| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/01519/И |
| Дугаар | 312/шш2025/01942 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 312/шш2025/01942
| 2025 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 312/ШШ2025/01942 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах ******* ******* ХХК /РД*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут баг дөмөх захын зүүн талд байрлах ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 64,248,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
Хариуцагчийн төлөөлөгч Л.******* шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй болсон гэх боловч хүсэлтэд баримт хавсаргаагүй тул түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компани ******* ХХК-ийн захирал Л., нягтлан бодогч Т.*******-******* нартай 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №ТГ-2024/0038 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулан 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд М250-тай 600 м3 бетон зуурмагийг 1 м3-ийг 255.000 /хоёр зуун тавин таван мянган/ төгрөгөөр, нийт 153.000.000 /нэг зуун тавин гурван сая/ төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг бетон зуурмаг нийлүүлэх бүрт 50 хувийг бэлнээр төлж, үлдэгдэл 50 хувийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцож манай компаниас гэрээний үүргээ биелүүлэн захиалга бүрт бетон зуурмагийг нийлүүлэн ажилласан. ******* ХХК гэрээний хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 07-нд 25,000,000 төгрөг, гэрээ дууснаас хойш буюу 2024 оны 12 дугаар сарын 27-нд 60,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 29-нд 10,000,000 төгрөг тус тус төлж одоо бетон зуурмаг худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 51,605,000 төгрөг байна. Бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээний 4.4-т зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлбөрийн үлдэгдэл дүнгээс алданги тооцоход 12,643,225 төгрөг гарсан байна. Иймд ******* ХХК-аас 64,248,225 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгчээс: тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-6-7/, алданги тооцсон тухай баримт /хх-8/, Бетон зуурмаг худалдах, худалдан авах 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ТГ-2024/0038 дугаартай гэрээ /хх-9-13/-г нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 64,248,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
3. Шүүхээс хариуцагчийн төлөөлөгч Л.******* нэхэмжлэлийн хувийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гардуулж, эрх, үүрэг тайлбарлаж өгсөн боловч тэрээр хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2024 оны 07 дугаар сарын 05-нд Бетон зуурмаг, худалдах, худалдан авах №ТГ-2024/0038 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд М250-тай 600 м3 бетон зуурмагийг 1 м3-ийг 255,000 төгрөгөөр, нийт 153,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөрийг бетон зуурмаг нийлүүлэх бүрт 50 хувийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөр болох 50 хувийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцжээ.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.
7. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид бетон зуурмагийг хугацаанд нь нийлүүлж, хариуцагч гэрээний төлбөрт 95,000,000 төгрөгийг төлж, үлдэх 51,605,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болох нь гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон, үүнийг хариуцагч тайлбар, баримт гаргаж татгалзаагүй.
8. Мөн талуудын хооронд байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 4.4-т төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 0.5 хувиар алданги тооцно гэж зааж талууд тохиролцсон байх тул 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлбөрийн үлдэгдэл дүнгээс алданги тооцож 12,643,225 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
9. Иймд хариуцагч ******* ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний төлбөр, алданги 64,248,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
10. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 479,095 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 64,248,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 479,095 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ