| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/0830/Э |
| Дугаар | 884 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 884
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч Э.Гэрэлмаа,
шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Т-д холбогдох эрүүгийн 1806034120990 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ч.Т.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын задгай тоот гэртээ Г.Ганбаатарын баруун шилбэний ар хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Ганбаатарын: “...Би 2018 оны 04 сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хотод ирсэн. 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 10 цагийн үед Амгалан өртөөн дээр Ттай тааралдаад 0,75 литрийн нэг шил архи хувааж уучихаад бид хоёр хамт Хархорин зах орсон. ...Тэгээд эргээд Ты гэрт нь очсон. Т надад архи хийж өгөхөөр нь уучихаад хэвтэж байсан чинь гэнэт Т миний баруун хөл рүү хутгалсан юм. Тэгээд би тэдний гэрээс гараад Амгалан өртөөн дээрээс хүн рүү түргэн дуудуулж цэргийн төв эмнэлэг орж оёдол тавиулсан. ...Намайг хувцсаа тайлаад оронд ороод хэвтэж байхад ямар нэгэн зүйл хэлэлгүй хутгалсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Бид хоёр хэрэлдэж муудалцсан асуудал байхгүй. Хоёр жилийн өмнөөс нэгнийгээ таньдаг болсон. Намайг нэг удаа л баруун хөлийн шилбэн тус газар хутгалсан. Өөр хутгалж, зодсон асуудал байхгүй. Бид хоёр маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Ямар хутгаар хутгалсныг би мэдэхгүй байна. Бид хоёр нилээн согтуу байсан. Би зарим нэг зүйлийг бас сайн санахгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хөдөө байдаг учир шүүх хуралд ирж оролцох боломж байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-5-6/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Оюунгэрэлийн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нарантуул зах дээр явж байгаад Ганбаатартай дайралдахад надад “өчигдөр танай нөхөр намайг хутгалсан” гээд баруун хөлийнхөө булчин хавьцаа нь боолт хийлгэсэн байснаа надад үзүүлэхээр нь би “та хоёр яасан маргалдсан юм уу” гэж асуухад “үгүй” гэж хэлсэн. Маргааш нь Таас “чи яагаад Ганбаатарыг хутгалсан юм бэ надтай дайралдаад Т намайг хутгалсан гээд ярьж явсан” гэж хэлсэн чинь Т би тухайн үед болсон асуудлыг мэдэхгүй байна гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №575 тоот:
1. Г.Ганбаатарын биед баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэсэн дүгнэлт /хх-14-15/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Т: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын задгай тоот гэртээ Г.Ганбаатарын баруун шилбэний ар хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Ганбаатарын: “...Тэгээд эргээд Ты гэрт нь очсон. Т надад архи хийж өгөхөөр нь уучихаад хэвтэж байсан чинь гэнэт Т миний баруун хөл рүү хутгалсан юм. Тэгээд би тэдний гэрээс гараад Амгалан өртөөн дээрээс хүн рүү түргэн дуудуулж цэргийн төв эмнэлэг орж оёдол тавиулсан. ...Намайг хувцсаа тайлаад оронд ороод хэвтэж байхад ямар нэгэн зүйл хэлэлгүй хутгалсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Бид хоёр хэрэлдэж муудалцсан асуудал байхгүй. Хоёр жилийн өмнөөс нэгнийгээ таньдаг болсон. Намайг нэг удаа л баруун хөлийн шилбэн тус газар хутгалсан. Өөр хутгалж, зодсон асуудал байхгүй. Бид хоёр маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Ямар хутгаар хутгалсныг би мэдэхгүй байна. Бид хоёр нилээн согтуу байсан. Би зарим нэг зүйлийг бас сайн санахгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хөдөө байдаг учир шүүх хуралд ирж оролцох боломж байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-5-6/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Оюунгэрэлийн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нарантуул зах дээр явж байгаад Ганбаатартай дайралдахад надад “өчигдөр танай нөхөр намайг хутгалсан” гээд баруун хөлийнхөө булчин хавьцаа нь боолт хийлгэсэн байснаа надад үзүүлэхээр нь би “та хоёр яасан маргалдсан юм уу” гэж асуухад “үгүй” гэж хэлсэн. Маргааш нь Таас “чи яагаад Ганбаатарыг хутгалсан юм бэ надтай дайралдаад Т намайг хутгалсан” гээд ярьж явсан гэж хэлсэн чинь Т “би тухайн үед болсон асуудлыг мэдэхгүй байна” гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №575 тоот: Г.Ганбаатарын биед баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдов.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Ч.Т нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Т нь бусдад учруулсан хохирлыг төлсөн, хохирогч Г.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцахдаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч Ч.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806034120990 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч.Т-г хүнийг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Т-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Т-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Ч.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД