Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/00574

 

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/00574

 

 

 Д.Гансүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2016/01275 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Гансүхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Өлзийсайханд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 47 250 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Гансүх

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Өлзийсайханы хүсэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 30 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулж, мөнгийг тэр өдөртөө шилжүүлсэн. Эхний 2 сарын хүү 3 000 000 төгрөгийг 2015 оны 12 сарын 18-нд, 2016 оны 1 дүгээр сарын 18, 21-нд хувааж төлсөн. Сүүлийн сарын хүү болон үндсэн зээлийг төлөөгүй. Иймд Ч.Өлзийсайханаас үндсэн зээл 30 000 000 төгрөг, нэг сарын хүү 1 500 000 төгрөг, алданги 22 207 500 төгрөг нийт 53 707 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаасаа алдангийг хуульд нийцүүлэн багасгаж 2016 оны 2 дугаар сарын 18-наас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 141 хоногоор 31 500 000 төгрөгөөс тооцон 50 хувиас хэтэрсэн хэмжээг хасч 15 750 000 төгрөг болгож байна. Иймд хариуцагчаас нийт 47 250 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Гансүхээс 3 сарын хугацаатай 30 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд эхний 2 сарын хүүг төлсөн. Сүүлийн сарын хүүг, үндсэн зээлтэй хамт төлөөгүй тул нийтдээ 31 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаагаа Д.Гансүхэд удаа дараа мэдэгдэж, гэрээний хугацааг сунгаж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Алданги нь хэт өндөр, үндсэн төлбөрөөс хоёр дахин илүү мөнгө нэхэмжилж байна. Иймд алдангийг төлөх боломжгүй, хэт өндөр байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар багасгаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Өлзийсайханаас 46 500 000 /дөчин зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Гансүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 207 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 491 487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 390 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Уг зээлийг миний хүргэн ах Ц.Батмэнд надаар дамжуулан авч үйлдвэр ажиллуулсан боловч түүхий эдийн хомсдолд орж, 6 сарын турш үйлдвэр нь зогсолтод орсон. Иймээс зээлийг төлөхгүй өдийг хүрсэн. Анхан шатны шүүх хурал дээр алдангийн хэмжээг багасгуулах болсон шалтгаан нөхцөлөө хангалттай тайлбарлаж өгсөн бөгөөд шүүх энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Учир нь миний бие үүргээ биелүүлж 2 сарын хүүг төлж байсан. Миний хувьд их хэмжээний алданги төлөх ямар ч боломжгүй тул багасгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Гансүх нь хариуцагч Ч.Өлзийсайханд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 47 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч үндсэн зээл, зээлийн хүүг төлөхийг зөвшөөрч, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Гансүх нь 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдэгч Ч.Өлзийсайханд зээлдүүлэх, зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуульд нийцсэн дүгнэлт хийсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагын хэмжээг тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах зохицуулалтыг хэрэглэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хариуцагч Ч.Өлзийсайхан нь зээлийн мөнгөн хөрөнгийг бусдад шилжүүлсэн явдал нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна тэрээр зээлээс эргэн төлөлт огт хийж байгаагүй тул алдангийг багасгах үндэслэлгүй гэж үзэв.

 

Харин нэхэмжлэгч шаардлагаа өөрчилж 47 250 000 төгрөг болгосон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийн удиртгал хэсэгт буруу тусгасан байхаас гадна шийдвэрийн тогтоох хэсэгт багасгасан нэхэмжлэлээс хангагдсан хэсгийг хасч хэрэгсэхгүй болгох хэсгийг тодорхойлох байтал буруу тооцоолж алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2016/01275 дугаар шийдвэрийн Удиртгал хэсгийн 53 707 500 гэснийг 47 250 000 гэж, Тогтоох хэсгийн 7 207 500 гэснийг 750 000 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Өлзийсайханы төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ