| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2025/11065/И |
| Дугаар | 191/ШШ2025/11380 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/11380
| 2025 12 08 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, ** дугаар хороолол, ******** ******, * дугаар байр, ** тоот хаягт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Бага тойруу, Тусгаар тогтнолын ордон хаягт оршин суух ******* ******* овогт ******* ******* (РД:ВЮ*******),
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** байр, * тоот хаягт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Бага тойруу, Тусгаар тогтнолын ордон хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:ТЭ*******) нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Бага тойруу, Монгол Ардын Намын төв байр, Тусгаар тогтнолын ордон хаягт оршин байрлах, Монгол Ардын Нам (РД:)-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Ардын Намын Бага Хурлын VIII хуралдааны тооллогын комиссын 2025.09.28-ны өдрийн 04, 05 дугаартай тогтоол, Монгол Ардын Намын Бага Хурлын 2025.09.28-ны өдрийн 06 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, намыг даргыг шинээр сонгох үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Бид Монгол Ардын Нам (цаашид "МАН гэх)-ын Бага Хурлын гишүүн бөгөөд Монгол Ардын Намын ээлжит бус VIII Бага хурал 2025.09.27,28-ны өдөр хуралдсан бөгөөд хурлаар намын Бага хурлын гишүүдийн орон гарах асуудал, намын шинэ даргыг сонгох, намын ээлжит Их хурлыг товлох, намын Их Хурлын төлөөлөгч сонгох журам батлах гэсэн үндсэн дөрвөн асуудал хэлэлцсэн юм. Монгол Ардын Намын ээлжит бус VIII Бага хурал 2025.09.27-ны өдрийн 12 цаг орчимд эхлэх үед хуралд оролцсон гишүүдийн ирц 442 байсан бөгөөд нийт гишүүдийн гуравны хоёроос дээш гишүүн ирсэн тул хурлын ирц бүрдсэн гэж үзэж хурлыг нээсэн байдаг. Гэтэл намын Бага Хурлын тооллогын комисс эрх хэмжээгээ хэтрүүлэн журам баталсан бөгөөд тэрхүү журам нь намын даргын сонгуульт ажлыг хоёр үе шаттай явуулахаар, цаашлаад эхний санал хураалтаар өндөр санал авсан нэг нэр дэвшигчийг дангаар нь дахин санал хураалтад оруулах, өрсөлдөгч нэр дэвшигчийг шууд хасах байдлаар журам гаргасан явдал нь намын Бага хурлын гишүүдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан үйлдэл болсон.
Намын даргыг сонгох эхний санал хураалтаар хоёр нэр дэвшигч Г., Д. нар нь бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш саналаар сонгогдох болзлыг хэн аль нь хангаагүй буюу санал авч чадаагүй. Улмаар дахин санал хураалт явуулахад бага хурлын зарим гишүүд санал өгөхөөс татгалзах эрхээ хэрэгжүүлж санал хураалтад оролцоогүй буюу эсрэг саналд тооцуулах ёстой. Гэтэл бага хуралд оролцсон нийт гишүүдийн ирцийн тоог зориуд 321 болгон дур мэдэн бууруулж 121 гишүүнийг хасаж нэр дэвшигч Д.г 321 хүний гуравны хоёроос дээш санал авсан гэж үзэн намын шинэ даргаар сонгосон тухай тогтоол гаргасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуулийг ноцтой зөрчиж миний сонгох эрхийг бүдүүлгээр зөрчөөд байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2 дэх зүйлд ...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн... гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно. гэж заасан үндсэн эрх зөрчигдөөд байна. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д намын гишүүн" гэж намын зорилго, үзэл баримтлал, намын хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, гишүүний татвар төлдөг, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг, гэж заасныг зөрчиж намын даргыг сонгох хоёр дахь санал хураалтад намайг оролцуулалгүйгээр хурлын нийт ирцийг зохиомлоор бууруулах байдлаар бусад гишүүдийн сонгох эрхийг ноцтой зөрчсөн байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох" гэж заасны дагуу миний эрхийг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар үүгээр нэхэмжлэл гаргаж байна. Улс төрийн намын тухай хуульд Нам хууль зөрчсөн тохиолдолд хаана хандах талаар зохицуулаагүй, шүүх нь хуулийн зохицуулалт байхгүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэхгүй байх үндэслэлгүй тул хуулийн этгээдийн хүрээнд Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4.7-д заасныг үндэслэх нь зүйтэй гэж үзсэн болно. Нотлох баримтаар хавсарган өгсөн баримтуудын эх хувьд зөвхөн Монгол ардын намд өөрт нь байгаа бөгөөд надад зөвхөн хуулбар хувь байгаа тул нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг нэхэмжлэлд хавсарган өгсөн болно.
Иймд Монгол Ардын Намын Бага Хурлын VIII хуралдааны тооллогын комиссын 2025.09.28-ны өдрийн 04, 05 дугаартай тогтоол, Монгол Ардын Намын Бага Хурлын 2025.09.28- ны өдрийн 06 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, намын даргыг шинээр сонгох үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгч Л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй, Монгол Ардын Намын Бага Хурлын VIII хуралдааны тооллогын комиссын 2025.09.28-ны өдрийн 04, 05 дугаартай тогтоол, Монгол Ардын Намын Бага Хурлын 2025.09.28-ны өдрийн 06 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, намыг даргыг шинээр сонгох үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай Монгол Ардын Намд холбогдох хэрэгт нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.*******, Б.******* нар нь хариуцагч Монгол Ардын намд холбогдуулан Монгол Ардын Намын Бага Хурлын VIII хуралдааны тооллогын комиссын 2025.09.28-ны өдрийн 04, 05 дугаартай тогтоол, Монгол Ардын Намын Бага Хурлын 2025.09.28-ны өдрийн 06 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, намыг даргыг шинээр сонгох үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгч Л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нар нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Л.******* нь 2025.10.22-ны өдөр Г.т 3 сарын хугацаатай итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасныг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Монгол Ардын Намд холбогдох Монгол Ардын Намын Бага Хурлын VIII хуралдааны тооллогын комиссын 2025.09.28-ны өдрийн 04, 05 дугаартай тогтоол, Монгол Ардын Намын Бага Хурлын 2025.09.28-ны өдрийн 06 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, намыг даргыг шинээр сонгох үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Л.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тавин хувь болох 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА