| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2214000000344 |
| Дугаар | 2025/ДШМ/022 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/022
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******;
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2214000000344 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ...... оршин суудаг,
Урьд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №267 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1-т зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн *******, ******* регистрийн дугаартай,
Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг дэвсгэр “******* ” гэх газраас иргэн ийн 9 тооны ямааг буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн т 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн *******тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 13-наас 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Гозгор 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ийн олон тооны мал буюу 2 үхрийг машин механизм ашиглаж хулгайлан авч 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн *******тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 сарын 07-ны өдөр шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас иргэн ийн 1 тооны адуу, иргэн н 1 тооны адуу, нийт 2 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн ид 4,000,000 төгрөг, иргэн д 1,500,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 24 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас нийт 3,395,000 төгрөгийг гаргуулж, хохирогч ид 900,000 төгрөг, хохирогч ид 1,745,000 төгрөг, хохирогч д 750,000 төгрөгийг тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр урттай уяа 1 ширхэг, 4 метр урттай уяа 1 ширхэг, ажлын хэсэг 15.5 см, 11 см урт модон бариултай хутга 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 45,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, шинжээч т олгож,
Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч , , хохирогч нарт төлөх төлбөргүй, түүний эзэмшлийн хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэгч гийн өмчлөлийн Приус-11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн , эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээж,
Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж...шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Миний бие нь *******тэй бүлэглэн иргэн , , , нарын малыг хулгайлсан гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч туйлын ихээр гэмшиж байна
Би хулгай хийсэн хэргээ цагдаа дээр шалгагдаж байхдаа бүгдгийг хүлээсэн гэтэл цуг хулгай хийсэн ******* алга болсон, би шүүх хурал болох урьд өдөр тэй л цуг шүүх хуралд оръё гэж бодоод оргож явсандаа туйлын ихээр гэмшиж байна.
Би хотод очоод орцны жижүүр хийж амьдарч байгаад согтуу хүн орцны эд зүйл эвдэхээр нь цагдаад дуудлага өгч регистрийн дугаараа хэлээд, цагдаагийн байгууллагад дуудсанаар очиж цагдаад баригдсан. Миний хувьд шүүхээс дур мэдэн явснаас хойш ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил үйлдээгүй харин ар гэртэйгээ холбоотой байж, хэргээ шийдүүлэх гээд очвол өөрөө Баянхонгорын шүүх дээр очно гэсэн бодолтой байсан.
Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хохирогч ид 900,000 төгрөг, ид 1,745,000 төгрөг д 750,000 төгрөг, шинжээч т 45,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан баримт нь өмгөөлөгчид байгаа. Хохирогч т учирсан 1,080,000 төгрөгийн хохирлыг шүүх хурлаас өмнө төлж барагдуулсан байсан. Би 80 нас гарсан аав, ээж хоёртойгоо амьдарч байсан намайг ял авснаас хойш биеийн эрүүл мэнд нь муудаж, хүнд байгаа тухай эргэлтээр ирдэг ах дүү нар хэлдэг.
Би одоо 58 настай, бас биеийн эрүүл мэнд сайнгүй, үе мөч өвдөх даралт ихсэх ходоод эрхтэн өвддөг энэ талаараа эмчийн хяналтад байдаг. Миний энэ насан дээр 6.5 жилийн ял авсан нь сэтгэл санаа болон бие эрхтэнд хүнд нөлөөлж, үнэндээ маш хүнд байна.
Миний хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдал, ар гэр, аав ээжийн байдал миний эрүүл мэндийн байдлыг харгалзан ялыг хөнгөлж өгнө үү гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгч ******* нь бусадтай бүлэгдэн гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр , , , нарын олон тооны бог, бод малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 жил, 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон тул Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
******* нь өөрийн холбогдсон гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, гэм бруугаа ойлгон, мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэргийг илрүүлэх,шалгаж шийдвэрлэхэд сайн дураараа дэмжлэг туслалцаа үзүүлж, хэргийн талаар мэдүүлэг өгсөн. Хувийн байдлын хувьд одоо 59 настай, өндөр настай аав, ээжийн хамт мал маллан амьдардаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хохирогч ид 900,000 төгрөг, ид 1,745,000 төгрөг, д 750,000 төгрөг, шинжээч т 45,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Иймд хувийн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү..гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг дэвсгэр “******* ” гэх газраас иргэн ийн 9 тооны ямааг буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн т 1,080,000 төгрөгийн ,
2022 оны 10 дугаар сарын 13-наас 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд *******тэй бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын Гозгор 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ийн олон тооны мал буюу 2 үхрийг машин механизм ашиглаж хулгайлан авч 1.800.000 төгрөгийн,
2022 оны 11 сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 сарын 07-ны өдөр шилжих шөнө *******тэй бүлэглэн Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас иргэн ийн 1 тооны адуу, иргэн н 1 тооны адуу, нийт 2 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн ид 4,000,000 төгрөг, иргэн д 1,500,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
1 дүгээр хавтаст хэргийн 66-67, 170-171, 237-239 дүгээр талд авагдсан “... Би өөрийн гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед гийн приус 11 маркийн хэрэгслээр Бөмбөгөр сумын 3 дугаарт багт байдаг манай хүргэн болох ийн гэр лүү яваад 18 цагийн үед очсон чинь гэр нь эзэнгүй хотондоо бог мал нь хэвтэж байсан. бид 2 хүлээгээд ирэхгүй болохоор нь хотонд байсан бог малаас нь 9 тооны ямаа барьж аваад машиндаа хийгээд замдаа явж байтал ямаанууд шахалдаад байхаар нь 4 тооны ямааг Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн Бом гэх газарт хөдөө хээр нядалж, гэдэс дотрын нядалсан газраа орхиод мах арьсыг нь машиныхаа багажид хийсэн...”
“... 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сумандаа буюу гэртээ байж байхад ******* аймагт хүрээд ир гэж дуудахаар нь ирэхэд мөнгөний хэрэг байна 2-уулаа үхэр хулгайлъя Өлзийтийн цаанаас ирж байхад үхэр хээр хонож байсан, тийшээ явъя” гэхээр нь ярилцаад 2 хоноод 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өлзийт сумаар дайраад явж байхад засмал замын хойд талд хорооны урд хэсэгт 10-аад тооны үхэр байхаар нь замаас гараад г нь харж байгаад харанхуй болгоод хороон дээр очиход үхрүүд хороон дотор ороод хэвтсэн байхаар нь хар зүсмийн болон улаан тарлан үхрийг барьж аваад нядалж гаргаад 2 үхрийн махыг *******гийн улсын дугаартай машинд ачаад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шөнийн 05 цагийн үед Баянхонгор аймагт *******гийн байшинд махаа буулгаж сэврээсэн. Тэгээд 2 үхрийн мах нийлээд 830.000 төгрөг болоод бид 2 тэнцүү хувааж авсан. т үхрийн махыг хулгайн мах гэдгийг хэлээгүй, зүгээр мах зарах гэж байна гэж ярьсан, гарал үүслийн бичиг асуухаар нь дараа авчирч өгье гэж хэлсэн...”
“...2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн үед *******гийн хамт улсын дугаартай приус-10 маркийн тээврийн хэрэгслээр Баянхонгор аймгийн Жинст сумын 1-р багийн нутаг морьтой хөшөөний ард 30 гаран тооны адуу байхаар нь харчхаад тэрүүгээр эргэлдэж харанхуй болгоод 19 цагийн үед өдөр адууг эхэлж машинаар туугаад хойд талын хороо руу дөхүүлж байгаад би машинаас буугаад адууг тууж хооронд оруулаад эхлээд зээрд зүсмийн , дараа нь халзан хүрэн зүсмийн адууг барьж мяндсан уяагаар барьж аваад эхлээд зээрд зүсмийн адууг нугасалж. гаргасан, дараа нь хүрэн, халзан адууг нугасалж гаргаад, адууны махнуудыг чулуун хороон дээр гаргаж тавьж байгаад *******гийн эзэмшлийн улсын дугаартай, Приус 10 маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Баянхонгор аймагт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өглөөний 04 цагийн үед ирээд *******гийн хашаанд ирээд амбаарт нь хийсэн”гэсэн шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дугаар талд авагдсан “...Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өглөө хөдөө гэртээ очсон чинь гэрийн гадаа жижиг машин гэмээр тээврийн хэрэгслийн мөр гарчихсан байхаар нь малаа бүртгэсэн 9 тооны эр ямаа дутсан.. Миний алдсан ямаанууд хоёр талын чихэндээ сам имтэй, 1 хөх ямаа, халзан ямаа, улаан хүрэн ямаанууд байсан...” гэсэн хохирогч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 20-21, 24-25 дугаар талд авагдсан “...Манай алдсан үхэр хар болон улаан тарлан зүсмийн үхрүүд байсан, 2 ширний зүс нь алдсан 2 хүхрийн зүстэй таарсан...” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 116-117, 119 дүгээр талд авагдсан “...2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад манай адууг хардаг найз Дэлгэрдалай утсаар яриад зээрд даага болон халзан үрээг хороон дээр нядлаад арьс, толгой, туурайг нь үлдээгээд машинаар ачаад аваад явсан байна гэхээр нь очиж үзсэн...” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дүгээр талд авагдсан “... 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 12 цагийн үед адуугаа услах гээд хураахад 2 тооны адуу алга болсон байхаар нь тэр хавиар явж байгаад хүрэн ухмалын хороон дээр очиход зээрд зүсмийн даага, хүрэн халзан зүсмийн хязаалан үрээг гаргаж нядлаад шир, туурай толгойнуудыг үлдээгээд махыг нь ачаад явсан байсан тул найз ид утсаар хэлсэн..” гэх хохирогч н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******ийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг дэвсгэр “******* ” гэх газраас иргэн ийн 9 тооны ямааг буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн т 1,080,000 төгрөгийн ,
2022 оны 10 дугаар сарын 13-наас 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд *******тэй бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын Гозгор 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ийн олон тооны мал буюу 2 үхрийг машин механизм ашиглаж хулгайлан авч 1.800.000 төгрөгийн,
2022 оны 11 сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 сарын 07-ны өдөр шилжих шөнө *******тэй бүлэглэн Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас иргэн ийн 1 тооны адуу, иргэн н 1 тооны адуу, нийт 2 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн ид 4,000,000 төгрөг, иргэн д 1,500,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан мал хулгайлах гэмт хэргийн “бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг бүрэн хангасан , шүүгдэгчид холбогдуулан зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс үргэлжилсэн гэмт хэрэгт нь нэг удаа ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******аас “..Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулгаар гомдол гаргасан.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж хуульчилжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх нь “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан 6 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэжээ.
Харин давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь анхан шатны шүүхээс тогтоосон хохирол төлбөр болох хохирогч ид 900,000 төгрөг, хохирогч ид 1,745,000 төгрөг, хохирогч д 750,000 төгрөгийг тус тус нөхөн төлж хор уршгийг арилгасан , хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд тэрээр 58 настай, өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг тус тус харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн 4 жил хорих ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 02-ны өдрийн 620 дугаар захирамжаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийг 2025 оны 01 сарын 11 ний өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэрэгжүүлсэн болох нь “..Хоригдсон этгээдийг цагдан хорих байранд хүлээн авсан тэмдэглэл..” ээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон хугацааг мөн өдрөөс тооцох нь зүйтэй юм.
Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтгүйгээр шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон хугацааг 2025 оны 01 сарын 21-ний өдрөөс шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл 24 хоног цагдан хоригдсон гэж буруу тооцсон байх тул *******ийн 2025 оны 01 сарын 11-ний өдрөөс шийтгэх тогтоол гарах хүртэл буюу 2025 оны 02 сарын 14-ний өдөр хүртэл 34 хоног цагдан хоригдсон тухай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч *******ийн “..Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ..” гэсэн агуулгаар бичсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолын
2 дахь заалтад “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй..” гэснийг
“..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй..” гэж,
3 дахь заалтад “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй..” гэснийг
“..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй..” гэж,
4 дэх заалтад “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 24 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай..” гэснийг
“..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 34 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай..” гэж,
5 дахь заалтад “..Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас нийт 3,395,000 төгрөгийг гаргуулж, хохирогч ид 900,000 төгрөг, хохирогч ид 1,745,000 төгрөг, хохирогч д 750,000 төгрөгийг тус тус олгосугай..” гэснийг
“..Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай..” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлс өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Т.ГАНЧИМЭГ