2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 192/шш2025/07070

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 10 192/ШШ2025/07070

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-т холбогдох,

 

Гэрээний үлдэгдэл төлбөрт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ариунболд, , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэл бол хамгийн анх гэрээ байгуулахдаа ерөнхийдөө тус тоглолтын маркетингийн ерөнхий байдлаар 30 сая төгрөг гээд гэрээгээ байгуулаад ажилдаа орсон байгаа. Анхны тендер 2 сарын хугацаатай орчим байсан. Гэтэл нөгөө хамтлагаас шалтгаалаад одоо 12 сар хүртэл хойшилсон. Бид нар хөлсөө нэмээгүй. Энэ хүн гэрээ одоо сунгаад 2 сар ажиллая гэдэг нөхцөл байдал дээр тохиролцоод алдагдалтай байсан ч гэсэн хамаагүй бид нар ард нь гарна гэсэн зорилгоор ажилласан. Дундуур нь явж байхад яг гэрээнд заасны дагуу 2 дахь хуваарийн төлөлтийн мөнгөө бүрэн өгч чадаагүй байгаа. Үүнийг нотлох баримтаар хавсаргасан. Тухайн үед бид хэд цалин мөнгөө бүрэн өгөхгүй байгаа учраас хугацаа хэтэрсэн тул дундаас нь гарч явах тийм саналаа бол хэлж байсан. Энэ хүмүүс бол яг үнэндээ бид хэдийн хууль сарын дагуу дүн дээрээ ажиллаж байгаад ард нь гарчихаач гэдгийг бол тохироод ард нь гарахаар нь орж ирээд хугацаа сунгаж ажилласан гэсэн үг. Тэгээд хамгийн сүүлд бол одоо Бадмаараг өөрийн гарын үсэгтэй бол тоглолтын нэг дэх өдөр мөнгийг нь өгнө гэдэг баримт байгаа. Тоглолт дууссан өдөр болсон байгаа. Тэгээд тэр өдөр үлдэгдэл тооцоог бол хийгээгүй гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч И.Бадмааргийн хувьд 1994 онд байгуулагдсан хамтлагийн ахлагч, үүсгэн байгуулагч гэж явдаг. Энэ хугацаанд урлагийн салбарт урлагийн хүмүүстэй тодорхой тоглолтуудыг хийж ажилласан. Тэгээд энэ хамтлагийн ойн жилтэй холбогдуулаад Америкийн Нэгдсэн улсаас хамтлагийг урьж авчраад хамтарсан тоглолт зохион байгуулах ийм санал санаачилга гаргаад тоглолтоо төлөвлөөд тодорхой хэмжээгээр гэрээ хийхээр болсон. Эхний ээлжид бол Спорт цогцолборт бол хийе гэсэн байдлаар гэрээгээ хийсэн. Тоглолттой холбоотойоор маркетингийн тодорхой үйл ажиллагаагаа явуулахгүй бол бас болохгүй гэдэг үүднээсээ Брэнд промо маркетинг компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байгаа, мөн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор төлөвлөгөө гаргасан ийм нөхцөл байдалтай байдаг. Энэ маркетингийн үйл ажиллагаатай холбоотой нийт 30 сая төгрөгийн үр дүнтэй гэрээ байгуулсан. Урьдчилгаа 15,000,000 төгрөгийг бол төлсөн байдаг. Энэ үйл ажиллагаа бол эхэлсэн тоглолттой менежмент, маркетингийн холбогдолтой үйл ажиллагаанууд эхэлсэн. Харамсалтай нь төлөвлөгөөнд заасан хэд хэдэн үйл ажиллагааг бол маркетингийн компанийн зүгээс бүрэн явуулаагүй. Энэ маркетингийн төлөвлөгөөний үндсэн зорилго бол тоглолтын заалыг бүрэн дүүргэх зорилготой байгуулсан. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн үүднээс төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөнд дурдагдсан хэд хэдэн үйл ажиллагааг явуулаагүй ийм нөхцөл байдалтай байгаа. Тухайлбал, энэ автомашины нийслэлийн 6 дүүрэг, алслагдсан Налайх дүүрэг хүртэл автомашиныг нь тараад явна, арын эгнээг 90-ээд оны машинуудыг оролцуулна. Машины орц 6-г бол эхний болон арын эгнээг эргэн тойрны машинуудыг явуулж дунд эгнээгээр орчин үеийн гоёмсог машинуудыг нь явуулах, тохижуулсан лед дэлгэцтэй машинаа явуулна. Олны танил ашиглан энэхүү үйл ажиллагаа ашиглаж нийтлэл стори, пост хэлбэрээр явуулна гэсэн ийм маркетингийн ажиллагаа огт явагдаагүй. Урсдаг шатан дээр баннер байрлуулах гэж, хамгийн их хөдлөх хөдөлгөөнтэй дэлгүүрийн 1-ээс 2 давхартаа дээшээ өгсөх болон буух урсдаг шатан дээр баннер байрлуулна. Кассет болон бусад хэвлэлттэй нэг дизайнтай байна гэсэн үйл ажиллагаа бол мөн явагдаагүй. Нийслэлийн хамгийн их төвлөрсөн 1-ээс 3 байршил дээр тусгайлан засаж нэг драфтын дагуу бэлдсэн томоохон хэмжээний симулятор байршил маш их нөлөөлж бид нар сошиал маркетинг бол хийлгэнэ гээд ярьж байгаа. Энэ маркетинг үйл ажиллагаа бол аягүй чухал байсан. Энэ маркетингийн үйл ажиллагааг мөн явуулаагүй. Мөн олны танил 4-өөс 5 хүнийг сонгоод хип хоп бүжгийн тулаан хийнэ. Сошиалаар бол одоо үзүүлнэ, зохиол гаргана гэж байгаа юм. Энэ зохиолтой холбоотой ямар нэгэн контент гэдэг ч юм уу нэвтрүүлэг, тийм зүйл бол хийгээгүй. Мөн аудио сурталчилгаа, худалдааны төвүүдийн нүүрс дээр хамтлагуудын дуу явна, тэнд байгаа нутаг дэвсгэртээ татах болон өргөн сануулах зорилготойгоор энэ аудио сурталчилгаа хийгээгүй. Мөн супермаркетууд, Номин оргил, сүлжээний их дэлгүүрүүдэд аудит сурталчилгаа явна, шууд билетээ бол борлуулна, түүнээс анхаарлыг татах, сануулах зорилготой гэсэн үйл ажиллагаа төлөвлөгөөнд дурдагдсан энэ үйл ажиллагаанууд явагдаагүй ийм нөхцөл байдалтай байгаа. Машины кассетын хэвлэл, парадны хэвлэл, ивээн тэтгэлтийн хэвлэл танилцуулгын эх бэлтгэл, ивээн тэтгэлтийн хэвлэл гэхээр 100 ширхэг танилцуулгын эх бэлтгэл, хэвлэл 100 ширхэг спонсоршип, монгол үйл ажиллагаа явуулдаг 20 том жижиг байгууллагуудтай цаг товлож уулзан ивээн тэтгэгчээр оролцох байгууллагуудын рекламуудыг, тэднээс тавих саналыг сонсож болох боломжит ажлуудыг нэмэлтээр хийнэ гэсэн ийм зохицуулалтууд бол хийгээгүй. Өөрөөр хэлбэл энэ маркетингийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой дурдагдсан зорилтот үйл ажиллагаануудыг бол огт хийгээгүйгээсээ болоод үзэгчдийг массыг бүрэн гаргаж авч чадаагүй. Үзэгчдийн заалыг бол бүрэн дүүргэх ийм зорилтод бол хүрээгүй. Asia arena дууссан тоглолтын компанийн захиргаанаас бол нийт 728 үзэгч бол ирсэн. Тэгэхээр энэ маркетингийн ажиллагаа бол ер нь бол зохих ёсоор бүрэн гүйцэт гэрээнд дурдагдсан төлөвлөгөөнд дурдсанаар бол хийгээгүйтэй холбоотойгоор бол масст бол цуглуулж чадаагүй ийм нөхцөл байдал байна ... Тийм байгаа учраас 15 сая төгрөгийг төлөх үндэслэл бол байхгүй байна аа гэж үзээд энэ нэхэмжлэлийг бол бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

4. Гэрч а шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би хамтлагийн тоглолтонд менежерээр ажилласан. Уг маркетингийн компанийг бид хоёр олоод очиж уулзсан. Гэтэл бид тоглолтын талаар маркетинг хийж үзээгүй. Тоглолтын талаар туршлаггүй гэж хэлсэн. Гэхдээ туршлаггүй ч гэсэн чадах байлгүй, хэдүүлээ хамтраад хийж үзье гээд гэрээ хийгээд хамтран ажиллахаар болсон. Миний дүгнэлтээр бол 30,000,000 төгрөгийн үнэлгээтэй маркетингийн ажил хийсэн. Энэ төлбөрийг нь хүлээн зөвшөөрөөд төлбөрийг 3 хувааж төлөхөөр болсон. Урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг өгсөн. Тоглолт маань 11 дүгээр сард болох байсан боловч тодорхой хугацаагаар хойшилсон. Бренд Промогийн хувьд хийсэн ажил нь фэйж хуудсанд бүгд байгаа. 09 дүгээр сарын 13-ны өдөр шинэ фэйж хуудас нээгээд хөгжүүлж эхэлсэн. Уг нь гэрээнд ийм ийм ажил хийнэ гэж заасан боловч хамгийн гол юм нь бид 10,000,000 урьдчилгаагаа эхлээд өгье. Та нар хамгийн гол нь ивээн тэтгэгч олж ирэх хэрэгтэй. Үзэгчидээ татах хэрэгтэй байна. Ивээн тэтгэгчээ олсоноороо түүнээс цалинжаад, хувь авцгаана шүү гэдгийг тохирсон. Гэтэл ивээн тэтгэгч олж чадаагүй.Тоглолтод олон хүн ирээгүй, ойр дотны таньдаг хүмүүс ирсэн. Зарлагадаа хүрсэн орлого олоогүй, тоглолт өөрөө шаталттай болсон. өөрөө алдах үе байна, өрөө өгнө гэж бодож байсан боловч сошиалаар нэр хүндэд нь халдсан пост оруулсан. Ядаж өрөө дарах гээд хүмүүстэй шинэ ажил төлөвлөсөн байсан боловч түүнээс болж ажил цуцлагдсан. Үүнээс болж маш их хохирол учирсан байгаа гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс: Ажил гүйцэтгэх гэрээ, маркетингийн төлөвлөгөө, 011 дугаартай хамтран ажиллах гэрээний нэмэлт хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг ирүүлсэн.

 

6. Хариуцагчаас: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбарыг ирүүлсэн.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр а хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуусан. Гэрч агийн эзэмшлийн гар утасны дугаартай зурваст үзлэг хийх ажиллагааг хийж гүйцэтгэсэн. цогцолборын захиргаанаас нотлох баримт бүрдүүлсэн.

 

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр: Фэйсбүүк пэйж хуудас, групп чат, и-мэйл хаягт үзлэг хийх ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... хариуцагчийн төлөөлөгчийн хэлсэн маркетинг төлөвлөгөө дээр гарсан ажлууд санхүүтэй холбоотой ... захиалагч тал маань энэ дээр нэг ч төгрөг гаргах боломжгүй байсан ... мөнгөгүй учраас больё ахын дүү гэдэг шалтгаанаар ... болиулсан ... гэж,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтүвшин нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа: ... энэ маркетинг үйл ажиллагаа бол аягүй чухал байсан. Энэ маркетингийн үйл ажиллагааг мөн явуулаагүй ... тоглолтонд 728 үзэгч ирсэн. Тэгэхээр энэ маркетингийн ажиллагаа бол ер нь бол зохих ёсоор бүрэн гүйцэт гэрээнд дурдагдсан төлөвлөгөөнд дурдсанаар бол хийгээгүйтэй холбоотойгоор үзэгч цуглуулж чадаагүй ... иймд үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөхгүй ... гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч нь хариуцагч тай 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр №011 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

 

4.2. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдах , Snap, C&C music factory хамтлагуудын хамтарсан тоглолтын маркетинг төлөвлөгөө болон тоглолтын маркетингийн ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь гэрээний төлбөрт 30,000,000 төгрөгийг Д.Ариунболдын Хаан банкны 5011411377 дугаартай дансанд төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-6/

 

4.3. Мөн нэхэмжлэгч , хариуцагч нар нь Ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор маркетингийн ажлын жагсаалтыг гаргаж, хариуцагч т танилцуулан баталсан байна. /хх-ийн 7-13/

 

4.4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

4.5. Нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, агуулга хэлбэрийн хувьд хуульд нийцсэн, бичгээр байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

4.6. Талууд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний хугацааг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэж заасан байсан боловч тодорхой шалтгааны улмаас товлогдсон тоглолтын хугацааг сунгаж 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хойшлуулсан боловч дахин гэрээний хугацааг сунгаж хамтарсан тоглолт 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болсон, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

 

4.7. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ариунболд нь гэрээнд заасан хугацаа дууссан ч гэсэн үргэлжлүүлэн ажилласан, шаардлагатай ажлуудыг хийсэн, манай талаас маркетингтэй холбоотой зардлыг хариуцана гэж тохироогүй, тоглолтонд тэдэн хүн ирнэ гэж гэрээнд тохирсон зүйл байхгүй, гэрээнд заасан үлдэгдэл 15,000,000 төгрөгийг гаргуулна гэж,

хариуцагч нь гэрээнд зааснаар зар сурталчилгаа, реклам бүх хүмүүст хүрч, үзэгч фенүүдийг цуглуулах, билет борлуулалтанд нөлөөлөх, ажил үүргээ мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч хийж гүйцэтгээгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

 

4.8. Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь , Snap, C&C music factory хамтлагуудын хамтарсан тоглолтын маркетинг төлөвлөгөөг хийж гүйцэтгэх үүрэгтэй, харин хариуцагч нь товлосон хугацаандаа хамтарсан тоглолтоо хийж, гэрээний төлбөрт 30,000,000 төгрөг төлөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байсан.

 

4.9. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан.

 

4.10. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд тоглолтын маркетингийн ажлыг хийсэн болох нь: Back to the 90's rap гэх Fecebook page, гэх групп чат, [email protected] гэх имэйл хаяг үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-ийн 68-86, 92-94/

 

4.11. Мөн талууд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №011 дугаартай Хамтран ажиллах гэрээний нэмэлт хавсралтыг байгуулсан байх бөгөөд энэхүү нэмэлт хавсралтаар талууд:

... 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаа ... эхний төлөлт 2024 онын 8 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг төлөх хугацаатай ... 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдах байсан тоглолт захиалагч аас шалтгаалан 2024 оны 12 дугаар сарын 07-ний өдөр хүртэл хойшилсон ... ямар нэгэн төлбөр нэхэмлэхгүйгээр 1 сар орчим хугацаанд сунгаж ажиллахаар болсон ... гэрээнд заасан төлбөр төлсөн 2024 онын 9 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 онын 11 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн ... 3 дахь төлөлт огт хийгээгүй ... нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болох тоглолтын тасалбар борлуулалтын орлогоос хамгийн түрүүнд -ийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 15,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр багтаан 100% бүрэн төлж барагдуулна ... гэж талууд харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулсан байна. /хх-ийн 14/

 

4.12. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №011 дугаартай Хамтран ажиллах гэрээний нэмэлт хавсралтыг байгуулахдаа 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр №011 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон маркетингийн төлөвлөгөөнд тусгасан ажлууд бүрэн хийгдээгүй, гэрээний үүрэг биелэгдээгүй талаар дурдаагүй байдаг.

 

4.13. Түүнчлэн Ажил гүйцэтгэх гэрээний 4.4-т Ажил гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан ажил үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч гэрээт ажлын төлбөрийг төлөхгүй байх, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан байна.

 

4.14. Хариуцагч нь нэхэмжлэгч -иас ажил гүйцэтгэх гэрээ болон маркетингийн төлөвлөгөөнд заасан ажлуудаас зарим ажил хийгдээгүйтэй холбоотой гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэхийг шаардаж байсан эсхүл гэрээнээс татгалзах талаараа мэдэгдэж байсан, тоглолтын үр дүнгээс шалтгаалан гэрээний төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй гэж тохирсон эсхүл нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлуудыг хийгээгүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

 

4.15. Тодруулбал нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд тоглолтын маркетингийг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн, харин хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

4.16. Мөн хариуцагч нь , Snap, C&C music factory хамтлагуудын хамтарсан тоглолтын үр дүнгээс үл шалтгаалан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

5. Иймд хариуцагч аас 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -нд олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

6. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч аас 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ