| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/03487/И |
| Дугаар | 192/ШШ2025/09602 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/09602
| 2025 11 18 | 192/ШШ2025/09602 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхт 17 гудамж, 287 тоот хаягт оршин суух, **** овогт **** /РД:****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын эх, Sky S Apartment 209 байр хаягт байрлах, Тэцү дэлгэрэх бийлдинг ХХК /РД:6507085/-д холбогдох,
Орон сууц захиалгын гэрээг цуцалж, 57,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ:
...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Тэцү дэлгэрэх бийлдинг ХХК-тай, ХУД-ийн 7-р хороо, Жаргалант эх гудамжинд баригдаж буй Sky S Apartment орон сууцны барилгын Б блок, 4 давхарт, **** тоот 1 өрөө 35,45 м.кв байрыг худалдан авахаар захиалгын гэрээг хийж, тухайн өдрөө төлбөрөө 100% буюу 58,600,000 төгрөгийг тус компанийн дансанд төлсөн.
Миний бие, тус компанитай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ (№ SKY B-231129172/04)-ний дагуу орон сууц хүлээлгэн өгөх хугацаа:2024 оны 2-р улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах хугацаа дууссаны дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Тэцү дэлгэрэх бийлдинг ХХК-д гэрээ цуцлах, тус компанийн голомт банкны *****дансанд тушаасан 58,600,000 төгрөгийг буцаан авах тухай хүсэлтийг бичиж өгсөн. Хариуцагч компанийн зүгээс миний хүсэлтийн хариуг бичгээр өгөөгүй, хэдий ч 2025 оны 02-р сарын 03-ний өдөр тус компани нь 20,000,000 төгрөгийг миний эзэмшдэг ***** тоот голомт банкны данс руу шилжүүлснийг хүлээн авсан.
Би ам бүл ганцаараа, олон жил Дарханы замд байрлах Урхин зоогийн газар олон жил туслах ажил хийж, хуримтлуулсан мөнгөөрөө аятай тухтай амьдаръя гэж 1 өрөө орон сууц авах санаатай Тэцү дэлгэрэх бийлдинг ХХК-ийн барьж буй Sky S
Apartment орон сууцанд захиалгын гэрээг хийж байсан. Байр ашиглалтад орох хугацаандаа ороогүй, одоо ч баригдахгүй, давхар нэмэгдэхгүй хэвээрээ байгаа ба миний бие элэгний хатуурал өвчтэй, бие маань өдөр ирэх тусам муудаж байгаа учраас байранд орсноос хэдэн жил амьд явахаа бодож, эмчилгээ хийлгүүлсэн нь дээр гэж шийдэж, гэрээг цуцлаж, мөнгөө авъя гэж хариуцагч компани дээрээ олон удаа очсон асуудлыг маань бүрэн шийдэхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд орон сууц захиалгын гэрээний 5.2 дахь хэсгийн дагуу хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тооцож, байрны төлбөрт төлсөн нийт 58,600,000 төгрөгөөс 2025 оны 2-р сарын 3-ны өдөр 20,000,000 төгрөгийн хариуцагч төлсөн, үлдэгдэл 38,600,000 төгрөг, түүний алданги 7,681,400 төгрөг, хариуцагчийн төлсөн 20,000,000 төгрөгийн алданги 2,500,000 төгрөгийг нийт 48,781,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Улмаар шаардлагаа нэмэгдүүлээд нийт 57,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч талаас тайлбартаа:
...Нэхэмжлэгч болох **** /****/-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр Хан-Уул дүүргийн 7-р хороо Жаргалантын эх Sky 5 Apartment хотхоны Б блок 4 давхар **** тоот 35,45 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1м2-ийн үнийг 1,653,033 төгрөг, нийт 58,600,000 төгрөгөөр захиалсан байдаг. Гэрээний дагуу орон сууцыг 2024 оны 2-р улирал буюу 2024 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж, ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон. Гэтэл захиалагч **** нь 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хувийн шалтгаанаар гэрээгээ цуцалж, мөнгөө буцаан авах хүсэлт гаргасан байдаг. Бид хүсэлтийг үндэслэн нийт төлсөг төлбөрөөс 20,000,000 төгрөгийг захиалагчид буцаан олгосон болно.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4 болон 5.4.1-т "Захиалагчийн санаачлагаар гэрээг цуцалсан" буюу хугацаанаас өмнө захиалагч хүсэлт гаргаж гэрээг цуцалсан тохиолдолд нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх торгуулийг ногдуулахаар заасан. Мөн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцлах хүсэлт өгч, цуцалсан тул холбогдох хуулийн дагуу анз, алдангийн зохицуулалт үйлчлэхгүй билээ.
Иймд нийт төлсөн төлбөрөөс захиалагчид буцаан олгосон 20,000,000 / төгрөг, гэрээний дагуух торгууль 5% буюу 2,930,000 төгрөг, нийт 22,930,000 төгрөгийг хасаж, 35,670,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох боломжтой.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 18,900,000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн төлбөр болох 39,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд сар бүр 6,500,000 төгрөг, тухайн сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохирч эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч Тэцү дэлгэрэх бийлдинг ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээг цуцалж, 57,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 18,900,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 39,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд сар бүр 6,500,000 төгрөгийг тухайн сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцов гэж талууд эвлэрсэн болох нь тэдний хүсэл зориг, тайлбараар тогтоогдож байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь тухайн хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлээр тогтоогдоно.
Иймд ****ын нэхэмжлэлтэй, Тэцү дэлгэрэх бийлдинг ХХК-д холбогдох орон сууц захиалгын гэрээг цуцалж, 57,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагчийн эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу ****ын нэхэмжлэлтэй, Тэцү дэлгэрэх бийлдинг ХХК-д холбогдох орон сууц захиалгын гэрээг цуцалж, 57,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 18,900,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 39,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд сар бүр 6,500,000 төгрөгийг тухайн сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 444,805 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Тэцү дэлгэрэх бийлдинг ХХК-иас 352,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ