| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2414003710328 |
| Дугаар | 2025/ДШМ/021 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/021
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор ;
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.ын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2414003710328 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ...... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт *******н *******, /РД:*******/, иргэний үнэмлэхийн бүртгэлийн дугаар /*******/
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 473 дугаартай “П.ыг зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 4,81 хувийн промильтой үедээ 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутагт байрлах гэрээс “Соёлын төв”-ын замд улсын дугааргүй мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон /яллах дүгнэлтэд бичигдсэнээр / гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч ******* ******* овогт *******н ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******н ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /02/ жилийн хугацаагаар хасаж, зургаан /06/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч П.ын зургаан /06/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч П.ын энэ хэргийн учир цагдан хоригдсон арван найм /18/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр/02/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
******* овогтой ******* миний бие нь 74 настай ээж Уртнасантай хоёулаа хамт амьдардаг. Миний ээжийг өөр асран хамгаалах хүн байхгүй учир 27.10-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлснийг хөнгөлж өгнө үү гэжээ.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Анхан шатны шүүх нь шүүгдэгч П.ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 д заасан гэмт хэргийг шийдвэрлэж байгаа шүүхийн практикийн судалбал ихэвчлэн хорихоос өөр төрлийн ял шийтгэж байгаа. Хорих ял шийтгэсэн тохиолдол нь *******д холбогдох хэрэг гэж хэлж болно. Шүүгдэгчийн ар гэр, хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хор уршиг учраагүй зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү.. гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 473 дугаар шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн 4,81 хувийн согтолттой үедээ улсын дугааргүй мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хавтаст хэргийн 36-37 дугаар талд авагдсан “.. Тухайн яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Архи уусан үедээ мотоцикл унаж явсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн яллагдагч П.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хх-ийн 07-09 /, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/473 дугаартай шийтгэвэр /хх-ийн 14-16/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч П.ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 473 дугаар шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн 4,81 хувийн согтолттой үедээ улсын дугааргүй мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцсон гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон..” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан , шүүгдэгчид холбогдуулан зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.ын “..Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж , хөнгөн ял оногдуулах..” агуулгаар бичсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь:
Анхан шатны шүүх “...Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж баривчлах шийтгэл эдэлж дууссаны дараа дахин согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэлээ...” гэж дүгнэснийг нягтлан үзэхэд шүүгдэгч П.ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, шударга ёсны зарчимтай нийцжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулснаас хойш 1 сар 11 хоногийн дараа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтолтын зэрэг нь 4.81 буюу дунд зэргийн согтолттой байсан, цагдаагийн газрын цахим сангийн мэдээллээр 2014 оноос хойш нийт 16 удаа согтуугаар эрүүлжүүлэгдэж, зөрчлийн улмаас 5 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж байсан зэрэг хувийн болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ..” гэсэн шаардлагыг хангасан хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болжээ.
Иймд шүүгдэгч П.ын “..Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж , хөнгөн ял оногдуулж өгнө үү..” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч П.ын 2025 оны 3 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 4 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Т.ГАНЧИМЭГ