүгнэлт учир дутагдалтай гэдэг нөхцөл байдал харагдана. Яагаад гэхээр эхний шүдээ хийлгэж эхэлсэнтэй холбогдуулан төлбөр болох 3,300,000 төгрөгийг Б.*******ын зүгээс Хаан банкныхаа данснаас тухайн шүдний эмнэлгийн шилжүүл гэсэн н.******* гэх эмчийнх нь данс руу шилжүүлсэн нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогддог. Үүнтэй холбогдуулан төлбөрийн баримт, нөатын баримт, банкны дансны хуулга зэргийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх үүнийг нотлох баримтаар үнэлсэн. Гэтэл яг энэ үнэлсэн баримттай нь холбогдуулан нөгөө эмч ийм ийм эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гээд эмчлүүлэгчийн үзлэгийн карт дээр “Нобел *******” шүдний эмнэлэг, мөн “******* ******* *******” ХК гээд эмчлэгч эмч нь хувийн тамгаа дарчихсан холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байхад яг энэ эмнэлэг байдаг эсэх, энэ эмнэлэгт энэ эмч ажилладаг эсэх нь эргэлзээтэй гэдэг байдлаар дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтуудаа үнэлж шалгах, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг биелүүлээгүй гэж харах үндэслэл болж байгаа. Иймээс хавтаст хэргийн 162-166, 171, 172, мөн сүүлд гаргаж өгсөн нотлох баримтуудыг бүхэлд нь авч үзэхэд Б.******* нь “******* ******* *******” ХК-ийн “Нобель *******” шүдний эмнэлэгт буюу н.******* эмч дээр эмчилгээ хийлгэж байгаа үйл баримт хангалттай тогтоогдож байгаа учраас бусад шүдэнд хийгдэх эмчилгээтэй холбоотой зардал болох 15,900,000 төгрөгөөс 8,900,000 төгрөгийг хасна. Мөн сэтгэл санааны хохирол гээд нийт 18,668,350 төгрөгийг Л.*******гаас гаргуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж гомдол гаргаж байгаа. Сэтгэл санааны хохирлын зэрэглэлийг шүүх мөн тодорхойлоод нэхэмжилсэн хэмжээнээс багаар тооцож үнэлдэг. Гэтэл энэ гэмт хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл энэ хүн ямар их зовуурь шаналал мэдэрч байна. Өнөөдрийг хүртэл шүд нь бүрэн эдгэгдээгүй. Үүнтэй холбогдуулан хоол идэхэд хүртэл бүхэл хоол идэж чаддаггүй. Мөн найз нөхөдтэйгөө ч гэдэг юм уу, хөрш айлынхаа хүмүүстэй харилцахад хүртэл асуудал үүсдэг. Хэл нь дультраад, үг яриа нь ойлгогддоггүй. Үүнээс нь улбаалаад хүмүүс чи хөгшин хүн шиг гэдэг байдлаар асуудал үүсгэдэг учраас нийгмээс өөрийгөө тусгаарлаж байгаа нөхцөл байдал мөн хэргийн хүрээнд шинжээчийн дүгнэлт зэргээр тодорхой харагддаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх бага хэмжээгээр тогтоосон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учир үүнийг 8,573,400 төгрөгөөр тогтоогоод нийт хохирлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Ахлах прокурор А.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нь  цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байдаг. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн “******* ******* *******” ХХК-ийн “Нобел ******* кевер” нэртэй эмнэлгийн эмч *******ийн ******* гэдэг хүний бичсэн цаашид хийгдэх эмчилгээний талаарх баримтыг, хэрвээ эмчилгээ хийсэн тохиолдолд шаардах төлбөрийн хэмжээг тогтоосон баримтуудыг гаргаж өгдөг. Үүнийгээ шинжлэн судлуулдаг. Ийм төрлийн эмчилгээ хийх боломжтой. Хэрвээ ийм төрлийн эмчилгээ хийх юм бол ийм хэмжээний зардал гарсан гэсэн тооцооны баримтад үндэслэж шүүх хохирол, хор уршгийн хэмжээг шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3-36.5 дугаар зүйлүүдэд заасан хуулийн зохицуулалтуудад нийцсэн шийдвэрийг шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан, мөн тэдгээрийн нотлогдсон байдлыг харгалзаж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн хохирлын асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт төлбөрийн баримт авагдсан байдаг. Гэхдээ энэ нь “******* ******* *******” ХХК-ийн дансанд мөнгийг шилжүүлээгүй. Хувь хүний дансанд шилжүүлчихсэн байдаг. Энэ нь эргэлзээ бүхий байдал үүсгэж байгаа. Өөрөөр хэлбэл нотлох баримт хангалтгүй учраас хохирогчийн хувьд өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь шүүх нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ зарим хэсгийг эрүүгийн хэргээс тусад нь шийдвэрлүүлээд явах боломж хуулиар байгаа. Энэ эрхийг нь нээлттэй үлдээж, энэ талаар шийтгэх тогтоолдоо зааж шийдвэрлэснээр хохирогчийн эрх зүйн байдал дордохгүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй байх. Тийм учраас хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болох зөрчил тогтоогдоогүй. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь зөв болсон. Гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар шийтгэх тогтоолдоо зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл хэмжээний дотор ялыг оногдуулсан байна. Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбогдуулаад би түрүүнд дэлгэрэнгүй тайлбар хэлсэн. Энэ тайлбарыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзэхийг хүсэж байна. Хохирогч Б.*******ын өмгөөлөгч Б.Оюунтунгалагийг гаргасан хохирогчийг эмчлүүлэхэд цаашид шаардагдах зардал болох 18,868,350 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс яриад байгаа нотлох баримтуудыг нь аваад үзэхээр “******* ******* *******” ХХК гэдэг компанийг хуулийн этгээд гэж яриад байдаг. Үнэхээр хуулийн этгээд нь байдаг эсэх, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох мэдээлэл огт байдаггүй. М.******* гэдэг эмч ажилладаг бол тэр эмчийнх нь тушаал, албан шийдвэр, тухайн эмнэлэгт хуулийн этгээдэд ямар албан тушаал эрхэлдэг талаар холбоотой нотлох баримт ч байдаггүй. Хувийн тамга ашигласан, гараар бичсэн. Энэ хүнд ийм эмчилгээ хийгдэнэ. Өдий хэмжээний зардал гарна гэсэн гар тодорхойлолт, хувийн тамгаас өөр зүйл байдаггүй. Үнэхээр хуулийн этгээдийн эмч юм бол хуулийн этгээдийг төлөөлж тодорхойлолт гаргаж байгаа тохиолдолд албан бланк, хуулийн этгээдийн тамга тэмдэг яагаад ашиглаж болдоггүй юм. Төлбөрийн мэдээлэл буюу энэ хүнд би шүд хийгээд ийм үйлчилгээ үзүүлээд 3,300,000 төгрөгийн төлбөр авсан. Тэр төлбөрийг хуулийн этгээд яагаад өөрийнхөө дансаар шилжүүлээд авч болдоггүй юм. М.******* гэж хүний данс руу яагаад шилжүүлж байгаа юм. Тэгснээ төлбөрийн баримт гаргаж өгдөг. Мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол жил гаруйн хугацаанд энэ хүн шүдээ хийлгэж дуусаагүй яваа нь манай үйлчлүүлэгчтэй холбоотой юм уу эсвэл өөр бусад шалтгаантай холбоотой юм уу, тэрийг хэлж мэдэхгүй байна. Ийм шаналал, зовуурьтай явж байна гэдэг. Үүнээс болоод сэтгэл санааны хохирол маш их амсаж байна. Дээд хэмжээгээр нь тогтоох ёстой байсан гэдэг тайлбарыг хэлээд байдаг. Гэтэл заавал дээд хэмжээгээр нь тогтоох уу энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоох уу гэдэг нь шүүхийн эрх хэмжээний асуудал, хэргийн нөхцөл байдал, тухайн хүний байгаа байдал, хэрэг үйлдэх нөхцөлүүд бүх талыг нь харж байж энэ сэтгэцэд учирсан гэм хор, хохирлыг тогтоодог. Шүүхээс дундаж хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлснээр сэтгэл санааны хохирлыг гаргуулаад шийдсэн нь хууль зөрчсөн асуудал биш. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Л.*******: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрт Б.*******тай мал нийлсэн асуудлаас маргалдан нүүр хэсэг рүү чулуу шидэж, түүний биед зүүн 1, 2, 3-р шүдний уг хэсгийн хугарал, доод уруулд шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Г.*******ын: “...Би Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн гэх газарт отроор байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бага малдаа явж байхад саахалт айлын бага малтай мал нийлэх гэж байсныг явган очиж эргүүлсэн. Нөгөө айлын малын эзэн болох Л.******* гэх эмэгтэй манай хэдэн ямааг элдсэн хөөсөн. Тэгэхээр нь би уулзах гээд очсон. Тэгсэн тэр хүн мотоциклоо шидэж унагаад эргэж хараад чулуу газраас аваад миний бие рүү шидсэн. Тэр шидсэн чулуу нь миний нүүр хэсэг буюу уруул шүд хэсэгт онож доод уруул язарсан үүдэн доод 3 шүд хугарч унасан, дээд хоёр үүдэн шүд эмтэрсэн юм. Аймагт ирж эмнэлэгт үзүүлэн доод уруулд 4 оёдол оёулсан. /хавтаст хэргийн 10-15 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ын биед зүүн 1,2,3-р шүдний уг хэсгийн хугарал, доод уруулд шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой 3. Б.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 15% нөлөөлнө. 4. Б.*******ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 493 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Батсайханы *******ын сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. /хавтаст хэргийн 194 дэх тал/

үүгдэгч Л.******* хохирогч Б.*******т 10.755.000 /арван сая долоон зуун тавин таван мянган/ төгрөг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 43 дахь тал/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх улсын яллагч болон хэргийн оролцогчийн тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь “шүүгдэгч Л.*******гаас хохирогч Б.*******ын цаашид шүдээ эмчлүүлэхэд нь шаардагдах зардал болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 18,868,350 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.*******ын дансны хуулгаар нэхэмжилсэн эмчилгээтэй холбоотой зардал “Хэрмийн цахиур”, “Бүтэнжаргал” эмнэлгээс үйлчилгээ авсан 385,000 төгрөг, замын зардалд Ё.Олзбаатар дансанд шилжүүлсэн 60,000 төгрөг, Н.Одгариг дансанд шилжүүлсэн 60,000 төгрөг, Ц.Батцэнгэл дансанд шилжүүлсэн 60,0 төгрөг, “Ум дом” ХХК-ийн дансанд шилжүүлсэн 55,050 төгрөг, “******* ******* *******” ХХК-аас шүдний эмчилгээ үйлчилгээ авсан 3,300,000 төгрөг, эмчилгээтэй холбоотой зардалд төлсөн 150,000 төгрөг, рентген зураг авхуулсан зардал 90,000 төгрөг, буудал, такси шатахуун, замын зардалд зарцуулсан 146,500 төгрөгийн баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлж гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4,306,550 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 4,620,000 төгрөг нийт 8,926,550 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******т олгохоор шийдвэрлэсэн дээрх төлбөрийг шүүгдэгч нь төлсөн гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” гэж заасантай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдал, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал, хохирогчид учирсан сөрөг нөлөө, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй.

Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэсэн тул хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийнанхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                         Г.БАЯРДАВАА

                                                                                                                 Л.УГТАХБАЯР