Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/02353

 

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/02353

 

Ц.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02053 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Цагаанцоожид холбогдох,

 

Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 5 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Шихихутаг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Даариймаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эх Ц.Оюунсүрэн нь 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Х.Цагаанцоожтой харилцан тохиролцож Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын 17 дугаар гудамжны 371 тоот хаягт байрлах, 495 м.кв газрыг худалдан авахаар урьдчилгаа болгон 5 500 000 төгрөгийг шилжүүлэн өгч, энэ талаар мөнгө хүлээлцсэн баримт бичиг үйлдэж нотариатаар баталгаажуулсан юм.

Хариуцагч нь урьдчилгаа мөнгийг хүлээн авсан, түүнээс миний эх Ц.Оюунсүрэнгийн нэр дээр удаа дараа газрын бичиг баримтыг шилжүүлэн өгөхийг шаардахад та нар наад асуудлаа өөрсдөө шийд, би та нарт зарсан гэсэн хариуг хэлсэн.

Ингээд энэ тухай дүүргийн газрын албанаас тодруулж асуухад тухайн газар Ц.Оюунсүрэнгийн эзэмшлийнх биш, нийтийн эзэмшлийнх байсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж эрүүгийн хэрэг үүсгээгүй. Х.Цагаанцоож нь өөрийн эзэмшлийн бус газрыг, өөрийн гэж бидэнд итгүүлж, худалдсан. Анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул 5 500 000 төгрөгийг хариуцагч Х.Цагаанцоожоос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би 1997 оноос хойш Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын 17 дугаар гудамжны 371 тоотод газарт хашаа барьж, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ц.Оюунсүрэнд өөрийн эзэмшиж байсан газраас 495 м.кв газрыг худалдахаар харилцан тохиролцож, 5 500 000 төгрөгийг авсан. Энэ хугацаанд өөрийн эзэмшлийн газар болох 700 м.кв газраа өмчилж авахаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, дүүргийн газрын албанд өргөдөл, хүсэлт гаргасан байсан.

Ц.Оюунсүрэнд газар эзэмших гэрчилгээг гаргуулж өгч чадаагүй. Ц.Оюунсүрэн нь 2013-2017 онд тухайн газарт амьдарч байсан. Гэтэл намайг нийтийн эзэмшлийн газрыг өөрт нь хуурч мэхлэн зарсан мэтээр шүүхэд хандаж байна. Миний хувьд хуурч мэхлэх, ямар нэгэн далдын санаа агуулаагүй байсан. Энэ газрыг худалдсан нь үнэн. Ц.Оюунсүрэн нь газрын гэрчилгээ гараагүй байхад 2017 онд бусдад зарсан. Иймд Ц.Оюунсүрэнгийн нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Х.Цагаанцоожоос 5 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Оюунсүрэнд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 900 төгрөгөөс 173 150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 32 750 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох, хариуцагч Х.Цагаанцоожоос 102 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Оюунсүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Би Чингэлтэй дүүрэг, Хувьсгалчдын 11 дүгаар гудамжны 311 б тоот хаягт байрлах газарт хашаа барьж улмаар 1997 оноос хойш амьдарсан. Энэ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар тухайн газрыг тойруулан хашаа барьж 10-аас дээш жил амьдарч эзэмшилдээ байлгаснаар эзэмших эрх үүссэн. Иймд уг газрын шударга эзэмшигч бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ авах эрхээ иргэн Ц.Оюунсүрэнд хүдалдсан.

Мөн Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан. Миний бие нь дээр дурьдсан тоот хаягт 10-аас дээш жил амьдарсан бөгөөд тухайн газрын эзэмшигч, өмчилж авах давуу эрхтэй этгээд юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан шударга эзэмшигч юм. Иймд миний бие шударга эзэмшигчийн хувьд өөрийн эзэмшлийн, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын г-17 дугаар гудамжны 371 тоот хаягт байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээ авах эрхийнхээ тодорхой хэсгийг иргэн Ц.Оюунсүрэнд 2013 онд 5 500 000 төгрөгөөр худалдсан. Иргэн Ц.Оюунсүрэн нь 2017 онд тухайн газрыг гуравдагч этгээдэд 6 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Иргэн Ц.Оюунсүрэн нь 2013 оноос надад 5 500 000 төгрөгийг шилжүүлж, миний эзэмшлийн газар дээр амьдарч эхэлсэн бөгөөд газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан. Эдгээр үйлдэл нь Х.Цагаанцоожоос Ц.Оюунсүрэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ авах эрхээ шилжүүлснийг нотолно. Мөн Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт заасны дагуу Ц.Оюунсүрэн нь эд хөрөнгө буюу газрыг шилжүүлэн авч 2013 оноос хойш амьдарсан нь талуудын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнийг харуулж байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгч талд шилжүүлсэн газар нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар аливаа гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй бөгөөд шаардах эрх үүсээгүй, шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Газрын тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь агуулга болон хэлбэрийн хувьд хууль зөрчөөгүй байгаа нь тогтоогдоно. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон бөгөөд хууль буруу хэрэглэсэн учир шүүхээс гарсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Х.Цагаанцоож нь тухайн газарт амьдарсан хугацаа үүнээс үүдэн түүнд Иргэний хуульд заасан ямар эрх үүссэн, тухайн эрхээ эдлэх, эдлэх эрхээ бусдад шилжүүлэх зэрэг эрх бий болсон эсэхийг тогтоолгүйгээр буюу нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй бодитой байдлаар үнэлээгүй байна. Мөн шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тогтоогоогүйгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээг давуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж шийдвэр гаргасан гэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Оюунсүрэн нь хариуцагч Х.Цагаанцоожид холбогдуулан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар арилгуулах буюу 5 500 000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Х.Цагаанцоож, Ц.Оюунсүрэн нарын хооронд 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл нэртэй баримт бичгээр үйлдэгдэж, Х.Цагаанцоож нь Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-17 дугаар гудамжны 371 тоотод байрлах 700 м.кв газрын 350 м.кв газрыг 5 500 000 төгрөгөөр Ц.Оюунсүрэнд худалдахаар тохиролцсон байдлаас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр байна. Х.Цагаанцоож нь 5 500 000 төгрөгийг хүлээн авсан /хх 6 дахь тал/ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Тухайн үед Х.Цагаанцоожийн нэр дээр газар эзэмших эсхүл өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ аль аль нь гараагүй байна. Х.Цагаанцоож нь 1195 м.кв газрыг зохих зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан нь тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлээ худалдагч тал уг газрыг худалдах эрхгүй байсан гэж тайлбарласан.

 

Хариуцагч уг гэрээг хүчин төгөлдөр гэж тайлбарын үндэслэлийг уг газрыг 1997 оноос хойш бодитоор эзэмшиж байсан ба уг газрыг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхээ худалдсан гэж тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба уг үүргээ мөн хуулийн 206 дугаар зүйлд зааснаар зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нотлох үүрэгтэй юм.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд ...Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-17-37 тоотод байрлах 700 м.кв газрын 350 м.кв газрыг хуваан худалдан авахад урьдчилгаа болгож ... 5 500 000 төгрөг хүлээлгэж өгөв. гэсэн тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан үгийн шууд утгаар тайлбарлахад хариуцагч Х.Цагаанцоож нь гэрээний зүйл болсон газрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа эзэмшигчийн хувьд өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхээ худалдсан гэж дүгнэхээргүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Х.Цагаанцоож нь уг газрыг хууль ёсоор эзэмшиж байсан гэдгээ баримтаар нотлоогүй байна. Тэрээр уг газрыг хууль ёсоор эзэмшиж байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг уг газрыг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй гэж дүгнэх юм.

 

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээөс бусад газар төрийн өмч юм. Төр өөрийн өмчлөлийн газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахад зөвшөөрөл өгөх бөгөөд зөвшөөрөл нь гэрчилгээ гэх баримтаар баталгаажна. Иймд Газрын тухай хууль болон Иргэний хуульд заасан журмаар Х.Цагаанцоож нь газар эзэмших эрхтэй байсан нь тогтоогдохгүй байна.

 

Иймд 2013 онд хариуцагч Х.Цагаанцоожид дээрх газрыг эзэмших эрх үүсээгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн газарт хашаа барьж амьдарч байхдаа, өөрийн эзэмшлийн бус газраас тодорхой хэмжээний газрыг Ц.Оюунсүрэнд шилжүүлэхээр тохиролцсон тохиролцоо нь Газрын тухай хууль зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр шилжүүлснээс бусад тохиолдолд газар нь төрийн өмчид хамаарах бөгөөд Х.Цагаанцоож нь газрыг эрхийн зөвшөөрөлгүй худалдсанаас олсон мөнгөн хөрөнгө нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зохигчдын хооронд гэрээний бус үүргийн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 102 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЗОЛЗАЯА